Монгол улс дахи өвөр монголчуудын хүний эрхийн зөрчигдлөөс-2
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
39 минут 6 секунд
 Монгол улс дахи өвөр монголчуудын хүний эрхийн зөрчигдлөөс-2

Монгол улс дахи өвөр монголчуудын хүний эрхийн зөрчигдлөөс-2

 

1. Өвөр монголчуудын байдал дээрдэх биш дордлоо
 
Даян дэлхийн өвөр монголчууд ялгаварлан гадуурхах, хохироох хэлмэгдүүлэх явдлуудын золиос болсоор. Дэлхий дээрх хамгийн их эрх нь зөрчигддөг түмэн олны тоонд өвөр монголчууд ордог. Харамсалтай нь, Монгол улсад өвөр монголчуудын эрх ихээр зөрчигддөг. 
 
2013.5.15-нд миний бие японы сэтгүүлийн захиалгаар, өмнө бичсэн зүйлүүд дээрээ суурилан “Монгол улс дахи өвөр монголчуудын хүний эрхийн зөрчигдлөөс...” нийтлэлээ бичиж, тус сэтгүүлд хэвлүүлсэн. Энэ нь миний Токиод тавьсан илтгэлийн суурь ч болж байсан. Түүнээс хойш дээрх сэдвээр их бага зүйлүүд бичсээр ирсэн. Саяхан японы өөр сэтгүүлийн захиалгаар 2013.5.15-наас хойшхи зөрчлийг товч бичиж өгсөн бөгөөд, түүнийгээ Монголын хэвлэлд зориулж, дэлгэрүүлэн тэрлэж сууна.
 
“Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан” гэх хуурамч хэрэгт холбогдон хэлмэгдсэн О.Цэнгэл 2013 оны 6-р сард өлсгөлөн зарлаж, хүний эрхийнхэн нийгэмд резонанс үүсгэн тэмцсэнээр 8-р сард суллагдсан. Ажил амьдрал нь сүйдсэн О.Цэнгэл орох орон, оочих аягагүй тэнэж, нэлээн зовсны эцэст, “Хиян” бөөгийн бүлхэмдлийнхэн түүнийг ажилд авч, орогнох байр олж өгсөн билээ.
 
О.Цэнгэлд хуурамч хэрэг үүсгэн, тамлан зовоосон тагнуулын ажилтан Д.Цогтбаатар бусдыг дарамтлан сүрдүүлж, мөнгө авдаг, хуурамч хэрэг үүсгэдэг зэрэг гэм нүглүүдээсээ болж 2013.6.3-нд шоронд орсон. “Клойбертийн” гэх дуулиант хэргийн нэг эзнээр тодорсон. Гэтэл энэ хүнийг хамсаатнууд нь “шударга ёсны төлөө тэмцэгч ардын баатар” гэж ойлгуулахыг хичээн, бүр түүний тухай “кино хийнэ” гэж байна. Хэрэв энэ хүн зөвдвөл, О.Цэнгэл ахин буруудна. Цэнгэл гадаадын тагнуулын байгууллагын даалгавраар Д.Цогтбаатарыг гүтгэхэд оролцсон гэж өмгөөлөгч Г.Баянбилэг нь хэвлэлээр мэдэгджээ. 
Н.Алхаа Монголд 1992 оноос сууж буй, Монгол улсын иргэнтэй 1994 онд гэрлэж, 1995 онд охинтой болсон. Шоронгоос гарсан Монголын иргэнийг таньдаг хүний гуйлтаар Улаанбаатар луу унаагаараа авчирч өгч тус болсноос болж, дахин хэрэг хийсэн тэр иргэн хамсаатнуудынхаа хамт болон, цагдаагийнхны хамт Н.Алхааг уг хэрэгт гүтгэн, 2013 онд баривчлуулсан. 2013.1.17-ноос хойш цагдаагийн байгууллагад шалгагдан хэлмэгдэж байв (2013.11.11-нд цагаадсан). 
 
2014 оны 5-р сард Монголын Иргэн харьяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ, Mongolian Immigration) Н.Алхааг "БНХАУ руу гар, эсбөгөөс албадан гаргана" гэж тодорхой үндэслэлгүйгээр, албан ёсоор сануулснаас болж, тэрбээр "хэрэв тэгэх аваас өөрийгөө шатаана" гэж мэдэгдэж, хэсэг хугацаанд тэр зорилгоор машиндаа байнга тусгай савтай бензин авч явах болжээ. Харин 2014.6.5-нд түүнд ИХШХЕГ оршин суух эрх өгчээ. 
Тэгэхэд “нэг жилийн дараа харьяат болох боломж бий” гэж ИХШХЕГ-ын дарга хэлж байсан ч хэрэгжээгүй.
 
Өдгөө ч Н.Алхааг гэмт хэрэгт гүтгэн холбогдуулах гэж оролдсоор. Тэрбээр ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах хүсэлт тавьсны дараа хариу ирээгүй бөгөөд, харин Монгол дахи цагаачдын дээрмийн бүлгийн толгойлогч гэсэн асуудлаар хууль хяналтынхан ороож эхэлсэн.
 
2013 оны 10-р сард Улаанбаатар гэдэг бизнесменийг зодож жанчин айлгаж, мөнгийг нь дээрэмдсэн, хохирлыг арилгаагүй. Ер нь өвөр монголчуудыг дээрэмдэх ажилд гаршсан залуус байдаг бөгөөд, зарим нь өөрсдийгөө өвөр монголчуудын эрхийг хамгаалагч гэж цоллон өргөмжилдөг гэх яриа ч дуулддаг.
 
2. Ойрхон гарсан хоёр ноцтой хэрэг
 
Ши Жин Пин ирэх сургаар баахан бужигнуулж хэлмэгдүүлсэн бөгөөд, Монголын Тагнуулын ерөнхий газар (ТЕГ), ИХШХЕГ хамтран, Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарыг Монгол улсаас албадан гаргах ажлыг зохион 2014.5.13-14-ний өдрүүдэд байгуулж гүйцэлдүүлсэн.
 
2014 оны 3-р сарын 4-нд Тулгуурыг, 4-р сард энэ гурван залууг албадан гаргах асуудлыг ИХШХЕГ, ТЕГ тодорхой үндэслэлгүйгээр тавих болсон. Анхны гарах сануулга өгсөнөөс хойш ИХШХЕГ, ТЕГ-ын ажилтнууд байнга хардаж сэрдэх, асууж шалгаах, улс төрийн шаардлага тавих, хянах мөшгих зэрэг үндэслэлгүй бөгөөд хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдээр тэднийг дарамталж байсан. 
 
Тус оны 5-р сарын 8-нд НҮБДДКГ-ын Бангкок дахь бүсийн төлөөлөгчийн газрын дарга Жеймс Линч ИХШХЕГ-ын дэд дарга Цолмон нарын ажилтнуудтай уулзаж, гурван залууг албадан гаргаж болохгүй үндэслэлүүдийг тайлбарлажээ.
 
5-р сарын 9-ний Баасан гарагт, Н.Алхааг Монгол улсын ТББ-ууд өмгөөлөн хэвлэлийн хурал хийхэд сонирхон ирсэн дээрхи 3 залууг ТЕГ хүчээр авч явж, өдөржин саатуулсан. Тэгээд тэднийг зөрчил гаргаагүй байна, албадан гаргахгүй гээд суллаж, 5-р сарын 12-ны Даваа гарагийн 8.30 цагт бичиг баримттайгаа ирээрэй, та нарыг сургаж өгнө гэжээ. 
 
5-р сарын 12-нд, хэлснийх нь дагуу очиход, гурван залууг үдээс өмнө ТЕГ дээр, үдээс хойш ИХШХЕГ дээр саатуулж, 20 цагт ИХШХЕГ-ын ажилтнууд Д.Далайбаатар, Н.Тулгуурыг Монгол улсын өмнөд хилийн орчмын Замын-Үүд суурин руу авч явж, 5-р сарын 13-нд БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. Ингэхдээ, ямар ч баримт нотолгоо үндэслэлгүйгээр хууран мэхлэж бичиг баримтыг нь хураан авч, утсыг нь унтрааж, хоол ундгүй, бие засуулахгүй хорьж, зодож дарамталж, цочир хүйтэрсэн өдөр өмссөн нимгэн хувцастай нь хил рүү авч яван гаргаж, ар гэрийнхэн, ойр дотныхон, сургууль, ажлын газрынханд байтугай өөрсдөд нь ч юу болоод байгааг огт үл мэдэгдэн, хүний эрхийг онц ноцтойгоор зөрчин, хүн хулгайлах, наймаалах хэрэг гэж хардагдахаар ажиллагаа явуулсан. 
 
В.Түвшинзаяа болон эхнэрийнх нь холбогдолтой Чех улсын виз гарсан тул энэ залууг харин үлдээжээ. Маргааш нь буюу 5.14-нд ИХШХЕГ-ын ажилтнууд нислэгийн өмнө онгоцны буудалд шууд ИХШХЕГ-ын хорихоос хүргэжээ.
 
Монголд тэднийг зөрчил гаргасан гэж Монголын аль нэг төрийн байгууллага үзсэн талаар 6 сарын турш ямар нэг баримт, мэдээлэл олдоогүй. Тиймээс Монгол улсаас албадан гаргасан, 10 жил Монгол улсад нэвтрэх эрхгүй болгосон нь үндэслэлгүй байв. Гагцхүү асуудлыг нь НҮБ эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргахгүй гэсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн гарын үсэгтэй бичиг л байлаа.
 
Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарыг:
-Оршин суух эрхийг хууль ёсоор сунгалгүй,
-Тодорхой үндэслэлгүйгээр гарах сануулгыг удаа дараалан өгч,
-НҮБДДКГ-ын орогнол хүсэгчийг аюул эрсдэлтэй орон луу албадан гаргаж болохгүй гэсэн зүйлийг үл тоомсорлож, 
-НҮБДДКГ-ын Бүсийн төлөөлөгчийн газрын дарга Ж.Линчийн биечлэн уулзаж өгсөн тайлбарыг үл ойшоож, 
-ХЗЯ-ны “НҮБ асуудлыг нь эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргахгүй” гэсэн шийдлийг огоорч, 
-НҮБДДКГ, Эмнести Интернешнл зэрэг нэр хүндтэй байгууллагуудын ноот бичгүүдийг үгүйсгэж, 
-Албадан гаргах шийдвэргүйгээр, 
-Ар гэр, ойр дотны хүмүүст нь мэдэгдэлгүйгээр, 
-Хуурч мэхлэн албан бусаар албадан гаргасан ноцтой хэрэг болсон.
 
Тэдэнд БНХАУ-ын зүгээс ямар нэг ял шийтгэл, хязгаарлалт учруулаагүй байна. Далайбаатар 2014 оны эцсээр арай чарай Хятадаас Япон руу гарч, улмаар орогнол эрэн Балба, Тайланд, Эмирт улсуудад очиж, одоо Солонгост байна. Цаашид хэрхэх нь тодорхойгүй. МУ-ын иргэн Д.Батзаяатай гэр бүл болсон байсан Тулгуур Хятадад очсоноос хойш сураггүй алга болсон. 
 
Өмнөд монголчуудын хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудал өргөн хэмжээгээр сөхөгдөж байсан 2014 оны намар ТЕГ, ИХШХЕГ байр сууриа өөрчлөн манайх хуулийн дагуу гаргасан гэх болсон. Өмнө нь манайх гаргаагүй, мэдэхгүй гэж албан бусаар мэлзэж байснаа ТЕГ энэ гурван залууг “Үндэсний аюулгүй байдалд (ҮАБ) заналхийлсэн үйл ажиллагаа явуулсан” гэж гэнэт мэдэгдсэн, үүнийгээ тодруулаагүй тул хүмүүс тэр гурван залууг тагнуул байсан юм болов уу гэж таамагласан. Ташрамд, гадаадад цагаачлахыг хүсдэг МУ-ын нэг иргэн, тэднийг эрсдэлтэй алхмууд руу түлхэж байсан бөгөөд, тэрхүү үйлдлүүдээ ашиглан, барууны улс руу цагаачилсан гэх мэдээ ч ирлээ.
 
