Сонгуулийн өмнөх ба дараах Монголын эдийн засаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
35 минут 43 секунд
Сонгуулийн өмнөх ба дараах Монголын эдийн засаг

Сонгуулийн өмнөх ба дараах Монголын эдийн засаг

Эрх баригчид сонгуулийг давхцуулан эдийн засгийн хачирхалтай шийдвэр гаргалаа. Энэ сэдвээр хөөрөлдөхөөр эдийн засгийн доктор, судлаач, хуульч, нийтлэлч, компани толгойлон ажиллаж буй мэргэжилтнүүдийг "Синдикат ярилцлага" нэвтрүүлэгтээ урьсан юм. "Сонгуулийн өмнөх ба дараах Монгол эдийн засаг" сэдэвт дугаарын зочдоор МУИС-ын багш, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, нийтлэлч Д.Жаргалсайхан, хуульч "Боннын" Т.Алтангэрэл, "Энержи Ресурс" компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар оролцож байна.


В.ГАНЗОРИГ: Монголчууд хоорондоо "Ажил нь тавлаг уу", "Бие тэнхээ данги уу" гэж мэндэлдэг байсан бол сүүлийн үед "Компани чинь зүгээр үү", "Өр, авлагаа яаж байна" гэдэг үгс мэндчилгээг орлох шахаж байна. Тэр ч утгаараа миний хамгийн эхний асуулт бол Монгол улсыг нэг хүн гэж үзвэл хямралын энэ үед биеэ эмчид үзүүлж оношлох ёстой байх. Тэгвэл бидний онош юу байхаар байна вэ?

Г.БАТЦЭНГЭЛ: Бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон оролцож байгаагийн хувьд хэлэхэд нөхцөл байдал тун амаргүй байна. 2015 оны дүнгээр манай улсын эдийн засгийн өсөлт нэг хувь орчим гарсан. 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэл ч ийм байхаар байна. Хэдий зарим хүн эдийн засаг бага ч гэсэн өсөлттэй гарсан гэж байгаа ч бодит худалдан авалтыг тооцохоор эдийн засаг агшчихсан байгаа. Эдийн засгаа задлаад харвал уул уурхайн салбарт өсөлт бий. Энэ бол Оюу Толгойн зэсийн экспорт бараг хоёр дахин өссөнтэй л холбоотой үзүүлэлт. Гэхдээ энэ экспортоос Монголд шууд орж ирж буй мөнгөн урсгал бараг байхгүй. Мэдээж энэ тоо манай улсын статистикийн үзүүлэлтэд орно, худалдааны тэнцэл эерэг гарна, макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд эерэгээр нөлөөлнө. Гэхдээ бодит эдийн засагт, мөнгөн урсгалд оруулж буй хувь нь бага байгаа. Монгол улсын эдийн засгаас Оюу Толгойн нөлөөллийг хасаад "цэвэрлээд" харвал үйлчилгээ зэрэг бусад салбарууд өсөлт бүгд хасах хувьтай гарна. Механикаар тоолбол малын тоо 50 сая давсан учир энэ салбарт өсөлт гарах ёстой байх. Ерөнхийдөө нөхцөл бол амаргүй байгаа. Иймээс бид зарим нэг зоригтой шийдлүүдийг хийгээд явах ёстой байх аа.

