УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гэнэтхэн хазсан алимны зураг барьж гарч ирээд хөөрхөн шуугиан тарьсан нь хэд хоногийн өмнөх явдал. Ингэхэд захаасаа хазуулсан том алимны асуудал яагаад нам жим болчихов оо. Энэ талаар алимны хэлтэрхий ногдсон Монголчууд аанай л байдлыг харан “нам жим” хүлээлтэд орчихлоо.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар өнгөрсөн сарын 29-ний өдөр байгуулсан.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалсан дээрх ажлын хэсэгт А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумьяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн зэрэг гишүүд багтсан ч эхнээсээ “мордохын хазгай” болж, ажлын хэсэгт багтсан гишүүд нь УИХ-ын даргын захирамжтай зөрчилдөөд эхэлсэн. Тухайлбал МҮАН-ын дарга, Тавантолгойн гэрээг Монголын талаас ахалсан М.Энхсайхан сайдын “цэрэг” М.Сономпил л гэхэд УИХ-ын даргад албан бичиг илгээж, ажлын хэсэгт орж “даргатай түнжин хагарах боломжгүй” гэдгээ илэрхийлсэн.
Тэгтэл тун удалгүй МАН-ын төлөөлөл Су.Батболд “Энэ ажлын хэсэг байгуулсан захирамж нь хуульд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байна” хэмээн бухаж эхэлсэн. Товчхондоо Монголчуудын 1072 хувьцааны асуудлыг нягтлах үүрэгтэйгээр байгуулагдсан Тавантолгойн гэрээний талаарх ажлын хэсэг эхнээсээ олигтой ажиллахгүй гэдэг нь тодорхой болж эхэлсэн. Одоогоор ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүн хазсан алимаа алдаад өнхрүүлчихсэн үү, гайхшаа барчихаад бариад сууж байгаа юу гэдэг нь тодорхойгүй.
Ямартай ч ажлын хэсгийн ахлагчийн хувьд “Шаварт унасан” Л.Эрдэнэчимэг гишүүн "Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компани “Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцад дараах нөхцөл байдал илэрсэн. Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтад тооцож байгаа нэг тэрбум ам.долларын “Энержи Ресурс” компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг нь EBRD, FMO (Недарланд), DEG (Герман), BNP Paribas, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкуудын нийт 570 сая ам.долларын зээлийн барьцаанд байна. Мөн “Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд болох “Mongolian Coal Corporation” (Люксембург), “Mongolian Coal Corporation” Ltd (Хонгконг) компанийн хувьцаа нь толгой компани болох “Mongoliаn Mining Corporation” компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан байна.
Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн 2015 оны тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар нэг тэрбум 170 сая ам.доллар болж байгаа. “Энержи Ресурс” ХХК, түүний толгой компанийн нэг болох “Энержи Ресурс Корпораци” ХХК болон хамааралтай этгээд болох “Энержи Ресурс Майнинг” ХХК, “Транс Гоби” компаниуд нь бондын төлбөрт санхүүгийн баталгаа гаргасан байна.
“Энержи Ресурс” ХХК, “Энержи Ресурс Корпораци” ХХК, “Mongolian Coal Corporation” S.a.r.l (Люксембург), “Mongolian Coal Corporation” Ltd (Хонгконг), “Mongolian Mining Corporation” (Cayman Island) компаниуд нь бүгд их хэмжээний зээлийн барьцаанд байгаа нь эрсдэл үүсгэж байна. Иймд эдгээр компаниудын сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд компани тус бүрээр санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзэв. Санхүүгийн болон хуулийн дүн шинжилгээг олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч, хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай. Дээрх утга бүхий албан тоотыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт илгээсэн бөгөөд хариу ирүүлэх хүртэл гэрээний бусад заалтууд дээр үргэлжлүүлэн ажиллаж байна” гэж мэдэгдсэнээс хойш 10 хонож байна.
Өнөөдрийн байдлаар Л.Эрдэнэчимэг даргын барьсан хазуулсан том алим хэнийх гэдэг нь тодорхойгүй, хариугүй өчүүхэн хазуурыг нь хэн залгих нь ч мэдэгдэхгүй байна. Ямартай ч яах аргагүй бүтэн байсан алимыг хэн нэгэн хазсан л үнэн болж таарсан. Харин өнөөх алимаа сайн барьж байлгүй унагаж, өнхөрүүлээд ялзруулж, илжрүүлээд хорхой шавьжны хоол болгох уу, чангахан атгаж байгаад арчиж зүлгээд том томхон хазаад идэх үү гэдэг нь дараагийн асуудал болчихоод байна.
Гэхдээ одоогоор хажуунаасаа хазуулсан алим хаачсан нь мэдэгдэхгүй, дарга нар таг дуугүй л суугаад байна. Хазуулсан алим хааччихав аа, эрхэм дарга даамлууд аа.
Эх сурвалж: