Манжийн дарангуйлал дундаас мандан гэрэлтсэн хатад
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
35 минут 34 секунд
Манжийн дарангуйлал дундаас мандан гэрэлтсэн хатад

Манжийн дарангуйлал дундаас мандан гэрэлтсэн хатад

Монголчууд бид Чингисийн болон түүний үр ач болох дараа үеийн хаад ноёдын эмс хатдыг сайн мэднэ. Гэхдээ тэдний дийлэнх нь харийн дарангуйлал гээчийг амсаж эдлээгүй, ухаандаа бол Хамаг Монгол улс ялан дийлж байх үеийн эрхэмсэг бөгөөд эрх танхи хатад билээ.

Харин Манжийн дарангуйлал дундаас мандан гэрэлтэж, басхүү зовлон гамшигт нэрвэгдэж асан хатдыг бид тэр бүр мэддэггүй. Галдан бошигтын Ану хатныг эс тооцвол шүү дээ.

Ер нь манай зохиолч, сэтгүүлч нар байлдаанч эр нөхрийнхөө үйлийн үрийн золиос болж манжуудын гарт үр хүүхдийнхээ хамт барьцаалагдан зовж явсан Лигдэн хааны хатан Бадамсутай, Ойрадын баатар Амарсанаагийн хатан Дэлэгдорж, Хотгойдын Чингүнжавын хатан Зүмпэрэл нарын тухай зохиол бүтээлдээ тусгаж байх нь зүйтэй юм.

Ялангуяа Галдан бошигтын Зүүн гарын хаант улсын хатад эмс манж нарын гарт мянгантаа өртсөн байдаг. Социализмын үед төрийн бодлогоор зохиогдсон хуурмаг түүх бидэнд энэ тухай тодорхой ойлгоц өгч байсангүй. Харин сүүлийн жилүүдэд манай шинэ залуу түүхч нар Орос, Хятадын архив руу нэвтрэх болсоноор Зүүн гарын хаант улс хийгээд Баруун Монголын ард түмэн ямархан хатуу бэрх зовлон туулж ирсэнийг бид мэдэхтэйгээ болоод байгаа юм.

Жишээ нь түүхч На.Сүхбаатар өгүүлэхдээ “Манж нар Зүүн гарын 480 мянган хүнийг алж устгажээ. Энэ бол аймаар тоо. Тодорхой баримт бий. Манжийн цэргийн дарга нар эзэн хаандаа мэдээлж байсан мэдээллүүд байна. Тэд уултай газрыг гар гараасаа барьж байгаад самнасан байна. Жанжнуудын айлтгалд “500 махчинг алав, 1000-ыг барьж сөнөөв, 2000 хулгайг хийсгэв” гэх мэтээр бичсэн байдаг. Хүнийг алав гэхгүй “Махчин, босуул, хулгай, дээрэмчнийг алав” гэсэн нь манжууд ойрадуудыг яснаасаа үзэн ядсанд байлаа.

Эхэндээ дандаа эр хүнийг нь алах бодлого барьж байв. Гэтэл ойрад эмэгтэйчүүд бүгд ханцуйдаа хутга бариад боссон. Тиймээс бослого дарах үйл явцад эр, эм, хүүхэд гэж ялгалгүй алах болжээ. Хүйс тэмтрэх гэдэг үг Зүүнгарын бослогыг дарах үед монгол хэлэнд орж ирсэн болов уу. Эр, эм гэхгүй алж хядна гэсэн үг. Нүүдэлчдийн дунд ямар ч үед эмэгтэй хүнийг алахгүй гэсэн хууль бий. Ойрадын нэгэн ам цаазанд “Эмэгтэй хүний үсэнд гар хүрэхийг хориглоно. Мэс хүргэж болохгүй” гэсэн байдаг. Гэрийн хатавчинд нуугдаж байгаа эмэгтэй хүнийг алж болохгүй, олзол гэх мэт. Гэтэл манжууд бүгдийг нь хүйс тэмтэрсэн.

Нэлээд хэсгийг нь олзолсон. Олзны хүмүүсийг Хятадын өмнөд рүү, муу амьсгалтай муж руу цөлсөн. Ингээд Зүүн гарын хаант улс эзгүйрсэн. 1765 онд буюу 10 жилийн дараа Зүүнгарын нутагт харуулын асуудлаар очсон манж түшмэл “20 хоног явахад нэг ч хүн таараагүй” гэж тэмдэглэсэн нь бий. Хүн ардыг хоосортол хяджээ. Энэ алан хядлага л монголчуудын хүн амыг цөөрүүлсэн” гэж мэдэгдэж байлаа. Ингээд Манжийн дарангуйлал дундаас мандан гэрэлтсэн хатдын тухай өгүүлсү.

