Н Бүргэдаа Говь-Алтай нутгийнхаа Уул усыг эргэж, нутгийн иргэдийнхээ амьдрал ахуйтай танилцсан тэмдэглэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
19 минут 11 секунд
Н Бүргэдаа Говь-Алтай нутгийнхаа Уул усыг эргэж, нутгийн иргэдийнхээ амьдрал ахуйтай танилцсан тэмдэглэл

Н Бүргэдаа Говь-Алтай нутгийнхаа Уул усыг эргэж, нутгийн иргэдийнхээ амьдрал ахуйтай танилцсан тэмдэглэл

 

burgedaaМонголын анхны 13 аймгийн нэг хангай, говь хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг Говь–Алтай аймаг 18 сумтай билээ.  Тус аймгийг 1990 оноос хойш өдийг хүртэл МАН удирдаж байсан бол сүүлийн жилүүдэд АН-ын улс төрийн хүчин удирдаж байгаа юм. Гэхдээ аймаг орон нутаг хөгжиж байвал ямар улс төрийн хүчин удирдах нь сонгогчдод нэг их чухал биш. Говь-Алтай аймаг нутаг дэвсгэр томтой үзэсгэлэнт байгальтай баялаг ихтай. Гэвч хөгжлөөрөө бусад аймгуудаас өрсөлдөх чадвараараа хол “хаягдаж” эхэлсэн нь нууц биш.  Хөрш зэргэлдээ орших Баянхонгор, Ховд аймгууд хөнжиж байхад Говь-Алтай хэдэн жилийн өмнөх хуучин төрхтэй хэвээр.  Энэ бүх байдлыг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул иргэн Нанзадын Бүргэдаа нүдээр үзэж биеэр туулж тус аймгийн 18 сумаар зочилсон байна. Өнгөрсөн сар шинийн баяраас хойш тус аймгаар тойрон айлчлал хийж нутгийн зон олонтой уулзат ярилцлага хийжээ. Энэ үеэр Говь-Алтайчуудад тулгамдсан асуудал олон байсан төдийгүй амжиргааны түвшин ч тааруу байгааг иргэд онцолж ярьж байлаа. Тэрээр тус аймаг сумдын малчидын амьдрал, малын бэлчээрийн даац, саравч, худаг усны талаар болон дэд бүтэц зэрэгт судалгаа хийж орон нутгуудаар явсан байна. Энэ үеэр хүндрэлтэй сумдууд их таарсан гэнэ. Ялангуяа энэ мичин жил маш хатуу хүнд жил болж магадгүй учир тачирхан ургамалтай, хадлан авдаггүй, малын тэжээл муу газрууд зуданд нэрвэгдэх магадлал өндөртэй байгаа аж. Мөн дэд бүтцүүд нь хуучин шинээр баригдсан хэдхэн барилга нь эхнээсээ муугаа харуулж эхэлсэн бөгөөд хэд хэдэн шинээр баригдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв нь эхнээсээ царцаж ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм байна. Үүнээс өөрөөр нэмэгдэж шинэчлэл хийсэн зүйл гэвэл сум болгонд морины хөшөө, саад нэртэй хуучин хашааны мод барьсан иргэдийнхээ нүдийг хуурсан дүр зураг угтжээ.

Үүгээр ч зогсохгүй Говь-Алтай аймаг усны гачигдалд ороод байгаа.  Тус аймгийн  Баян-Уул Хөхморьт, Дэлгэр, Чандмань, Цогт гэгчлэн сумдын иргэд усны хомсдлоос гадна хүнсний наад захын шаардлага хангахгүй ус хэрэглэсээр олон жилийн нүүрийг үзэж байгаа аж. Зургаан суманд ундны усанд агуулагдах хлор, магни байх ёстой хэвийн хэмжээнээс хэд дахин их бөгөөд үүнийг цэвэршүүлэх ямар ч технологи байдаггүй байна. Мөн аймгийн төвийн айл өрхүүдийн хэрэглэж байгаа усны кальци магнийн харьцаа алдагдсан хлор байх ёстой хэмжээнээс дэндүү их байгаа нь тус аймагт шар өвчин байнга дэгддэг, ходоод, гэдэс, дотрын өвчлөлөөр тэргүүлж байгаагаас нь харж болох аж. Малчид нь тус аймгийн жижиг голоо даган бөөгнөрч суурьшиж эхэлснээс болж бэлчээрийн даац нь муудсан байдаг аж. Гар аргаар алт олборлогчид буюу нинжа нар мөн уул уурхайн компаниудын анхаарлыг зүй ёсоор татдаг тус аймгийн хувьд гакрын баялаг ихтэйгээсээ болж ийнхүү усны хомсдолд орсон гэлтэй. Одоогийн байдлаар л гэхэд 200 гаруй уул уурхайн лицензтэй ордтой тус аймгийн төмрийн нөөц 80 сая тонн, нүүрсний нөөц 40 сая тонн гэсэн тоо гарч  хил залгаа  Хятадуудын шүлсийг гоожуулаад байгаа юм. Энэхүү ард түмний баялагыг мөнгөнд сохорсон баячууд нь тус аймгийн Цээл суман дахь баялагыг хятад руу 150 тн-ы хүнд даацын машинаар өдөр шөнөгүй зөөж байгаа тухай дурдаж байлаа. Тус аймаг усны хомсдлоос гадна түлэх түлшгүй болж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байгаа гэнэ. Соц нийгмийн үед тус аймаг хангайн аймгуудтай гэрээтэй харилцан ашигтай солилцоо хийдэг байжээ. Тухайн үед айл бүрт мод нийлүүлдэг байсан бол өдгөө энэхүү гэрээ хувьчилсан нийгэм гарснаас хойш алдагдаж эхэлжээ. Улмаар иргэд нь түлэх түлшний хомсдолд орж элсний нүүдлийг дардаг гол бутлаг ургамлуудын хожуулыг авч түлээд эхэлсэн байна. Үүнээс болж элсний нүүдэл эрс нэмэгдсэн гэж байв. Монгол орныг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй таван хошуу мал билээ. Мал сүрэг бол манай улсын үндэсний баялаг бөгөөд тэрхүү мал сүрэг нь үеийн үед Монгол төрийн хамгаалалтад байнаа гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг. Гэтэл мал нь баялаг, төрөөр хамгаалагдсан байдаг бол малчдаа ч урамшуулах ёстой гэж санагдах. Гэтэл өнөөгийн малчид маань ямар нэг нийгмийн халамжид бүртгэлгүй, цалин пүнлүү байхгүй, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал зэрэг төрөөс үзүүлэх ямар ч үйлчилгээ алга байгааг шүүмжилж байлаа.

Өөрийн төрсөн аймгийнхаа хөгжил бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулах гэсэн хүсэл сэтгэлтэй Н.Бүргэдаа тус аймгийн 18 сумаар зочилж байгалийн сайханг бишрэхийн сацуу зон олныхоо санаа бодлыг хуваалцаж ярилцаж явжээ. Хамгийн сүүлд Алтай, Дарив, Тонхил, Цээл, Бугат, Төгрөг сумдаар оржээ. Түүний зарим сумдаар айлчилсан аян замын тэмдэглэлээс цухас дурдмаар санагдлаа.