Тэрхүү 2014 оны 5-р сард өөр улсын харьяат монгол туургатан хүмүүсийг мөн албадан гаргахыг оролдсон байдаг.
Монголд анх хөрөнгө оруулсан хүний нэг Л.Үнэнбаатар 1945 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зуу-Уд аймагт төрсөн. 1990 оноос Монгол улсад амьдарч байгаа бөгөөд, Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон. Монгол улсын эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулж, бүтээн байгуулалтад чамгүй гавьяа зүтгэлээ нэмэрлэсэн, шударга бизнесмен нэгэн. 
 
Гэтэл 2014.04.21-нд нэр үл мэдэгдэх дөрвөн хүн компанийх нь албан тасалгаанд дайран орж ирж, тагнуулын ажилтнууд гэж өөрсдийгөө танилцуулж, хүчээр авч яван зочид буудалд хорьж, “Монголын ТЕГ-тай хамтран ажиллана” гэх зэрэг үг бичүүлж, тэр бичгүүдээр далайлган, 500 сая төгрөг өгөхгүй бол албадан гаргана гэж сүрдүүлж дарамталсан. Улмаар тэрхүү мөнгөөр "газар худалдан ав" гэж дарамталсаар, 200 гаруй сая төгрөгийг гаргуулж авчээ. Л.Үнэнбаатар сүүлдээ энэ бүхнээс залхаж, “би тэр газрыг авахгүй, мөнгө нэмж өгөхгүй” гэж мэдэгдсэн.
 
Түүнээс хойш удалгүй, 2014.06.12-нд ИХШХЕГ-ын Б.Сүлд-Очир зэрэг ажилтнууд Л.Үнэнбаатарыг “тагнуулын байгууллагынхны шийдвэрээр албадан гаргана” гэж авч яван, байгууллагадаа хүргэсэн. Л.Үнэнбаатарын даралт нь ихэсч, ухаан алдан унасан тул, гэрт нь хүргэж, “бие нь гайгүй болохоор албадан гаргана” гэжээ. Түргэн тусламжаар эмнэлэгт очиход эмч нар “биеийн байдал нь хүнд байна, харвалт болж магадгүй байна” гээд, Нэгдсэн III эмнэлгийн Зүрх судасны тасгийн Харвалтын хэсэгт хэвтүүлжээ. Тэр өдөр Харвалтын тасгийн үүдэнд ИХШХЕГ-ын ажилтан Б.Сүлд-Очир харуулдаж хоносон. Түүнийг унтсан үед, Л.Үнэнбаатарын эхнэр, нөхөд нь, эмч “эмчилгээ дууссан” гэсэн тул эмнэлгээс авч явсан. Намар болтол нуусан.
 
Гэвч, хойшид цагдаа, тагнуулын байгууллага энэ хүнийг Интерпол, Хятад улс нэхэж байна гэж худал хэлж, албадан гаргахыг оролдож, албадан гаргаж байгаа дүр үзүүлэн айлгаж дарамтлах үйлдлүүдийг хийсээр байсан. 2014 оны эцсээр гэнэт цагдаагийн байгууллагад дуудаж, албадан гаргана гэж хамаг хувцсыг нэгийг ч үлдээлгүй тайлуулан, дөрвөн талаас нь зургийг авах зэргээр сүр бадруулж байсан. Өдгөө АТГ мөн дарамталж, албадан гаргана гэж айлгаж буй агаад, зохиогч болон Г.Ням-Очирыг түүнийг оргуулсан гэж асууж байцаасан.
 
2014 оны зун Хятадын иргэн хятад барилгачин 100 гаруй хүн “цалин өгөхгүй байна” гэж Улаанбаатарын төвд жагсан явж, улмаар Чингис хааны талбайд цуглаан хийх гэсэн. ИХШХЕГ тэдгээрийг шалгахад 42 нь хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдсон. Энэ 42 хүнийг нутаг буцааж, бусдыг нь яагаа ч үгүй. Харин ч ИХШХЕГ тэднийг “хууль зөрчөөгүй, бөөнөөрөө цуглах нь хуулиар хориотой биш, Монголын тал эднийг хохироосон” гэхчилэн зүсэн зүйлээр идэвхтэй хамгаалж байсан билээ. Гэтэл гадаадын иргэн хүн Монгол улсад жагсаал цуглаан зохион байгуулахыг төрөөс хатуу хориглодог. Энэ жишээнээс өвөр монгол хүнд илүү хатуу харгис ханддаг байдал харагдаж буй биз ээ.
 
3. Сүржин хурал, даржин үр дүн
 
2014 оны намар хүний эрхийн идэвхтнүүд хүрээгээ иргэний хөдөлгөөнийхнөөр тэлэн, хэвлэлийн хурлууд хийж, мэдээлэл түгээж, мэдэгдэл өгч, “хэрэв шаардлагыг маань биелүүлэхгүй бол огцруулах, жагсаал цуглаан, суулт хийх зэрэг илүү хурц хэлбэрийн тэмцэл өрнүүлнэ” гэж мэдэгдсэн. Тэр нь ЗГ огцрох гэж дээсэн дөрөөн дээр байсан ээдрээтэй үе таарсан тул ИХШХЕГ эмзэг байдалд орсон байв. Тэмцэгчдээс ИХШХЕГ, төрийн албан тушаалтнууд, өвөр монголчууд, ТББ-уудын төлөөллүүдийг оролцуулсан уулзалт хийхийг шаардсан байсан. 
 
