Төмөр замын “вант улс” Монголд олон жилийн турш амь бөхтэй оршсоор. УИХ-ын гишүүн асан Р.Раашийн үед ч энэ “вант улс” байж л байсан, одоогийн холионы эзэн Л.Пүрэвбаатарын өндөр үнэтэй гутлын өлмий дээр ч тогтож л байна.
Аль ч засгийн үед энд дарга нар идэх гэж ирдэг, тэгээд ханатлаа идээд зайлдаг нь хууль гэлтэй. Саяхнаас цахим ертөнцөөр Л.Пүрэвбаатар даргынх нь 600 мянгын үнэтэй гутлын талаар шуугицгаалаа. Мөн 1.5 тэрбум төгрөгөөр орон сууц, 1.8 саяар ганган хүрэм, 200 саяар L570 маркын машин худалдан авсан гэж байна. Төрийн өмчийн хорооноос эдгээр худалдан авалтыг зөвшөөрөөгүй аж. Энэ тухай нэгэн албан бичигт нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг н Лексус-570 маркын автомашиныг 200 саяар, нийгэмлэгийн даргадаа 1.5 тэрбум төгрөгөөр орон сууц авсан бөгөөд үүнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөл олгогдоогүй” гэжээ.
Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь 17 мянга гаруй ажиллагсадтай том айл. Энд сонин хэвлэл, эмнэлэг гээд бүх юм бий. Гэвч сар бүр орлого нь буурсаар байгаа ажээ. Энэ оны эхний хоёр сарын байдлаар төмөр замын тээврийн орлого 2.3 тэрбумаар буурч, сульдсан “вант улс” болж байна.
“Улаанбаатар төмөр зам” өнөөдрийг хүртэл дарга нарын шахааны нэг гол “бааз” , мөнгөний “машин” болсоор ирсэн нь нууц биш. Оросоос өндөр үнээр шахсан зүтгүүр, техник хэрэгслүүд нь хог дээр хаягдахад хүрч байна. Хамгийн сүүлд энд “Монголын төмөр зам”-ын даргаар ажиллаж байсан Б.Батзаяагийн шахааны хэдэн зүтгүүрийн учрыг ч олохоо болиод байгаа аж.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn