Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 15 секунд
Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

Улсын  Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимуудад хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

1.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, нэгтгэсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын гурван гишүүн, мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж өргөн мэдүүлснийг хэлэлцүүлгийн шатанд нэгтгэж хэлэлцэхээр болсон. Нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулахаар шийдвэрлэжээ. Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийн анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, эцсийн хувилбарыг боловсруулсан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Туваан нар үг хэлж, хуулийн хэрэгжих хугацааг сунгаж байгаа энэ боломжийг сайн ашиглахыг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд уриалав. Ингээд төслийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль баталж, 2019 онд уг хуульд орсон нэмэлт, өөрчлөлт оруулж хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Улмаар Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдах, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, уг сангаас 8.8 мянган малчин хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тодотгосон байна.

Харин дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдон орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болоод байгаа. Түүнчлэн "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын 2020 оны 36 дугаар тогтоолд  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай заасан. Энэ үндсэн дээр Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжих хугацааг сунгах шаардлагатай гэж төсөл санаачлагч гишүүд үзсэнийг Улсын Их Хурал ийнхүү дэмжлээ.

2.Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Б.Пүрэвдорж нар үг хэлж, тогтоолын төсөлд хүндэтгэлтэй хандаж, тогтоолын төслийг батлахыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.8 хувь нь дэмжив. Иймээс тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 47 нь буюу 95.9 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Уг тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулан ажиллаж олсон амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

3.Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлт;

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, уг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг оролцжээ.

Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд гаргасан 01 дүгээр дүгнэлтдээ, Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь ... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх ...-т тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ...-ийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... хүйс ...-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. ...” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Иймээс Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “... 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, ...”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн болон Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Жаргалмаа нар танилцуулав. Байнгын хороод Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоос асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзжээ.

Цэцийн дүгнэлт, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд цэцийн дүгнэлтийн холбогдох заалт нэг бүрээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийн талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.8 хувийн саналаар дэмжиж баталлаа.

4.Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ үндсэн дээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн анхны хэлэлцүүлгийн явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулсан талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хийлээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Уг хуулийн төсөл батлагдсанаар Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж, Монгол Улс түлш шатахууны импортын хараат байдлаас гарах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадагш урсах валютын хэмжээг бууруулах, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Ингээд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаар товлосон байсан ч үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  тус намын бүлэг 13 цаг 30 минут хүртэл нэгдсэн хуралдаанаас завсарлага авах хүсэлт гаргав. Иймээс хуралдаан даргалагч чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ССАЖ-ын яамыг татан буулгахгүй авч үлдэхээр боллоо
ССАЖ-ын яамыг татан буулгахгүй авч үлдэхээр боллоо
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.