Тэгвэл ИХШХЕГ Хятадын талд хандан тусламж хүссэнээр нэгэн уулзалт зохион байгуулагдсан юм. Энэ уулзалтад Лю Баатар тэргүүтэй Монгол улс дахь Өвөр Монголын бизнесменүүдийн холбооны гишүүд, Хятадын нам, төр, хүчний байгууллагуудын ажилтнууд олонхи нь болж оролцсон. Лю Баатар бол цагтаа Сурагчдын бослого гэгдэх, хятадын колоничлолыг эсэргүүцсэн 1981 оны үйл явдалд идэвхтэй оролцож байсан ч, өдгөө Хятадын нам засгийн найдвартай хүн нь болсон нэгэн. 1990-ээд онд нэгэн өвөр монгол тэмцэгч дүрвэгчийн байгуулсан дээрх ТББ-ыг булааж, нам засагтаа тушаасан гэж яригддаг. Зөвхөн өвөр монголчууд хамрагддаг байгууллага байсныг хятадууд голлосон болгож, өөрчилж шинэчилсэн юмсанж.
 
Энэ хачирхалтай уулзалтын зар түгээгүй, бас болгоомжлол зэргээс болж, хохирсон, асуудалд орсон өвөр монголчууд бараг ирсэнгүй. Азаар дуулсан зарим хүн ирсэн. ИХШХЕГ-ын дарга байгууллагаа энхийн цагаан тагтаа гэж ухуулсан, сонгуулийн сурталчилгааны бие халаалт ч гэмээр сэтгэгдэл төрүүлсэн, монгол хэл мэдэхгүй нэлээн хүн байх хэр нь мань хүнийг паузлангуут нижигнэтэл алга ташсан, Хятадын намын хурал шиг арга хэмжээ болж байв. 
 
Гэтэл асуулт хариултын цагаар, МУ-ын иргэн эхнэрээсээ салсан ч, дундаасаа гарсан охиныг өсгөж, Монголд оршин суух эрх нь бүтэхгүй байсан тул, 17 жил хараар амьдарсан Сэргэлэн гэх эр зовлонгоо тоочиж, улмаар цааш цаашдын хүмүүсийн яриа нөгөө ухуулгыг замхрааж орхив. МУ-ын иргэн жирэмсэн бүсгүй өвөр монгол нөхрийг маань албадан гаргасан, ханийг минь буцааж өгөөч гэж сэтгэл хөдлөн шаардав.
 
МУ-ын иргэн эр өвөр монгол андыг маань авлига нэхэж, албадан гаргасан, бид хоёрын хамтын ажил үйлс сүйрч байна, эргүүлж ирүүл гэж нэхэн уулгалав. Н.Тулгуурын эхнэр, МУ-ын иргэн Батзаяа “Та нарын энэ дүр эсгэсэн тоглолтыг хараад жигшиж байна. Бодит байдал дээр та нар ямар хүйтэн цэвдэг, хүн чанаргүй, аймшигтай хүмүүс билээ” гэхчилэн уйлан хайлан ярилаа. “Гэрэг” сэтгүүлийн У.Бямбаням, Дэвид Чэйс нар хүний эрхийн зөрчигдлийн талаар ноцтой асуултуудыг тавилаа. Миний бие ч анхаарвал зохих зүйлсийг яриад, Ч.Мөнхбаяртай битгий харьцаарай гэж уриалуулсан.
 
Монголын төрийн байгууллага (ТБ) болох ИХШХЕГ нь Хятадын төрийн, төрийн бус байгууллагуудтай (ТББ) хамтран "Монгол дахь өвөр монголчуудын хүний эрхийн байдлыг сайжруулна, албадан гаргагдсан 15 хүний хар тамгыг хүчингүй болгоно, асуудал бэрхшээлтэй 10 хүний асуудлыг нааштайгаар шийдвэрлэнэ, гагцхүү өвөр монголчууд Монголын ТББ-ууд, хүний эрхийг хамгаалагчид, хэвлэл мэдээлэлтэй харьцаж үл болно, харьцахгүй бол байдал сайжирна, харьцвал улам муудна" гэж мэдэгдсэн, заналхийлсэн. 
 
Гэвч харьцсан, харьцаагүйгээс үл хамааран, Монгол дахь өвөр монголчуудын байдал доройтсоор. Амласан зүйлүүд нь огт биелээгүй. Ар монголчуудад хандив цуглуулан өгч тусалдаг, зөвхөн Билгүүдэй хүүд 6,4 сая төгрөг цуглуулж өгсөн үйлстэн, “хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн” гэж гүтгэгдсэн Ө.Оюунчимэг бүсгүйг л баахан хэлмэгдүүлсний эцэст, олон нийтийн шаардлагаар, жилийн дараа нэвтрэх эрхийг нь сэргээх шив.
 
Мэдээж хэрэг, уучлал гуйх, нөхөн төлбөр өгөх, завсардсан сургуульдаа эргэж суралцахад нь туслах зэрэг бол байхгүй. Харин эргэж ирсэн хойно нь МЗХ-ноос “Тэргүүний залуу” медалиар шагнасан.
Энэ уулзалтын үеэр барга монгол малчин Төмөрийн гэр бүлд оршин суух эрх олгоно гэдгийг бөөн сүр бадруулан мэдэгдсэн. Тэрбээр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Олуулаа болцгооё!" уриалгыг баяр талархалтайгаар хүлээж авсан хүн юм. Тийм ч учир тэрбээр эхнэрийнхээ хамт, эгч, Монгол улсын иргэний урилгаар салж хагацсан садан төрлүүдтэйгээ ойртон нэгдэж амьдрахаар Монгол улсад ирсэн.
 
Тэд 2014 оны 6-р сарын сүүлээр ИХШХЕГ-т зохих бичиг баримтуудыг бүрдүүлэн очиход, цонхны ажилтан эмэгтэй бичиг баримтуудыг харах ч үгүйгээр: “Хувийн зорилгоор оршин суух огт өгдөггүй шүү дээ, өгөхгүй өгөхгүй” гэж зүтгэж, бүдүүлгээр маргаан өдөөх гэж дайрч, “Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн Олуулаа болох уриалгыг та нар дэмжиж ажиллах хэрэгтэй биз дээ” гэхэд маань “Тэгвэл тэр ерөнхийлөгчтэйгээ уулзаад шийдүүлэхгүй юу!” гэж ууртай хэлэн, материалыг буцааж өгөн, яриаг дуусгасан. Төмөр нар МУ-аас урам муутай буцаж байсан билээ.
 
