Нутгаан гүйсэн адуу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 8 секунд
Нутгаан гүйсэн адуу

Нутгаан гүйсэн адуу

1997, 1998 оны хоёр зун гаднын нөхрийн хамт Монгол орноороо нар зөв тойрч аялсан юм. Тэр хүн Монголын тухай ном бичих гэж хоёр зуныг Монголд өнгөрүүлж билээ. Хожим нь зөндөө зурагтай сайхан хоёр боть ном хэвлүүлсэн. Би ч бас дутахгүй гэсэн шиг аян замын тэмдэглэл бичсээр явснаа намар, өвөл нь нэлээд хэдэн цуврал нийтлэлээ тэр үеийн “Ил товчоо” зэрэг сонин хэвлэлд гаргасан юм.

Монгол орон социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжих шилжилтийн он жилүүд байсан тул олон үйлдвэр завод хаагдан, дэлгүүр хоршоо хоосорч, юм юм гачигдаж дутагдан их л хэцүү байсан үе. Нийслэл хотод нэмэгдэж өөрчлөгдсөн юм бараг үгүй, хөдөөгүүр явахад бүр социализмын өнгө төрхнөөсөө салаагүй, яг хэвээрээ. Харин ч бүр дордож, тог цахилгаан байнга тасарч, нэг л харанхуй тосгон суурин, зүс гундуу хүн зон угтана.

Алтайд, Улаангомд, Мөрөнд аймгийн төвийн хамгийн том зочид буудалд буухад өрөөний түлхүүртэй хамт лааны өөдөс, чүдэнзтэй өгнө. “Энүүгээр яахын?” гэхээр “Орой тог тасрахаар хэрэглээрэй” гэнэ. Халуун ус, цэвэрхэн алчуур, даавуу хүсэхийн ч хэрэггүй. Гуанз рестораных нь хоол унд ямар ч сонголтгүй, хэдхэн төрлийн хүйтэн нойтон хоол. Ийм дүр төрх бүх аймагт тааралдана.

Өндөрхаанд очиход мотоциклтой цагдаа давхин ирж бичиг баримт шалгаж, зам явах зөвшөөрөл нэхнэ. Баян-Өлгийд очиход буудлын хүлээн авахын ажилтан нь монголоор ярихгүй зовооно. Тэгж явсаар бүх аймгийн байдлыг эргэн харахад зүүн бүсийн аймгуудын ард иргэдийн амьдрал арай гайгүй, баруун аймгуудынх үнэхээр хэцүүдсэн нь харагдаж байсан юм.

Үзсэн харсан зүйл, Монголын сайхан байгаль, хөдөөгийн хүн ардын сүүн цагаан сэтгэл, цаг үеийн бэрх амьдралыг бичиж тэмдэглэж явсан минь өнөө эргэн харахад адалт явдалт сонин түүх болон үлджээ. Тэдгээрийнхээ заримаас цувралаар уншигчдадаа хүргэн толилуулсу.

Нутгаан гүйсэн адуу

Өглөөний сэрүүнд газар хороох санаатай бид аймгийн төвөөс хөдөлж нар хөөрсөн хойно Хэрлэнгийн гүүрэн дээр ирэв. Эртний Монголын түүхийн их усан домог хайлах мэт дорныг зорин анир гүм, намуухан долгисон мэлтэлзсээр л, магад мянга мянган жилийн туршид энэ л янзаараа мяралзанхан, Дорнын их шүлэгч Явуугийн шүлэглэсэнчлэн “Миний өвөг дээдсийн хүлэг морьдын туурайд наалдсан хүний нутгийн шороог ариун усаараа угаан” урссаар ирсэн буй заа.

Чанагш ч бас мянга мянган оныг элээн энэ л янзаараа туналзан мяралзаж, торгон долгио тоглуулан байх нь гарцаагүй ч, харин монголын үр сад ямар янзтай болоод энэ энэ түүхийн их усанд дүрээ тольдон зогсох бол доо хэмээх эмзэг нэгэн бодол сэтгэл эзэмдэн огшиж ирэхүй би бээр аяархан сүүрс алдаад их усыг уруудуулан ажив.

