“Гүзээ хагаравч тогоон дотроо” гэдэг дээ. Харин манайхны хувьд энэ бол хэзээ ч биелэхгүй үг. Учир нь, ямар нэгэн асуудал үүсмэгц өөрийгөө өмгөөлж, өрөөлийг өөчилж, нэг нэгнийхээ булайг дэлгэж эхэлдэг балай зан монголчуудад л байдаг.
Энэ л жамаар манай гурван бөх, нэг дасгалжуулагч Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй нь араасаа олон асуудал дагууллаа. МЧБХ-ны ерөнхийлөгч, их аварга Д.Дагвадоржийн сүр дуулиантайгаар монголчууддаа дуулгасан энэхүү мэдээ сүүлдээ бүр гэмт хэргийн сэдэлтэй болж хувирав. Өөрөөр хэлбэл, Монголын чөлөөт бөхийн холбооны хариуцлагагүй удирдлагуудаас болж манай бөхчүүд хуурамч визний хэрэгт холбогдоход хүрээд байна.
Гэхдээ энэ нь хариуцлагагүй үйлдэл байсан уу, эсвэл санаатай байсан уу гэдгийг одоогоор тогтоогоогүй. Тогтоох ч боломж алга.
Их аварга Д.Дагвадорж бөхчүүдийг Дубайн хил дээрээс буцахад “Яаралтай нислэгээр Бээжин рүү буцаалаа” гэж мэдээлсэн ч үнэндээ Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Баяраа, тамирчин Д.Гомбодорж, Н.Золбоо, Д.Хүдэрбулга нарыг хуурамч визний хэргээр тус улсад саатуулсан байжээ.
Тухайн үед тэднийг Бээжинд саатуулагдаад байна гэсэн мэдээлэл ирсэн бөгөөд Чөлөөт бөхийн холбооныхон нэг дасгалжуулагч, гурван тамирчнаа хэрхсэн талаар анхаарахгүй хөсөр хаясан талаар манай сонин мэдээлж байсан.
Тэгвэл тэд эх орондоо ирснээр хэрэг явдлын үнэн мөнийг илчилсэн юм. МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж цахим хуудаснаа “Катарын Дохад өглөөнөөс хойш тамирчдынхаа талаар асууж сураглаж, хөөцөлдөж цөхрөнгөө барж байна. Катарын бөхийн холбооноос Монголын баг тамирчид нэрсээ тулгаж өгсөн нэрийн доор Монголын гурван тамирчин, нэг багшийн нэрийг оруулаагүй байна. Тэд бидний өөдөөс хууль ярьж ам таглаж байна.
Манайхаас бусад Узбек зэрэг улс байна” хэмээн бичиж байв. Тэгвэл дээрх тамирчид болоод тэмцээнд тамирчдынхаа өмнөөс барилдсан багш дасгалжуулагчид байдал огт өөр хэмээн баталж байна. Тодруулбал, Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр “Ний нуугүй хэлэхэд эрэгтэй багтай буюу надтай харьцахдаа хүйтэн хөндий харьцдаг. Бусадтай нь инээж харьцаад надтай “Ална, тална, п...” гэх зэргээр л дууддаг байсан. Үнэхээр хүнд харилцаатай. Асашёорюүг ч хэлж байна. Бусад нөхдийг ч хэлж байна. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Би чамтай гар барихаас сэжиг хүрч байна” гэж хүртэл хэлж л байсан.
Тэмцээн дээр гар барих гээд очиход шүү. Намайг одоо ингэж хэлсэн гээд дайралт их ирнэ гэдгийг мэдэж л байна. Чөлөөт бөхөөр барилдаж, хувь заяагаа холбож, амьдралаа залгуулж яваа хүний хувьд дахиж олон тамирчныг ингэж хохироохыг хармааргүй байна” хэмээсэн. Мөн чөлөөт бөхийн холбооныхон шигшээ багийн эрэгтэй тамирчид, дасгалжуулагчдаа ялгаварлаж үздэг талаар ч дурсаад авна лээ. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэдэг дээ. Ц.Цогтбаяр дасгалжуулагчийн дээрх яриа Д.Дагвадоржид таалагдаагүй нь ойлгомжтой. Дубайн хил дээрээс манай тамирчид буцаснаас хойш зогсоо зайгүй өөрийгөө рекламдаад байсан их аварга энэ удаа өөрийгөө өмөөрөх үггүй гацсан бололтой. “Ярьж байг ээ. Ярь ярь, сайн ярь”, “Хуцсан нохой болгон руу чулуу шидээд байвал юу болох бол” хэмээн цахим хуудсаараа дамжуулан хариу өгөөдөхөв.
Олон нийт ч энэхүү асуудалд таагүй хандаж байгаа бөгөөд хуурамч визний асуудлыг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын буруу хэмээн үзэж байгаагаа нуусангүй.
Мөн Дагваа аварга анхнаасаа сүр дуулиан болгон олонд мэдээлсэн боловч тамирчдыг Дубайд саатуулагдмагц “чимээгүй” болчихсон нь өөрийгөө энэ хэргээс цэвэрхэн авч үлдэх гэж зориуд төлөвлөсөн “жүжиг” гэж хардах хүн ч олон нийтийн дунд цөөнгүй байна. Тиймдээ ч тус холбооны удирдлагуудыг ажлаа чаддаг хүнд нь өгөхийг сануулж буй. Энэ явдал тэмцэл хэрүүл маргаанаар үргэлжилж, удирдлагууд нь суудлаа өгөөд намждаг юм байж гэж бодъё. Гэвч Д.Гомбодорж, Н.Золбоо, Д.Хүдэрбулга нарыг олон тэмцээн хүлээж буй. Харамсалтай нь, тэд ойрын үед хилийн дээс алхах эрхгүй болсон.
Тэгэхээр тамирчдын алдсан цаг хугацааг нөхөх аргагүй. Гурван тамирчин хуурамч визний хэргээр “ачигдчихалгүй” үлдвэл дээдийн заяа болоод байгаа үед чөлөөтийнхөн хөнжилдөө хөлөө жийлцэж, бие биен рүүгээ буруугаа чихэцгээж байна. Ямартаа ч энэхүү үйл явдал тэдний удаан хугацаанд “тогоон” дотроо нуусан эвдрэлцлийг олонд илчиллээ. Гэвч дахиад л хариултгүй асуулт. Хэн хариуцлага хүлээх вэ? Нэгэн цагт зодоон цохион, өмч хөрөнгө, хууль бус үйлдлээрээ олныг шуугиулж байсан их аваргад хэн ч халдаж зүрхлээгүй. Бүр эрхтэн дархтан, элгэн саднаараа нийлж, өмгөөлж хамгаалаад өнгөрсөн. Энэ удаа ч омголон догшин, уур уцаартайгаараа алдартай ах дүү аваргуудын өөдөөс “ассан” дасгалжуулагч, тамирчдын хохь болоод үлдэхийг үгүйсгэх аргагүй л юм.
Эх сурвалж: