Түрээсийн орон сууц хөтөлбөр батлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 22 секунд
Түрээсийн орон сууц хөтөлбөр батлав

Түрээсийн орон сууц хөтөлбөр батлав

 Түрээсийн орон сууц хөтөлбөр батлав


 ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЖ ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА 

Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа. 

Хөтөлбөрийг  2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орнуудын зээл, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.    

2014 оны байдлаар манай улсын нийт өрхийн 28 хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд, нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Улаанбаатар хотод иргэдийн оролцоотойгоор гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хороолол болгох, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, дахин төлөвлөх, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд иргэдийн түр амьдрах орон сууцны асуудлыг шийдвэрлэх шаардлага байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж хандах үр хүүхэдгүй ахмад настан, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрхүүд, ажил амьдралын гараагаа эхлүүлж байгаа залуу гэр бүлүүд, орон нутгаас төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж, суралцаж буй оюутнууд, ажиллагсдын түр амьдрах орон байрны асуудлыг төрөөс шийдвэрлэх шаардлага байгаа юм. 

2014 оны байдлаар улсын хэмжээнд 22,9 мянган өрх орон сууц түрээслэн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон сууц түрээслэх сонирхол өсөн нэмэгдэж байгаа боловч, түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, үнэ өндөр байна. Мөн банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангаж, ипотекийн зээл авч орон сууцтай болох боломжтой иргэдийн тоо буурч байна гэж салбарын яам үзэж байна. 

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЭСЯ-ЫГ УЛААНБААТАРТ БАЙГУУЛНА 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед бин Рашид Аль Мактумын урилгаар өнгөрөгч тавдугаар сарын 19-20-нд тус улсад ажлын айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа. 

Айлчлалын үеэр болсон уулзалт, ярианы үеэр хоёр талын харилцаатай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хөндөсний дотор хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай, Орлогын татварыг давхардуулж ногдуулахаас сэргийлэх тухай, Агаарын харилцаа тогтоох тухай зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн талаар санал солилцож, Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо байгуулах асуудлыг эцэслэн тохирлоо. Түүнчлэн CIB санхүүгийн групптэй Монгол Улсын бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд нэг тэрбум хүртлэх ам.долларын хөрөнгө оруулах сан байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт гарын үсэг зурсан байна. 

АНЭУ-ын талаас манай уул уурхай, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, монгол хонины махыг худалдан авахад бэлэн байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэж байлаа. Мөн хоёр улсын хууль сахиулах салбар хооронд харилцаа тогтоох, тус салбарын монгол мэргэжилтнүүдийг өөрийн улсдаа дунд, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИХААР БОЛЛОО 

Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллаж байгаа. Цаашид тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзэн Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа өөр хоорондоо харилцан нөлөөлөх үндсэн гурван асуудлыг гадны улс орны Хөгжлийн банк амжилттай ба амжилтгүй туршлага, өөрийн орны хууль тогтоомжийн уялдаа холбоонд суурилан цогцоор нь шийдвэрлэх, 

Үүнд, 

    Хөгжлийн банкны улсын төсөвтэй харилцах харилцааг  боловсронгуй болгох, болзошгүй эрсдэлийг бууруулах 

    Хөгжлийн банкны засаглал, ил тод байдал, тайлагналыг сайжруулах 

    Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зэрэг багтжээ. 

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД ТРАНЗИТ ЗААЛ БАРИНА 

Ази Европын дээд түвшний уулзалтыг ирэх оны долдугаар сард зохион байгуулахтай холбоотойгоор дараах шийдвэрийг гаргалаа. “Чингис хаан” олон улсын нисэх буудалд транзит заал барих, зочдын танхимыг өргөтгөх, тохижуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ. Энэ уулзалтын үеэр 4500-5000 зочид төлөөлөгчдийг хүлээн авч, үдэн гаргах бөгөөд олон улсын ирэгчдийн танхимыг өргөтгөх, явагчдын транзит танхимыг шинээр байгуулж, зорчигч үйлчилгээний терминалын барилгын багтаамжийг нэмэгдүүлэх ажлыг хийснээр одоо байгаа талбайг 2,3 дахин нэмэгдүүлэх юм. 

Ази, Европын дээд түвшний уулзалтад оролцохоор 51 улсын төлөөлөгч, тэдгээрээс 39 улсын төрийн тэргүүн өөрийн агаарын хөлгөөр ирэх урьдчилсан мэдээлэлтэй байна. 

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААР ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРХ ОЛГОНО 

Газрын тосны хайгуулын “Хар ус II” талбайд Газрын тосны газар болон “Ренова-илч” ХХК-ийн хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын даргад олголоо. 

