Дотоодоо хангах Дарханы төмөрлөг Г.Дугаржавын гарт нүд аних вий…
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 31 секунд
Дотоодоо хангах Дарханы төмөрлөг Г.Дугаржавын гарт нүд аних вий…

Дотоодоо хангах Дарханы төмөрлөг Г.Дугаржавын гарт нүд аних вий…

Төр, улсаараа талцан УИХ дахь гишүүдийн тоо толгой, тогтолцоо ярин уйлалдах зуурт наадам хаяанд ирж, намрын сэрүү унан алдах нь.

Тэр энэ баривчилгаа, тийм ийм сангийн луйвар хулгай гэлцсээр энэ улсын бүтээн байгуулалтын ажил хойш тавигдаж, хариуцсан салбар яамд, сайд дарга нар нь хийцгүйрсээр урин дулааны хэдхэн сарыг үр бүтээлгүй өнгөрөөж байна.

Хоёрхон сарын дараа хорт утаандаа эргээд идэгдэх улсын Барилга, хот байгуулалтын салбар нь бодлого, шийдвэртэй алхам ярихын оронд цахим хуудсаараа “Авлигын эсрэг нэгдье, Хүүхдийн баярын мэнд” гэх хоосон үгс шэйрлэж суугаа нь эмгэнэл.

Ядаж байхад барилгын үндсэн түүхий эд болох арматур үйлдвэрлэгч ганц том үйлдвэрийнхээ захирлаар ам л ангайвал шийдэлгүй зовлон тоочдог поп нөхөр аваачаад тавьчихсаныг хэлэх үү, хоёр гуравхан жилийн өмнө 230 мянган тонн арматур импортлож байсан бол өдгөө 400 мянга болтлоо өсч төмөрлөгийн үйлдвэргүй улс шиг болчихсон байна.

Цар тахлын үед барилгын материалын хомсдолд орж, арматур төмөр хийцийн үнэ 81 хувиар өсч орон сууцны үнэ тэнгэрт хадсан. Уг нь арматур, төмөр хийцийг Монгол Улс дотооддоо хангах бүрэн нөөц бололцоотой гэдэг ч стратегийн хамгийн чухал, том үйлдвэрүүдээ улстөрийн өгөө аваанаас өөрийг боддоггүй попчдод атгуулаад байхаар хэрхэн өндийх билээ.

Монгол Улс гангийн үйлдвэртэй болох эртний мөрөөдөлтэй. Суурь нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр.

Концессийн гэрээгээр хувьд шилжсэн байсан үйлдвэрийг төр мэдэлдээ аваад зогсохгүй, “Монгол ган” цогцолбор барьж импортын арматурын 50 хувийг орлоно хэмээн баярлам мэдэгдэл хийж байсан ч өдгөө импортын арматур орлох байтугай үйлдвэр нь өөрөө байх уу, үгүйдээ тулчихаад буй нь үнэн.

Өнгөрсөн хугацаанд гурван ч дарга солигдож, тэр бүрт халаа сэлгээ хийгдэв.

Эхлээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Цэнгэлийг үйлдвэрийн түр орлон гүйцэтгэгчээр томилж буруутангаа алдсан ч засч буй нь энэ гээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд даргаар ажиллаж байсан А.Ариунболдыг “жинхэлж” байв. Харамсалтай нь, УИХ-ын дарга Г.Занданшатарын “нэрийн хуудас” гэгддэг А.Ариунболд очсон даруйдаа үйлдвэрийн инженер, техникийн ажилтнуудыг хомроглон халсан гэх бөгөөд, үүнээс нь болж үйлдвэр тэг зогсолт хийхдээ хүрсэн гэдэг.

Үүний дараа дарга Н.Энхбаярынхаа эсрэг ажиллаж, МАХН-ыг МАН-д нэгтгэх “их гавьяаг”-г байгуулсан гэгддэг Г.Дугаржавыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар томилсон нь энэ Засгийн газрын алдаа байв.

“Ганц хүн бүгдийг мэддэг, шийдвэр гаргадаг, томилдог нам хол явахгүй юм байна. МАН, МАХН нэгдэх талаар бүх шатанд ярьж, бараг шийдвэр гарчихаад байхад асуудал орвонгоороо эргэсэн. Тиймээс намаасаа гарахаар шийдлээ” хэмээн мэдэгдэж явсан энэ эрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ашиг сонирхлын зөрчилтэй гээд эрс эсэргүүцэж байсныг Засгийн газар анзаарч сонсоогүй нь харамсалтай.

Өнгөрөгч оны аравдугаар сараас эхлэн үйлдвэрийн захирлаар ажилласан түүнээс бүтээн байгуулалт, ажилчдын сул зогсолт, цалин хангамжийн талаар асуух бүрт шийдэл, төлөвлөлт ярихын оронд өмнийн өмнөх зовлонгоо тоочсоор суудаг нь гишүүдийн бухимдлыг төрүүлдэг.

Ямартаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Асуудал гэхээр өмнөх асуудлаа ярина. Цаашдаа яахав гэдэг дээр анхаар. Төсөвт ямар хэмжээний татвар төвлөрүүлэх, хэзээ олон нийтэд нээлттэй болох, дотоодын арматурын хэрэгцээг хэзээнээс хангах юм бэ” хэмээн шоолох, шоглохын дундуур үг шидсэн бол тухайн тойргоос сонгогдсон гишүүд нь орон нутгийн төсвийн орлого тасарлаа, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихгүй байна хэмээн унтууцаж байхав.

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын “Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 1800 орчим хүн ажилладаг. Цалин нь буухад Дарханд илт мэдэгддэг. Гэтэл сүүлийн үест олон ажилчин сул зогсоод байна гэх мэдээлэл авсан. Дарханаас авч байгаа мэдээллээр төсвийн орлого тасалдуулаад байгаа гэсэн. Гэтэл та мөнгө байгаа гэх юм” гэсэн хатуухан асуултын хариуд Г.Дугаржавын тоймтой хариугүй дүлэгнэж зогссоныг энэ зуурт саная.

Түүний гарт энэ үйлдвэр аль хүртэл тэсэх бол… Бодох, даруй шийдэх л асуудал?!

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Дарханы үйлдвэр төмрийн хүдрийг авах чиглэлд анхаарлаа хандуулсан болохоос боловсруулах үйлдвэр дээр нэг шон ч босгоогүй. Монголын төмрийн хэрэгцээ 700 мянган тонн. Монгол ган төслийг хэрэгжүүлбэл 350 мянгыг хангана гэдэг. Харамсалтай нь өнөөдөр нэг тонн төмрийн хүдрийг 60-70 ам.доллараар гаргаад буцаагаад 700-1000 ам.доллараар арматурын төмөр авч байна. Орон сууцны үнэ буухаа байлаа. Төлөөгүй татвар байна. Орон нутаг нь зарга хийж байна” хэмээн Г.Дугаржавын ажлыг, түүний чадал чансаа илтэд дутаж буйг хураангуйлаад дүгнэчихлээ.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд олон бохирын араас ангуучилж буй ч зэрэгцээд өөрсдөө алдаа гаргаж болохгүй юм.

Улсын өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудын ажлын туршлага, арга барил, менежментэд анхаарахгүй бол, даргыг дараагийн улстөрчөөр сольсоор байх юм бол өнөөдрийн ил хулгай маргааш далдын далд хэлбэрт шилжээд зогсохгүй, тун удахгүй томоохон үйлдвэрүүдийнхээ амь амьсгалыг нэгмөр тасчсан гэмд хүргэхвий!!!

Наадам хаяанд ирж, намрын сэрүү хэзээ мөдгүй орлоо…

Өдийд барилгын салбар ид оволзож, тэнд ч энд ч бүтээн байгуулалтууд ааг амьсгаагүй байх ёстой. Харамсалтай нь хөлөөр нэг хөглөрсөн хэдэн скүүтэр, хэдэн гишүүний хичнээн нь эр эм байх хэрүүлээс өөр яриа хөөрөө энэ улсад алга.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК бол Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн 30 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, гангийн үйлдвэрлэл бүхий үндэсний томоохон компани. Цаашдаа 100 гаруй жил олборлолт, баяжуулалт хийн эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжтой гайхамшигтай үйлдвэр. Компанийн мэдэлд 25 сая тоннын нөөцтэй Төмөртолгой, 229.3 сая тоннын нөөц бүхий Төмөртэйн уурхай, 12.6 сая тоннын нөөцтэй ч ашиглаагүй байгаа Хуст-Уулын орд газар, жилд 100 мянган тонн ган хайлуулах хүчин чадалтай сайхан үйлдвэр бий.

Ийм гайхамшгийг яагаад өндийлгэж, өөд татаж чадахгүй өглөө үдэшгүй бөөсний үлгэр ярьсаар, сонссоор суух гэж… Ерөнхий сайд аа!!!

Гаднаас хөрөнгө оруулалт хайх бус гал гарсан хэдэн сайхан үйлдвэр, газар дорх баялгаа тэр энэний цүнх барьсан тээгэлбэрүүдээс хамгаалж, улстөр нам хүчнээс ангид зөв удирдлага, зөв менежмэнтэд шилжүүлээд зогсохгүй, стратегийн чухал ач холбогдолт томоохон үйлдвэрийн удирдлагад үе үеийн улстөрчид гар хөл дүрэхгүй ээ гээд хуульчлаад өгчихвөл энэ улсын эдийн засаг сэпхийтэл сэргээд, сэхээний тасагт дахин хэвтэхгүйгээр өндийх нь зүй юм.

Niigmiintoli.mn

Хятадын тагнуулч коронавирусийн талаарх маш нууц мэдээллийг аваад  АНУ- руу  оргон гарчээ
Хятадын тагнуулч коронавирусийн талаарх маш нууц мэдээллийг аваад АНУ- руу оргон гарчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.