“ААТ”-ыг хаяж, араатанд хүүлүүлсэн баасан лам буг болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
16 минут 41 секунд
“ААТ”-ыг хаяж, араатанд хүүлүүлсэн баасан лам буг болжээ

“ААТ”-ыг хаяж, араатанд хүүлүүлсэн баасан лам буг болжээ

Хөвсгөлийн Цагаан-Үүр сумыг, тэр дундаа Уйлган голыг алдартай сайн бөхчүүдээр нь монголчууд андахгүй. Нэг дороос аварга цолтой гурван бөх төрсөн гээд бод доо. Тэгээд ч Монголын Швейцарь гэгддэг сайхан газрын нэгэн хэсэг болохоор үзэсгэлэнг нь үгээр илэрхийлэх аргагүй билээ. Ялангуяа намар цагт ёстой л есөн өнгөөр солонгорон байдаг газар юм. Бидний мэдэх хийгээд мэдэхгүй өнгөөр туяарах эл газар хэдэн зуун дамжсан Даяндээрхийн гэх нэр алдар нь халх даяар түгсэн хийдтэй билээ. Хувьсгалын болоод түүний дараа ч тус хийд лам нараар дүүрч байсан гэдэг. Тэнд зөвхөн лам нар ном хуран байсангүй. Газар газраас ирсэн лам нар дотор нутаг усандаа гайхагдсан олон сайн бөх байжээ. Даяндээрх жилд нэг тайлга хийж, наадамддаг байсан агаад нутгийн наадмаа гадны бөхөд ганц ч алдаагүй гэхээр бөхийн жинхэнэ өлгий байсан нь мэдээж. Албан ёсны бөхийн сорилго байгаагүй ч халх дөрвөн аймаг, шавь таван газрын бусад сорилготой дүйцэхүйц сайн бэлтгэлтэй байжээ. 

Тэгээд ч урин дулааны цагт залуу лам нар чөлөөт цагаараа барилдахаас өөрөөр яаж ч зугаагаа гаргахав. Энд өгүүлэгдэх явдал их хэлмэгдүүлэлтийн гэх он жилүүдийн өмнө тохиожээ. Нутгийн настнууд одоо ч тэр талаар ам дамжуулан ярилцсаар авай. Өмнөх зууны 35-36 онд тэнд Баасан гэдэг нэгэн сайн бөх лам байжээ. Идэр насны эр байсан гэх. Энгийн үедээ биеэр жижиг, лав ажигласан хүнд нэлээд шаанги, дөрвөлжин хүн байж. Барилдах болоод нүцгэлэхээрээ илт өсчихдөг, булчин шөрмөс нь зангирсан эр байж л дээ. Түүний нөхцөлгүй бяртай байсныг илтгэх яриа одоо ч буй. Нэгэн удаа хэсэг нөхөдтэйгээ зугаалж явжээ. Тэгтэл нэг нь “Баасаан, чамайг их тэнхээтэй гэх юм. Бидэнд түүнийгээ нэг харуулаач” гэжээ. Мань эр дуугүйхэн алхаад л байж. Тэгж байтал Уйлган голд цутгадаг нэгэн томхон горхи таарчээ. Мань хүн нөгөө эрийг гэнэт далан дээрээс нь өрөөсөн гараараа шүүрээд, “Чүү” гээд дороо нэг бүтэн эргэн голын цаад талд гартал шиджээ. 

Шидүүлсэн нөхөр ч нэлээд лагс хүн байсан гэдэг. Багцаагаар 80 килограммаас доошгүй жинтэй нөхрийг хэдэн метр хол шидэж байхыг бодоход үнэхээр бяртай байсан бололтой. Даяндээрхийн агуйн амсраас нэлээд зайтай төлгөн хонины чинээ бөөрөнхий бор чулуу бий. Түүнийг Баасан хаа нэгтэйгээс авчирч тавьсан гэдэг хэмээн нутгийн нэг хүн хуучилж байсан юм. Үнэн, худлыг мэдэхгүй юм. Баргийн хүн хөдөлгөхөөргүй л юм билээ. Энэхүү Баасангийн амьдрал их эмгэнэлтэй төгссөнийг нутгийнхан ярьдагийг хүргэх гээд энэ бүхнийг өгүүлэв. Гэхдээ Баасан яг аль нутгийн хүн болохыг нутаг усныхан нь мэддэггүй юм билээ. Тэр жил Даяандээрхийн наадам болжээ. Газар газраас ирсэн хүчтэнүүд хэд хоног наадсан гэхээр бага бус наадам байсан биз. Наадмын үеэр ийм нэг яриа гарчээ. Архангайн “аат”-д л наадмаа алдчихгүй юмсан. Бусдыг ч бид гаргаахгүй л дээ гэсэн яриа юм. Харин энэхүү “аат” нь алдарт арслан “аат” Лувсанжамц мөн эсэхийг мэдэхгүй. Түүний барилдаж явсан онуудыг сайн санахгүй байна. Нутгийнхан л ингэж ярьдаг юм билээ. Наадмын шөвгийн дөрөвт нөгөө “аат”, лам Баасан нар Даяндээрхийн хоёр ламтай үлджээ. 

