УИХ-ын 18 дугаар тойрог, Хэнтий аймаг болон Сонгинхайрхан дүүрэг, 28 дугаар торйогт тус тус нөхөн сонгууль болохоор ил далд өрсөлдөөн нэгэнт эхэлжээ. Тэгвэл Хэнтий аймагт АН-аас өрсөлдөхөөр зэхэж байгаа Б.Гарамгайбаатар гэгч хэн бэ гэдгийг тодруулах гээд үзье. АН хэдийгээр нэгэн туурганд багтахгүй байгаа ч нэр нүүр гайгүй, ялах магадлал бүхий өрсөлдөгч илгээхийг хүсэж байсан ч сонгогчдын өмнө нэргүй болсон Б.Гарамгайбаатар мундагдав. Түүний хувьд 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ганцхан удаа сонгогдон ажиллахдаа тараа таниулчихсан. Тиймээс хэнтийчүүд өрсөлдөхөөр зэхэж байгаа Б.Гарамгайбаатарыг сонгохгүй гэдгээ мэдэгдээд эхэлжээ.
Энэ хугацаанд Эдийн засгийн байнгын хороог ч даргалав. Хөгжлийн банкнаас ч хувийнхаа компанид зээл авлаа. Тухайн цагт Н.Алтанхуягийн Засгийн газар “Чингис” бонд босгоод ирчихсэн, АН-ын данстай эрх мэдэлтнүүд өөрийн хөрөнгө шиг цацаж байсныг надаар хэлүүлэх юун. Б.Гарамгайбаатар дөрвөн жил парламентад суухдаа хувийнхаа бизнесийг хөгжүүлсэн, улсад хохирол учруулсан, луйвардсан гэхээс өөр нэр зүүсэнгүй. Энэ мэт олон зүйл дээр нэгэнт төрд ажиллах боломжгүй, бүр ойртуулж болохгүй хүн гэдгээ харуулсан.
Тэгвэл итгэлээ өгч сонгосон хэнтийчүүдэд ч нэр нүүргүй болжээ. Учир нь түүний үүсгэн байгуулж, өдгөө хүүгийнх нь нэр дээр байдаг “Монроуд” компанийн төр, түмэнд тарьсан балаг нь балраагүй байна. Тухайлбал тус компани Жаргалтхаанаас Өндөрхаан хүртэлх хатуу хучилттай автозамыг тавих гүйцэтгэлийг хийсэн ч нэг жил хүрэхгүй хугацаанд эвдэрч, явах аргагүй болсон. Осол аваар ч гарсан, олон жил хэнтийчүүдийн хараалыг барсан гэхээр тэр нэр дэвшээд очих ч нүүр байхгүй.
Ядахад тэр 37.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 100 километр зам барих ажлыг 9.1 тэрбумаар нэмэхийн тулд Засгийн газар, Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр зэрэг хүмүүстэй үгсэн хуйвалдаж мөнгөө нэмүүлсэн байдаг. Эрх мэдэлд байх үедээ тэр зөвхөн Жаргалтхаанаас Өндөрхаан хүртэлх зам ч биш, Халзанбүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 километр зам барих тендер авсан ч замаа мөн чанаргүй барьсан. Зуслангийн чиглэлд ч зам тавьсан гээд олон зүйл яригдана.
Тэрээр Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа 2014 оны төсвийн төсөлд зам, тээврийн салбарт хийх хөрөнгө оруулалтын зардлыг 99.5 тэрбум төгрөг хэмээн оруулж ирсэн байхад 138.1 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхдээ тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд А.Гансүх нартай хуйвалдсан гэх зэрэг асуудал яригддаг. Тиймээс Б.Гарамгайбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 буюу энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Урт хугацаанд үргэлжилсэн энэ хэрэг өнөөдрийн байдлаар нэг талдаа гарсан учраас тэрээр дахин төрд ажиллахаар зүтгэж байгаа нь энэ. Төрийн мөнгөөр туйлж, түмэнд тарьсан гай нь дуусаагүй байхад ахиад эрх мэдэлд зүтгэж байгааг юу гэх вэ. Ямартай ч Хэнтий аймгийн сонгогчдын төлөөллөөс айсуй нөхөн сонгуульд хэнийг сонгох тухай лавлахад Б.Гарамгайбатарыг лав сонгохгүй гэдгээ дуулгав.
Эх сурвалж: Түмэн.мн