Монголын ТББ-тай битгий харьц гэж уриалдаг, Хятадын төрийн, ТББ-тай хамтарчихдаг, бүр аврал эрэн хандчихдаг ИХШХЕГ нь Олуулаа болох уриалгатай тэмцдэг газар мэт байж ирсэн. “ИХШХЕГ-т тагнуул, цагдаагийнхантай хамтарч хуурамч хэрэг үүсгэдэг, эд мөнгө нэхдэг, хууль бусаар албадан гаргадаг бизнес хийдэг хүмүүс байсан, тийм сүлжээ байсан, би арилган устгасан” гэж хэлж байсан Г.Пүрэвдорж гэдэг даргыг нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн бараг хамаатан болохоор нь “Олуулаа болох уриалгыг хэрэгжүүлэн ажиллана байх” гэж хүмүүс бодож байсан. Гэвч ИХШХЕГ-ын дарга Г.Пүрэвдорж байгууллагынхаа мөнгийг хувьдаа завшин улсад их хэмжээний хохирол учруулсан, хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, албадан гаргана гэж айлган элдвийг нэхдэг, гадаадынханд зүй бусаар оршин суух, иргэн болох эрхүүдийг зүй бусаар олгодог хэрэгт холбогдон, улмаар огцорч, “арилган устгасан гэх хэргээ өөрөө үйлдчихсэн юм уу” гэж ойлгогдсон (“Өдрийн сонин”, 2015.6.11). 
 
Хүний эрхийг хамгаалагч Г.Ням-Очир өгсөн ярилцлагадаа: “Өвөр монгол хүний өмч хөрөнгийг булаагаад хар тамга дараад гаргадаг. 2014 онд 50 гаруй өвөр монгол хүнийг албадан гаргасан” гэжээ (“Өдрийн сонин”, 2014.10.21).
 
4. Их бага зөрчлүүд огт тасрахгүй нь
 
“ИХШХЕГ-ын даргын эгч” гэж өөрийгөө нэрлэсэн хүнд 3000$, 800 000 төгрөгөө луйвардуулсан С.Манлай, Д.Жамбалсүрэн нар хохирлоо барагдуулж чадаагүй, харин ч албадан гаргагдах дөхсөн. 2015 оны хавар өөрсдөө эсэн мэнд дээрээ бараг зугтан гарч явсан. 
 
Бизнесээ булаалгасан Гуа “булаасан” гэж гүтгүүлэн, шоронд хоригдон шалгагдсан бөгөөд, мөн л хохирлоо умартан, 2015 онд зугтан гарч явсан. Алтаа гэдэг эмэгтэй мөн 2013 оны эхээр ийм байдалд орж байсан. 
 
 2015 оны 3-р сард, хужаа хэмээн хэлүүлж, хүчээр сөгтгүүлэн гутаагдсан Алтан-Уул нарыг хохироосон хүмүүс одоо болтол тодрохгүй байна. Энэ явдлын дараа өвөр монгол У.Лэгжинжав “Бид ар монголчуудыг элэг нэгтнээ гэж шүтэж байхад танайхан нүдэнд орсон өргөс шиг харж байна. Өмнөд монголчууд Туулын уснаас амсаад үхэх юмсан гэдэг. Ерөөсөө л Монгол бидний хувьд диваажин гэж төсөөлөгддөг. Тийм ч учраас манайд очсон урлагийнхан, бөхчүүдийг аав ээжийгээ мэт хүндэлж харьцаж, юу байгаагаараа дайлж цайлж байгаад явуулдаг. Гэтэл Монголд эх оронч, үндсэрхэг үзэлтэй гэх залуучууд биднийг алхуулдаггүй.
 
Бизнес эрхлэхэд хураамж, “татвар” авна. Хаа явсан газар дээрэлхэж зоддог. Бид Монголоос хөөгдөх вий, визний асуудал гаргах вий гэж айгаад цагдаад ханддаггүй, уучлал гуйгаад, хүссэнийг нь өгөөд явуулдаг. Сая болсон үйл явдал цахим сүлжээгээр тарсан учраас л хүмүүс мэдлээ. Иймэрхүү зүйл бол Монголд байгаа өвөр монголчуудын хувьд энгийн үзэгдэл. Нэг цагдаа өвөр монгол хүнээр хөлөө үнсүүлж байсан. Бас нэг цагдаа өвөр монгол хүнээс 5 сая төгрөг зээлээд өгөхийн оронд дарамталсан...” гэж ярилцлагадаа өчжээ.
 
Хөлөнбуйр аймгаас ирсэн С.Билигбаатарыг 2015 оны 4-р сард Монголын гурван иргэн "хужаа" гэснээс болж маргаан үүсч, улмаар С.Билигбаатар тэдэнд зодуулж, амиа аврахын тулд 2-р давхраас үсэрч, хугархай хөлтэйгээр цэргийн ангийн хашааг давж орсон. Гэтэл “тэдгээр гурван залууг зодож, хэргээс мултрахын тулд хөлөө хугалах, биеэ олон удаа хөх няц болгох зэргээр өөрийгөө бэртээж гэмтээсэн, цэргийн анги руу нэвтэрсэн” гэх зэргээр хэрэгт холбогдуулах гэж байв.
 
Яс нь цухуйж, эд эс нь үхжих дөхсөн. Нутагтаа очиж яаралтай хүнд мэс засалд орох шаардлагатай байхад нь саатуулж, хөлгүй болгохоос ч санаа зовохгүй байдалтай байхад нь хүний эрхийг хамгаалагчид хэргийг нь хэрэгсэхгүй болгуулж, нутаг руу нь явуулсан. С.Билигбаатар энэ удаад хүчнийхнээс аврагдахын тулд “гомдолгүй” гэж мэдэгдэж, хохироод л хоцорсон. Тэдний “хэл, бич” гэсэн бүхнийг хэлж бичиж байж салсан. Түүнийг өмгөөлсөн Г.Ням-Очир, Д.Рэнцэнтавхай болон зохиогчид мөрдөн байцаах ажилд нөлөөлөх оролдлого хийн танхайрсан гэж хэрэг үүсгэх гэж байгаад больсон.
 
