Алдарт мичин жил айсуй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 25 секунд
Алдарт мичин жил айсуй

Алдарт мичин жил айсуй

        Энэ жил бид 2.747 тэрбум төгрөгөөр наадна. Тав хоног үгүй ээ, нэгмөсөн долоо хоног амрая гээд л энэ тухай Засгийн газар хуралдаж байна. Мөн наадамдах мөнгөө нэмэх үү, үгүй юу гэдгээр ч Засгийн газар хуралдах юм байх. Ер нь яажшуухан наадмаа хийх вэ гэдгээр Засгийн газар өргөтгөсөн хуралдаан хийхээр төлөвлөжээ. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар ч ингэж наадна, тэгж наргина гээд яриад эхэлчихсэн байна. Улаанбаатарын дарга би яаж дутахав гэсэн шиг энэ наадмыг зохион байгуулахад эрвийх дэрвийхээрээ оролцоно гээд энд тэндгүй шороо манаруулж эхэллээ шүү дээ. Мөн тэрбээр урьд байгаагүй сайхан шоу талбай дээрээ хийнэ гэдгээ орой болгон зурагтаар зарлаж байна. Ерөнхийдөө манайхан наадмын тухай л өдөр өнжихгүй шаагилдаж, харин маргаашаас нь намар эхэлдэг гэдгийг таг мартав бололтой.

 

  Ингэхэд амны билгээс ашдын билэг гэсэн нэг үг бий. Надад огт таалагддаггүй юм. Хүсээгүй юмнаасаа урьдчилан сэргийлэхийн оронд хэн нэгэн бурхан харж үзэх байлгүйдээ гэсэн хүсэл мөрөөдлийн нь хүлээлт, өөрийгөө тайвшруулсан арга. Залхуу зангийн нь нэг илрэл л дээ.

 

Ингэхэд энэ өвөл зуд нүүрлэх магадлалтай гэвэл намайг багалзуурдаж алахаас наагуур юм болно шүү дээ, манайхан. Муу амлалаа гээд л. Ингээд миний хэлснээр боллоо гэхэд гол буруутан нь баараггүй би болно. Хангай дэлхий огт биш.

 

Тэгвэл энэ зуны одоогийн өнгө төрхийг цаг хугацааны нь орон зайд тавиад үзэхээр ирэх жил хатуухан өвөл айлчилж,  тэртээ 60 жилийн өмнөх мичин жилийн зуд давтагдах магадлал тун өндөр байгааг дуулгая.

 

Монголчууд он тооллоо зүгээр ч нэг жарнаар нь хуваагаагүй байлгүй дээ. Нөгөө талаас өдгөө л гэхэд нар буцаж, хөх ногооны сөл хөл рүүгээ орйтох цаг ирчихээд байхад хангай нутаг бараг бүхэлдээ хагд өвсөнд дарагдчихаад сууж байна. Гол горхи дагасан зурвасхан газар, сум аймгийн төвийн зарим байшингийн дээвэр, ой модноос өөр ногоон өнгө үзэгдэхгүй байна шүү, цаана чинь. Энэ зуны ой хачин өтгөн ногоон харагдаад байсан чинь цаад суурь нь хувхай цагаан болохоор тэгдэг лүд байна л даа.

 

Харын зуд дамжсан мал хаврын харшаанаасаа гарч чадаагүй учраас ний нуугүй хэлэхэд ясан дээр тохсон арьс л дөнгөн данган хөдөлж байна. Ялангуяа үхэр. Өвсийг хэлээрээ ороож тасдан идэх хувь заяатай төрсөн хөөрхий тэдэнд үнэхээр хүнд байгаа бололтой. Малчид ч ялгаа алга. Яана даа хэмээн толгой сэгсэрч гаслаад л. Хөвсгөл, Булганыхан хүртэл аргаа барсан шинжтэй байна билээ. Уг нь зуд турхан хэмээх үгийг бараг мартаж, ой санамжаасаа хассан нутгийнхан шүү дээ. Ер нь чих тавибал ихэнх нутаг гантай байгаа бололтой.

