Ерөнхийлөгч өө, Монголоос дэлхийн шилдэг найрагч төрчихлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 33 секунд
Ерөнхийлөгч өө, Монголоос дэлхийн шилдэг найрагч төрчихлөө

Ерөнхийлөгч өө, Монголоос дэлхийн шилдэг найрагч төрчихлөө

Өчүүхэн ч атугай гэгээрэхийг хүсэхгүй байгаа эзэдтэй улс орны уран зохиолчид бүрэн хэрнээ буурай улсынхаа хатавчинд омогшиж сууна. Хаяа хатавчаар, зүдүү ядуухан суудалтай ч омог нь дүрэлзсэн хүмүүс бол яах аргагүй манай үе үеийн зохиолч яруу найрагчид мөн. Зүдүү гачуугаа умартан омогшиж чадах нь биднээс өөр хэн байх билээ дээ. Увайгүй улстөрчид ард түмнийхээ төлөө гэсэн халхавчин цаана өлсгөлөн зарлаж байхад даяаршлын эрин зуунд бүсээ чанга бүслээд монголоо дуулж байгаа нь энэ хэдэн уран зохиолчид.
 

 

     Соёлын сайд нь хэдэн хэлхээтэй ясыг монгол үндэсний соёл, бахархал хэмээн мунхаглаж байхад гагцхүү зохиолчид л Монгол үндэсний соёлыг мөн чанараар нь тээж явна. Уг нь тэр хэдэн ясыг хайрлаж байхын оронд хэдэн уран бүтээлчдээ бөөцийлдөг ч болоосой гэж халаглаж суусныг нуух юун. Үүгээр ч зогсохгүй Монгол хэл уран зохиолын хичээлийн цагийг сургалтын хөтөлбөрөөс хасч гээд тал бүрээр хатавч руу шахаж байгаа энэ үед хэн бичиг соёлоо аврах юм бэ. Зохиолчид, тэр тусмаа жинхэнэ монгол зохиолчид л аварч чадна. Монголчууд бид аугаа их оюун, хүчний спортоор ч дэлхий дахинаа алдраа дуурсгаж байна. Улмаар тив дэлхий, олимпийн аварга, медалтнууд төрсөөр буй.
 

 

     Сайд дарга нар ч тив дэлхийн тэмцээнд тамирчидтай хамт очин барилдаж, өөрөө аварга болсон шиг баярлаж суугаагийн цаана ямархан санаа нуугдаж байгааг ч тааж цөхөх юмгүй. Гэхдээ сайд дарга нар анхаарал хандуулж, дэлхийн дэвжээнд тамирчдынхаа дээлийн захыг нь мушгиж суугаагаас харвал манай спортынхон бүрэн улсын хоймор биш юмаа гэхэд баганаас дээш гарсан нь харагдана. Тэр хэрээр ч тамирчдын зардал чирэгдэл гэх мэт зүйлийг захын нэг улстөрчид халааснаасаа гаргаад зохицуулчихдаг ийм сайхан цагийг бид үзлээ. Дэлхийн хэмжээнд амжилт үзүүлээд ирсэн тамирчдаа төр нь харж үздгээс гадна захын нэг улстөрч томоохон хөрөнгө оруулалт хийж байгааг хэвлэл мэдээллээр ч цацах юм. Улстөрчдийн арга заль нарийссан өдгөө цагийн салхи байж болох ч энэ бол сайхан хэрэг. Энэ бол зохиолчдын атаархал биш бахархал юм шүү.

 

     Тэр л улстөрчдийн нарийсч буй арга зальны өчүүхэн хэлтэрхийд Монгол найрагч яагаад багтахгүй байгаад л хамаг учир бий. Өнгөрөгч сард авьяас билэгт яруу найрагч А.Эрдэнэ-Очир Македон улсын Струга хотод зохиогдох Дэлхийн яруу найргийн 53 дугаар их наадамд оролцох болж, мөнгөний эрэлд хатаж байхыг өөрийн нүдээр харж, чихээр сонсож байв.

 

      Үүний зэрэгцээ Монголын уран зохиол дэлхийн дэвжээнд гарсныг хэдийнээс тунхаглаад эхэлсэн. Миний мэдэж байгаагаар нэрт найрагч Б.Явуухулан нэгэнтээ “Хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн дуун алдсан нь бий. Саяхны жишээ дурдахад яруу найрагч Г.Мэнд-Ооёо 2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубын шагнал, 2002 оны оны шилдэг зохиолч шагнал хүртэж байв. Түүний шагнал авсан бүтээлүүд нь орчин үеийн уран зохиолын алдаа завхрал, хэт их чамирхал байгаагүй зүгээр л Монгол яруу найраг байсныг бид бүхэн мэднэ. Энэ бол Монголын их уран зохиол дэлхийн хатавчинд бус явааг л хэлж өгсөн явдал, даруухнаар хэлвэл.

