С.БЯМБАЦОГТ:ТЭЭВРИЙН ЗАРДАЛ 8-20 ДАХИН ХЯМДАРСАН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 46 секунд
С.БЯМБАЦОГТ:ТЭЭВРИЙН ЗАРДАЛ 8-20 ДАХИН ХЯМДАРСАН

С.БЯМБАЦОГТ:ТЭЭВРИЙН ЗАРДАЛ 8-20 ДАХИН ХЯМДАРСАН

Зам, тээврийн хөгжлийн сайд өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр салбарынхаа үйл ажиллагаа танилцуулж үг хэлэв. Ирэх жилийн төсвийн төсөлд Дундговь, Дорнодын замын арчилгаа, баруун аймгууд буюу Ховд-Увс, Говь-Алтай-Завхан аймгуудыг холбосон зам шинээр барих зэрэг олон төсөл хөтөлбөрүүд багтсан юм. Салбарын сайд үгийнхээ эхэнд энэ онд Дэлхийн банкнаас гаргасан Логистикийн индексээр 30 байраар урагшилж 97 дугаар байрт орсныг цохон тэмдэглэсэн. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд Боомтын сэргэлт болоод бусад бүтээн байгуулалтуудын хүрээнд зам, тээврийн салбарт чамгүй хөрөнгө оруулалт хийгдэж байгаа энэ үед салбарын сайд нь мэдээлэл хийсэн нь энэ юм.

Зам, тээврийн салбар 2019 онд буюу цар тахал гарахаас өмнө бүх төрлийн тээврээр 69.0 сая тонн ачаа, 2022 онд 61 сая тонн ачаа тээвэрлэсэн бол энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 75 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс ачаа тээвэр даруй 50 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Ачаа тээврийн энэхүү өсөлтөд төмөр замын тээвэр 33.5, автотээвэр 133.5 хувиар өссөн үзүүлэлт голлон нөлөөлжээ. Мөн агаарын тээврээр энэ оны есдүгээр сарын байдлаар нийт 1.3 сая зорчигч тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олон улсын зорчигч 137 хувиар, орон нутгийн зорчигч 27 хувиар тус тус өссөн гэдгийг салбарын сайд онцолсон. Манай улс Ази, Европыг холбосон транзит улс болохыг зорьж буй. Энэ ч хүрээндээ 14 улстай автотээврийн хэлэлцээрийг байгуулан олон улсын тээвэрлэлт хийх суурь нөхцөлийг бүрдүүлсэн байна. Ерөнхий сайдыг урд хөршид айлчлах үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулсанаар аялал жуулчлалын зорилгоор зорчих зорчигч тээвэрлэлтийг наймаас дээш хүний суудалтай тээврийн хэрэгслээр БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот болон бусад хотууд руу хийх боломж бүрджээ. Үүнээс гадна далайн боомтоос эсхүл далайн боомт руу Хятад улсын нутгаар дамжин чингэлэг тээвэр хийх нөхцөл бүрдсэн байна. Мөн монгол тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин Казакстан, Киргизстан улсуудаар нэвтэрч Европын орнууд руу тээвэр хийх боломж бий болсон бөгөөд Европын Холбооны гол транзит улсын нэг болох Польш улстай автотээврийн хэлэлцээр байгуулж Европ руу гарах тээврийн гарцаа нэмэгдүүлсэн байна.

Засгийн газраас хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулж байгаа. Энэ хүрээнд Гашуунсухайт боомтод жилд 10 сая тонн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орсон. Мөн тус боомтод жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, өдөрт 80 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж байна. Энэ бүхний үр дүнд эдийн засаг тэлж, экспортын хэмжээ нэмэгдэн, импортын тээвэрлэлт хурдасч, тээврийн болон бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, аялал жуулчлал хөгжих бодит үр дүнгүүд гарсаар байгааг сайд онцлоод цар тахлын үетэй харьцуулахад тээврийн зардал 8-20 дахин хямдарсныг тодотгов.

Агаарын тээвэрт ч өнгөрсөн хугацаанд тодорхой үр дүнгүүд гарсан байна. “Монголд зочлох жил”-үүдийн хүрээнд олон улсын болон дотоодын нислэгийн чиглэл, давтамжийг эрс нэмэгдүүлж, 42 улстай Агаарын харилцааны хэлэлцээртэй болж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн байна. Катар, Грек улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хорин жил яригдсан Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох асуудал бүрэн шийдэгдлээ. Ийнхүү шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ хоёр дахин хямдарч, 1000-1500 ам.доллар болж, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж богиносох аж. Монгол-Солонгосын хооронд долоо хоногт нийт 70 нислэг буюу өдөрт дунджаар 10 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын оргил ачааллын үед өдөртөө 12 хүртэлх нислэг хийгдсэн байна. Зам, тээврийн хөгжлийн сайд ирэх оны зургаадугаар сар гэхэд МИАТ компани агаарын хөлгийн тоогоо 10 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг энэ үеэр мөн дуулгалаа. Мөн энэ жил орон нутгийн найман чиглэлд нислэг сэргээж, онгоцны тийзийг 2-2.5 дахин хямдруулсан бөгөөд өнгөрсөн сарын 30-ны байдлаар орон нутгийн нислэгээр 310 мянган зорчигч тээвэрлэжээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа нэг гол ажил бол төмөр зам. Нийтдээ 1820 км төмөр зам барихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 960 км төмөр замын барилгын ажлыг бүрэн дуусгасан байна. Харин үлдсэн 860 км төмөр замын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажил хийгдэж байгаа аж. Энэ онд л гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 415 км, нийт 648 км төмөр замыг байнгын ашиглалтад оруулсан. Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд Орос-Монголын хилээс Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсан-Хөөт, Хөөтөөс Монгол-Хятадын Бичигт-Зүүнхатавч боомт хүртэлх төмөр замыг шинээр байгуулах том бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.

Tumen.mn

Хот даяараа эхүүн үнэртэй, Нэгдүгээр хороолол болон Хайлаастад агаар их бохирдолтой байна
Хот даяараа эхүүн үнэртэй, Нэгдүгээр хороолол болон Хайлаастад агаар их бохирдолтой байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.