Алтай нутгаар айлчилсан тэмдэглэл

Алтайн үзэсгэлэнт газар нутагаа бахархан Алтайчуудтайгаа уулзах аялал маань гурав дахь өдрөө үргэлжилсээр бид аймгийнхаа баруун хойт хязгаарын Тонхил сумаас Алтай сумыг чиглэн хөдлөв. Цаг агаарын хүндрэл бэрхшээлтэй цочир хүйтэнд малгайлан орох цасыг үл хайхран замдаа Төгөрөг сумаар түр буудаллаад Мааньтын үзэсгэлэнт хавцалыг өгсөн уруудан асга хад цавчин ханан хад нь арзайж барайсан Улаан хайрхан уулын өвөр бэлээр давхилаа. Бидний зорьсон хэрэг бүтэмжтэй,очсон газар бүрт түмэн олноор цуглаж Алтай нутаг ,алтайчуудын амьдрал ахуй ,төр засгийн бодлогын ололт амжилт,алдаа дутагдлын талаар илэн далангүй ,чин сэтгэлийн яриа хөөрөөр өрнөж байсанд их л урамтай ч хүйтэн жиндүү цасан шуургатай байсан ч сэтгэл санаа өөдрөг машинд маань халуун дулаан уур амьсгал бялхаж байлаа.Замын урт,чичиргээ доргио үл анзааран дараагийн уулзалтандаа хэлэх зүйлээ дотроо бодон төлөвлөсөөр бас л Алтайн нутгийнхаа халтар манан уулсын сүрлэг сайханд автан нэг мэдэхэд Цэнхэр номингийн цэлгэр өргөн говь нүдний өмнө цэлийх нь тэр ээ, цасан шуурга ч намдлаа. Дархан хилийн манаа аятай умар өмнөөс сүндэрлэх Аж богдын нурууны өвөрт гангат харуулаас баруун хойш Алтай сумын төвд ирэв. Биднийг угтсан сумын удирдлага намын нөхөдтэйгээ аялалын зорилго төлөвлөгөөг танилцуулаад амарлаа. Өглөө эртлэн босход намрын алтан нар гийсэн сайхан өглөө угтаж алтайн чанадах цэнхэр номингийн говь үргэлжлэн тэртээ баруунтайгаас хилийн чанадад алдарт тэнгэр уулс /тяньшаны нуруу/ улсын торгон хил дагаж тогтсон эрээн нуруу сүндэрлэн харагдана. Нүд алдам цэлийх их говийн баруун хойдод тахийн шар нуруу сүмийн харагдана. Сумын соёлын төвд цагаан идээний баярын арга хэмжээ болж сумын удирдлага хамт оролцов. Буянт мал сүргийн ариун буян сүү цагаан идээ бялхаж байна. Ажын бор хэмээх монгол даяар алдаршсан зузаан бор ааруул тансаг нэрмэл архи зэрэгцээ алтан говийн хөрсөнд ургасан ногоо арьс ширээр хийсэн бурантаг бугуйл тохош эмээл чөдөр ногтын зэрэгцээ говийн ажилсаг бүсгүйчүүдийн уран гараар оёсон хатгамалууд үзэж худалдаа хийлээ. Энэ өдөр эх орны соргог манаа болсон хилчид агаарын довтолгооноос хамгаалах дайчидтай уулзалт хийн анги танхимуудтай танилцан уулзалт хийлээ. Төр засаг нь цэргийн албан хаагчид тэдний гэр бүлийнхэн албаа сэтгэл хоёрдолгүй хаах нөхцөл бүрдүүлэх эрх зүй нийгмийн хамгааллын баталгаа бүрдүүлэхэд ихээхэн анхаарах шаардлагатайг мэдэрч байлаа. Ялангуяа гэр бүлийнхний ажил эрхлэлт үр хүүхдүүдийн сургууль цэцэрлэгт сурч хүмүүжих орчин тун хомс хязгаардлагдмал байна. Өлөн нүдээр харвал зэвсэглэл техник холбоо хэрэгсэл хоцрогдмол байнадаа гэж бодогдоно. Ер нь төр засаг улс орныхоо аюулгүй байдалыг хангах батлан хамгаалахыг бэхжүүлэхэд онцгой анхаарах цаг болждээ гэж өөрийн эрхгүй бодогдоно. Төр амраад ахмад настан залуус эмнэлэг сургуулийн төлөөлөл албаны хүмүүстэй уулзсаар улмаар 18 цагт сумын иргэд цэргийн ангийн дайчидтай уулзлаа. Уулзалтанд 400 гаруй хүн оролцсоныг сумын удирдлагууд ийм олон хүн цугларсныг анх удаа харлаа хэмээн чин сэтгэлийн яриа өрнүүлж дараа нь УДБЭ чуулгын дуучид бүжигчид уран бүтээлээ толилууллаа.

altaisumirged

altaisum

altaisum1

altaibaigali

25 жил биднийг хуурлаа…

Говь Алтай аймгийн Халиун, Шарга сумдын нутгийн зон олонтой ярилцлага уулзалт хийв. МАН, АН нэртэй эдийн  засгийн бүлэглэлийн дээрэмчдийн тухай ард олон маань хурцаар шүүмжилж байв. Тэрээр “25 жил тэдэнд хууртаж амаараа шороо үмхлээ.  Энэ 25 жилд бусад орнууд хөгжилийнхөө дээд зэрэгт хүрлээ. Харин Монголд ядуурал, ажилгүйдэл улам ихсэж байна. Монгол төр, Засгийн газар ард түмнээ өрөнд бариулж 20.9 тэрбум долларын өрд орж ,дээрх намуудын нийлсэн хэдхэн гэр бүлийн тэрбумтнууд язарталаа баяжиж байна. Монголын эрдэс баялаг уул уурхайг гадаадын эдийн засгийн луйварчидтай хуваан дээрэмдэж гадагшаа зөөж дууслаа Монголын төрийг зуун зуун удирдан төр барьж байсан хаад, төрийн зүтгэлтэн ухаант мэргэдийн маань хойч үедээ НӨӨЦӨЛЖ хурааж байсан баялагыг 25н жил цөлмөж зөөж дууслаа” хэмээн ихэд шүүмжлэлтэй хандаж байв.

