“Эко Алтан Заамар”-ыг ажиллуулах гэрээг үзэглэсэн нөхөр Аймгийн Засаг даргаар ажиллах эрхтэй юү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 34 секунд
“Эко Алтан Заамар”-ыг ажиллуулах гэрээг үзэглэсэн нөхөр Аймгийн Засаг даргаар ажиллах эрхтэй юү

“Эко Алтан Заамар”-ыг ажиллуулах гэрээг үзэглэсэн нөхөр Аймгийн Засаг даргаар ажиллах эрхтэй юү

-Иргэд тань, нутаг ус тань уйлж байна, эрхэм Ж.Батжаргал дарга аа… ИТХ-ын төлөөлөгчдөөсөө зөрж зурсан гэрээ чинь олон хүний аминд хүрснийг мэдэж байгаа юу-

Дөрвөн хүний амиар тахил өргөсөн “Эко Алтан Заамар” ХХК-ийн лицензийг өнөөдрийг хүртэл цуцлаагүйн шалтгаан юу вэ. Осол гарсны дараахан лицензийг цуцалж, тусгай зөвшөөрлийг нь хураан авахаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэн мэдэгдэж байв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ч үйл явдлаас хоцорчих вий гэсэндээ ам нээж, мөн цуцлах арга хэмжээ авахаа мэдэгдэж попорсон. Цуцлах арга хэмжээ авах гэж хэд хэдэн удаагийн оролдлого хийснээ ч албан бичгээр үзүүлж байв. Гэвч хувийн компанид албан бичиг хаяглахаас өөр ажил хийгээгүй БОАЖЯ тухайн үед шоудаж байж.

“Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах гээд байхад Ашигт малтмал, газрын тосны газраас эрхлүүлээд байна хэмээн тодорч байсан БОАЖЯ нь үнэндээ тус компанитай тухайн газрыг ашиглах талаар аль хэдийнэ гэрээ байгуулсан байж. Тодруулбал, алдарт “Эко Алтан Заамар” ХХК-тай Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээг 2018 оны 4 сарын 10-ны өдөр байгуулсан байх юм. УС-22/2018 тоот гэрээг нэг талаас БОАЖЯ, Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төв, Булган аймгийн Засаг дарга нар нийлж гэрээнд гарын үсэг зурсан байна. Харин нөгөө талаас Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагт орших “Их тохойрол”-ын алтны шороон ордын ашигт малтмалын МV-007712, MV-007713 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эко Алтан заамар” ХХК дангаараа байгаа юм.

 

Гэрээг анх Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг удиртгал болгон үзэглэсэн байгаа нь анхаарал татна. Тэртусмаа хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.2 дахь хэсэг, 3 дугаар зүйл, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журмыг тус тус үндэслэн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал ашиглахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар харилцан тохиролцож байгуулжээ.

Тус гэрээг өнгөц харвал ашигт малтмал олборлохгүйгээр нөхөн сэргээлт явуулах гэж буй мэт уншигдана. Харамсалтай нь, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг иш үндэс болгож байгаад ашигт малтмал олборлохыг зөвшөөрсөн ганцхан өгүүлбэр оруулж баталсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, анхнаасаа хориотой бүсэд үйл ажиллагаа явуулах эрхийг Төрийн байгууллагууд нийлж олгожээ гэж хардаж болохоор. Эрх мэдэлтнүүд өөрт ашигтай нүхээ үлдээж, хууль баталдаг гэгчээр хориглосон журмаар өмнөтгөл хийсэн эл будилаантай гэрээ нь “Эко Алтан Заамар”-т үйл ажиллагаа явуулах боломж олгож, энэ нь эцэстээ дөрвийн дөрвөн алтан амь авч одох үүдийг нээжээ.

Гэрээний 2.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давхацсан талбайд ногдох, эдийн засгийн үр ашигтай нөөцийг ашиглаж, техник, эдийн засгийн үндэслэлийг гэрээ байгуулснаас хойш 12 сарын дотор Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ” хэмээн заажээ. Мөн Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ТЭЗҮ батлагдсанаас хойш 9 сарын дотор уурхайг улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргах заалт ч гэрээнд бий.