Д.ЖАРГАЛСАЙХАН: Саяын зураглалтай санал нэг байна. Эдийн засгийн салбар идэвхгүй болоод ирэхээр Засгийн газар идэвхжүүлэхийн тулд мөнгө оруулж эхлэсэн. Одоо шуугиад байгаа хувьцааг худалдан авах үйлдэл нь сонгуулийг угтан санал худалдан авах гэсэн нэг оролдлого. Бараг бүх бизнесийн байгууллагуудын орлого багассан, иргэд гар дээрээ бэлэн мөнгөгүй болсон. Түр зуурын ийм арга хэрэглэж дотоодын худалдан авалтыг дэмжиж, эдийн засгийг бага ч гэсэн идэвхжүүлэхгүй бол байдал хүнд байна. Гэхдээ Засгийн газрын тараах гэж байгаа энэ мөнгийг нэг газраас зээлж авна. Өөрөөр хэлбэл бид ирээдүйгээсээ мөнгө авч хэрэглээд эхэллээ. Уг нь бид ирээдүйгээсээ мөнгө авч байгаа бол тэр мөнгийг мөнгө бий болгох хөрөнгө оруулалтад зарцуулах ёстой. Гэтэл бид 300 000 төгрөгөө аваад идэж уугаад л дуусгана. Үүнийг улсын гадаад, дотоодын өрийн нөхцөл байдалтай уялдуулан харвал зөв алхам гэж хэлэхгүй. Тиймээс бид энэ их өрийг яаж төлөх юм, хэн төлөх юм, хэзээ төлөх юм гэдгээ бодох хэрэгтэй. Сонгуульд л ялж байвал маргааш хамаагүй гээд үүнийг бодож байгаа хүн алга. 2017 онд бид 500 сая долларын өрөө хуваарийн дагуу яаж төлөх юм? Зүй нь одоо энэ мөнгийг хуримтлуулаад явж байх ёстой. Сая бид шүүхийн маргаанд ялагдаад 70 сая долларын торгуулиа төлөх гэж яаж сандарсан билээ? Бид сүүлийн хэдэн жил дандаа нэг их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай явж ирсэн. Гэтэл энэ оны таван сарын эцсийн байдлаар манай төсвийн алдагдал 877 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ зургаар бол 2016 оны төсвийн алдагдал наад зах нь хоёр их наяд төгрөг хүрэхээр байна. Эдгээр алдагдлын бараг 30-40 хувь нь зөвхөн зээлийн хүү. Эдгээр зүйлсийг бид сонгуулиас ялгаж салган харах ёстой. Нийгэмд ингэж ялгаж хардаг, сонгуулийг давуулан сэтгэж чаддаг хүч хэрэгтэй. Тэгэхгүй бол дандаа богино хугацааны улс төр хийсээр байгаад эдийн засгаа туйлдуулж дууслаа.

Ч.ХАШЧУЛУУН: 2009 оны эдийн засгийн хямралтай харьцуулахад энэ удаагийн нөхцөл илүү хүнд санагдаж байна. 2009 онд дэлхий даяар хямарсан боловч бид дотооддоо Оюу Толгойгоо хөдөлгөвөл болох юм байна, нүүрсний салбар дээрээ зөв бодлого явуулбал гарц байна гэж харж байсан. Өнгөрсөн дөрвөн жил шийдвэр гаргагчид Оюу Толгойг эс тооцвол мега гэгдэх төслүүд дээр огт ажиллаагүй. Эсвэл тэд хийгээгүй, эсвэл тэднийг огт ажил хийлгээгүй. Жишээ нь, ТЭЦ5-ын ажил аль 2012 онд ярьж эхлэсэн ч огт яваагүй. Говийн төмөр замын төсөл ч ялгаагүй. Эхлүүлсэн ажлыг зогсоосон. Гаднаас асар их хэмжээний мөнгө зээлж, гол төсөл, дэд бүтэц рүүгээ хөрөнгө оруулахын оронд ихэнхийг нь үр өгөөж муутай төслүүдэд зарцуулсан. Өөрөөр хэлбэл бизнесийн хувьд орлого олдог төслүүдэд зохистой хөрөнгө оруулалт хийгээгүйгээс гадна зээлээ буцааж яаж төлөх вэ гэдгээ ер нь бол төлөвлөөгүй гэж хэлж болохоор байна. Би саяхан УИХ-д өргөн барьдаг 2017 оны төсвийн хүрээний мэдэгдлийг зориуд уншлаа. Гэтэл тэнд ирэх жил төлөх өр, зээлийн талаар харамсалтай нь нэг ч үг, өгүүлбэр алга. Бараг иймэрхүү зээл төлж болзошгүй гээд л орхисон байна. Ийм төр засаг байж болохгүй. Өр, зээлээ барагдуулахаа бодож, түүндээ бэлдэхийн оронд хувьцааны шоу хийгээд улам их өр тавиад байх юм. Төр засаг маань, сангийн яам маань шал өөр зүйл сэдээд байна уу, эсвэл үнэхээр улс орны эдийн засгаа бодоод байна уу ойлгохын аргагүй л байдалд орчихлоо. Миний хувьд эдийн засгаа өөд татах гарц харагдахгүй байна. Дээрээс нь энэ гарцыг хайя гэсэн бэлтгэл ажил алга. Зарим нэг хувь хүмүүс, сөрөг хүчин энэ асуудалд санаа зовж ярьж л байгаа болов уу. Харин эрх баригчид шийдэл ярихгүй байна. Хувьцааг мөнгөжүүлж Эрдэнэс Таван Толгойг улам их өрөнд оруулчихаад дараа нь яаж энэ төсөл дээрээ гадаадын хөрөнгө оруулалт татах юм бол? Энэ мэтчилэн наад захын логикгүй зүйлс байна. Өнөө маргаашаа л бодоод дараа нь яасан ч яах вэ гэдэг сэтгэхүйгээр л ажиллаж байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаан боллоо. Цаашдын алхам, өр зээлээ төлөх графикаа ярихын оронд нөгөө тарааж мөнгөжүүлэх хувьцааны журамдаа өөрчлөлт хийх төдий зүйлс л ярилаа.

Т.АЛТАНГЭРЭЛ: Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар засаг ард түмнээсээ уучлал эрэх болов уу гэсэн харин эсрэгээрээ энэ хувьцааг мөнгөжүүлэх асуудал бол хууль ёсны зөв зүйл гэж байсан. Сонгуулийн үеийг ашиглан ард түмнийг албаар төөрөгдүүлэн ёсзүйн хувьд нилээд зохимжгүй байдлаар улстөрчид ажиллаж байна. Би хуульчийн зүгээс хэлэхэд өнөөдөр манай хувийн хэвшлийн компаниуд үнэхээр хүнд байна. Бүр туйлдчихлаа. Энэ ч утгаараа хуульч нарын ачаалал эрс ихссэн. Миний хувьд ийм нөхцөл байдалд Монголын компаниуд яаж тэсч байгааг харах үнэхээр хүнд байна. Компанийн өдөр тутмын асуудлаас гадна төлбөрийн чадварын асуудлууд хаа сайгүй. Эдийн засаг тэлэлттэй байхад цөөнгүй компани олон улсад гарч гадаадаас хөрөнгө оруулалт татсан ч одоо зээлээ төлж чадахгүй дампуурах асуудалд орж байна. Би давхар арбитарчаар ажилладаг. Хууль зүйн маргаан, төлбөрийн чадварын маргаан Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын арбитр дээр олон ирж байна. Дээрээс нь олон улсын арбитр дээр Монголын компаниуд бөөнөөрөө дуудагдаж байна. Эндээс дүгнэхэд өнөөгийн Монголын хувийн хэвшил, бизнесийн орчин үнэхээр хүнд байна. Бүр маш хүнд байна. Энэ асуудал дээр яаралтай арга хэмжээ авах ёстой. Өдийд Монголын тэргүүн эдийн засагчид, улстөрчид, бодлого боловсруулагчид мэтгэлцэж байх ёстой атал улстөрчид нь сонгуулийн шоу хийж, ард иргэдийг төөрөгдүүлж байна. Би сая нэг мэдээ үзлээ. Эдийн засгийн асуудлаар мэтгэлцэх урилга өгөхөд нэг ч нэр дэвшигч мэтгэлцээнд очоогүй гэсэн. Фэйсбүүк дээр сонгуулийн сурталчилгааны зургаа тавихаас биш эдийн засгийн энэ асуудлыг хөндсөн, бүр мөрийн хөтөлбөртөө оруулсан нам, улстөрийн хүчин ч ховор байна. Эндээс бид маш сайн сургамж авах хэрэгтэй. Мэдээж унахгүйгээр босно гэж үгүй. Гэхдээ унаж буй энэ үеэ бид маш сайн ойлгож, зөв ашиглаж, зөв цаашаа алсыг харах хэрэгтэй.