 

ШОЛОЙ СЭЦЭН ХАНЫ ИХ ХАТАН АХАЙ ТАЙХУ

Манжийн дарангуйллын үеийн монгол хатдаас оросуудад ихэд нэр хүндтэй, нөлөөтэй явсан нь Сэцэн хан Шолойн их хатан Ахай Тайху бөлгөө. Шолой сэцэн хан 1652 онд насан эцэслэж, түүний орыг тавдугаар хөвүүн Баву нь залгамжилсан ч нас нь бага байсан тул Шолойн их хатан Ахай Тайху төрийн хэргийг удирдах болжээ. Эдүгээ Монголын Үндэсний архивын газарт таван ханатай гэрийн буурийн дайтай ургийн бичиг хадгалагдаж буй. Ийм том хэмжээний ургийн бичиг Монголд хоёрхон байдгийн нэг нь Сэцэн хан Шолойнх.

Түүний 11 хөвгүүний үр хүүхэд, ач, гуч нийлсэн 12 үеийн 13 мянган хүний нэр дээрхи угийн бичигт тэмдэглэгдсэн байх бөгөөд энэ нь 1577 оноос 1905 он хүртэл тасралтгүй бичигдэхийг бодоход Сэцэн хан Шолой болон түүний их хатан Ахай Тайху нар хожмын үр хойчоо их л зөв залуурдсаны шинж гэлтэй.

Сэцэн ханы нутаг нь Оростой хил залгаа болохоор оросууд манж нартай харилцахаасаа илүү Шолой сэцэн хантай харилцаж, улмаар нутаг хошууг нь өөрийнхөө эзэмшилд авах гэж олон жилийн турш санаархсан байдаг. Мөн Сэцэн ханы нутгаас алт, мөнгөний орд газар хайж, байгалийн баялагийг нь цөлмөхөөр улайрч байлаа. 1652 онд Оросын хаан Сэцэн хан руу элч нараа илгээсэн боловч Шолой сэцэн хан тэнгэрт халисан байлаа.

Тиймээс Шолойн их хатан Ахай Тайху Туул голын өргөөндөө Оросын элч нарыг хүлээн авч уулзсан байна. Тэр үед Оросын элч нар “Сэцэн хан талийсан нь их азтай хэрэг боллоо. Одоо ухаан муутай, алт, сувдаар чимэглэсэн ганган хатан нь бидний гарын аясаар л хөдлөх болно” гэж бардамнаж байсан ч Ахай Тайху хатан Орост дагаар орох талаар ямар ч яриа хэлэлцээр хийхгүйг мэдэгдэж, харин Оросын хаантай эв найртай харилцах, элч солилцох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Ахай Тайху хатны энэхүү шийдвэр нь халх монголчууд тусгаар байдлаа гайхалтай хадгалж байсан дипломат бодлогын нэгэн жишээ болж түүхэнд үлдсэн билээ.

Ахай Тайху нь төрийг засан төвхнүүлэх хатан ухаанд сүрхий мэргэшсэн хүн байж. Эртний монгол хатад нь улс орноо засан төвхнүүлэхдээ нэгдүгээрт соён гэгээрүүлэх үүрэг, хоёрдугаарт улсын дотоод хэргийн удирдагч байх үүрэг, гуравдугаарт улсын төсвийн удирдагч байх үүрэг, дөрөвдүгээрт тусгаар тогтнолч үүргийг гүйцэтгэж ирсэн байдаг.

Хатан ухаантаны тусгаар тогтнолч үүргийг үлгэр жишээчээр хэрэгжүүлсэн хатад гэвэл Сорхогтан бэхи, Алаха бэхи, Сарангэрэл хатан, Самар хатан, Мандухай хатан, Ану хатан, Ахай Тайху хатан нар болой. Сорхогтан бэхи, Ахай Тайху нар чанд хатуу бодлогоор тусгаар тогнолч үүргээ биелүүлсэн бол Алаха бэхи, Сарангэрэл, Мандухай, Ану нар хаан буюу хатан ухааны хослолоор, дайнч байлдаанч чадвараараа тусгаар тогтнолч үүргээ гүйцэтгэсэн байх жишээтэй.

 

МАНЖИЙН НУРХАЙЧ БААТРЫН МОНГО-ГЭГЭЭ ХАТАН

Хойд нутгаас өмнийг зорин асар их сүр бараатай хөдөлсөн хорин даачаа хөсөг цуваа гурван өдөр, гурван шөнө довтолгосоор Жүрхэн аймгийн Сүксүхү голын эрэг дээр ирж буудаллав. Бусдаасаа илт онцгойрсон алтадмал сүйх тэрэгнээс будант хөндийг гэрэлтэн гийгүүлэхүйц нэгэн гоёмсог бүсгүйг бууж ирэхэд эзэн жанжинаа хариас угтахаар зорьж ирсэн Айшин гиоро овгийн гүжир хар эрчүүд “Ай, манай баатар тэнгэрлэг амьтан олж ирэв.

Даруй Халхыг довтолж дарс шиг хүүхэн буулгаж ирсү” гэж шаагилдана. Хүүхэн үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Энэ бол Манжийн анхны хүчирхэг хаан Нурхайч баатрын Халх Монголоос буулгаж ирсэн Монго-Гэгээ хатан бөлгөө. Нурхайч баатар Халхын Хорчин түмнийг нэгжиж самнах шахам нэхэн сурвалжилсаны эцэст Хорчины ноён Мянганы бусдаас ихэд нууцалж байсан Монго-Гэгээ хэмээх үзэсгэлэнт бүсгүйг өөрийн болгоод байгаа нь энэ.