Харин ийм гэрээ байгуулагдсаныг бүхэл бүтэн 2 сарын дараа л мэдсэн нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлж, асуудал дэгдээв. Үнэндээ Заамарт үлдсэн цорын ганц эрүүл газар нь энэ байв. Халаглаж, харамссан нутгийн иргэд “Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712, MV-007713 болон Баянголын эх MV-018995, Бор толгойн-MV-021016 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “Эко Алтан Заамар” компани эзэмшдэг. 2018 оны  тавдугаар сарын 30-нд тус компани нь Өгөөмөрийн арын тохойрол нэртэй MV-007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр хөрс хуулалт, олборлолтын ажил эхэлсэн. Уг тохойрол нь Хайлааст багийн Туул голын дагуух 56 км үргэлжлэх газраас уул уурхайн олборлолтод өртөөгүй үлдсэн гурван км үргэлжилсэн газар бөгөөд малчдын малаа ус, хужир шүүнд оруулж, зуншдаг төдийгүй уул уурхайн эвдэрсэн бүсэд амьдардаг Хайлааст багийн нутагт орших тахилгат Өгөөмөр хайрханы хормойд оршдог ганц газар” хэмээн уйлж байлаа.

Орон нутгийн иргэд нь ийнхүү ус ундгүй болж, засаг захиргаан дахь нэг нэгж нь устаж үгүй болж байхад 2018 оны 4 сард үзэглэсэн өнөөх гэрээнд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал гуай дуртайяа гарын үсгээ зурж, зөвшөөрсөн байгаа юм. Уг нь тухайн газар нутагт хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулах бол нутгийн иргэд болоод тухайн орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудтай зөвшилцөх, мэдээлэл хүргүүлэх учиртай. Гэвч Засаг ноён хэдийнэ гарын үсэг зурж, үйл ажиллагаа эхэлсний дараа иргэд мэдсэн нь тэр.

Төрийн байгууллагуудын нэгдэн баталсан дээрх гэрээгээр гул барин хуулийг уландаа гишгэсэн “Эко Алтан Заамар”-ын асуудал өндрөө авч, нутгийн иргэд эсэргүүцээд эхэлмэгц БОАЖЯ-наас тусгай зөвшөөрлийг цуцлах албан тоотыг Ашигт малтмал, газрын тосны газарт хаягласан байдаг. Тодруулбал, 2018 оны долдугаар сарын 20-ны өдрийн 03/5092 албан тоотыг БОАЖЯ-наас АМГТГ-т хүргүүлсэн. Үнэндээ эл албан тоот зүгээр л шоу, нутгийн иргэдийн бухимдлыг түр зуур дарах гэсэн эмгэнэлт завсарлага байж. Учир нь гуравхан сарын өмнө тус тохойг ухуулах гэрээг БОАЖЯ өөрөө батлалцсан шүү дээ. Эл гэрээг иргэд харах, мэдэх биш. Мэдэх гэсээр байтал нэг жил хангалттай өнгөрнө.

Тэр утгаараа АМГТГ-аас Тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байж. Аль аль нь гэрээнд гарын үсэг зурж, эрх үүрэг хүлээсэн тул албан бичиг шидэлцсэн болоод өнгөрч. Гэрээний 2.7-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний хэрэгжилтийн тайланг тухайн жилийн уулын ажлын тайлан хэлбэрээр боловсруулж, дараа оны уулын ажлын төлөвлөгөөний хамтаар жил бүрийн 12- сарын 1-ний дотор АМГТГ-т хүргүүлнэ”. Мөн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан болон нөхөн сэргээлтийн тайланг жил бүрийн 11 сард багтаан БОАЖЯ-нд хүргүүлнэ” гэсэн байгаа.

Цаашлаад АМГТГ нь гэрээг сунгасан эсэх талаарх мэдээллийг дараа жилийн 1 сард багтаан холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Ийм тодорхой гэрээнд БОАЖЯ гарын үсэг зурсан байж мэдэн будилсан. Мөн Орон нутгийн захиргааны байгууллагын эрх үүрэг ч бий. Уг нь будилаант гэрээгээ нууцалж, бичиг цаас шидэлцэхийнхээ оронд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тайлан мэдээг авч цаг тухайд нь арга хэмжээ авсан бол энэ оны хоёрдугаар сард тийм харуусалт осол гарахгүй байх байлаа.

Нөгөөтэйгүүр, Нөхөн сэргээлт нэрээр халхавчилсан маапаантай эл гэрээ хийгдээгүй, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал гуай зөвшөөрөөгүй байсан бол дөрвийн дөрвөн амь цаг бусаар одохгүй байв. Нутгийн иргэд эл компани хэд хэдэн хууль зөрчиж, уурхайд нь осол гарч, хүн амиа алдсан талаар сануулаад байхад хэн ч хөдлөөгүй. Тухайлбал, 2018 оны зургадугаар сарын 19-ний шөнө буюу гэрээ байгуулагдсанаас ердөө хоёр сарын дараа уурхайд ажиллаж байсан 51 настай эрэгтэй хүнд даацын машинд дайруулж амиа алдсан хэрэг гарсан байдаг. Ослын шалтгаан нь уурхайчдыг илүү цагаар ажиллуулж, ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйтэй холбоотой гэдгийг нутгийнхан хэлж байв.

