Одод болохын хүслэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 4 секунд
Одод болохын хүслэн

Одод болохын хүслэн

 
20 минутын өмнө

 

        УИХ-ын гишүүд“од” болохын их хүслэнд автаад эхэлжээ. Өөрөөр хэлбэл, сонгууль дөхөхөөр сэдэрдэг улстөрчдийн өвчин нь ч гэж нэрлэж болох юм. Энэ нь ерөөсөө л ард иргэдийн сонголтоо хийх хугацаа ойртох тусам ямар ч хамаагүй аргаар /сайн, муу/ хэвлэлийнхний анхааралд өртөх, ингэснээр олны нүдэнд дасал болох гэсэн ядмагхан арга. Практикаас харахад энэ арга“том” улстөрчдөд төдийлөн шаардлагатай биш байгаа юм. Харин жижиг гарын буюу Ц.Нямдорж гишүүний хэлдгээр оймсонд хавчуулж орж ирсэн/ УИХ-д/ зарим нөхөрт тун хамаатай, шаардлагатай арга бололтой. Хараад байхад төр түшилцэх үндсэн зорилгоо умартаж“од” болохын хүслэнд автсан нөхөд энэ УИХ-д мэр сэр байна. Бүр түүнийгээ ил цагаан зарлаж байх жишээтэй. Зурагтаар гарч, олны нүдэнд өртөөд байвал “од” болчихно гэж санасан жаахан хүүхдийнх шиг хүсэлтэй томчуул бас байх юм. Тэр дундаа төрийн түшээ хүн ажлаа хийх бус ямар ч хамаагүй аргаар олны анхааралд өртөж, сайн муу алинаар нь ч бай хэлүүлж байгаад“од” болох хүсэлтэй болчихсон, түүнийгээ хэрэгжүүлээд яваа нь харамсалтай. Олон түмний ой санамжаас мартагдахгүйн тулд энэхүү “од” ажиллагааг эхлүүлээд байгаа улстөрч бол О.Баасанхүү.

 

Тэрбээр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын албан тушаалдаа дулдуйдан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахаар тогтоолын төсөл өргөн барьчихаад байгаа. Учир нь түүний байнгын хороонд ЗГХЭГ-ын даргатай холбоотой маш олон гомдол ирсэн бөгөөд түүндээ“Хариулт хүссэн ч эс хариулсан, Хэрэг эрхлэхийн дарга гишүүнийг үл тоосон” гэсэн багахан шалтгаантай. Гэхдээ энэ нь шалтгаан гэхээсээ илүү шалтаг гэж харагдаад байгаа юм. Бас нөгөө талаас О.Баасанхүү гишүүний хувьд “Томрохын, тод байхын тулд томчуудыг оролд” гэдэг улс төрийн хүрээний бичигдээгүй хуулийг ашиглаж байгаа хэрэг л дээ. Учир нь, С.Баярцогтыг огцруулах О.Баасанхүүгийн саналыг дэмжих хүн энэ засагт байхгүй. Өршөөлийн хуулийг батлуулах эвслийн хүсэл, тэднийг засагтаа нэгтгэж, бүтэн болох АН-ын ашиг сонирхлын үндсэн дээр энэ засаг арай гэж бүтэн болсон. Ингэснээр “Шударга ёс” эвслийн бүлгийн 11 гишүүний ес нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт багтсан энэ үед эрх баригч намынхаа нэг гишүүнийг засгаас сугалах О.Баасанхүүгийн санаачилгыг дэмжих хүн гарахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн санал гаргаж, Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоол өргөдөг байдалд Үндсэн хуулийн Цэц цэг тавьчихаад байгаа. Цэцийн энэхүү шийдвэрт О.Баасан хүү гишүүн ихээхэн дургүйлхэж байгаа бөгөөд“Намайг санал гаргасан үед Цэц улстөржиж ийм шийдвэр гаргалаа” хэмээн галыг өөр дээрээ дуудаж суугаа. Хуруун чинээхэн мөртлөө уулын чинээ сэтгэнэ гэдэг энэ. Өөрийг нь С.Баярцогтыг огцруулах тогтоол өргөн барингуут нэг иргэн гомдол гаргаад Цэцэд хандаад, Цэц нүд ирмэхийн зуурт хуралдаад О.Баасанхүүг болиулах гээд байгаа мэтээр хэвлэлийнхэнд тайлбарласан.

