Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модид зориулсан бэсрэг наадам “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо.
Бэсрэг наадмаар хүндэт зочдод хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан болон ардын урлагийн тоглолт, уран нугаралтын үзүүлбэрээс толилуулсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модид хонгор зүсмийн морь бэлэглэлээ. Харин Нарендра Моди бэлгийн моринд “Гантаг” хэмээн нэр хайрлав.
Тэрээр бурхан багшийн унааг ийнхүү нэрийддэг байсан хэмээн тайлбарлалаа. Энэтхэгийн Ерөнхий сайд манай эрийн гурван наадмыг үзэж, нум эвшээлгэж, сум тавив.
Тэрээр маргааш өглөө нутгийн зүг хүлгийн жолоо зална.