ГОК яагаад хүний амь нууцлаад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 0 секунд
ГОК яагаад хүний амь нууцлаад байна

ГОК яагаад хүний амь нууцлаад байна

 

        Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт осол гарч, хүний амь нас эрсэдсэн мэдээлэл цахим орчинд тархаж байсан. Эх сурвалжийн мэдээлснээр бутлагч тоног төхөөрөмж унаж, 28 настай Э хүнд бэртэл авсан байна. Энэ тухайд албаны хүмүүс “Үйлдвэрт жижиг осол гарсан нь үнэн. Бэртсэн ажилтныг бид аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Эмч нар мэдээж шаардлагатай эмчилгээ хийсэн байх. Онош тодорхойлох шаардлагатай гээд Улаанбаатар хот руу авч явсан ч, харамсалтайгаар хот орж чадалгүй нас барсан. Өчигдөр шүүх шинжилгээ нь хийгдсэн байх. Ажил явдал нь болоогүй байхад энэ талаар яриад байх ёс зүйн хувьд ч тохиромжгүй. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.

 

      Нөгөө талаас Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэлийн алба, Хөдөлмөр аюулгүй байдлын дарга нараас мэдээлэл авах гэсэн ч шууд татгалзсан юм.

 

      Харин ойрн эх сурвалжийн хэлж байгаагаар бол Эрдэнэт үйлдвэр нь өөрийн эмч нар, түргэний машинтай байдаг бөгөөд ослоор бэртсэн ажилтнаа Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн байна. Тиймээс осолд орсон иргэн Э-г хамгийн түрүүнд хүлээн авсан Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн хэсэгтэй холбогдон тухайн үеийн биеийн байдлыг тодруулахад: “Манайд 15.00 цагт ГОК-ын түргэний машинаар үйлдвэрийн осолд орсон залуу хүргэгдэн ирсэн. Биеийн байдал маш хүнд, өвдөлт ихтэй байсан. Анх залууг өндрөөс унасан гэж байсан ч сүүлдээ дээрээс нь хүнд зүйл унасныг мэдсэн. Бид яаралтай ЭХО, Рентгений эмч нарыг дуудаж үзүүлсэн. Тэдний онош, хариуг бол мэдэхгүй байна. Манайхаас өвчин намдаах эм, тариа хэрэглээд Гэмтлийн тасагт хэвтүүлсэн” гэлээ.

 

       Харин Гэмтлийн тасгийн эмч н.Болдтой холбогдоход, “Өвчтөний өвчний түүхийг "ГОЗ"-ын цагдаа аваад явчихсан. Хэргийн шалгалт хийгдэж байгаа тул биднийг мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулсан” гэснээр 12-ны өдрийн 15.00 цагт Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэн хэзээ Улаанбаатар луу, ямар унаагаар, ямар эмч нарын хяналтад явсан мэдээлэл хаагдсан юм.

 

      Албан бус эх сурвалжийн мэдээлснээр 13-ны өдөр нийслэл рүү ирж байгаад замдаа нас барсан байна. Хүний амь эрсэдсэн харамсалтай хэргийн талаар Орхон аймгийн Онцгой байдлын газраас лавлахад, “Манайд үйлдвэрийн ослын талаар мэдээлэл, дуудлага ирээгүй” гэв. Мөн аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Даваазулаас тодруулахад, “Эрүүгийн хүнд гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрт гарсан осол, ослоор амиа алдсан эрдэнэт хүний талаарх мэдээлэл хаалттай байна. Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр 28 настай иргэн Э тус үйлдвэрт ажилд ороод төдийлөн удаагүй, бага насны хоёр хүүхдийн аав байжээ. Эрдэнэт үйлдвэрт гарсан осол, ослоор амиа алдсан иргэдийн мэдээлэл олон нийтэд төдийлөн хүрдэггүй, хаалттай байдгийг иргэд шүүмжилдэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр тус үйлдвэрт мөн осол гарч, удахгүй тэтгэвэрт гарах байсан эмэгтэй осолд өртөж, хэдхэн хоногийн дараа амиа алдсан мэдээлэл ч байдаг.
 

 
 
- See more at: http://www.unen.mn/content/49903.shtml?alias=unen#sthash.XD7wRYaa.dpuf
Ноён Бондгор шалгуулахвий дээ
Ноён Бондгор шалгуулахвий дээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.