В.Путин цэргийн зэвсэглэлийн сүр хүчийг “гайхуулав”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 51 секунд
В.Путин цэргийн зэвсэглэлийн сүр хүчийг “гайхуулав”

В.Путин цэргийн зэвсэглэлийн сүр хүчийг “гайхуулав”

Эх орны дайны ялалтын баярын арга хэмжээг Оросын ард түмэн олон улсын хэмжээнд өргөн тэмдэглэв. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү баярт оролцохдоо “Дайны үед монголчууд хагас сая тонн мах, хагас сая агт морьд, дулаан хувцас, малгай, бээлий, хүрэм бэлэглэснээс гадна Монголын ард түмний хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкын цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байгуулж өгч байсан” гэлээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ялалтын баярын жагсаалыг нээж хэлсэн үгэндээ “Монгол улс дайны туршид Зөвлөлт улсад өмөг түшиг болж тусалж дэмжиж байсан” гэв.

Ялалтын баярын жагсаал сүрлэг сайхан боллоо. Монгол цэргүүд анх удаа Улаан талбайд баярын жагсаалд оролцлоо. Энэ жагсаалд удам дамжсан цэргийн албан хаагч цөөнгүй байв. Жагсаалд оролцсон ахмад Ариунболдын аав Дүүрэнжаргал хурандаа одоо өндөр насны тэтгэвэрт сууж буй. Ариунболдын өвөө нь ардын хувьсгалын партизан явсан нэгэн ажээ. Хугацаат цэргийн албан хаагдаас дөрвөн дайчин жагсаалд хөл тавьсан бөгөөд тэдний нэг дэд түрүүч Гүен 2014 оны 5 дугаар сарын 9-нд цэрэгт ирж,  2015 оны 5 дугаар сарын 9-нд Москвад их ялалтын баярт Бельги, Энэтэг зэрэг орны дайчдын цувааны араас хараа эгцлэн алхсан нь  бас  содон дурсамж үлдээлээ.

В.Путин ялалтын баярын жагсаалаараа Оросын цэргийн зэвсэглэлийн хүч чадлыг дэлхий дахинд гайхуулсан гэвэл хэтрүүлэл болохгүй болов уу. Явган цэргийн жагсаалаас техникийн жагсаал нь илүү сүрлэг боллоо. Олон нийтэд төдийлөн ил гараагүй зэвсэглэлээсээ танилцууллаа. Жагсаалд оролцуулсан тив алсгасах баллистик пуужин нь  11 мянган км тусгалтай, хөдөлгөөнт болон байнгын байрлалаас харавдаг, стратегийн зориулалттай пуужин ажээ. Мөн хамгийн сүүлийн үеийн танкууд нь жагсав. “Армата” хэмээн энэ танкыг хүмүүс анх удаа  Улаан талбайгаас бодит дүрээр нь харлаа. Оросууд хэдхэн жилийн өмнө Т-90 танкаа хамгийн орчин цагийн танк гэдэг байсан бол одоо ийнхүү шинэчлэгджээ. “Армата” нь Т-90-ээс олон талаар давуу юм байна. Зөвхөн хуягласан байдал нь гэхэд хэр баргийн сум  нэвтрэх боломжгүй гангаар хийгдсэн нь онцлог аж. Т-90-ийн аль нэг талаар сум нэвтэхэд дотор нь сууж яваа экипажийн бүрэлдэхүүн сүйрэх магадлал өндөр бол "Армата"-гийн экипажийн гурван хүн найдвартай хамгаалагдсанаас гадна тэд  байлдааны талбарт эргэн тойрноо бүрэн хянах боломжтой ажээ. Баярын жагсаалд оролцсон явган цэргийн байлдааны машин “Курганиц” нь ч бас гайхамшигтай. Энэ машин десантын найман цэрэг, 30 мм-ийн  автомат их буутай, танк эсэргүүцэх пуужингийн “Корнет” гэдэг системтэй. В.Путин баярын жагсаалын үеэр “Бүх улс оронд аюулгүй байдлын тэгш тогтолцоо бүрдүүлэх нь чухал” гэдгийг онцолж байлаа. 

Ялалтын байрын жагсаалд оролцсон манай 70  цэргийн албан хаагч өчигдөр Москвагаас нисч, Эрхүү хотод түр буудаллаад тээврийн тусгай автобусаар эх орондоо ирж байна.

Б.Отгонбаяр  

Эх сурвалж: Tumen.mn

Ц.Элбэгдорж: Эх, хүүхдийн асуудал бол Монголын асуудал юм
Ц.Элбэгдорж: Эх, хүүхдийн асуудал бол Монголын асуудал юм
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.