Бидний хэрэглээ АНУ-г гүйцчихэж, харин мэдлэг нь...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 9 секунд
Бидний хэрэглээ АНУ-г гүйцчихэж, харин мэдлэг нь...

Бидний хэрэглээ АНУ-г гүйцчихэж, харин мэдлэг нь...

Банкнаас 140 төрлийн үйлчилгээ авдгийг мэдэх хүн хэр олон бэ-

 

Одоогоос гурван жилийн өмнө Дэлхийн банкнаас манай улсад нэгэн сонирхолтой судалгааг явуулжээ.Энэ нь манай иргэдийн санхүүгийн боловсрол ямар төвшинд байгаа, иргэдийнх нь эдийн засгийн боловсролын төвшин бусад улстай харьцуулахад аль төвшинд байгаа тухай судалгаа юм. Гурван жилийн өмнө авсан судалгаагаар манай төв суурин газарт амьдардаг иргэд банкны үйлчилгээ, хадгаламжийн талаар 80 орчим хувийн мэдлэгтэй байсан бол алслагдсан аймгууд, тэр дундаа малчдын санхүүгийн мэдлэг хангалттай төвшинд хүрээгүй гэж гарчээ. Энгийнээр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь санхүүгийн мэдлэгтэй, хоёр нь муу гэсэн судалгааг гаргасан аж.


Мөн хөрөнгийн бирж, брокер, хадгаламжийн хүү, инфляци гэсэн асуудал монголчуудын хувьд хаалттай сэдэв байсан гэнэ. Өөр нэг судалгаа танилцуулъя. Гэр бүлийн зөрчил маргааны 42.2 хувь нь мөнгө санхүүгийн маргаанаас үүсдэг, гэр бүлийн амьдралд тохиолдож буй бэрхшээлтэй асуудлын 67 хувь нь мөн л мөнгөтэй холбоотой байдаг бол өрхийн төсөв санхүүгээ хэрхэн зохицуулах, эдийн засгийн мэдлэг мэдээлэл байдаг уу гэсэн судалгаанд хамрагдсан иргэдийн 47.9 хувь нь “огт мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн байгаа юм. 

Эдгээр судалгаанууд монголчуудын санхүү­гийн мэдлэг ямар төвшинд байна вэ гэдгийг харуулж байна. Томоохон бичиг хэргийн дэлгүүр, номын худалдааны төвүүдэд арилжааны банкууд өрхийн санхүү төсвөө хэрхэн зохицуулах талаар санхүүгийн жижиг дэвтэр гаргаж худалдаж эхэлжээ. Харамсалтай нь ном, дэвтэр авах гэж орж ирдэг атлаа 1500 төгрөгийн үнэтэй тэр дэвтрийг хэн ч авдаггүй талаар худалдагч нь ярьж байсан юм. Өрхийн санхүүгээ нэгбүрчлэн тооцох нь нарийндаа хатсан, харамчдаа хийж буй ажил биш. Гагцхүү үргүй зардлаас та өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж буй нэг хэлбэр гэдгийг иргэд өнөө хэр ойлгоогүй явааг энэ жижигхэн жишээ л харуулчихлаа. Өдөр нь зарцуулсан мөнгөө бичээд сурчихсан байхад сарын дараа та өөрөө болон гэр бүлдээ ямар үргүй зардал гаргаж байснаа мэднэ. Тэр хэрээр ч дараагийн сараас энэ үргүй зардлаа танаж эхэлнэ. 

Харин жилийн дараа та хэмнэсэн мөнгөөрөө юу худалдаж авахаа бодоод үз. Яг л 10 жил тамхи татсан мөнгөөрөө байрны урьдчилгаа хийх боломж дүүрэн байсантай адил. Тиймээс ч хөрөнгийн бирж дээр хувьцаа авч мөнгө өсгөдөггүй юм гэхэд ядахдаа л өрхийн санхүүгээ зөв хөтөлчихдөг, авсан цалингаа хадгаламж болгох наад захын мэдлэг мэдээлэл манай иргэдэд дутагдсаар. 