haliunsum

Алтай нутгийн зон олон ,малчидын амьдрал өөдөлсөн юмгүй

Маргааш өглөө эртлэн босч их шар хөтөлөөр даван Сухайтын хөндийг туулан Таянгийн төмөрлөгий хүдрийн уурхайгаар дайран Цээл суманд ирэв
Сумуудаар явахдаа хамгийн хөгжсөн сум Цээл байх гэж бодож очсонсон. Гэтэл яг хуучнаараа урьд нийгэмд баригдсан хэдэн барилга тэр л хэвээрээ угтав. Энэ сумын хажууд нь асар том баялаг хүдрийн уурхай байдаг. Энэ их баялаг эрдэс хаачив, хэн зөөгөөд авчив !!!. Ард түмэн Засаг захиргаа нь яагаад хяналт тавьдаггүй, татвар төлөөсөө авдагүй, Орон нутаг нь хөгждөггүй юм бол гэж гайхсан шүү.  Алтайн маань хөрсөн доорхи, дээрхи энэ их баялаг хэний гарт орсон юм бол гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү
Мөнөөх Таянгийн уурхайн замаар хүнд даацын (150 д тоннын) машин тэвш дүүрэн хүдэртэй тасаралтгүй цуварсаар л… Ач буян нь алтай нутагт минь туссан нь нүдэнд үзэгдэх юмгүй ,газар доорхи эрднэсийг минь гадаадынхантай хүйвалдсан дээрэмчин луйварчин түүхий чигээр хямдаар хил давуулан зөөж өвөр түрүүвч түнтийсээр ч Эх орон ,ард түмний тусын төлөө, Алтайчуудын амьдрал ахуйд өгөөж буянаа өгсөн нь үгүй л байна даа.
Дараа нь Бугат, Төгөрөг сумдад ажиллав. Уулзалт цэнгүүн хийж настайчууд залуучууд ажилтан малчид ,эмч,нартай чин сэтгэлийн яриа хөөрөө өрнүүлэв
Алаг хайрхан Бугат хайрхан Цагаан хайрхан Гишгэний тал Шаргын говь алтай нутаг минь ,зун сайхан болж ,өвс ногоо элбэг боловч.сэтгэл минь нэг л гундуу л явлаа. Алтай нутгийн зон олон ,малчидын амьдрал өөдөлсөн юмгүй нүдэнд тусахгүй , буянт малын түүхий эд ,мах ,цагаан идээ ,арьс шир,ноос ноолуурын үнэ өртөг үнэгүйдэлд орсон , хөдөө хашаа саравч муудаж худаг ус муутай болж ,сумын барилга , дэд бүтэц хуучирсан. Шинээр төлөвсөн эмнэлэг сургууль зарцаад зогсчихсон ,эдиийн засаг ,мөнгөний хямралд орсон ,дэлгүүр хоршоонд байгаа бараа таваарын үнэ өртөг хотынхоос хавьгүй өндөр.Сумын төв болгонд морьний бас нэг хэвийн цэцэрлэг нэртэй хашаа л байна даа.
Хөдөөд л ёстой нэг улс төржиж байна даа ,өөр нам ,өөр үзэл бодол нэгнээ хавчин гадуурхаж нүд үзүүрлэн ажил албагүй хохироодог нь гэм биш зан болж байна. Хүний мэдлэг боловсрол,дадлага туршлага ёстой хог дээр хаягдажээ.Манай төрд хөдөөгийн бодлого гэж байна уу. Мал сүрэг төрийн хамгаалалтанд байх Үндсэн хуулийн заалт хаачив гэж асуумаар байна. Малчид цалин хөлсгүй (адаглаад өрхийн тэргүүн) нийгэмийн даадгал хангамж байдаггүй ,эрүүл мэндийн даатгалд хамрагдадгүй. Малчин мал хоёроо хөсөр хөдөө гээжихсэн юм бишүү. Хөдөөгийн хүн ,залуучууд,малчидаа харж хандсан,аж төрж ,амьдрах нөхцөлийг хангасан төрийн бодлого үгүйлэгдээд байх шиг.
Ай хөөрхий Алтай сайхан нутагт маань амьдрал нэг иймэрхүү л байна даа.

irgeddsumiin

buj

uuluurhaigovi

Сум тус бүрд асуудалгүй зүйл гэж нэг ч байсангүй. Болохгүй бүтэхгүй бүхнийг дурдаад байвал хэзээ ч дуусахгүй мэт сэтгэл өмрөх шиг болж байгаа тухай Н.Бүргэдаа бодолд автан өгүүлж байв. Тэрээр энэ бүхнээс гарах шийдэл олон байгааг ч дурдав.