 

       Мөн 2009 онд болов уу, Г.Мэнд-Ооёо найрагч дэлхийн яруу найргийн эрхэм дээд шагналын нэг “Роеt Laureate” алтан титэмт цол хэргэм хүртсэн нь дэлхийн яруу найргийн баганаас дээш Монгол найрагч гарч суулаа гэдгийг хэлж өгсөн юм. Энэ тухай утга зохиолч судлаач, эрдэмтэн Ү.Хүрэлбаатар хэлэхдээ “Гомбожавын Мэнд-Ооёо дэлхийн яруу найргийн эрхэм дээд шагналын нэг “Роеt Laureate” /поэт лаурет/ алтан титэмт цол хэргэм хүртэв. Хаан яруу найргийн хаан титэмт энэ шагнал бол Олимпийн аварга төрөх, Оюу толгой нээгдэхтэй агаар нэгэн монголчуудын аз хийморь түшсэн гэрэлт агшин юм” хэмээн дуун алдсан нь ч санамсаргүй хэрэг биш ээ.

 

     Тэгвэл саяхан Монголын яруу найраг дэлхий хойморлож байгааг харуулсан сайхан явдал болов. Тодруулбал, Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн олон улсын академиас зохион байгуулж буй Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг Монгол Улсын яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртсэн байна. Энэ бол Монгол үндэсний бахархал. Энэхүү наадамд дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн орон орны 50 гаруй яруу найрагч өрсөлдөж Монгол найрагч тодорчээ. Өөрөөр хэлбэл тив, дэлхий, олимпийн хэмжээнд хүрсэн наадам байв.
 

 

    Харин Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрагч Амоду Ламине Салл нар Монгол найрагчийн тоосонд үлдэж удаалснаас харвал Монгол найрагчийн зэрэг зиндаа, авьяас билэг хаана явааг төвөггүй харж болно.

 

     Энэ үеэр яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Европын дундах Крайова хотод надад олгож буй энэ шагнал нь Монголын их утга зохиол, тэр дундаа манай үндэсний яруу найргийг өнө эртний соёлт Европ тивд хэрхэн өндрөөр үнэлж хүлээн авч байгаагийн тод илрэл гэж үзэж байна. Цаг үе хүний хүсэл таашаал яаж ч хувьсан өөрчлөгдлөө гэсэн жинхэнэ яруу найраг түүнээс үл хамааран үнэт чанараа хадгалан оршиж, хүн төрөлхтний оюуны эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулсаар байх болно” гэж хэлжээ.

 

    Тиймээ, “хүний хүсэл таашаал яаж ч хувьсан өөрчлөгдсөн” яруу найрагч гагцхүү мөн чанараа хадгалж үлдэх учиртай. Тэр тусмаа Монгол яруу найраг, найрагч энэ чанарыг хадгалж үлдэх учиртайг л хэлсэн хэрэг. Даяаршил гэгч яруу найрагт хүртэл шунан донтож буй энэ цаг үед Монгол найрагч, Монгол яруу найргаараа дэлхийн дэвжээнд цоллуулж байгаа нь ч бичигч бидэнд нэгийг хэлсэн хэрэг болов уу.
 

 

    Бид дэлхийн дэвжээнд суу алдраа мандуулаад ирсэн найрагчаа чухам ямархан хүлээж авсан тухайд сайн мэдэхгүй юм. Юутай ч нэг ноцолддог хүүхэд Азийн наадмаас медаль чирээд ирсэн дайны хүлээж авсангүй. Монголын их түүх соёлыг дэлхийн дэвжээнд таниулж, дэлхийн түүх соёлыг тээн ирж байгаа нүүдэлчин найрагчаа бид монгол ёсоор халуун цай идээ будаатай тосч чадаагүйг мэдэж байна.
 

 

    Үнэнийг хэлэхэд уран бүтээлчид, гол төлөв шүлэг зохиолч тэрлэдэг залуусаас бүрдсэн сэтгүүл зүйн арми ч тэгтлээ ач холбогдол өгсөнгүй. Энэ бүгдийг эргэцүүлэн бодохын сацуу “бид ер нь хаашихнаа яваад байна вэ” гэж өөрөө өөрөөсөө асуухад тулж байна.

 

Санзайгалсангийн Ууганбаяр

 

 

 

25 насандаа эмэгтэйчүүд хэрхэн дурладаг вэ?
25 насандаа эмэгтэйчүүд хэрхэн дурладаг вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.