Энэ бүгдээс хамгийн ноцтой нь линцензийг цуцалсан ч “Эко Алтан Заамар” үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдсан явдал байв. Өөрөөр хэлбэл, Салбар яам, холбогдох байгууллагууд, орон нутгийн удирдлага гарын үсэг зурсан тэрхүү гэрээнд “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагааны улмаас түүний ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд ч тэрээр энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ” гэсэн байгаа юм. Тэгэхээр БОАЖЯ-наас тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцална уу гэсэн албан тоот нь шоу байсан гэдгийг дахин баталж байна. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан ч тэдний байгуулсан бохир гэрээний заалтаар “Эко Алтан Заамар” нь үргэлжлүүлэн ажиллана гэдгийг БОАЖЯ мэдэхийн дээдээр мэдэж байж.

Энэ нь 4 хүн нас барна уу, 6 хүн амиа алдана уу хамаагүй энэ төр засагт ард иргэдийн амь сохор зоосны ч үнэгүй болсон гэдгийг илтгэж байгаа хэрэг. Хууль гууль болсон ч падлийгүй. Тухайн компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үйл ажиллагаагаа явуулна. Тиймдээ ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар лицензийг цуцалж, тусгай зөвшөөрлийг урж хаяна хэмээн зоригтойгоор попорч. Өнөөдрийг хүртэл “Эко Алтан Заамар”-ынхныг Заамар сумын нутгаас чирч гаргаагүй байгаагийн шалтгаан энэ байж.

Хамгийн арчаагүй нь орон нутаг, засаг захиргаагаа хамгаалж, хөгжүүлэх үүрэгтэй Төв аймгийн удирдлага, тэр дундаа Засаг дарга Ж.Батжаргал нь энэхүү хөгийн гэрээг хүлээн зөвшөөрч, бэлчээр усны асуудалд нэрвэгдсэн өрөвдмөөр иргэдийнхээ өмнөөс нулимж, олон залуусын амь сүйдэхэд хүргэсэн гэрээг батлалцсан нь дэндүү харамсалтай. Уг нь Төв аймгийн ИТХ-ын 2018 оны намрын хуралдааны үеэр Туул голын энгийн хамгаалалтын бүсийн асуудал хэлэлцэх явцад Заамар сумаас Аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Болормаа “Эко Алтан Заамар ХХК болон бусад олборлолтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд аймаг орон нутагтай гэрээ байгуулж Туул голын эрэг орчмоос 50 метр зайд олборлолт хийх зөвшөөрөл олгодгийг онцолж, энэхүү гэрээнд эрхэм Засаг дарга Ж.Батжаргал гарын үсэг зурснаар байгаль орчин сүйдэх, үйлдвэрлэлийн осол эндэгдэл гарах нөхцөл бүрдэж байгаа”-г тухайлан шүүмжилж, дээрх гэрээнд гарын үсэг зурахгүй байхыг анхааруулсан байгаа юм. Харамсалтай нь, өөрийгөө тус аймгийн хаан, заан мэтээр эндүүрээд 30 жилийн нүүр үзэж буй Засаг дарга гуай “Зурахгүй яадаг юм, би зурна” хэмээн бархираад зурсан гэх бөгөөд ИТХ-ын төлөөлөгчид нь тэгтлээ дургүйцэж байсан тэрхүү гэрээ эцэстээ олон хүний амийг авч одон, олон бяцхан үрийг өнчрүүлж орхисон. Засаг ноён гуай гэрээг зөвшөөрч үзэглээгүй бол байгаль дэлхий энх амгалан, хөөрхий бяцхан үрс элэг бүтэн байх байв.

Ийм л хүнээр удирдуулсан энэ аймаг, орон нутгийнхан цаашид хөгжилд хүрнэ хэмээн горьдохын оронд тэр олон хүний аминд хүргэх гэрээнд гарын үсэг зурсны нь төлөө огцруулж, хариуцлага тооцох нь зүй ёсных байлтай. Мөн энэ олон жил төрийн албанд суусан хүний хувьд ёсзүйн хариуцлага хүлээж, Заамар сумын иргэдээс, хань ижил, эцэг, үрээ алдсан хохирогчдоос хүлцэл өчөөд албан тушаалаасаа буумаарсан.  

niigmiintoi.mn

С.Цэрэнчимэд 60 кг-д Дэлхийн чансааг манлайлж байна
С.Цэрэнчимэд 60 кг-д Дэлхийн чансааг манлайлж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.