Газрын тосны хайгуулын “Хар ус II” талбайд “Ренова-илч” ХХК-тай гэрээ байгуулагдвал хөрөнгө оруулагчийн ажлын туршлага, компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт зэрэгт тулгуурлан хайгуулын хугацааны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх санхүүгийн боломжтой болох юм байна. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА 

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд зөвхөн төрийн зохицуулах оролцооноос гадна өндөр хэрэглээтэй хэрэглэгчийн ухамсар, зах зээлд шинээр бий болж байгаа эрчим хүчний аудитор, эрчим хүчний аудитын байгууллага, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага, эрчим хүчний инженер эдгээрийн хоорондох харилцан уялдаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ хуулийн төсөл нь ерөнхий концепцийн хүрээнд зохицуулалт хийж, нэр томъёоны тодорхойлолт, байгууллагуудын эрх, үүрэг, хоорондын уялдаа, харилцан хамаарал, урамшуулал болон хуулийн хариуцлага зэргийг тусгасан төсөл юм. Эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбоотой нарийвчилсан харилцааг эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлэх нэгжээс боловсруулж, Засгийн газраар батлуулах журмаар зохицуулахаар тусгажээ. 

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА 

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус хууль (шинэчилсэн найруулга) өнгөрсөн оны долдугаар сард батлагджээ. Хуулиар газрын тосны салбар дахь төрийн байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, нөөц ашигласны төлбөр (рояалти)-ийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөвчлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгон зохицуулсан. 

Тус хуулиар хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг гүйцэтгэх бөгөөд энэ ажлыг гүйцэтгэх явцад хуулийн тодорхой бус зохицуулалтын улмаас зарим асуудлыг үүсгэжээ. Уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг хоёр заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг засч хуулийн төслийг боловсруулжээ. 

МАРРАКЕШИЙН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА 

“Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Маррекешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Энэхүү гэрээний зорилго нь хараагүй, харааны бэрхшээлтэй болон бие махбодийн бэрхшээлийн улмаас ном барих, унших боломжгүй хүмүүст зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүйгээр ном, бусад хэвлэмэл бүтээлийг ашиглуулах боломж олгох юм. Уг гэрээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгш эрхтэйгээр мэдээлэл олж авах ба тэдний сурч боловсрох эрх нь хүнлэг энэрэнгүй нийгмийн хөгжлийн ёсонд нийцэх юм. 

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ТАЛААР ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВАХААР БОЛЛОО 

Хууль сахиулахын их сургууль нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллага байх бөгөөд төрийн тусгай албан хаагч байж, дүрэмт хувцас, цол ялгах тэмдэг хэрэглэж байхаар тогтлоо. 

Үүнтэй холбогдуулан, 

    Тус сургуулийн албан хаагч нарын цол, албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоож, тус сургуулийн 2015 оны батлагдсан төсөвт нийцүүлэн бүтэц, орон тоо, дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлэх 

    Тус сургуулийн албан хаагчийн дүрэмт хувцас хэрэглэх, цол олгох журмыг баталж, тус сургуульд алба хааж байгаа цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын албан хаагч нарт цол олгохтой холбоотой асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх 

    Сургалтын хөтөлбөр, агуулга чанарыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, сургалтын орчныг сайжруулах, багш нарыг мэргэшүүлэх талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхийг Хууль зүйн Д.Дорлигжавт даалгалаа. 

Хууль сахиулахын их сургуулийн албан хаагчийн цолны болон төрийн тусгай албан хаасан хугацааны нэмэгдэл, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг цагдаагийн албан хаагчид олгож байгаа хувь хэмжээтэй адилтган олгож, төсвийг Хууль зүйн сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгалаа. 

ТОВЧ МЭДЭЭ: 

    Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл дээр тулгуурлан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, төслийг төр, хувийн хэвшлийн оролцооны хувь хэмжээ, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг оновчтой хэлбэрээр сонгож, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарт даалгалаа. 

    Монгол Улсад хөрөнгө оруулалт татахын тулд олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын  бизнес эрхлэгчдийг оролцуулсан “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ыг энэ сарын 18-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. 

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн Зээлийн хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

    Монгол Улсын Аж үйлдвэрийн сайдын энэ сарын 29-30-нд Япон улсад хийх албан ёсны айлчлал, Монгол Улс, Япон Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны VII зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө. 

    Улаанбаатар хотод энэ сарын 23-26-нд зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Беларусийн Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө. 

    Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевийн өнгөрөгч сарын 10-13-нд манай улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайдад даалгалаа. 

    Авлигын эсрэг санаачилгын 2015 оны Удирдах зөвлөлийн ээлжит хурал, Бүс нутгийн семинарыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг  Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.   

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо. 

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-д  өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ 
 

 

Хяналттай төсөв, Хариуцлагатай улс төр, Соёлтой нийгмийн төлөө
Хяналттай төсөв, Хариуцлагатай улс төр, Соёлтой нийгмийн төлөө
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.