Цолны эрэмбээр Даяндээрхийн нэг лам нөгөөгөө авч, “аат”, Баасан хоёр тунажээ. Үүнд бас бодлого байсан бололтой. Хэрэв Баасан унавал тэр хоёрын хэн давсан нь яс үзээд дуусахаар байсан юм байх. Баасан хаяхгүй юм гэхэд унахгүй удах нь ойлгомжтой. Тэгэхээр “аат”-ыг бага боловч махална гэсэн үг л дээ. Даяндээрхийн хоёр дорхноо хаялцжээ. Бас л бодлого гэхэд болно. Амарч байсан нь дээр биз. Баасан, “аат” хоёр ёстой яс үзжээ. “Аат” анхнаасаа л бие хаа лут эр байж. Яг барилдах болоод зодог шуудгаа өмсөөд гарахад Баасан түүнээс дутахааргүй харагджээ. Өөлсөн хүнд нуруугаар жаахан намдуу байсан юм уу даа. Тэр үед цаг байсан биш хаялцтал нь барилдуулдаг байсан хэрэг. Удаж удаж унаган тонгороогоороо орхижээ. Ингээд наадмаа гадны бөхөд алдахгүй болсондоо баярлацгаасан нь мэдээж. Баасан ч наадамдаа түрүүлжээ. “Аат”-ыг хаясан болохоор нөгөөх нь бууж өгсөн байлгүй. Баасан ч тэр хавьдаа баатар бололгүй яах вэ. Яг энэ үеэр тэнд хэд хэдэн аймшигт явдал тохиожээ.

Даяндээрх рүү мөргөхөөр явсан хүмүүс баавгайд бариулсан гэх яриа хэд хэд гарчээ. Хажуухантайх хөвчөөс нь гарч ирээд довтолдог байсан бололтой. Ямар ч байсан хүний маханд амташсан баавгайтай болсон байна. Ер нь аливаа нэг араатан хүний маханд орвол эргэлт буцалтгүй болдог гэх юм билээ. Тэр хавийг тэр чигт нь айдас, хүйдэст автуулсан нь мэдээж. Баавгайнаас болоод мөргөлчдийн хөл ч татраад иржээ. Нутгийн анчид л юу юм гэхээс өөр арга чарга бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Лам нар ч ганц нэгээр гадагшаа гарахаа байж. Гартаа буугүй хүн галзуураагүй л бол тэрхүү аймшигт араатны өөдөөс очиж яахин зүрхлэх билээ. Нөхөдтэйгээ үргэлж барилдаж байдаг Баасан гэнэт өөрчлөгдөж эхэлжээ. Сав л хийвэл ганцаар дэлээд л ямар нэг юмтай хий барилддаг болсон байна. Нөхдөдөө юу ч хэлээгүй болохоор чухам яах гээд байгаа нь ч тодорхойгүй байж. Зарим нь түүнээс учрыг лавласан ч тоймтой хариу өгөөгүй гэх. Ингээд нэг орой Баасан гэнэт сураггүй болжээ. 