2015 оны 10-р сард Жаргал гэдэг өвөр монгол хүнийг Л.Үнэнбаатарыг хохироосон явдалтай адилаар хэсэг хүн хулгайлж, 50 сая төгрөг нэхэж, энд тэнд хорьж, хүчээр “Мөнгө өгөх ёстой нь үнэн” гэх зэрэг үг бичүүлж, тэр бичгүүдээр далайлган сүрдүүлж, “мөнгө өгөхгүй бол шоронд хийнэ” гэж айлгасан байдаг. “Мөнгийг өгөх боломжгүй байна” гэхэд ИХШХЕГ-т хориулж, Жаргалын бие муудахад сулласан. Жаргал санд мэнд зугтан одоход хүрсэн.
 
Жаргал: “Г.Түмэнжаргал хутга, буу тулгаж мөнгө нэхсэн, бүх бичиг баримтыг маань шатаасан, барьцаалсан, ИХШХЕГ-т хориулж, дараа нь авсан, “арьсыг чинь хуулж, махыг чинь нохойд идүүлнэ, шоронд зодуулж алуулна, хүчинднэ, ДОХ халдварлуулна” гэж заналхийлэн дарамталдаг, зоддог байсан, сахарын өвчин хүндэрч, айж ухаан алдах дөхдөг байсан” гэжээ.
 
Г.Түмэнжаргал: “Оросоос хаш чулуу их хэмжээгээр авчирсныг энэ хүн аваад мөнгөө өгөхгүй байсан, тэгэхээр нь мөнгөө авах гэж барьцаалсан минь үнээн, бас өгөхгүй болохоор нь би “энэ хүн бичиг баримтгүй, хууль бус чулууны наймаа хийгээд байна” гэхэд ИХШХЕГ “аргалаад аваад ир” гэсэн, авчрахад хорьсон” гэж хачирхалтай юм ярьж, хэвлэл мэдээллээр их явсан, олон нийтийг турхирсан, цөөнгүй хүн ч түүнийг дэмжсэн. Оросоос их хэмжээгээр хаш гаргах хориотой бөгөөд, энэ ажлыг хятадын мафитай холбоотой хүмүүс хийдэг. Бусдыг барьцаалах нь террорист гэмт хэрэг юм. Төрийн байгуулага хувь хүнээр, тэр тусмаа үндэслэлгүйгээр бусдыг баривчлуулах ажил хийлгэх учиргүй гээд гайхалтай зүйлс өөрийнх нь ярианаас ажиглагдаж байна. Жаргал хохироод өнгөрсөн бөгөөд, түүний хамтран ажиллагч Монголын иргэн эмэгтэй дарамтнаас болоод, утсаа өөрчлөн, сураггүй болжээ.
 
2015 оны 12-р сард БНХАУ-ын иргэн Багана, Дэлгэр нар МУ-д энд тэнд очиж танхайрч, бусдыг зодож нүдэж, доромжилж, гэр оронд нь хүчээр нэвтрэн түйвээж, энэ мэт балмад байдалдаа цагдаагийн хурандаа нараас тусламж ивгээл авч байна гэх дуулиан дэгдсэн. Энэ нь аанай л өвөр монголчуудын бизнесийг булаагаад, хуйвалдан хөөж явуулах гэсэн оролдлого болох нь тодорсон.
 
Багана МУ-ын иргэн Г.Цэцэгмаатай хамтран, “BGA Trans” компанийг байгуулсан бөгөөд, 60%-ийг нь эзэмшиж байсан. 2007 онд нягтлан бодогчоор ажилд орсон Г.Цэнд “тусгай зөвшөөрөл сунгахад дотоодын хүнд амар тул 60%-иа миний нэр дээр шилжүүлчих” гэж ятган зөвшөөрүүлжээ. Багана 2013 онд өвөр монгол Дэлгэрийн хамт 6 сая юаний жилийн зээл аваад, СХД-т 50 айлын сууц бариулж эхлэн, 2015 оны эхээр барилгын ажлыг дуусган борлуулж эхэлтэл, Г.Цэндийн бусармаг ажиллагаа ил тод эхэлж, Дэлгэрийн хөрөнгөнд ч халдах болжээ. Баганы гэрт шөнийн 12 цагт 10 гаруй танхай залууг дагуулан орж ирж, “Энэ компани минийх болсон. 50 айлын орон сууц ч минийх. 8-ынх нь түлхүүрийг яг одоо өг, эсбөгөөс хөрснөөс арчиж хаяна, цагдаад хэлбэл ална” гэхчилэн цаг гаруй дарамтлаад явжээ.
 
2015.5.11-нд Г.Цэнд “Багана, Дэлгэр нарт компани, 50 айлын сууцаа булаалгасан, 400 сая төгрөгөө залилуулсан, биднийг газрын хөрснөөс арчна гэж сүрдүүлдэг” гэж УМБГ-т өргөдөл гаргаж өгсөн ч, худал болох нь тогтоогдсон тул прокурор хэрэг үүсгэхээс татгалзжээ. 
 
Г.Цэндээс 60%-иа албан ёсоор шилжүүлж авахаар иргэний нэхэмжлэл гаргасан ч Г.Цэнд зугтан олдохоо байжээ. Г.Цэндийн нөхөр түүнийг өөр эр хүнтэй холбогдон, ой гарантай, 5 настай хоёр хүүхдээ өөр дээр нь хаяад явсан болохыг бичгээр мэдүүлжээ. Багана, Дэлгэр нар 50 айлын сууцанд хууль бусаар сууж байгаа Г.Цэндийн хамсаатнуудад байр чөлөөлөхийг сануулжээ. Энэ бүхний эцэст, Г.Цэнд Багана, Дэлгэр нарыг хэвлэлээр зүсэн зүйлээр гүтгэж, олон нийтийг турхирч, улс орны хэмжээнд хараалгаж жигшүүлэн, ажиллаж амьдрахад нэн хүндрэлтэй болгожээ. Цагдаагийн байгууллагыг ч хужаа нарын зарц боол гэж гүтгэж, нэр хүндийг нь гутаажээ. Олон нийтийг турхирах нь өвөр монголчуудын эрхийг зөрчигчдийн их хэрэглэдэг арга болоод байгааг дурдъя.
 