В.ГАНЗОРИГ: Та бүхэн эдийн засгийн байдалд хүндхэн онош тавилаа. Шалтгааныг нь ч хэлчихлээ. Гадаад гэхээсээ илүү дотоод нөхцөл буюу бид өөрсдийгөө ийм байдалд оруулаад байна аа гээд. 2008 онд бид 186 тэрбум долларын үнэлгээтэй "Баян Монгол" корпораци ярьж, түүний 51 хувьийг ард түмэндээ эзэмшүүлнэ гэж байсан. Эхний жилдээ иргэн бүрт 1800 ам.долларын ногдол ашиг тараана гээд бичсэн. Бид амархан мартдаг болохоос бус энэ яриад байгаа 1072 хувьцаа гэдэг бол бидний хувьд шинэ зүйл биш. Өнөөдөр ярьж буй 1072 хувьцаа санхүүгийн бодит хэрэгсэлд тооцогдох уу? Эдгээр хувьцааг мөнгөжүүлэх асуудал, процесс нь хуулийн хүрээнд хийгдэж байгаа болов уу?                                                                                                       

Д.ЖАРГАЛСАЙХАН: Таван Толгойн хувьцаа бол улс төрийн алхам болохоос биш эдийн засагт суурилсан хувьцаат компанийн хувьцаа гэдэг ойлголттой ямар ч хамаагүй! 2008 онд хоёр том нам мөнгө амласан. 2012 онд эвслийн засгийн газар сонгууль ойртох хирээр энэ хувьцаа гэдэг юмыг анх гаргаж ирсэн. Эх орны хишиг хуваарилна гэж 2011 онд тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдлээс өмнөхөн Засгийн газар "Эрдэнэс Таван Толгой" компанийн хувьцааны 10 хувийг Монголын компаниуддаа өгнө гэсэн байдаг. Энэ нь нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдож байсан гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд 10 хувь буюу 1.5 тэрбум ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр ард иргэддээ эзэмшүүлэх болсныг зарласан. Ер нь бол байхгүй хувьцааг, байхгүй мөнгөөрөө өгч авалцаад байгаа юм. Хувьцааны мөнгө авахын тулд нэг хүн 34 компани байгуулсан баримт бий. Дараа нь нөгөө 999 гэдэг компани байгуулагдсан. Сүүлдээ аль компанид яаж нөгөө 10 хувийн хувьцаагаа өгөх вэ гэдэг дээр учраа олохоо болиод ард түмэндээ нийт хувьцааны 20 хувийг нь өгье гэсэн. Эндээс л нэг хүнд ногдох 1072 хувьцаа үүссэн түүхтэй. Өөрсдийн дагаж мөрдөх ёстой хуулиа зөрчөөд, зөрчөөгүй болж харагдахыг би "Зайсандах" гэж нэрлээд байгаа. Яармагийг тэд зайсандсан, одоо сонгуулийг бас зайсандах гэж байна. 2012 оны сонгуулийн өмнөхөн буюу 20 хоногийн өмнө Засгийн газрын шийдвэр гарч 464.8 тэрбум төгрөгийг зээлэн хувьцааг нь төр авсан. Эгнэ удаа сонгуулиас арваад хоногийн өмнө ээлжит аргаа хэрэглэлээ. Биднийг юм ойлгохгүй, мэддэггүй гэж боддог юм болов уу даа! Байхгүй хувьцааг мөнгө зээлж худалдаж авах энэ үйлдлээрээ зөвхөн сонгуулийн л ашиг хонжоо гаргах гээд байна шүү дээ, эд нар. Энэ явдлыг зогсоодог механизм баймаар байна. Давхар дээл гэж олон жил ярьсны нэг уршиг энэ. Засгийн газар нь хүртэл сонгуулийн төлөө юу ч хийхээс буцахгүй болчихож. Мөнгө тарааж буй үйлдлээ зөвтгөн улаан цайм худлаа яриад яваад эхэллээ. Сангийн сайд нь өөрөө гарч ирээд энэ хувьцааг мөнгөжүүлэх нь улсын төсөвт ямар ч ачаалал болохгүй гэж яриад байна.  

