Путин ялалтын баяраар хэлсэн үгэндээ Украины дайны гол буруутнаар Өрнөдийнхнийг нэрлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 9 секунд
Путин ялалтын баяраар хэлсэн үгэндээ Украины дайны гол буруутнаар Өрнөдийнхнийг нэрлэв

Путин ялалтын баяраар хэлсэн үгэндээ Украины дайны гол буруутнаар Өрнөдийнхнийг нэрлэв

Мягмар гарагт ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд уламжлал ёсоор ялалтын баярын арга хэмжээ болж өнгөрлөө.

Цэргийн парадыг нээж хэлсэн үгэндээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсан ялалтаа өнөөдөр Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнтайгаа холбон тайлбарлажээ.

“Өнөөдөр хүн төрөлхтөн шийдвэрлэх эргэлтийн цэгтээ дахин ирлээ. Манай эх орны эсрэг жинхэнэ дайн эхлээд байна” гэж тэр хэлсэн юм.

Өрнөдийнхний “хязгааргүй амбиц, дээрэнгүй бардам зан, хариуцлага хүлээдэггүй байдал” Украины хямралын гол шалтгаан болохыг Путин энэ үеэр онцлон хэлжээ.

Үгийнхээ төгсгөлд тэрбээр Украины фронтоос ялалтын баярын парадад ирж оролцсон цэргүүддээ талархал илэрхийлсэн юм.

Москвад ялалтын баярын парад эхлэхээс хэдхэн цагийн өмнө Оросын арми Украины хотуудад ээлжит агаарын цохилтоо өгсөн байна.

Мягмар гарагийн шөнө Оросын талаас нийт 25 ширхэг далавчит пуужин харвасны 23-ыг нь амжилттай устгаснаа Украины агаарын зэвсэгт хүчин мэдээлжээ.

Энэ жилийн ялалтын баярын арга хэмжээ урьд жилүүдийнхтэй харьцуулахад цомхон хүрээнд болж өнгөрсөн юм.

Тухайлбал ОХУ-ын 21 хот ялалтын баярын парадаа цуцалсан байна.

Мөн дайнд амь үрэгдсэн төрөл төрөгсдөө эргэн дурсах уламжлалт арга хэмжээг олон хотод зохион байгуулалгүй өнгөрсөн юм.

Үүнийгээ орон нутгийн эрх баригчид олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ бодит шалтгаан нь энэхүү арга хэмжээнд иргэд Украины дайнд алагдсан эрчүүдийнхээ хөргийг барьж жагсахаас болгоомжилсноос үүдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.

Энэ жилийн парадад 8,000 орчим цэрэг оролцсон нь өнгөрсөн оны 11,000-аас буурсан тоо юм.

Өчигдөр хэдийгээр Москвагийн тэнгэр цэлмэг байсан ч парад агаарын нисэх хүчний үзүүлбэргүйгээр өндөрлөжээ.

Мөн парадад өнөөдрийн Оросын армийн гол тулааны танкийн оронд түүх болсон хуучны T-34 танкаа үзүүлсэн юм.

Яагаад орчин үеийн танкийн жагсаал болон нисэх онгоцны үзүүлбэр парадаас хасагдсан талаар Кремль албан ёсны тайлбар өгөөгүй байна.

Сүүлийн жилүүдийн ялалтын парадад Оросын эрх баригчид орчин үеийн Армата (Т-14) танкаа байнга үзүүлдэг байсан юм.

Уг танкийг Украины фронт дээр анх удаа ашиглаж эхэлсэн тухай Оросын хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв.

Ялалтын баярын арга хэмжээнд гадаадын зочид төлөөлөгчдийг уриагүй тухай өмнө нь Кремлиэс мэдээлж байсан бол өчигдөр Беларусь, Казахстан, Тажикистан, Туркменистан, Киргизстан, Узбекистан, Арменийн удирдагчид Улаан талбайн арга хэмжээнүүдэд оролцсон юм.

Эх сурвалж: Associated Press

Өнөөдрийн өрнийн зурхай
Өнөөдрийн өрнийн зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.