Нурхайч нь 1583 оноос эхлээд өөрийн тархай бутархай Жүрхэн аймгийг нэгтгэж 25 насандаа Манжийн найман тугийн цэргийн тусгай ангийг үүсгэн байгуулж өөрийгөө хаанд өргөмжилжээ. Улмаар 1616 онд өөрийн байгуулсан улсдаа “Амага айсин гүрүн” хэмээх нэр өгсөн бөгөөд “Айсин” гэдэг нь “Алтан” гэсэн жүрхэн үг юмсанж. Энэхүү “Алтан гүрэн” хэмээгч нь яваандаа “Айшин гиоро” хэмээх овог болжээ. “Манжийн сүүлчийн эзэн хаан” хэмээх кинон дээр Хятадын цагдаа нар Манжийн сүүлчийн эзэн хаан Пү И-г “Айшин гиоро Пү И” гэж цоллоод байдаг нь ийм учиртай юмсанж. Манж гүрнийг Нурхайч баатар анх ингэж үүсгэн байгуулсан түүхтэй.

Тэрбээр 1626 онд Мин улсын цэрэгтэй байлдаж яваад нас барсанаар түүний найм дахь хүү Абахай буюу Хон тайж хаан ширээг залгамжилж, улмаар эцгийнхээ эхлүүлсэн байлдан дагуулалтыг үргэлжлүүлж Мин улсыг дарж авсанаар улсаа “Манж” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь “Дайчин” гэсэн жүрхэн үг ажээ. Манжийн хаад язгууртнууд Нурхайчийн үеэс эхлээд улс төрийн болон бусад зорилгоор монголчуудтай ураг барилцсаар ирсэн байх бөгөөд тэд ихэвчлэн эртний Монголын Юан гүрний хаадын удам алтан ургаас хатан буулгадаг байж.

Тэдний анхдагч нь Монго-Гэгээ хатан. Удаах нь Нурхайчийн хүү Хон тайжийн хатан Боржигод-Ши. Хон тайж нь Чингисийн алтан ургийн хүнтэй сууж үр удмаа үлдээхийн тулд мөн л халх нутгийг самнах шахам байж Боржигод хэмээх үзэсгэлэнт монгол бүсгүйг хатан болгосон байх жишээтэй. Нурхайчийн бас нэг хүү болох Гүен бэйл монгол хатан буулгасан байдаг. Манж нар эхэндээ Монголоос ийнхүү хатан буулгадаг байснаа сүүлдээ хүчирхэгжээд ирмэгцээ монгол ноёдыг Эфү буюу хүргэнээ болгож эрхшээлдээ лавхан оруулж авсан түүхтэй.

Энэ нь Нурхайч баатрын гэрээслэл байсан бөгөөд тэрбээр “Ертөнцийг чичрүүлдэг байсан их Чингисийн уг үндэсийг миний цагаан дээлийн хормогчин дор сөгдүүлж явахыг би хүснэ” гэж үр хойчдоо захиж байсан гэдэг. Цагаан дээлийн хормогч гэдэг нь өөрийн нь удмын гүнж нар бөгөөд тэд дээлийнхээ хормогчин дороо халхын ноёд, вангуудыг сөгдүүлж явах тусгай даалгавар авдаг байж. Нурхайч баатар дээрхи алдартай үгээ анх Өвөр Монголын тайж Собун, Убай нарт хэлж, тэднийг “Түшээт хан” цолоор шагнаад өөрийн удмын ноён Шархайчийн ач охиныг Собун тайжид, өөрийнхөө төрсөн охиныг Убай тайжид гүнж болгон өгч “Бид цусан төрөл боллоо” хэмээн Халх даяар зарлаж байсан гэдэг билээ. Түүний хүү Хон тайжийн 14 охины ес нь монгол ноёдтой гэрлэжээ.

Тэр цагаас эхлээд Манж хаадын бэлтгэл тавнан буюу бэлтгэл эфү (хүргэн) нарыг тусгай шалгуураар сонгож, Манжийн хааны ордонд хүмүүжүүлдэг болсоноор эфү Сэвдэнбалжир, эфү Сэнгээренчин, эфү Банди, эфү Дондовдорж, эфү Цэрэн, эфү Цэвээнноров, эфү Наянт ван, эфү Лхаваандорж нарын маш олон эфү бий болсон түүхтэй. Эхэнд өгүүлсэн Нурхайч баатрын Монго-Гэгээ хатны тухай мэдээлэл Монголын түүх бичлэгт маш ховор байдаг юм байна. Гэхдээ энэ хатан Жүрхэн аймагт гоо үзэсгэлэнгээрээ од болон гялалзаж явсан нь илхэн байгаа юм.