Домогт их ус дорныг зорин, хүний нутгийн зүг нар тосон урссаар л. Дэлгэр зуны туйл цаг тул хоёр эргээр нь бут бургас сагсайж багсайгаад, хамаг навч нахиа, цэцэг мөчрөө дэлгэн дэлгэрээд, их усны мандалд зөөлөн бидэр татуулан шандуурах үнэгэн шогшоот салхинаа сэвэлзэн сэрвэлзэнэ. Байгаль дэлхийн гоо үзэсгэлэн энэ л эгэл буй чигээрээ ер бусын агаад үл ажиглагдах гайхамшиг юм даа хэмээн бодож зогстол гэнэт дэргэд хүн ирэх чимээ гарав. Бодлоо таслан эргэж харвал хүүхэд тэвэрсэн шавилхан бор залуу зогсч байна. Мэнд усаа мэдлээ.

-Ах аа, та нар хаа хүрэх вэ? гэж байна.

-Баруун-Урт орно оо гэлээ.

-Тэгвэл аваад яваач...

Залуугийн наранд борлож холцруутсан хөх царайд нь гуйсан царайчилсан өнгө илхэн. “Битгий л үгүй гээсэй!” гэсэн янзтай хоёр онигор бор нүд нь унтрах аядан сүүмэлзах зулын гэрэл шиг бөхөлзөн аснаа “Тэг тэг. Одоо унаанд суу!” гэх дуунаар минь голыг нь зассан зул шиг гэрэлтээд явчихыг би ажив. “Хөөрхий, ядарсан амьтан юм даа. Юун ч хар нялхаараа аавын цээж гаргаав дээ” гэж бодсоор араас нь алхан унаандаа суув.

Чингээд цааш хөдөлмөгцөө л уйдсан хүний зугаа гэгчээр, залууг сонирхон шалгааж гарлаа.

-За, дүү хүү, гэр хаана вэ? Хаа хүрч явна?

-Гэр Эрээнцавд. Баруун-Урт орно оо.

-Өө, хадамлах гэж явна уу?

-Үгүй, харих гэж явна.

-Юу? Танайх чинь Эрээнцавд гэсэн биш бил үү?

-Үгүй, юу л даа... Би Эрээнцавд ажиллаж байсан юм. Тэгээд ажлаасаа халагдчихаад, аав ээжийндээ очих гэсэн юм л даа...

-Ээ, зайлуул... гээд би дотроо “Ураг ядарвал төрлөө, тураг ядарвал уулаан барааддаг” гэдэг дээ. Энэ залуу байтугай мануус нь ажилдаа тогтоход бэрх цаг ирсэн хойно доо” хэмээн залууд зөв өгөн бодов.

Ой өнгөрч яваа бол уу гэмээр, эцгийгээ өвчсөн юм шиг дуурайсан чилдэн хөх жаал цээжин дээр нь шахам ухаангүй нам нойрсоно. “Эрийн шийр зааж хүн болох гэж яваа амьтан байх даа, хөөрхий. Ёстой л баавгай хүрхэрч, барс архирсан ч сэрэх янзгүй бөх унтаж байна даа” гэж бодсоор ахиулан харвал хамаг бие нь шумуулд хазуулаад бараг улаан нялга болжээ.

Би шогшрон дуу алдаж:

-Үгүй, та хоёр чинь шумуулд бариулах шахжээ. Хэзээ ингэтлээ зулгаалгачихаав? гэвэл:

-Өчигдөр орой галт тэрэгнээс буугаад л шууд наашаа ирсэн. Замын унаа тосч суучих санаатай энэ гүүрэн дээр зогссон чинь унаа ер авахгүй юм. Уг нь нэлээн хэдэн тэрэг өнгөрсөн л дөө. Тэгсээр шөнөжин энд зогсч хонолоо. Хэрлэнгийн шумуул ч хүн дамжлах шахдаг хойно доо. Харин хүү маань эхэндээ уйлагнаад байснаа сүүлдээ нойрондоо дийлдээд унтаад өгсөн шүү... гэхэд нь би золтой л аашилж загначихсангүй. Дэмий л дотроо “Даанч дээ. Ийм бөх зүрхтэй, бүдүүн хүзүүтэй хүн байх гэж. Шөнөжин ус сахиж шумуулд идүүлж хоносон гэнэ ээ. Арай ч дээ...” гэж халаглан бодож явлаа.

-Хажууханд айлууд байхад очоод хоночихож болсонгүй юу?

-Унаанд суучих санаатай л зогссоор байгаад...

Яагаад ч юм, энэ удаад залуу худал хэлэх шиг санагдав. “Залхуу хүн завагтай махандаа хүрдэггүй” гэдэг шиг энэ залуу яагаад худал хэлдэг билээ хэмээн тандах сэтгэл төрж:

-За, тэгээд энэ аваргын ээж нь хаана байгаа билээ? гэвэл:

-Ээж нь үлдсээн...

-Юу?