Бид бүгдээрээ эдийн засагч, гэвч


Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө БНСУ-ын иргэддээ санхүүгийн боловсрол олгодог тогтолцооны талаар нийтлэл бичиж байлаа. Тус улсын Төв банк нь санхүүгийн боловсролын асуудлыг хариуцдаг бөгөөд бага ангиас нь эхлээд иргэддээ санхүүгийн мэдлэг олгож, хэрхэн хуримтлал үүсгэх, ирээдүйгээ яаж төлөвлөх вэ гэдэг суурь мэдлэгийг олгодог аж. Цэцэрлэг, бага, дунд, ахлах сургууль, Их дээд сургууль улмаар ажлын байран дээр очсон ч тэдэнд шат дараатай хичээлүүд орсоор л байдаг. Аравдугаар ангиас нь цагийн ажил хийж сургалтын төлбөрөө хэрхэн олох тухай, цаашлаад ажлын байран дээр гараад хэрхэн хуримтлалтай болох ямар замаар байртай, машинтай, үл хөдлөх хөрөнгөтэй болох вэ гэдгийг эдийн засагчид нь заадаг. 

Хүүхэд ахуй наснаасаа санхүүгийн мэдлэг нь өндөр төвшинд хүрдэг учраас банкны салбарт явуулж буй бодлого, мөн улсынхаа эдийн засгийн хямрал зэргийг хамгийн түрүүнд ойлгож хүлээн авдаг бөгөөд хямралд миний зүгээс нөлөөлөх оролцоо юу байна вэ гэдгийг ойлгох ухамсартай болчихсон байдаг аж. Солонгосын иргэд эдийн засгаа хямрахад ээмэг бөгжөө бариад очиж байсан гэдэг зүгээр ч нэг гайхуулах гэж гарсан яриа биш гэдгийг батлаад байгаа юм. Манайд эдийн засгийн салбарын талаар ярихгүй хүн гэж үгүй. Бид бүгдээрээ эдийн засгийн онол үзсэн. Бүгд л инфляци, экспорт, импорт гэдгийг мэднэ.

Гэхдээ үүнийгээ амьдралд хэрэгжүүлдэг болов уу. Амьдралынхаа эдийн засгийн тооцоог бид гаргаж чаддаг болов уу. Найман настай балчраас эхлээд наян настай буурай хүртэл бүгд л уул уурхай ярьдаг. Тавантолгой, Оюутолгойн хувьцааны талаар амтай бүхэн л ярьж байна. Тэндээс хувьцаа эзэмших тухайгаа мөрөөдсөөр. Гэвч гурван сая иргэнээс хувьцааны талаар мэддэг, хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулахаа ойлгодог нь 10 хувьд ч хүрэхгүй байгаа нь өнөөх л 1990 оны хувьчлалын үеийг дахин бий болгохоос өөрөөр үр дүн дагуулахгүй. Банкны салбарын талаар хүн бүхэн л шүүмжилж байгаа. 10 хувийн төлөх хүү, хугацаа нь хэр урт вэ гэдгийг тооцож үзээгүй атлаа бүгд л тэр зээлийг авахын төлөө хошуурч байгаа. 

Энэ бүхнийг мэддэг цөөхөн хэсэг нь иргэдээ хамгаалах бодлого ярьдаг ч иргэд үүнийг ойлгохыг хүсдэггүй. Харин хожмын алдааг бус өнөөдрийн нэр хүндийн төлөө дуугарсан хүн энхийн тагтаа мэт харагддаг болсон нь иргэдийн эдийн засгийн мэдлэг 0 байгааг харуулж байгаа. Манай иргэдийн хадгаламжийн дансны тоо 2015 оны байдлаар 2.4 саяд хүрчээ. Харилцах дансны тоо 7.9 сая /нэг хүнд гурваас дээш харилцах данстай гэсэн үг/, зээлийн дансны тоо 600 мянга /хөдөлмөрийн насны хүмүүсийн 50 орчим хувь нь зээлийн данстай/, нийт ашиглагдаж буй картын тоо 3.5 сая /нэг хүн мөн л гурав орчим данстай/ мобайл банкинд бүртгүүлсэн иргэдийн тоо 1.9 сая, интернет банкинд бүртгүүлсэн иргэд 800 мянга гэсэн тооцоо гарсан байна. 

Эндээс харахад, банкны салбарын талаарх иргэдийн мэдлэг хөгжингүй орнуудын хэмжээнд хүрэхүйц болчихсон гэж хэлж болохоор. Харамсалтай нь иргэд зээлийн дансандаа мөнгө хийх, цалингийн данснаас мөнгө авах, гүйлгээ хийх гэсэн цөөхөн хэдхэн банкны үйлчилгээгээр л хэрэглээ нь хумигддаг. Арилжааны 13 банк 80-140 төрлийн үйлчилгээ үзүүлдэг бол эндээс эхний 10 үйлчилгээг л иргэд хагас хугасхан ойлгож хэрэглэж байна. 