Цэрэг шиг оройн тооллого байхгүй ч хэн нэгийгээ алга болсныг мэдэлгүй яахав. Тэр хавиар хашгирч дуудаад ч тусыг эс олжээ. Харин нэг нөхөр чиг гаргажээ. “Баасан хөвчийн чигт л явсан ш дээ. Бие хөнгөлөх гэсэн биз гэж бодоод би янз бүрийн юм асуугаагүй” гэжээ. Нэгэнт орой болсон тул тэгсхийгээд орхин, өглөө шийдэхээр болж. Өглөө нь түүнтэй нөхөрлөдөг хэдэн лам мөрийг нь мөшгөжээ. Мөр сайн хөөдөг нэг лам байсан нь их тус болжээ. Баасан хөвч рүү нэлээд ороод, замаа хазайн мөргөлчид ирдэг зүгт явсан байв гэнэ. Мөрч лам нэлээд түрүүлж, бусад нь дагасхийж явсан юм байх. Мөрч гэнэт муухай орилжээ. Бусад нь гүйлдэн очоод ёстой л нүд халтирмаар юм үзсэн гэдэг. Хэсэг газрыг халцартал ноцолдсон ул мөр илэрчээ. Мань хүний цогцос танигдахын аргагүй болсон байж. Хамаг биеийг нь хөндөөд, дотор эрхтэнийг нь идэн сэглэсэн харагджээ. Зарим мөчийг нь ч тасдаад хаясан гээд л аймшигтай дүр зураг харагдана биз. Тэр хавь тэр чигтээ цусанд будагдсан байх агаад баавгайн доод эрүүний бололтой завьжны тасархай ч харагджээ. Тэр цусаа гоожуулан хөвчийн зүгт одсон бололтой байв гэнэ. Мөрч лам хэсэг харснаа “Хоёр баавгай байжээ” гэсэн байна. Нөхөд нь ч “Тэгсэн байлгүй дээ. Ганц баавгай байсан бол манай хүн их үзнэ дээ” гэлцээд цогцосыг нь аван явцгаажээ. Тэр хавьд хөдөөлүүлсэн гэнэ билээ. Чухам яг хаана гэдгийг одоо хэн ч мэдэхгүй юм билээ. 

Ингээд баавгайн хэрэг дээр Баасангийн хэрэг нэмэгдэж, Цагаан-Үүр хавийг жинхэнэ айдаст автуулсан ажгуу. Нутгийн ардууд, одоо бодвол анчид нийлээд нөгөө аймшигт араатны анд мордсон байна. Тэр хавьдаа цуутай Дэндэв гэдэг анчин багаа ахлан явжээ. Баавгайтай таарах тийм хэцүү биш байж. Мөргөлчдийн замаар явж байхад бараг өөрөө хүрээд ирэх юм чинь. Харин намнах нь л гол нь байлгүй яахав. Анчид тэр хавьд хоёр хоног сахиад нөгөө завьжгүй баавгайг хамсаатантай нь намнасан гэнэ билээ. Баавгайг намнасан ч айдас нэг хэсэгтээ л байжээ. Мөргөлчид аажим аажмаар, хэд гурваараа ирэх болсон байна. Ингээд Даяндээрх овоо хөлтэй болоод иртэл дахиад нэг асуудал гарчээ. Тэр бол баавгайд бариулсан Баасан ламын хувилсан хий үзэгдэл буюу буг юм. Түүнтэй анх учирсан хүмүүс жинхэнэ шуугиан тарьжээ. Хэдэн мөргөлчин Даяндээрх рүү очиж яваад нэг газар хоноглохоор болсон аж. Тэр нь яг нөгөө Баасан ламын баавгайд бариулдаг газар таарчээ. Тэд яахин мэдэх билээ. 

Намар дулаан болохоор тэгсхийгээд хажуулдчихна гэж бодоо биз. Хоол, цай болоод амсхийсэн юм байх. Хэцийлдэх нь хэцийлдээд, суух нь суугаад элдвийг хүүрнэн байтал нэг нь гэнэт муухай хашгирчээ. Бусад нь түүний харсан зүг рүү дагуулан харвал хамаг бие нь улаан нялга болсон нүцгэн хүн дэвээд байх шиг үзэгджээ. Бараг бүгдийнх нь үс босоод ирсэн биз. Үдшийн бүрэнхий болж байсан болохоор хамаг юмаа хам хум аваад мордоцгоожээ. Тэр дүрс тэгсхийгээд замхарчээ. Нэгэн ахмад хүн нөгөөдүүлээ бага зэрэг тайвшруулжээ. “Сандарч мэгдэх хэрэггүй. Морьд үргэхгүй байхыг бодоход бодьтой юм биш байна. Бид хий үзэгдэл харжээ. Гүйж ирээгүйг бодоход бидэнд муу юм хийхгүй ээ. Гэхдээ энд хоноод яах вэ. Жаал дөхөж байж болъё” гээд явсан байна. 

Хамт явсан хүмүүс нь айснаасаа болоод дуугаа хураан див давхийн явцгаажээ. Тэд замдаа хонож барилгүй явсаар хийдэд иржээ. Нэг их холгүй ч байсан байна. Ингээд тэр хавьд жодгороо босгоцгоон амарчээ. Маргааш нь нартай сайхан өдөр болж, мөргөлчид хэргээ амжуулаад амрах хоорондоо танилцсан лам нартаа энэ талаар яривал нэг нь үзээд “За, тэгнэ ээ. Баасан маань буг болжээ. Баавгайнаас өшөөгөө авах гээд хоргодсон байна. Хүн хард гэм хийхгүй” гэсэн мэргэ буулгажээ. 

