Ц.Шинэбаяр: Монголд акапела битбокс урсгалаар уран бүтээл хийсэн нь бид
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 46 секунд
Ц.Шинэбаяр: Монголд акапела битбокс урсгалаар уран бүтээл хийсэн нь бид

Ц.Шинэбаяр: Монголд акапела битбокс урсгалаар уран бүтээл хийсэн нь бид

БНХАУ-ын радио телевизийн төв суваг “BTV” телевизээс зохион байгуулдаг “You can” олон улсын дуучдын тэмцээнд “S4” хамтлагийнхан оролцож, Гран-при шагналын эзэн болоод ирсэн билээ. 8000 залуутай өрсөлдсөн хамтлагийнхан эх орондоо ирээд шинэ уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан оржээ. “You can” олон улсын дуулаачдын тэмцээн болон уран бүтээлийн талаар тус хамтлагийн дуучин Ц.Шинэбаяртай ярилцлаа.

 

-Олон улсын дуулаачдын тэмцээнээс Гран-при шагнал авсан танай хамтлагийнханд баяр хүргэе. Тэмцээний шалгаруулалт хэр өрсөлдөөнтэй болов?

 

-Тэмцээн өрсөлдөөнтэй болсон. Газар газрын авьяаслаг уран бүтээлчид ирж оролцсон. Бид хөгжимгүйгээр “Түвдийн өндөрлөг уул” нэртэй тухайн орны хамгийн их олонд хүрсэн уран бүтээлийг өөрсдийнхөө найруулгаар дуулсан. Энэ дууг өөр нэгэн хамтлаг хоор хэлбэрт оруулан дуулж байсан гэсэн. Харин бид битбокстой хослуулснаараа онцлог болсон байх. Тэр дууны хувьд манай “Халуун элгэн нутаг” дуу шиг алдартай юм билээ. Харин тэмцээний удаах шатанд залуучуудыг байлдан дагуулж байгаа орчин үеийн дууг сонгон дуулаад ирлээ. “You can” олон улсын тэмцээнийг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа гэсэн. Тус тэмцээний сүүлийн шалгаруулалт өнгөрсөн сарын 24-нд болсон. Ерөнхийдөө жил бүрийн аравдугаар сараас дараа оныхоо хоёрдугаар сар хүртэл болдог тэмцээн юм байна лээ. Энэ жилийн тэмцээнд Испани, Солонгос, Япон, Аргентин, Орос, Америк зэрэг орны уран бүтээлч оролцсон. Тэмцээний эхний гурван шатны шалгаруулалт нь тус тусын улсад болдгоороо онцлогтой. Харин төгсгөлийн шатны шалгаруулалт Бээжин хотод болсон. Тус тэмцээнд тэргүүлсэн Америк болон Солонгосын дуучид дэлхийн хөгжмийн ертөнцөд маш амжилттай ажиллаж байгаа.

 

-Хятадад очоод дуугаа сонгож бэлтгэсэн гэсэн. Хамтлагийнхан дунд хятад хэл мэддэг хүн бий юү?

 

-Бидний уран бүтээлийг Хятадын нэгэн компани үзээд санал тавьснаар бид “You can” тэмцээнд оролцсон. Улмаар бидэнд “Эргүна” хамтлагтай хамтран дуулах санал тавьсан. Түүнээс биш анхнаасаа энэ тэмцээнд оролцох бэлтгэлгүй байв. Тоглолтод оролцоно гэснээс тэмцээнд оролцоно гэж санаа ч үгүй. Ингэж гэнэтийн тохиолдлоор олон улсын дуулаачийн тэмцээнд оролцохоор болж, бэлтгэл хийх хоёр хоног л бидэнд байсан. Дууныхаа үгийг хүнээр заалгаж цээжлээд л орсон доо. Ер нь тэмцээнд орохын өмнө санасандаа хүртэл бэлтгэл хийж чадаагүй. Гэхдээ сандраагүй. Дээр нь Монгол Улсаа төлөөлөн олон улсын тайзан дээр гарсан учраас зоригтой байлаа. Бид ч дотроо“Хариуцлагатай байх ёстой” хэмээн бодсон.

 

-Гран-при шагналын эзэн болсны дараа та бүхэнд гадаадын компаниудаас хамтран ажиллах санал тавьсан уу?

 

-Энэ тэмцээний онцлог нь нэг, хоёр, гуравдугаар байр гэж байхгүй. Харин эцсийн 14 байрт шалгарсан уран бүтээлчид энд тэндэхийн тоглолтод урилгаар оролцох эрхтэй болдог. Үүний дагуу бид ч гэсэн тэмцээний дараа хоёр, гурван тоглолтод оролцоод ирсэн. Мөн Бээжин, Шанхайн хоёр, гурван компаниас хамтран ажиллах санал тавьсан. Одоогоор бид аль компанитай нь хамтарч ажиллах шийдвэрээ гаргаагүй байна. Удахгүй Бээжин явах ажилтай байгаа.