Учир нь түүний хөрөг зураг Бээжингийн хааны ордонд залагдсан байх бөгөөд уг зураг дэлхийн дайны үед Тайвань улсаар дамжаад Америкт хүргэгджээ. Эдүгээ Америкийн Калифорни мужид амьдарч буй түүхч Ширчингийн Баатар Монго-Гэгээ хатны хөрөг зургийг олж үзсэн байх бөгөөд тэрбээр “Нурхайч баатрын эхнэр Монго-Гэгээ хатны хөрөг зураг Америкт хувь хүний цуглуулганд байна” гэж албан ёсоор мэдээлсэн билээ. Уг зургийг нэрт нийтлэлч Б.Болдсайхан эмч бас үзсэн бололтой “Миний үзсэн нь бол Монго-Гэгээ ба Боржигод-Ши хатны хөргүүд. Сайхан монгол бүсгүйчүүд байжээ” гэж твиттер дээрээ бичсэн байв.

 

“ОЧИРТ ЦАГААН ХОТ”-ЫН ГЭРЭЛ ГЭГЭЭ БАДАМСУТАЙ

Чингис хааны дөтгөөр хүү Тулуйн удмын Лигдэн хаан бол Монголын сүүлчийн их хаан байлаа. Тэрбээр 1604 онд 12 настайдаа Цахарын хаан ширээнд заларч Зүүн гурван түмнийг ерөнхийлөн захирах болжээ. 1618 онд Манжийн хаан Нурхайч Мин улсад дайн зарласнаар Лигдэн, Нурхайч хоёрын сөргөлдөөн эхэлсэн түүхтэй. Гэвч Лигдэн хаан хэтэрхий бардам зангаасаа болж Чингисийн алтан ургийг тасалж орхино гэдгээ тэрхэн үедээ ухаарсангүй. Тэрбээр Манжийн хаан Нурхайчид бардам үгтэй нэгэн захидал илгээсэн байдаг.

“Би бол баатар Чингис хааны удам. 400 мянган монголын эзэн. Чи бол усны гучин мянган Зүрчидийн эзэн. Хэрэв чи миний өмнөөс дайрах гэж байгаа бол сайн бодоорой. Чи Хятад улсад ихээхэн гай гамшиг тарьжээ. Хятад бол миний сонирхолын бүс гэдгийг мэдтүгэй” гэсэн бол хариуд нь Нурхайч “Чи юундаа 400 мянган монголоор намайг айлгав. Та нар Дайдугаас хөөгдсөнийхөө дараа хиартал цохиулсаар жархан мянга болсоноо мэдэж байна уу. Тэдний ихэнх нь чамаас нүүр буруулжээ. Хуучирсан их тоогоор намайг айлгаж, миний их улсыг өчүүхэн хүнтэй гэж тохуурхахыг тэнгэр эцэг, газар эх үл тэвчинэ. Би Хятадыг дайтна. Чи нэг бөгөөс хамтар, үгүй бол бүү саад хий” гэсэн утга илэрхийлсэн байдаг. Үүнээс хойш Лигдэн хаан удаа дараа ялагдал хүлээж, бас ганцаардаж байсаар 1634 онд “Шар тал” гэдэг газар цэцэг өвчнөөр тэнгэрт хальжээ.

Энэ үед Халхын Цогт хун тайж манж нарыг дагалдагч ноёдод хавчигдан ганцаардсан тул арга буюу эх орноо орхин Хөх нуурт ирж өөрийн авга ах, Монголын сүүлчийн хаан Цахарын Лигдэнтэй нэгдэхээр ирсэн боловч амьдад нь уулзаж чадсангүй. Лигдэнг тэнгэрт хальсаны дараа түүний бага хүү Цахарын ноён Абунай манж нарт баригдан цаазаар авахуулжээ. Мөн Лигдэнгийн хүү Эжээ Хонгор, түүний их бага хатад манжуудад олзлогдсоноор Монголын хаан ширээг залгамжлах учиртай Тулуйн удам угсаа тасарсан түүхтэй.

Лигдэн хааны их хатныг Бадам сутай гэдэг байж. Зарим эх сурвалжид Сутай тайху гэж тэмдэглэсэн байх бөгөөд Бадам сутай хатан нь Манжийн дарангуйлал дундаас мандан гэрэлтсэн анхны хатдын нэг байлаа. Хааны тухай өгүүлэхэд хатан дагалдах нь зүй, хатны тухай өгүүлэхэд үзэсгэлэн дагалдах нь зүй. Их эзэн Чингис хааны эрх ямбыг эзэгнэнхэн төрсөн Лигдэн хутагт хааны үзэсгэлэнт амраг Бадам сутай хатан түүний байгуулсан “Очирт цагаан хот”-ын гэрэл гэгээ болж байсан нь түүхийн шарласан хуудаснаас аяндаа гэрэлтээд ирдэг. Лигдэн хааны энэхүү хотын туурь эдүгээ Өвөр Монголын Ар хорчин хошууны нутагт бий.

2009 онд Ар хорчин хошууны засгийн газраас “Лигдэн хаан хийгээд хаант төрийн нийслэл Цагаан хотын тухай бүх Хятадын эрдэм шинжилгээний хурал” гээчийг хуралдуулж, эндхийн Гэмпийн сүмээс олдсон 15 иж монгол дуу, хөгжмийг Лигдэн хутагт хааны ордны хөгжмийн нэг хэсэг болохыг тогтоожээ.