Мөргөлчдийг буцахдаа тэр газраар өдөр дайрахыг захижээ. 
Тэд ч тэр ламын хэлснээр болсон байна. Ингээд Даяндээрхэд нэгэн хэрэг манджээ. Баасангаа хэрхэн “дарах” вэ гэдэг асуудал гарахгүй юу. Тэд зөвлөлдөж байгаад болъё хэмээн тохирч атал дараагийн мөргөлчид ч мөн адил юм ярьсаар ихэд айн ирцгээжээ. Тэгээд нийтэд тарахаас өмнө дарахаар болсон байна. Гэсэн хэдий ч яриа аль хэдийнэ тэр орчмоор газар авсан байв аа. Даяндээрхийн хамаг шилдэгүүд буг дарахаар болжээ. Тэгээд зөвлөгөөн хийсэн нь мэдээж. Тэгтэл нэг нөхөр хэлжээ. “За даа, ихэд цочирсоноос үүдэлтэй догшин буг байна. Авсаар дарагдахгүй бололтой.  Энгийн хүн хард аюулгүй юм. Зөвхөн араатантай л үзэх гээд байна. Нөгөөх нь алагдсан болохоор тэр хавиар хайгаад байгаа юм шиг байна. Болдогсон бол баавгай алагдсаныг ойлгуулчихмаар юм. 

Даанч тэгэж амжихгүй л дээ. Харын юмтай хүн л аргалах байх” хэмээжээ. Тэд бүгд шарын талынхан байсан бололтой. Тэгээд хүний эрэлд гарах болсон нь мэдээж. Нэг тийм өвгөн сумын төвөөр нутагладгийг тэд мэдэлгүй яахав. Ингээд элч төлөөлөгч илгээжээ. Өвгөн нас өндөр нэлээд ядруу байсан ч тэдний хүсэлтийг хүлээн авчээ. Түмний тусын тулд юм болохоор тэгсэнээ ч хэлжээ. Өвгөнийг морь тэргээр нөгөө газар авчирчээ. Бүхний танил өвгөн элдэв ном судар гэлгүй ирсэн байна. Нөгөөдүүл нь ч гайхжээ. Үдшийн бүрийгээр бугийг дарах юм болжээ. 

Тэгээд нэг юм урласан байна. Арвайн гурил зуураад түүгээрээ Баасангийн дүрийг бараг л амьд юм шиг бүтээжээ. Бие хаа, ерөнхий дүр нь дэндүү адилхан болжээ. Лам нар ч ихэд гайхжээ. Баасанг өмнө нь огт харж байгаагүй. Дээр нь биднээс ямар нэг юм огт лавлаагүй байж түүнийг яг дүрээр нь хийлээ гэцгээгээд хоорондоо жаал жиг жуг гэлцсэн юм байх. Дүрээ бэлдэж аваад бүрий болохыг хүлээгээд суужээ. Өвгөн цай уугаад л чимээгүй суугаад байж. Нар жаргаж, бүрий болох үед “За, дуудна аа хө” гэжээ. “Хиймэл Баасан”-гаа дэргэдээ тавиад амандаа ном уншжээ. Харын талын л ном уншаа биз. Төдөлгүй баруун хойноос модны завсраар уранхай хувцастай, цус нөжиндөө холилдсон Баасан барилдах гэж байгаа мэт дэвээд гараад иржээ. 

Тэгсэнээ тэр хавьдаа шаваад зогсчихжээ. Энэ талаар хэдий сайн мэддэг ч хүн л юм болохоор лам нар эвгүйцсэн нь мэдээж. Бие биедээ наалдан сууцгаажээ. Өвгөн номоо хэсэг уншаад, алгаа пад падхийтэл хэдэнтээ алгаджээ. Тэгээд мөнөөх арвайн гурилан дүрсээ халуун цогон дээр тавиад дээр нь шар тос дусаахуй нөгөө “Баасан буг” харанхуйд уусан үгүй болсон гэнэ лээ. Нутгийн өвгөний хэлснээр, тэр газрыг хэсэгтээ л “Баавгайн хөтөл”, “Бугийн хөтөл”, “Баасангийн ламын хөтөл” хэмээж байснаа өнөө цагт “Баасан хөтөл” болон мөнхөрчээ. Энэхүү хөтөл Даяндээрхээс 10-аад километр газар байх бүлгээ. 
Эх сурвалж www.wikimon.mn

 

Г.Амартүвшин, Х.Ганхуяг тэргүүтэй МАН-ын 9 гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгожээ
Г.Амартүвшин, Х.Ганхуяг тэргүүтэй МАН-ын 9 гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгожээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.