“Алтайн хүдэр”-ийнхэн хүний амь хөнөөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 57 секунд
 “Алтайн хүдэр”-ийнхэн хүний амь хөнөөв

“Алтайн хүдэр”-ийнхэн хүний амь хөнөөв

Уурхайд янз бүрийн ослоор хүмүүс амиа алдсаар байна. Оюу толгойн баяжуулах үйлдвэрт саяхан гал гарч аз болоход хүний амь сүйрсэнгүй. Харин “Алтайн хүдэр” компанийн уурхайгаас хүнд даацын машиндаа төмрийн хүдэр ачиж, Бургалтайн боомтын ойролцоох талбайд буулгаж байсан жолооч “М” ослоор нас баржээ. Үхлийн шалтгаан дэндүү тодорхой. Хөдөлмөрийн аюулгүйн дүрэм журам зөрчигдсөн. Талийгаачийг дайрж алсан ковш буюу хүдэр хамж буулгагч нь ажилд бүрэн  бус техник байжээ. Гэрэлтүүлэггүй, дуут дохиогүй, богино долгионы станцгүй байснаас болоод ачааг буулгах үед машинаасаа гараад зогсож байсан “М”-ийг квошоор дайрч амийг нь хөнөөсөн байв. Аюулгүй ажиллагааны дүрмээр бол харанхуй нөхцөлд квош наад зах нь хоёроос гурван удаа дуут дохио өгөх ёстой байж. Гэвч ямар нэгэн дохио өгөөгүйгээс ийм осол болжээ. Талийгаач урьд нь Таван толгойд дөрвөн жил гаруй нүүрсний тээвэрт ажиллаж байгаад “Алтайн хүдэр” компанид шилжиж очоод долоо ч хонолгүй ийнхүү амиа алдсан байна.

“Алтайн хүдэр” компанид иймэрхүү осол удаа дараа гарч байсан боловч компанийн удирдлагаас хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааныхаа талаар олигтой арга хэмжээ авдаггүй байжээ. Энэ удаа ч мөн хүний амь үрэгдэж,  ар гэрийнхэн нь уй гашууд автаад байхад “Алтайн хүдэр” компанийн зүгээс ядаж хүн ёсоор эмгэнэл  илэрхийлээгүй, удирдлагаас нь нэг ч хүн оршуулгын ажилд оролцоогүй гэнэ. Талийгаач “М” нь эхнэр, дөрвөн хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдийн  хамгийн бага нь дөнгөж хоёрхон сартай өнчирч хоцорчээ. Нутгийн иргэд үүнийг сонсоод  Алтайн хүдэр компанийнханд ихэд дургүйцэж, зарим нь “Хүний амь үрэгдсэн хэрэг дандаа гарч байдаг муу ёрын газар” хэмээн уулга алдацгааж байгаа аж.

Ер нь “Алтайн хүдэр” компанийн талаар өөдтэй үг  сонсогдохгүй удаж байна. Говь-Алтай аймгийн төвөөс баруун урагш 162 км, Цээл сумаас  баруун тийш арван наймхан километрийн зайд  орших “Таян нуур”-ын ордоос  “Алтайн хүдэр” компани нийтдээ 49,42 сая тонн  төмрийн хүдэр олборлон  өмнөд хөршдөө нийлүүлэх   том төсөл  хэрэгжүүлж байгаа.  Баяжуулах үйлдвэр  нь өдөрт 16-18 цаг тасралтгүй ажилладаг. Үйлдвэрийн өргөтгөл нь уурхайгаас  баруун урд зүгт 475.5 га талбайг  эзэлдэг.  Баяжуулалтын таван шугамтай. Эдгээрийн аль аль нь төмрийн өндөр агууламжтай.  Тодруулбал, төмрийн 60-ас дээш хувийн агууламж бүхий хүдэр ачигдаж байгаа юм.

Өдөр шөнөгүй цувах хүнд даацын машинууд газрын хөрсийг сүүлийн хэдэн жил энд орвонгоор нь эргүүлжээ. Их хэмжээний хохирол бүртгэгдсэн ч “Алтайн хүдэр” компанийнхан энэ тухай хэл ам хийсэн иргэдийг цагдаа, прокуророор далайлган амыг нь хамхиж байна. Аргаа барсан иргэдийн гомдол яван явсаар өнгөрсөн оны сүүлчээр Хүний эрхийн  үндэсний комисст хүрч очжээ. Гомдлын мөрөөр нягталсан Хүний эрхийн комиссынхон “Алтайн хүдэр”  компани дээр хүний эрх зөрчигдөж байна” гэсэн байлаа. Тоосжилт, байгалийн сүйрэл энд бодитой нүүрэлжээ. Харин энэ талаар шалгасан “Газар дэлхий” хэмээх экологийн үнэлгээний компани нь “Алтайн хүдэр”-ийн сүйтгэлийг таван тэрбумаар тогтоосон нь бас нутгийн иргэдийн гайхлыг төрүүлсэн байна.  Иргэний байгууллагуудын урьдчилсан тооцоогоор Цээл зэрэг ойролцоох сумдын нутагт хүдэр тээвэрлэлтээс болж унаган байгальд  дор хаяж 30-40 тэрбум  төгрөгийн холхирол учирсан гэж байна.

 

2013 оны гуравдугаар сард “Шинэ зууны Цээл” төрийн бус байгууллагаас  шаардсаны дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас иргэний байгууллагын төлөөллийг оролцуулан газар дээр нь очиж шалгаад  15 заалттай сүрхий “лүдэн” буулгасан боловч  бүрэн  хэрэгжээгүй  аж. Энэ бүхний “төлөөсөнд”  Захиргааны хэргийн шүүх дээр иргэний байгууллагууд нэхэмжлэл гарган шүүхдэлцэж байгаа бөгөөд удахгүй шүүхийн эцсийн шийдвэр гарах юм байна.

Б.Отгонбаяр  

Эх сурвалж: Tumen.mn

Энэ сард багтааж Хөвсгөл, Сүхбаатар аймгийн замын ажлыг дуусгана
Энэ сард багтааж Хөвсгөл, Сүхбаатар аймгийн замын ажлыг дуусгана
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.