Ар хорчин хошууны засаг захиргаа Лигдэн хаантай холбоотой энэхүү судалгаа шинжилгээний ажлыг нэн чухалд үзэж эртний Монголын 140 гаруй хувцасыг сэргээн шинэчилж, 32 төрлийн зэмсэг бүхий 49 уран бүтээлчтэйгээр эртний Монголын хааны ордны дуу, бүжгийг сэргээн тоглосон нь бахархууштай. Дашрамд хэлэхэд “Очирт цагаан хот”-ын гэрэл гэгээ болж асан Бадам сутай хатны нэр Дарьганга нутгийн “Даринаа, Гангаа хоёр” хэмээх домог туульст мөнхөрчээ. Жишээ нь “Баярын мишээлт Гангаа хүүхэн, Баатрын манлай Лигдэн хааны, Бадам сутай хатнаас төрсөн, Балчир хонгор Эжээ хэмээгчийн, Бариг цусны удам юмсанж” гэж өгүүлсэн байдаг билээ.

 

ДӨРВӨН ОЙРАДЫН СОР БОЛСОН ЮМ-АГА ХАТАН

Монголын түүхэнд “Дөрвөн Ойрад” гэж их л тод томруун тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь дөрвөд, хошууд, торгууд, өөлд нарын нийлмэл нэр бөгөөд ерөнхий овог нь Чорос юм. Чорос овгийг Чингис хааны дээд өвөг Дуба сохорын удмын хаад ноёд захирсаар ирсэн түүхтэй. Тэдний удмын Эрдэнэбаатар хунтайж 15-р зууны үед Зүүн гарын хаант улсыг захирч байхдаа найман хатантай байсан бөгөөд эднээс хамгийн алдартай нь түүний зургадугаар хатан Юм-Ага юм. (Зарим түүх бичлэгт Юм-Агас гэж тэмдэглэжээ) Юм-Ага хатан нь Хэрэйд аймгийн нэгэн салбар болох торгууд ноён Тогоон тайшийн удмын Шүхэр дайчин гэгчийн зээ охин, мөн Манжийн эсрэг цогтой тэмцэгч Галдан бошигтын төрсөн эх билээ.

Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт хоёр Манжийн дарангуйллын үед хэдийгээр эсрэг тэсрэг үзэл бодолтой, бие биедээ дайсан болж явсан ч Түвдэд Далай ламын дэргэд шавилан сууж байсан Бурхан Буддагийн сургаалтнууд, мөн эхийн талаасаа цусан төрлийн холбоотнууд байсан бөгөөд Юм-Ага хатан, Өндөр гэгээний ээж Ханджамц хоёр Шүхэр дайчны хоёр охиноос төрсөн бүлэнцэрүүд юмсанж. Эрдэнэбаатар хунтайжид Ижил мөрнөөс бэр болж ирсэн Юм-Ага хатан Монголын түүхэнд зохих ёсоор нэрээ үлдээсэн хүн.

Эрдэнэбаатар хунтайжийг нас барсаны дараа түүний хүү буюу Юм-Ага хатнаас төрсөн Сэнгэ залгамжлах байсан ч таалал болсон гэдэг. Хунтайжийн киргиз хатан Дара Балжаас төрсөн Цэцэн, Зодов хоёр эвсэж Сэнгийн амийг хороосноор Зүүн гарын хаант улсад хаан ширээний төлөө бяцхан дайн дэгдсэн түүхтэй. Том хүүгээ алуулсан Юм-Ага хатан тухайн үед Түвдийн Далай ламын дэргэд шавилан сууж байсан дунд хүү Галдангаа дуудаж ирүүлсэнээр энэрэн нигүүлсэх шашны үзэлтэн Галдан ирүүл тулааны шалгарсан гарамгай баатар болж хувирсан юм.

Уг нь Эрдэнэбаатар хунтайж, Юм-Ага хатан хоёр Дөрвөн ойрадыг эвтэй байлгахын тулд Галданг бурхан номын хүн болгож, Зүүн гарын хаант улсад олон арван сүм хийд байгуулахаар төлөвлөж байсан гэдэг. Гэвч хунтайжийг нас барсаны дараа шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг олон эхнэрийн нь хүүхдүүд хоорондоо арцалдан тэмцэлдээд амар заяа үзүүлсэнгүй.

Түвдээс дуудагдаж ирсэн Галдан багахан хэмжээний цус урсган байж Зүүн гарын хаант улсыг эрхшээлдээ авч, улмаар Төв ба Дундад Азид олон удаа аян дайн хийж, бүр Энэтхэгийн Кашмир хүрсэн байдаг. Ингэснээр Галдан бошигт Туркeстан, Самарканд, Бухар зэрэг баруун зүгт газар нутгаа тэлж, түүний хүчирхэг саварт Дундад Ази бараг бүхлээрээ атгагдаж, Манж Чин улс, Хаант Орос улсыг жийрхэн болгоомжлоход хүргэсэн байх бөгөөд эцэст нь тэрбээр Манжийн эсрэг цогтой тэмцэж явсаар эмгэнэлтэйгээр төгссөн билээ. Монголын түүхэнд ийнхүү нүсэр дуулиан дэгдэх, нөхцөл байдал өөрчлөгдөх үүд хаалгыг анх нээсэн хүн бол Юм-Ага хатан билээ.