 

 Тэгвэл он тооллын дарааллаар мичин жил (Зарим нь бич ч гэдэг) айсуй гэдгийг дуулгая. Аюулт гэсэн ч яахав. Намайг муу амаллаа л гэнэ биз. Гэхдээ л монголчуудын зүрхэнд орсон зуд бол 1944-1945 оныг дамнасан мичин жилийн зуд юм. Дэргэд нь манжийн дарлал юу ч биш байсан гээд бодохгүй юу. Энэ зуднаар малаа барсан эмгэн махчин болж, хүний бараа хараад зээрнээс хурдтайгаар хөөдөг байсан тухай яриа домог бус бодит түүх. Ер нь монголчууд жинхэнэ модоо барьсан гэдэг юм. Түүний дараачийн зудууд гайгүй байсан. Алаг цоог хэлбэрээр, энд тэнд болсон учир отор нүүдэл хийх зэргээр аргалчихдаг байв. Бас хэрэг бишдэх төлөвтэйг зун нь мэдчихдэг ухаант өвгөд олон байсан болохоор бэлтгэл ч сайн хийдэг байжээ.

 

Одоохондоо бид налайж байна аа, налайж байна. Халуунд хургасан хоньд шиг тун тайван хэвтэцгээж байна. Ялангуяа манай дарга нар. Хаашаа хэрхэн амрах, яаж наадамдах тухайгаа ам уралдуулаад л сууцгааж буй. Тэгээд ч малыг нь хувьчлаад өгчихсөн юм чинь, өөрийнхөө өмчийн төлөө санаа тавина уу, байна уу, бидэнд ямар падлий байна гэсэн маягаар хандаж буй. Магадгүй малчид модоо бариадахвал ирэх сонгуулиар атга гурил, чимх давсаар санал худалдаад авахад амар гээд алгаа үрчиж суухыг ч үгүйсгэхгүй байна. Гамшиг далимдуулна гэдэг чинь улстөрчдийн гайхамшигтай аргын нэг шүү дээ.

 

Ингэхэд эдүгээ юу тодорхой вэ гэвэл, энэ зунжин намаржингаа айраг, архи, найр, наадам эргүүлэх нь дэндүү тодорхой. Уламжлал нь тийм юм. Гэхдээ цагийн бадлыг эрхбиш анзаарсан хөдөөгийнхөн дэмий л уул овоо болгоноо тахиад, горьдлого тээж, түгшсэн харцаар дээшээ тэнгэр ширтэж сууна. Тиймээс төр, засгийн төлөөллүүд, шат шатны засаг дарга нар минь мичин жил айсуй шүү, бэлтгэл юугаа базаагаарай гэсэн үгийг малчид, иргэддээ оройтоогүй дээр нь хэлж өгөөч гэж гуйя. Алийн болгон бид ниргэсэн хойно нь хашгирах ёстой гэж.

 

Ингэхэд мичин жилийн зуднаас бэлтгэлтэй бол айх юм юу байх вэ дээ, золиг. Төр засаг нь наадамд гээд хоёр, гурван тэрбумаар мөнгө өгч чадаж байгаа юм чинь зуд болбол 20, 30 тэрбумаар нь өвс тэжээл гадаад дотоодоос худалдаж аваад өгчих байлгүй дээ. Эсвэл хуучных шигээ хэдэн жил хадгалсан нь бүү мэд хивэг, овьёосоо мөнгө төгрөгөөр үнэлж, нөгөөдүүлээс нь малчид гапий улаан мөнгөгүйн харгайгаар ганц ч шуудайг худалдан авах чадваргүй болчихдог эмгэнэлт жүжгээ давтах юм болов уу. Үнэнийг хэлэхэд энэ жүжиг нэг талаас төр хуулийнхаа дагуу малынхаа төлөө санаа тавьж байгаа дүр үзүүлээд, нөгөө талаас нь мөнгөгүй малчинд цонхны цаанаас чихэр харуулан хүүхэд хуурч байгаатай адилхан дүр төрх харагдаад байдаг. Инээдэмт, бас эмгэнэлт жүжиг гэж үүнээс өөр юу байх вэ дээ.