Нууцгай байдалтай байгаа өвөр монгол залуу улс төрийн хавчилга, мөрдөлтөөс зугтан, 2013.9.24-нд Монгол улсад нэвтрэн ирсэн. 2013.9.30-нд НҮБДДКГ-ын зүгээс түүнд Орогнол хүсэгчийн тодорхойлолт өгчээ. Харин одоо хүртэл ИХШХЕГ түүнд оршин суух эрх өгөөгүй байна. Түүний байдал маш эрсдэлтэй, түгшүүртэй байгаа юм. Мөн НҮБ-ын Дүрвэгчийн газрын МУ-ын иргэн ажилтан зохих тусламжийг үзүүлдэггүйгээс, тэрбээр бүр гудамжинд гарахад хүрч байна. Энэ байдлаа хэлэхэд нь, “Хятадын элчин дээр уулзъя, өвөр монголчуудаасаа тусламж гуй, христийн сүмд хоногло” гэдэг аж.
 
Далай лам дээр очиж золгосон хэрэгт буруудан, Монголд орогнол хүсч ирсэн залууд мөн л дээрхийн адилаар зохих тусламжийг үзүүлээгүйгээс болж, нутаг буцсан.
Монгол улсад ажиллаж амьдарч байгаа өмнөд монголчуудын төлөөллийн зүгээс, Олуулаа болох санаачилгыг дэмжих "Олуулаа" дугуйланг 2011 оны эцсээр байгуулан ажилласан. Монголд суугаа өмнөд монголчуудын санал бодлыг хурааж, "Талархал" болгон цэгцэлж, Монголын төрд өргөн барив. Өмнөд монголчууд Монгол улсад оршин суух, иргэн болоход дөхөм үзүүлэх "Санал"-ыг боловсруулж, мөн Монголын төрд өргөн барьсан. Монгол улсад байнга амьдран суудаг өмнөд монголчуудын зүгээс иргэн болох, оршин суух эрх авахад тус үзүүлэхийг хүссэн 60 хүний "Хамтын хүсэлт"-ийг боловсруулж, гарын үсэг цуглуулсан. Тэгэхдээ тэдгээр 60 хүний хамтын хүсэлт хэрэгжилгүй өдий хүрэв. Монголын төрийн байгууллага энэ 60 хүний хамтын хүсэлтийг өчүүхэн төдий ч ойшоогоогүй, ямар ч хариу өгөөгүй.
Нэгэн барга залуугийн МУ-ын иргэн эхнэр өөр эр хүнтэй холбоотой болсноос болж, гэр бүлийн маргаан үүссэн агаад, хадам ээж нь “албадан гаргуулна” гэж ИХШХЕГ-т 14 хоног хориулаад, амьдрал ахуй хэцүүдлээ гэж суллуулан авч явжээ.
 
5. Түнэр харанхуй, гэрэл гэгээ ээлжилсээр...
 
Сэтгүүлч, СГЗ Г.Жамьян хэлмэгдсэн бизнесмен Ц.Зууннастыг С.Зоригийг алсан гэж ойлгогдохоор зүйлийг “Барууны тэжээвэр” номдоо бичжээ. Өвөр Монголын компаний менежер Ц.Зууннаст МУ-ын иргэдтэй хамтран бизнес хийхээр ирэхэд АААН-ийн тэргүүн Ц.Элбэгдорж угтаж аван залилж, 4 вагон барааг нь булаагаад, албадан гаргуулж хуйвалдсан, “улсын хөрөнгийг үрэгдүүлсэн” гэж Хятадад шоронд ороход хүргэсэн явдлыг сэтгүүлч О.Лхагвадорж, Г.Цолмон нар бичсэн байдаг. Энэ нь өвөр монголчуудын бизнесийг булаагаад, хөөж явуулдаг дээрмийн анхны тохиолдол байсан бололтой. Г.Жамьян гуай үүнийг батлан бичсэн хэрнээ, Ц.Зууннаст өшөөгөө авах гэж С.Зоригийг алсан байх магадлалтай гэжээ.
 
Нэгэн өвөр монгол бүсгүй Монгол улсын иргэнд хандан “Та янз бүрийн шалтгаанаар ар монголчуудад туслах хандивын ажиллагааг өвөр монголчуудад хандан зохион байгуулдаг. Их хэмжээний мөнгөний асуудлыг ямар ч хяналтгүй явуулдаг. Ингэж болохгүй” гэхэд “Чи намайг яаж ч чадахгүй. харин би чамайг бол яаж ч чадна” гээд, элдвээр сүрдүүлэн дарамталж дуугүй болгосон гэх яриа дуулдсан нь үнэн эсэх нь хараахан тодорхойгүй. Гэхдээ хяналтгүй хандивын ажиллагаанууд явагддаг гэж учир мэдэх хүмүүс ярьж байдаг. 
 
Бат-Ирээдүй гэдэг дуучин залуу Өвөр Монголд ажиллаж ирээд, өвөр монголчуудыг шоолж дооглосон бичлэг хийн цацаж, олны танил болсон, ийм үзүүлбэр хийж мөнгө олдог, түүнийгээ харуулж рекламанд ч тоглосон. “Өвөр монгол хүн: “ар монгол хүнд зодуулах нь сайхан” гэдэг” гэхчилэн утгагүй зүйлийг үзүүлбэртээ хэлдэг.
Өвөр монголчуудын зохиогчийн эрх мөн МУ-д зөрчигддөг. Улс төрч Л.Гүндалай өвөр монгол Б.Цогжилтын үг, Г.Баянгийн аяар бүтсэн “Монголоороо байгаасай” дууг зөвшөөрөлгүй дуулж, сурталчилгаандаа ашигласан бол, дуучин С.Амармандах, Б.Дашдондог нар зөвшөөрөлгүйгээр ашиглаж клип хийсэн, дуучин Ч.Бат-Эрдэнэ зөвшөөрөлгүй дуулж, тоглолтоо нэрлэсэн, дуучин Д.Дариймаа мөн зөвшөөрөлгүй дуулсан, ингэхэд Д.Дариймаагаас бусад нь зохиогчдын нэрийг дурдаагүй.
 