Хэрвээ Юм-Ага хатан чадал хүчгүй, чансаа зиндаагүй, нэхэл дагалгүй, нэр нөлөөгүй нунж дорой нэгэн байсан бол гуниг зовлон, үхэл хагацалтайгаа эвлэрээд л зүйл дуусах байсан биз. Эрдэнэбаатар хунтайжийг таалал төгссөний дараа түүний найман хатнаас төрсөн арав гаруй хүүхэд хаан ширээний төлөө ид тэмцэлдэж байсан бөгөөд эд нараас хамгийн аюултай нь киргиз хатнаас нь төрсөн Цэцэн, Зодов хоёр, үзэмчин хатнаас нь төрсөн Пунцагдаш, хотон хатнаас нь төрсөн Жүн ван Сэвдэнжал нар байлаа. Мөн таалал болсон хунтайжийн хамгийн бага буюу найм дахь хатан Зүүн гарын хаант улсыг бусниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Түвдийн Гүүш хааны охин болох энэхүү хатны нэр нь тодорхойгүй. Ямартай ч Аминдара хэмээх нэрээр Монголын уран зохиолд мөнхөрсөн энэ хатан Эрдэнэбаатар хунтайжийг нас барсаны дараа түүний хотон эхнэрээс төрсөн Сэвдэнжалтай эр эмийн холбоотой болж, улмаар Сэвдэнжалыг Манжийн хаанд дагаар оруулж хувь заяагаар нь тоглодог нэг тиймэрхүү хорлогчин маягийн дүр байдаг билээ. Хаан ширээний төлөө хайр найргүй тэмцэлдэж асан энэ мэтийн бужигнаан дундаас өөрийн хүү Галдангаа товойлгон гаргаж Зүүн гарын хаант улсын ширээнд залж чадсанд, мөн Манжийн эсрэг цогтой тэмцэгчийг төрүүлж чадсанд Юм-Ага хатны нэр нөлөө, хүч чадал, ухаан сүйхээ, гавъяа зүтгэл оршино.

Галдан бошигтын төрсөн дүү Бум-Эрдэнэ тайш гэж байсан ч Юм-Ага хатан төрөлхийн гал цогтой Галдан хүүдээ л хамаг найдлагаа тавьсан бололтой. Дашрамд хэлэхэд Бум-Эрдэнэ тайш нь өнөө цагийн яруу найрагч (Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан) Баяндалайн дээд өвөг юм. Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Дамдины Жамъянгийн “Чорос” хэмээх романдаа Юм-Ага хатны ариун шударга явдлыг илүүтэй дүрсэлсэн байх аж.

Үзэсгэлэн төгөлдөр Юм-Ага хатан эр нөхөртөө хязгааргүй үнэнч, шалиг самуун хунтайж нөхрөө өөрөөс нь гадна долоогийн долоон эхнэр авчихаад байхад ч бие сэтгэлээ хатамжлан барьж чаддаг, өндөр дээд ёс төрийг эрхэмлэн дагаж мөрддөг жинхэнэ монгол хатан байжээ. Ямар сайндаа л эр нөхөр Эрдэнэбаатар хунтайжаа таалал төгссөний дараа Юм-Ага хатан бусдын эхнэр болохгүй, бусчир эрсийн нүдэнд торохгүй гэж андгайлаад үсээ хусуулан үзэсгэлэн буурч, сайхныг орхиж сахил хүртсэн тухай түүх сударт өгүүлсэн байдаг билээ.

 

“ЗҮҮН ГАРЫН ХУВЬСАЛ”-ЫГ ЭХЛҮҮЛСЭН УЛАМБАЯР ХАТАН

Зүүнгарын хаант улс нь Манжийн эсрэг цогтой тэмцэгч Галдан бошигтын эцэг Эрдэнэбаатар хунтайжийн өвөг дээдсээсээ өвлөж авсан, басхүү эмхлэн байгуулсан улс бөгөөд үүнийг түүхэнд “Дөрвөн ойрад” гэж тэмдэглэсээр иржээ. Галдан бошигтыг Манжид ялагдсаны дараа түүний ах Сэнгийн хүү Цэвээнравдан Зүүнгарын хаан ширээнд суусан байна. Цэвээнравдангийн дараа түүний хүү Галданцэрэн хаан ширээнд суужээ.

1745 онд Галданцэрэн хааныг нас барсаны дараа түүний 14 настай хүү Цэвээндоржнамжил хааны ор залгав. Энэ үед түүний нас балчир байсан тул төрийн хэргийг удирдан зохион байгуулах авъяас чадал илэрхий дутагдаж, үүний улмаас Цэвээндоржнамжилын төрсөн эгч Уламбаяр төр барьж эхэлжээ. Ухаалаг, сэргэлэн, үзэсгэлэн гоо Уламбаяр хатан 1745-1749 он хүртэл Зүүнгарын хаант улсыг захирахдаа цэгц шулуун зангаараа, цэцэн шударга ухаанаараа түмний хайрыг мянгантаа татаж эхэлсэн тул түүний дүү Цэвээндоржнамжил “Энэ хүүхэн намайг хаан ширээнээс огцруулж өөрөө хатан хаан болохоор шийдлээ” гэж хардаж сэрдэж эхэлсэн байна.

