Уншихыг хүссэн номнуудаа номын шүүгээндээ жирийтэл өрчихсөн мөртлөө тайван суугаад унших цаг гарахгүй байна уу? Өдөрт ганц, нэгхэн эргүүлж гүйлгээд л өөр ажил ард ардаасаа ундрахад зайлшгүй номоо буцаагаад хааж байна уу? Тэгвэл ном унших цагийг өөртөө хэрхэн яаж гаргах вэ?
1. Хөнгөхөн жинтэй ном ав
Сүүлийн үеийн сонирхолтой номнуудыг ажлын цаг заваараа унших гээд цүнхэлж авч явахаар хүнддээд, маргаашнаас нь гэртээ орхиод гүйчихдэг. Тэгвэл одооноос уншихаар зэхсэн номнууддаа жингийн хяналт тогтоож эхлэ. Төө хэртэй зузаан ч, хуудаснууд нь маш хөнгөхөн гадаад ном зардаг тусгай дэлгүүр ч бий. Хэрвээ хүнд жинтэй ном зайлшгүй цүнхлэхээр болвол бусад жижиг сажиг зүйлсээ гаргаж хөнгөлөөрэй.
2. Унших хүсэл төрүүлэх сонирхолтой ном сонго
Зарим номыг гоё гэж сонсоод, эсвэл хавтасны зурагт хууртаад уншиж эхлэхээр хүлээлтэд хүрдэггүй байх тохиолдол олон байдаг. Тиймээс хуудас эргүүлэх бүрт улам унших хүсэл төрүүлэхүйц сайхан номнуудыг л сонгож унш. Яаж мэдэх вэ гэж үү? Олон нийтийн цахим сүлжээний аль нэг номны группээс л ямар ном хүмүүсийг хамгийн их шууруулж байгааг, тэр дундаас өөрийн сонирхлын номыг түүгээд л боллоо. Амархан байгаа биз.
2. Төлөвлөгөө гарга
Аль номыг ямар үед унших вэ гэдгээ тогтоосон төлөвлөгөө гарга. Ялангуяа олон номыг ойрын хугацаанд уншиж дуусгах шаардлагатай байгаа бол. Хэлний мэдлэгээ сайжруулах дасгалтай номоо өдрийн цайны цагаар хараад, нөгөө зузаан уран зохиолын номоо орой хоол хүлээх зуураа уншина гэх мэтчилэн богино гэлтгүй цаг гарах тохиол бүрийг ашиглаж сураарай. Бага багаар ахисаар, нэг л мэдэхэд дуусчихдаг шүү дээ.
3. Хараанд өртөхүйц газруудад номоо байршуул
Өдөр бүр хүрдэг, очдог газрууддаа номоо байршуулчих. Энэ бол зүгээр л гэр дотор үргэлж хүрдэг газрууддаа гэсэн үг. Булангийн жижиг тавиурууд, тольны урд талын хэсэг, гал тогооны сувинерийн тавиур зэрэг байнга хүрдэг. Харах бүрдээ л барьж авч уншина гэж тооцоолох хэрэгтэй.
4. Технологийн дэвшлийг ашигла
Ухаалаг гар утас, таблетүүд зөвхөн харагдах байдлаасаа ч гоё юм биш. Тэд өдөр тутмын ажлыг хөнгөвчлөн, цаг хэмнэх асар их ач тустай. Гар утсандаа уншихыг хүсдэг ном, сэтгүүлүүдээ татаж аваад дуртай үедээ уншиж болно. Таксинд бөглөрөөд зогсож байхдаа, албан газар хүн хүлээгээд сууж байхдаа зузаан ном гаргаж ирэхийн оронд утастайгаа нөхөрлөөд ухаанаа тэлээд цагийг хэмнэх боломжтой.
Ном уншихад заавал цаг гаргаж байх хэрэгтэй. Харин өнөөгийн завгүй амьдралын хэв маяганд цагийн хувиартай номыг оруулж өгөх зайлшгүй байх ёстой зүйл билээ. Учир нь номноос авах үнэ цэнэ, эрдэм мэдлэг агуу их шүү дээ.
Эх сурвалж: Business inder