Өвөр Монголын Н.Насанжаргалын үг, Улаантугийн ая “Хар хархан харц” дууны хувьд мөн тийм явдал тохиолдсон. Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар МУ-ын Д.Данзангийн үг, Хүрэлбаатарын ая “Хөөрхөн” дууг зөвшөөрөлгүй дуулчихаад “Өвөр монголчуудын дуу гэж бодсон. Өвөр монголын хаанаас гэж уран бүтээлчдийг нь олох билээ гэж бодсон” гэж өөрсдийгөө зөвтгөн тайлбар тавьжээ. Энэ мэт жишээ маш олон. 
 
Өвөр монголчуудыг өмгөөлсөн Монгол улсын иргэнийг ч таагүй байдалд оруулдаг. Өөрийн жишээн дээр хэлэхэд, социал-медиа болон бусад байдлаар “тагнуул”, “урвагч”, “хөлсний этгээд”, “ар өвөр монголчуудыг хагаралдуулагч” гэх зэргээр гүтгэн дайрдаг. Тагнуул, цагдаагийн байгууллагын хүмүүс “өвөр монголчуудын талаар юм хийж болохгүй, эсбөгөөс эвгүй юм болно шүү” гэж удаа дараалан анхааруулж байсан.
 
“Өвөр монголчууд Монгол дахи гадаадынхны үйлддэг гэмт хэргийн 90 гаруй хувийг үйлддэг. Тэд Монголд болж буй болохгүй муу бүхнийг хийдэг. Чи тэдний хамсаатан учир чамтай хатуу тэмцнэ. Үйл ажиллагаагаа болихгүй бол чамайг дуусгаж байж сална” гэж нэг ТББ-ын тэргүүн дахин дахин заналхийлж, социал-медиад муучлан дайрч байдаг болсон. Өвөр монголчуудын асуудлыг ярьдаг гэх шалтгаанаар иргэний хөдөлгөөдийн нэг эвслээс би хасагдсан.
 
Олонд алдартай нэг хөдөлгөөний гүйцэтгэх захирал: “Ч.Мөнхбаяр өвөр монголчуудыг өмгөөлдөг учир Хятадын тагнуул байх магадлалтай. Болгоомжилж, зай бариарай” гэж ярьж явдаг. Цөөнгүй хүн “чи Монголынхоо төлөө явдаггүй байж, өвөр монголчуудын төлөө явдаг, боль” гэж дургүйцдэг болсон. ИХШХЕГ-ын дарга олны өмнө “Ч.Мөнхбаяртай харьцвал өвөр монголчуудын байдал улам доройтно. Ч.Мөнхбаяр мэтийн эрх чөлөөний төлөө тэмцэгчтэй бүү харьцаарай” гэж уриалж байхыг харсан бөгөөд, далдуур байнга ийнхүү хэлдэг аж. Ингэж төрийнхөн намайг өвөр монголчуудаас тусгаарлах зүйл хийж байна.
 
“Өвөрлөгч гэж хэн бэ?” гэх өвөр монголчуудыг муулдаг, гүтгэдэг, доромжилдог, шоолдог фэйсбүкийн бүлгийг Хосгүй Хайрхан гэдэг аккаунтаас нээсэн. Гэтэл МУ-ын иргэд өвөр монголчуудыг дэмжих фэйсбүкийн бүлэг үүсгэсэн нь үгүй.
 
Монгол улсад өвөр монголчуудыг шуудайтай мөнгө гэж харах нь цөөнгүй. Өвөр монголчуудыг 2-р сортын хүн гэж үзэх нь багагүй. Өвөр монголчуудыг дураар хохироон хэлмэгдүүлж, ялгаварлан гадуурхах нь мундахгүй. Монгол улсад шүү дээ!
 
Гэвч Монголд өвөр монголчуудыг хүн гэж харах хүмүүс байна. Ахан дүүсээ гэж харах эрүүл ухаантнууд байна. Эрхийг нь өмгөөлөн босох тэмцэгчид байна.
2014 онд Ши Жинпинийг МУ-д айлчлахад манай иргэн өмнөд монголчууд өмгөөлөн ганцаараа пикет хийсэн бөгөөд, үүний төлөө ажлаасаа халагдсан. 
2015 оны эхээр Монголын иргэд Je Suis Sud Mongol буюу “Би - Өвөр Монгол хүн” гэдэг акцийг санаачлан, ийм бичиг барьж зургаа авахуулж байсан нь гадаадын орнуудад ч дэлгэрсэн. Ардчиллын ордонд Өвөр Монголын малчдыг өмгөөлсөн уулзалт, цуглаан хийсэн, Хятадын элчингийн гадаа цуглаан хийх гэж очиход цагдаа хүчээр тараасан. 
 
Алтан-Уулыг сөгтгөсний дараа Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл, ХАС банкны захирал Ч.Ганхуяг нар өвөр монголчуудаас уучлал гуйсан, үндэсний үзэлтэн М.Буянбадрах сөгдөж эв санааны нэгдлээ илэрхийлсэн. 5-р сард “Өвөр монголчуудыг ялгаварлан гадуурхахаа зогсоо!” хэвлэлийн хурал хийж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Хошин шогийн “Маск” хамтлаг өвөр монголчуудаас уучлал гуйсан.
 
2014 оны эцсээр зохиогч хүний эрхийг хамгаалагч Г.Ням-Очирын хамт Монгол улс дахи өвөр монгол
	 “Тайгын мангас” буюу нохой зээх гэж ямар амьтан байдаг вэ?
“Тайгын мангас” буюу нохой зээх гэж ямар амьтан байдаг вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.