Тэр үед Цэвээндоржнамжил 18 нас хүрч байсан бөгөөд бүх цаг үеийн туршид хор найруулж, холион бантан хутгасаар ирсэн мөнөөх л ордоны ноёд түшмэд л болсон хойно Цэвээндоржнамжилын дээрхи хардлагыг үтэр түргэн шүүрч аваад үймээн самууны эх үндсийг тарих нь тэр. Тухайн үед Уламбаяр хатан ард олондоо болон өөрийн талын ноёд түшмэддээ ихэд нөлөөтэй, нэр хүндтэй болчихсон байсан тул Цэвээндоржнамжилын хамсаатнууд юуны өмнө Уламбаяр хатны ойрын шадар туслахуудыг хөнөөхөөр шийджээ.

Ингээд 1749 оны хаврын нэг өдөр хааны ордонд цус асгаруулсан алаан хядаан болсон байна. Цэвээндоржнамжилын хамсаатнууд Уламбаяр хатныг баривчлан шоронд хорьж, түүнтэй холбоотой гэж үзсэн баахан ноёд, зайсанг хэрцгийгээр хөнөөж Зүүнгарын хаант улсын ширээнд 18 настай Цэвээндоржнамжилыг залжээ. Цэвээндоржнамжил эхэн үедээ төрсөн эгчийгээ арай ч алж зүрхэлсэнгүй. Харин сүүлдээ байдал эвгүйтээд ирмэгц төрсөн эгчийгээ хонь нядалж байгаа аятай л толгойг нь тасдаж орхижээ.

Гэвч хорт муу санаа агуулсан Цэвээндоржнамжил хаан ширээнд удаан заларч чадсангүй. Галданцэрэн хааны бага хатнаас төрсөн хүү Лхамдаржаа гэгч ноён Уламбаяр хатны эр нөхөр Сайнбилэгтэй хамт цэрэглэн хөдөлж мугуйд хэрцгий аргаар хааны суудлаа бататгасан Цэвээндоржнамжилыг өргөөндөө байхад нь дайран орж хөнөөгөөд суудлыг нь булаан авчээ.

Зарим түүх бичлэгт Лхамдаржаа нь Цэвээндоржнамжилын нүдийг ухаад эзгүй хээр газар цөлсөн тухай бичигдсэн байдаг. Зохиолч Б.Шүүдэрцэцэг Уламбаяр хатны эмгэнэлт түүхийг өгүүлсэн “Өрөөсөн бойтогны дууль” хэмээх өгүүллэг бичиж хэвлүүлсэн байх бөгөөд үүнд хоёргүй сэтгэлээр Зүүнгарын төрд зүтгэж яваад дүүдээ цаазлуулсан ухаант Уламбаяр хатныг цаазалсан газраас холгүй бяцхан өрөөсөн бойтог гээгдсэн байсныг хэд хоногийн дараа эр нөхөр нь олж авч байгаа тухай өгүүлдэг. Хов живийн үгэнд итгэн ачит эгчийгээ цаазалсан Цэвээндоржнамжилыг Ламдаржаа ах нь барьж нүдийг нь сохлоод цөлсөн тухай ч гардаг.

Уламбаяр хатан дүүгийнхээ төрийн хэрэгт хамжилцаж байхдаа зальхай түшмэлүүдтэй тэмцэж байснаас яваандаа Оросын хатан хааныг дууриаж эмэгтэй хаан болж төр булаах гэж байна гэсэн гүтгэлгийн улмаас амиа алдсан гэдэг. Уламбаяр хатныг ийнхүү хөнөөснөөр Зүүн гарын хаант улсад олон жилийн турш утга учиргүй дайн дэгдсэн бөгөөд үүнийг түүхэнд “Зүүн гарын хувьсал” гэж тэмдэглэсэн билээ.

 

ОЙРАДЫН ТҮҮХЭН ДЭХ ГЭРЭЛТ ЗУЛ АНУ ХАТАН

Галдан Бошогтын тухай өгүүлсэн түүх, домог, шүлэг, аман яриа сэлтэд нэгэн гайхамшигт бүсгүйн нэр байнга дурдагдаж байдаг агаад тэртээд алсран гээгдсэн их цаг хугацааг нэвтлэн гэрэлтэх шунхан улаан зул мэт тэрхүү бүсгүй бол Галдан Бошогт хааны үнэнч хань, Монгол эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн Ану буюу Анударь хатан билээ.

Баруун Монголын Хошууд аймгийн ноён, Хасарын угсааны Гүш хан Төрбайх буюу Очирт цэцэн ханы үр сад болох Анударь хатан нь эрийн итгэмжит хань, нэгэн насны түшиг тулгуур, үнэнч зөвлөгч, эрэмгий дайчин шадар туслах хийгээд Монголын дээд сурвалжит язгууртануудын удам хойч нь амуй. Анударь ухаан төгс, хууль цааз, түүх угсаатны арвин баялаг мэдлэгтэй үзэсгэлэн гоо нэгэн байсан тул Зүүнгарын хаан ширээг залгамжлагч Сэнгэ бага хатнаа болгон авсан байдаг юм.