Сайн мэдээ 


Цаашид хэрхэх вэ гэдэг асуулт эндээс урган гарах нь дамжиггүй. Эдийн засгийн наад захын мэдлэггүй, хуримтлал үүсгэх нь амьдралд нь ямар ач тустайг ойлгодоггүй, авсан цалингаа амьдралдаа арайхийн хүргэдэг, цалингаас цалингийн хооронд амьдардаг иргэдээ бид хэрхэх вэ. Энэ хэвээр зүтгүүлээд халамжийн бодлогоор угжих уу. Ээмэг бөгжөө бариад ирдэггүй юм гэхэд авсан цалингаа амьдралдаа хүргэдэг, хадгаламжийн ач тусыг мэддэг, банкны салбарын хэрээс хэтэрсэн шуналд жинтэйхэн хариу барьчих хэмжээнд асуудлыг ойлгодог болгохын тулд яах ёстой юм бол. Энэ асуултын хариуг олон удаа хэвлэл мэдээлэл төр засгаас асууж байсан. Одоо ч асуусаар байгаа. Санхүүгийн сахилга бат төр засгийн төвшиндөө ч алдагдчихсан ийм байдлыг хэрхэн арилгах вэ. 

Дахин хямрал ирэхэд бүгдээрээ төрөө зүхэж, байрны урьдчилгаа төлбөр таван хувь болохыг хүлээсээр суух уу. Хэн ч үүнд хариулт өгөлгүй олон жил явсан. Гэтэл улс орнууд энэ бүхнийг ажил хэрэг болгоод үр дүнгээ өгөөд эхэлчихсэн нь дээр дурьдсан Солонгос улсын жишээ. Азийн санхүүгийн хямрал, 1990-ээд оны сүүлийн үеийн санхүүгийн хямралуудын дараа буюу 2000 оноос эхлэн Япон, Голланд, Шинэ Зеланд, Сингапур, Их Британи болон АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнууд санхүүгийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэж эхэлжээ. 2013 оны байдлаар 45 орон санхүүгийн тусгай хөтөлбөр боловсруулж иргэдээ соён гэгээрүүлэх, санхүүгийн эрсдэлээс хэрхэн өөрийгөө хамгаалах талаар сургаж эхэлсэн аж. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд иргэдээ санхүүгийн сахилга баттай болгох нь эдийн засагт ямар том өөрчлөлт авч ирдэг вэ гэдгийг тэд туршлага дээрээ тулгуурлан олж мэдсэн байна. Тэгвэл Монгол Улс ч энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болжээ. 

Энэ бол яах аргагүй сайн мэдээ. Төв банк болон арилжааны банкууд хэдийгээр иргэддээ санхүүгийн боловсрол олгох талаар чамгүй ажиллаж байсан ч үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа хүргэх боломж хомсхон байсан. Тэгвэл энэ удаад олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хэмжээн­ий хөтөлбөрийг өнөөдөр /өчиг­дөр/ Санхүүгийн тогтвор­той байдлын зөвлөлийн хурлаар баталлаа. Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоод, их дээд сургуулиудтай хамтран хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх аж. Яриа хэлцэл шат шатанд эхэлчихэж. 

2021 он хүртэл шат дараатай хэрэгжих энэ хөтөлбөр өнөөх л бидний хүсээд буй цэцэрлэгийн жаалуудаас эхлээд оюутан залуу, хөдөө орон нутгийн иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын иргэдэд санхүүгийн боловсрол олгох ажлыг шат дараатай хийнэ гэсэн үг. Үр дүн өнөөдөр шууд гарахгүй ч маргааш, нөгөөдөр гарна. 

Та бидний үр хүүхэд мөнгө хэрэглээ юу эсвэл хүсэл мөрөөдөл үү гэдгээ ялгаж сурна. Дуслыг хураавал далай гэж үг бий. Үргүй зардлаа тэвчиж чаддаг, хадгаламжийн дансандаа мөнгөтэй хүмүүний ирээдүй, 10 хувийн сургаар амь тэмцэн ах дүүгээ хэмлэдэг, авсан цалингаа арайхийн амьдралдаа хүргэдэг хүнээс 100 хувь илүү байх нь дамжиггүй. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийе. Тэр тусмаа хувь хүний санхүүгийн боловсролдоо... 

Б.Өнөртогтох 
 

Эх сурвалж: www.mminfo.mn

ЭМЯ: Коронавирусийн 89 тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ: Коронавирусийн 89 тохиолдол бүртгэгдлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.