 

-Танай хамтлагийн уран бүтээлийг зангидаж ажилладаг хүн бий юү?

 

-Бид“One” мюзик продакшнд харьяалагддаг. Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат ах биднийг залж чиглүүлдэг юм. Манай хамтлагийнхан уран бүтээлдээ хайртай.

 

-Нууц биш бол “One” мюзик продакшнтай хэдэн төгрөгөөр гэрээ байгуулсан бэ?

 

-Энэ талаар нууцалмаар байна. Ямар ч гэсэн тодорхой хэмжээний мөнгөөр гэрээ хийсэн.

 

-Хамтлагийн ахлагч таны төрсөн ах байх аа?

 

-Миний төрсөн ах. Бид Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Дараа нь дуулаачийн мэргэжил эзэмшсэн. Хамтлагийн бусад гишүүнтэй урлагаар холбогдсон. Бид чанартай уран бүтээл хийхийн тулд жилд нэг дуу хийдэг. Ер нь завсрын дуу хийх гэж яардаггүй. Дуулах дуугаа маш сайн сонгож дуулдаг. Сүүлийн жилүүдэд уран бүтээлдээ түлхүү анхаараад 2014 оноос эрчимтэй ажиллаж байна. Энэ жилийн хувьд ч уран бүтээлийн гараагаа амжилттай эхлүүллээ.

 

-Хамтлагийн нэрийг хэн өгсөн бэ. Ямар утгатай юм бол?

 

-Баярлалаа. Хамтлагийн гишүүд ярилцаж байгаад нэрээ сонгосон. “S4” гэдэг ньSink 4 гэсэн утгатай. Үүнийг бид хүмүүст “Эвтэй дөрөв” гэж тайлбарладаг юм.

 

-Зарим хүн “Flower 4” олон ангит киноны нэрийг дуурайж танай хамтлагийг нэрээ өгсөн гэдэг?

 

-Киноны нэрнээс санаа авч, хамтлагтаа нэр өгөөгүй. Хамтлагийн нэрний талаар тийм яриа гарсан байсан. Гэхдээ тэр ярианд нэг их эмзэглэдэггүй. Бид“Орчлон” сургуулийн сүлд дууг дуулсан. Тэгэхэд клипэн дээр нь манай хамтлагийн нэрийг“F4” гэсэн тохиолдол хүртэл гарсан шүү. / инээв/

 

-Танай хамтлагийг “Universe best song” нэвтрүүлгээс төрөн гарсан хамтлагуудын нэг гэж ойлгодог. Тэр үеэс “S4” нэгдэж уран бүтээлээ эхэлсэн үү?

 

-Тэр нэвтрүүлэгт орохоос өмнө бид хамтлагаа байгуулсан. 2006 онд“Пентатоник” академиас зохион байгуулсан “Шинэ давалгаа” тэмцээнд оролцож гуравдугаар байрт шалгарсан.

 

-Хамтлагийн ихэнх уран бүтээл битбокстой хосолсон байдаг. Үүнийг хөгжмийн урсгалын хувьд хэрхэн тодорхойлдог бол?

 

-Поп акапела бол чадвар, мэдрэмж шаардсан урсгал юм. Хөгжимгүйгээр дуулдгаараа онцлогтой. Анх энэ урсгалаар “Камертон” хамтлаг “Маамуу нааш ир” дууг дуулж байсан даа. Харин манай хамтлаг Монголд акапела битбокс урсгалаар анхлан уран бүтээл хийсэн.

 

-Битбокс Баачка танай хамтлагийн гишүүн үү. Хамтлагийн бусад гишүүн битбоксоор хичээллэдэг үү?

 

-“Алтны дэргэдэх гууль шарладаг” шиг хамтлагийн бусад гишүүн битбоксын талаар ерөнхий мэдэгдэхүүнтэй. Битбокс сонирхдог болохоор бага багаар битбоксын техникээс сурч байна.

 

-Одоо ямар зорилго тавиад ажиллаж байна даа?

 

-Бид анх хамтлагаа байгуулж байхдаа олон зүйлийн талаар мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлүүд маань одоо зорилго болсон. Одоо зорилго бидний ажил, амьдрал болоод явж байна даа. Тиймээс одоо ч гэсэн анх мөрөөдөж байсан зүйлсээ биелүүлэхийн төлөө хичээж явна. Ерөнхийдөө хамтлагийн гишүүн бүр олон үзэгчээр хүрээлүүлэн тоглолтоо хийж, хүмүүс бидний дууг дагаж дуулаасай гэж хүсдэг.

Эх сурвалж: Unen.mn

 

 

Д.Сумъяабазар: Хотын төвд өндөр барилга бариулахгүй байх бодлого барина
Д.Сумъяабазар: Хотын төвд өндөр барилга бариулахгүй байх бодлого барина
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.