 

Гэтэл үнэндээ УИХ-ын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгааг олж харсан судлаач залуус өнгөрсөн оны сүүлээр энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан байдаг. Энэ талаар гомдол гаргагчдын нэг М.Мөнхжаргал өөрөө тайлбарласан. Цэц энэ асуудлыг багагүй хугацаанд судалсны эцэст өнгөрсөн долоо хоногт хуралдаж, шийдвэрээ гаргасан хэрэг. Нэг ёсондоо УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргаж болохгүй гэсэн нь О.Баасанхүүгийн өргөсөн тогтоолын төсөлтэй огт холбоогүйгээр гарсан шийдвэр. Үнэндээ үүнийг нөхөр өөрөө мэдэж байгаа нь ойлгомжтой. Тийм ч учраас“С.Баярцогтыг огцруулах тогтоол олонхийн дэмжлэг авах эсэх нь миний гол зорилго биш” гээд сууж байх жишээтэй. Засгийн газрын нэг гишүүнийг огцруулна гэж баахан харайлгачихаад өнөөхийг нь УИХ хэлэлцээ ч үгүй байхад “Олонхийн дэмжлэг авах эсэх нь хамаагүй” гээд сууж байгааг юу гэж ойлгох вэ. Ёстой л өнөөх оймсонд хавчуулагдаж орж ирснийх нь балаг энэ байх даа.

 

Уг нь Хэрэг эрхлэхийн даргыг огцруулах тогтоол өргөн барьсан О.Баасанхүү гишүүний энэ үйлдлийг олон нийт арай өргөнөөр харсан. Нам нь засагт хамтарчихаад байхад нэг гишүүнийг нь огцруулах гэж байгаа нь эвслийнхэн АН-ынхныг хэзээ ч тонгорч магадгүй гэх хардлагыг төрүүлээд байлаа. О.Баасанхүү засгаас нэг гишүүн сугалах тухай ярьж явахад засагт хамтарсан эхний өдрөөсөө З.Баянсэлэнгэ нь Өршөөлийн хуулиар завсарлага авч байх жишээтэй. Энэ мэтээс харахад эвслийнхэн барьцгүй учраас энэ мэтээр барьцаалсаар дахиад л засгаа унагахвий гэх болгоомжлолыг ч төрүүлсэн. Гэтэл О.Баасанхүү гишүүний энэ үйлдэл ердөө л“од” болох хүсэл төдий байж. Г.Уянга гишүүнийг эс тооцвол эвслийнх нь бүх гишүүн сайд болчихсон энэ үед бүдэг дээрээ бүр ч бүдгэрээд байгаа нэрээ тодруулах гэсэн ядмаг арга байсан нь харамсалтай. Ерөөсөө том утгаар нь харахаар О.Баасанхүү гишүүний ямар ч зорилгогүй энэ үйлдэл нь төрийн түшээд нь төрөөрөө тоглодог болсны тод илрэл. Тэртэй тэргүй огцруулах нь гол биш. Гэсэн ч нэгэнт гишүүн тогтоолын төсөл өргөн барьсан учраас76-уулаа сууж байгаад цаг заваа үрэн байж энэ асуудлыг хэлэлцэж таарна. Гэтэл О.Баасанхүү телевизийн камерт олон удаа яаж өртөхөө л чухалчилж сууна гээд бод доо.

 

Энэ мэт увайгүй, унхиагүй үйлдэл гаргадаг ч түүнийгээ юман чинээ сэтгэдэггүй гишүүн олон. Энд ердөө ганц л жишээ татахад хөдөлсөн даруйдаа 300-400 сая ам.доллар улсын төсөвт оруулж ирэх боломжтой байсан Тавантолгойн төслийг АН-ын томчууд“алалцсаар” гацааж орхисон. Харин энэ гацаалтыг цааш нь амжилттай үргэлжлүүлж, бүтэн хоёр сар хав дарсан Л.Эрдэнэчимэг гишүүн “Тавантолгойг гацааж чадсандаа баяртай байна” хэмээн хээвнэг ярьсан удаатай. Угтаа түүнийг Тавантолгойг гацаах биш явуул гэж ажлын хэсгийн ахлагчаар томилсон ч мөн л буруу ишилсэн сүх шиг ажилласан. Энэ мэтээр зорилгоо умартсан, төрийнхөө эсрэг ажилласан, төрөөр тоглосон гишүүн энд хэдийг бол хэдийг нэрлэж болно. Харамсалтай нь, хоног хугацаа өнгөрөх тусам сонгууль руу дөтлөх учраас энэ мэтээр“од” болох хүсэл нь оволзох гишүүн мундахгүй болох нь.

 

М.Хишигжаргал

 

 
 
- See more at: http://www.unen.mn/content/54033.shtml?alias=politics#sthash.c49QRqin.dpuf
Үнийн өсөлтийг эсэргүүцэн МҮЭХ-ноос өнөөдөр жагсаал зохион байгуулна
Үнийн өсөлтийг эсэргүүцэн МҮЭХ-ноос өнөөдөр жагсаал зохион байгуулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.