 

Тэгэхээр одоохондоо байгаль дэлхий хураа хайрлаж, тэнгэр хангай биднийг ивээгээсэй хэмээн тэнгэр бурхандаа хүн бүр залбирья. Мөн ерөөлөөр болж, ногоо цагаа сайхан дэлгэрвэл өвөлдөө бэлтгээрэй гэж хөдөөгийнхөндөө дарга нар минь хэлж өгөөч. Мөн ийм хэдэн зөвлөгөө өгч хайрлаач дээ хэмээн гуйя.

 

Хөмүүл таана, ер нь ногоон юм болгоныг түү. Түүнийгээ хэрчиж, жижиглээд аарцны  шар устай багсарч, зоодой хий. Түүнийгээ хадгал.  Цайны шаарыг нүдэж нунтаглаад, хоолны шөлний тос, адууны хомоол, хонины хорголтой зуурч хатаан нөөцөл.  Шөл цайныхаа үлдэгдэлийг тусгай саванд хураа. Өвөл нь хөлдөөгөөд хадгал. Хашаа хороогоо дотно гаднагүй малынхаа баасаар шав. Аргал хөрзөнгөө аль болохоор их нөөцөл. Түлээ түлшээ базаа. Зуд давсан бусдын туршлагаас судал. Суралц.  Энэ үгийг л төр, засгийн дарга нар амнаасаа айрагныхаа хажуугаар унагаасай билээ. Эс тэгвээс хунгарласан цас ханын толгойтой чацуурч, хар бараан газар харагдахгүй болоод ирэх үед мянган сайхан үг хэлээд ч нэмэргүй болно. Үхрийн нь эвэр дөнгөж цухуйх их цаснаар үхсэн малаараа хашаа барьсан гэрийн эзэд олс, дээсэндээ хүрдэг явдал олширдогийг бас заавал анхаараарай. Бид чинь хүний төлөө нийгэм байгуулж буй гэсэн биз дээ.

 

Улаанбаатарт л гэхэд гудамж талбай хашаа хорооныхоо өвсийг хадаад, энд тэнд аваачиж өгөөрэй гэвэл үгийг тань дагах нөхдүүд нэлээд гарах байх шүү. Яагаад гэхээр аав ээж, ах дүүсийн аль нэг нь хөдөө амьдардаггүй хүн хотод ховор.  Хотын бид чинь хараад байхад хадсан өвсөө ихэвчлэн шатаачихдаг шүү дээ.

 

Ингэхэд хөдөөгийн найр наадам овоо тахилгаасаа эхлэн ид оволзож байна. Үүний нь төлөө тэднийгээ буруутгах ч юм алга. Бороо хур л тэнгэрээс гуйж байгаа юм шүү дээ, зайлуул. Харин наадмын дараа хот хөдөөгүй амралт зугаалга, найр цэнгэлийн хөлгүй их аян хөврөх болно. Алс гадаад далайгаас авхуулаад ойрын гол нуурын зүг аялагчдын цуваа хөвөрнө. Ургийн баяр, багийн ой, хөшөөний нээлт, ангийнхний уулзалт гээд л намар хүртэл үргэлжлэх наргианы жагсаалт урт даа, урт. Гэтэл мичин жил айсуй байдагАюулт гэх нь хаашаа юм, алдарт гэвэл хүмүүс арай ч муу амлалаа гэхгүй болов уу.

 

Д.Гал

 

Гадаадад суугаа монголчууд Төрийн өндөрлөгүүдэд захидал бичжээ
Гадаадад суугаа монголчууд Төрийн өндөрлөгүүдэд захидал бичжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.