Тэрээр нэгдүгээрт: Худаг сэргээх боломж. Тус аймагт хамгийн ихээр үгүйлэгдэж хэрэгтэй байгаа асуудал бол усны асуудал юм. Тиймээс худаг шинээр засварлан барьж говиудад орос технолгийн гар ажиллагаатай худаг шинээр байгуулж тус аймгийн орон нутагт мал аж ахуй, иргэдийг цэвэр усны хэрэглээгээр хангах боломж юм.

Хоёрт: Иргэдийн амжиргааг залгадаг гол хүчин зүйл болох малын бэлчээр, саравчыг шийдэж өгөх. Өнөөгийн хөгжлийн эрин үед барилга байгууламжын материал элбэг болсон цаг үе. Тиймээс малтай айл бүрт сендвичин саравч, модоор хангах нөхцлийг бүрдүүлэх явдал.

Гуравт: Хангай нутгийхантай гэрээгээ дахин сэргээж, түлшний асуудлыг шийдэж өгөх. Энэ асуудлыг төрөөс санаачлан оролцуулж шийдэх хэрэгтэй. Говь нутагт хужир давс ил эрдэс баялаг их байдаг Тиймээс бусад аймгуудтайгаа солилцоо хийх зэргээр шийдэж болох, хүнд байдлаас гарах олон шийдлүүдийг бий болгох боломжтой юм.

Дөрөвт: Малчдыг нийгмийн халамжид хамруулах. Адаглаад нэг малчин айлын өрхийн тэргүүнд цалин олгох хэрэгтнэй.

Тавт: Говь-Алтай аймаг дахь бүх хуучирсан дэд бүтцийг өөрчилж шинэчлэх. Зам дагж хөгжил гэдэг. Тиймээс зам төслийг хэрэгжүүлж тус аймгийн орон сууц болоод сургууль цэцэрлэгийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх. Мөн шугам сүлжээг сэргээх хэд хэдэн хийгдэх шаардлагатай ажлуудыг нэн даруй шийдвэрлэнэ.

Зургаа: Хөдөө орон нутаг баялаг бүтээх маш их боломж бий. Ноос ноолуур, арьс ширний жижиг дунд үйлдвэрлэлийг байгуулах асар их бололцоо бий. Үүнийгээ дагаад аймаг сумдын иргэдэд ажлын байр бий болж хөгжилд хүрэх нэг алхам болох юм.

Долоо: Аймаг сумдад хамтын гудамж, нөхөрлөл төсөл боловсруулан айл саахалт гудмаар нь үл хөдлөх хөрөнгийг нэгтгэн үнэлэж их хэмжээний зээл авч гудам, сум, бригаддаа сүүлийн үеийн технологийг ашиглан үнэ хямдтай жижиг дунд үйлдвэрлэлийн барилга барьж хамтдаа ажлын байртай болох боломжыг бүрдүүлж өгөх.

Энэ бүхнийг бүтээн байгуулахад залуучууд та бүхний оролцоо хамгийн чухал. Аймаг сумдын иргэд нам гэсэн том бүлэглэлээс өөрсдийгөө холдуулж үндсэрхэг үзэл бий болгож нутгийнхаа нэрийг гаргаж хөгжүүлэх хэрэгтэй байна. Цаашид нутгийн хөгжлийн төлөө хийх ажил их байна. Үүнийг өөрийнхөө мөрийн хөтөлбөр болон намын хөтөлбөртэй уялдуулан олон ажлууд хийхээр төлөвлөж байна.

Алтайчууд бид хамтдаа хийж бүтээх зүйл их байна. Говь-Алтай аймгаа Монголын бар болгож хөгжүүлнэ гэдэгтээ Н.Бүргэдаа итгэл дүүрэн хэлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 
Монголын эрэгтэй сагсчид Ираны багт хожигдлоо
Монголын эрэгтэй сагсчид Ираны багт хожигдлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.