Гэсэн хэдий ч удалгүй 1671 оны үед тэрбээр алагдахад дүү Галдан нь түүний орыг залган авч ахынхаа бэлбэсэн хатан Анударийг гэргий болгон авсан гэдэг билээ. Гэхдээ энэ явдлыг ч гэсэн түүхийн эх сурвалжуудад янз бүрээр бичсэн байх ажээ. Галдан Бошгот ах Сэнгийнхээ ач тусыг санаж хатныг нь асрамжлах ёсны дагуу авсан гэж зарим түүхч үздэг бол зарим нь тухайн үед Ойрадын дотор хамгийн нөлөө бүхий Хошууд аймгийн ноён хүчирхэг Очирт цэцэн ханы дэмжлэгийг авах нь юу юунаас илүү чухал байсан учир Галдан өөрийн эх Юм-Агийн зөвлөснөөр Ануг гэргий болгосон гэх нь бий. Мөн зарим зохиолд Ану бүр хүүхэд ахуй цагтаа Галдантай ойр дотно байсан тухай тэмдэглэсэн байдаг.

Тухайлбал Оросын эрдэмтэн судлаач Е.И.Кычанов, мөн Бямбын Ринчен гуай нар тэднийг бие биеэ мэдэхээр үл барам багадаа хайр сэтгэлтэй байсан, Дөрвөн Ойрадын өвгөн хааныг бие барахад оронд нь хүү Сэнгээг хаан ширээнд залж Галданг Түвдэд шашны ном сургахаар явуулсанаар тэр хоёрын зам салсан, Галдан шашин номын хүн эхнэр авахгүй журмын дагуу Анугаас татгалзаж, харин ах Сэнгэ нь бага хатнаа болгосон гэж бичсэн байдаг билээ.

Энэ мэтчилэн ээдрээт намтарыг үлдээсэн боловч Галдан Бошогт, Анударь хатан хоёрын халуун хайр сэтгэлийн тухай яруу сайхан үгс өнөөдрийг хүртэл дуурсагдсаар ирсэн юм. Бошгот хааны хосгүй үзэсгэлэнт хатан Анударь нөхрийнхөө гол түшиг тулгуур, үнэнч зөвлөгч, эрэлхэг шадар дайчин нөхөр нь болж байсан тухай Хятад Манжийн түүхэнд хүртэл тэмдэглэгджээ.

Ану хатан Галдан хаанд гурван үр төрүүлж өгсөн нь Сэвдэнбалжир хэмээх хүү, Юнчихай, Бум нэрт хоёр охин байсан гэдэг. Эр нөхөртөө хязгааргүй үнэнч Ану хатан өөрийн өвөг эцэг Очирт сэцэн ханы эсрэг хүртэл эрслэн босч байлаа. Мөн тэрбээр манж нарын эсрэг тэмцэж амь насаа өргөсөн гэдгээрээ Монголын түүхэнд алдартай. 1696 онд Ойрадын хаан Галдан бошигт Тэрэлжийн Зуун мод хэмээх газар Манжийн хааны их цэрэгтэй эцсийн тулалдаанаа хийж давуу хүчтэй дайсанд бүслэгдэн гарах гарцгүй болоход унасан мориндоо 12 салаа эвэртэй бугын мөнгөн баг өмсгөсөн нэгэн баатар Манжийн цэргийн их бууны хэсгийг дайран устгаж, Ойрадын цэрэгт ухрах зам нээгээд өөрөө дааган бууны суманд эрсэдсэн нь Ану хатан байлаа.

Энэ тухай Манжийн Энх-Амгалан хааны бичгийн 25-р дэвтэрт “Харвах зэв хур бороо мэт... Миний үзсэн Ану хатан буунд оногдож үхсэн... Галдан 40-50 хүн авч гарсан хэмээн сонсов” гэж тэмдэглэжээ. Түүнчлэн “Ану хатан гялалзсан шар өнгөтэй гуулин хуяг өмсч дайсандаа үхэл авчрах нум сумыг чадамгай харвадаг байж. Манжийн дарангуйлал дундаас цойлон гарч ирсэн энэхүү эрэлхэг хатны тухай манай түүхчид улам дэлгэрүүлэн судалж, байгуулсан гавъяаг нь батжуулах нь зөв юм. Манай Монголын ямар ч түүхэнд баатарлаг үйлст эмэгтэйчүүдийн талаар дэндүү бага зүйлийг бичиж үлдээсэн байдаг нь харамсалтай.

Үргэлжлэлтэй.

Зохиолч, сэтгүүлч Б.Ойдов

Эх сурвалж: Bataar.mn

IELTS-н ШАЛГАЛТАНД ӨНДӨР ОНОО АВАХ БОЛОМЖ
IELTS-н ШАЛГАЛТАНД ӨНДӨР ОНОО АВАХ БОЛОМЖ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.