УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Уг хуулийн төсөлд хувийн хэвшлийнхэнд халгаатай маш олон заалт оруулсан, малын хулгайтай холбоотой зохицуулалтыг тусгаагүй учир ийн завсарлага авчээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ингэж тайбарлалаа. Тэрээр "Ажлын хэсэг дээр энэ хуулийн төслийг эргэж ярих шаардлага байна. Өмнөх хуулиар хувийн хэвшлийнхний төлөөлөх этгээд нь хариуцлага хүлээдэг байсан бол шинэчилсэн хуулийн төсөлд тусгаснаар хуулийн этгээд нь хариуцлага хүлээдэг болох нь. Тухайлбал, торгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах, хөрөнгийг нь хураах гэх мэт заалтууд оруулсан байна. Үүнтэй холбоотойгоор Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг олон байгууллагаас шаардлага ирүүлсэн. Бид энэ асуудалд зайлшгүй анхаарах ёстой. Эдийн засгийн өсөлт саарсан, хямралтай хүнд үед хувийн хэвшил, татвар төлөгчдөө дэмжсэн хууль батлах ёстой. Гэтэл Эрүүгийн хуулийг шинэчилж найруулж оруулж ирэхдээ хувийн хэвшлийнхнээ нэлээд хүндрүүлсэн зүйл заалт оруулж ирж байгаа нь буруу. Эргэж ярилцъя. Эдийн засаг хүндэрсэн, ард иргэдийн амьжиргааны төвшин муудсантай холбоотойгоор малын хулгайн асуудал орон нутагт газар авч байгаа. Гэвч малын хулгайг Эрүүгийн хуулийн төслөөр зохицуулсан тодорхой зүйл заалт алга. Малын хулгай хийсэн гэмт хэрэгтнийг малчин нь бариад цагдаад өгдөг, хууль байхгүй учраас цагдаа нь тавиад явуулна. Тавиад явуулчихаар эргээд малчдаа заналхийлдэг, дарамталдаг. Иймэрхүү асуудлууд гардаг учраас хуулийн төсөл дээр эргэж ярилцъя, ажлын хэсэг хуралдаж нухацтай хэлэлцье" гэв.