Залуу ээрч мунгинасанаа:

-Юу л даа... Ээж нь шөнийн ээлжинд явдаг юм. Тэгээд л эзгүй хойгуур нь бид хоёр гараад ирсэн...

-Өө, тэгвэл та хоёр чинь оргож босч яваа юм биз дээ? хэмээн жолооч маань сая ам нээж дээдэх толиндоо залуу руу харан мушилзав. Тэр ч үнэн болж таарлаа, залуу хариу ам нээсэнгүй.

Тийнхүү бидний яриа хумигдаж дор бүртээ бодолд автан явлаа. “Эхнэрээ хаяад, гэрээ орхиод, үг чиггүй оргож босч яваа байх нь ээ. Мэдсэн бол авдаггүй л байж. Манайхан зарим нь дэндүү арчаагүй юм даа. Хүн шиг ажиллаж, амьдарч чадахгүй, Аягүй бол үр хүүхдээ эцэг эхийн дайтай өсгөж хүмүүжүүлж чадна гэхэд ч эргэлзмээр. Ёстой л их усанд шидэгдсэн өчүүхэн зомгол шиг хаашаа л бол хаашаа урсаж явах юм даа” гэж бодсоор явж билээ...

Маргааш нь бид Улаанбаатарын зүг хөдлөв. Нэлээн явж байтал өөдөөс цулбуураа унжуулсан ганц цагаан адуу ширүүхэн давхин гарч ирж, тэрэгнээс дөлөн тэр эрчээрээ зөрөн өнгөрлөө. Жолооч маань түүнийг хараад:

-Энэ ч лав, нутгаан гүйсэн адуу байна даа гэв. Хот газар өссөн мань мэт нь адуу малд дөр муутай, аяг аашийг нь бүр ч мэдэхгүй тул:

-Яаж байна? Нутаг руугаа гүйж яваа гэж та яаж мэдээв? гэхүл жолооч маань:

-Яахав дээ, андаш алга шүү дээ. Нутгаан гүйсэн адуу л ингэж явдаг юм даа гээд дуугүй болов.

Тийнхүү цааш бас хэдэн гүвээ давтал өөдөөс уурга барьсан, хар дээлтэй хижээл хүн аанай л ширүүхэн давхиулж явснаа биднийг үзээд уулзах гэсэн бололтой, жолоогоо татан, явдал саан ойртож ирэв. Бид ч дөхөж очоод зогслоо. Мэнд усаа мэдсэний дараа тэр хүн:

-Та нарын замд ганц бүгээн адуу харагдав уу? гэв. Би “Нээрээ л нутгаан гүйсэн адуу байж шүү!” гэж бодоод суудал дээрээ өндөлзөн эргэж:

-Харсаан, харсан. Нэлээн цаана давхиж өнгөрсөн! гэвэл:

-За, тийм байх аа. Энэ урд сумын айлаас авсан адуу л даа. Сүрэгт нийлэхгүй нутгаан гүйгээд байх юм аа гээд араас нь хөдөллөө. Бид ч цаашаа хөдөлж аяны замаа хөөв.

Хэсэг дуугүй явснаа жолооч маань:

-Юу гэж хэлж өгч байгаа юм бэ дээ гэж асуусан, халагласан янзтай хэлэв.

-Юу гэнэ ээ, та? Эрлийн хүн малаа сураглаж явсан бус уу? гэвэл:

-Тийм нь ч тийм. Гэхдээ нутгаан гүйсэн адууг хэлдэггүй л гэдэг юм даа гээд аанай л дуугүй болов.

Энэ үг надад ихийг бодогдууллаа. “Нутгаан гүйсэн адууг хэлдэггүй гэнэ ээ? Гайхалтай, тийм ээ, бүр гайхамшигтай. Энэ чинь жинхэнэ монгол ёс, жинхэнэ малч ухаан, энэрэнгүй нинжин сэтгэл бус уу? Хүний санаанд оромгүй, яльгүй бага юм шиг атлаа яасан агуу их сэтгэл, адуу малаа хайрлах холч, малч ухаан шингэсэн ёс вэ?” гэж бодохоос гэнэт өчигдрийн хүүхэд тэвэрсэн залуу санаанд орж ирэв. “Ингэхэд би хоёр гэм хийчихсэн байна шүү дээ. Тийм ээ, хоёуланд нь алдаж!” хэмээн өөрийгөө зэмлэсээр явсан билээ. Одоо ч энэ явдал сэтгэлээс гардаггүй юм аа...

За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол энэ болон өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.

Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар

Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр тохиож байна
Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр тохиож байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.