В.ГАНЗОРИГ: Үнэхээр хууль зөрчсөн асуудал мөн бол хэн нэгэн энэ асуудлыг бариад шүүхэд өгвөл яах бол?

Т.АЛТАНГЭРЭЛ: Хуулийн хүрээнд асар их зөрчил харагдаж байгаа. Хувьцаа гэдэг зүйл өнөөгийн Монгол улсад мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд буюу Иргэний хууль ба Үнэт цаасны зах зээлийн хуулинд заасны дагуу, ялангуяа нээлттэй компанийн хувьд Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцааг л хувьцаа гэж үздэг. Тэгэхээр хувьцаа гэдэг зүйл арилжаанд орохын тулд эхлээд хөрөнгийн биржид бүртгүүлэх ёстой. Тэр компани нь бас бирж дээр бүртгэлтэй байх учиртай. Хувьцаа бол эрхийн өмч юм. Үнэт цаасны эрхийг бүртгэдэг Үнэт цаасны төвлөрсөн төв гэж бий. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл шиг хувьцааг бас бүртгэдэг юм. Хувьцаа бол өөрөө хөрөнгө. Хөрөнгө учраас захиран зарцуулах эрх үүсдэг. Гэтэл энэ яриад байгаа 1072 хувьцаанд захиран зарцуулах эрх байхгүй. 2011 оны УИХ-ын тогтоолоор захиран зарцуулах эрхгүй, саналын эрхгүй хувьцаа гэж тодорхойлсон. Тэр тогтоолыг зөвхөн ногдол ашиг хуваарилах зорилгоор гаргасан юм шиг билээ. Тухайн үед эдийн засаг харьцангүй гайгүй байсан болохоор үнэхээр ногдол ашиг тараана гэж бодсон байх. Одоо эдийн засгийн хүндрэлтэй үед, нүүрсний зах зээлийн уналттай үед, ашигтай бүү хэл алдагдалтай ажиллаж буй энэ компанийн хувьцааг одоо засаг ямар мөнгөөрөө худалдаж авах гээд байгаа юм бол? Хувьцааг худалдаж авах цаг хугацаа нь өнөөдөр мөн үү? Энэ бол маш том асуултын тэмдэг. "Эрдэнэс Таван Толгой" компани Санхүүгийн зохицуулах хороонд мөн бүртгүүлэх ёстой. Уг нь бол ийм төрлийн хуулийн зохицуулалт энэ салбарт нилээд сайн хийгдсэн. Гэтэл цагаан дээр хараар биччихсэн хууль, журмуудыг маш бүдүүлгээр зөрчөөд байна. Хувьцаа бүртгэлтэй байх ёстой, компани Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх ёстой ч бүгд хийгдээгүй. Дээрээс нь хувьцаа худалдана, худалдаж авна гэдэг бол нилээд их бэлтгэл ажил шаардсан, хууль дүрмийн дагуу хийгдэх ажил. Хувьцаа арилжаанд орохын тулд тухайн компанийн мэдээлэл олон нийтэд нээлттэй, компанийн засаглалын асуудал нь шийдэгдсэн байх ёстойгоос гадна Үнэт цаас хууль, Санхүүгийн зохицуулах хорооны журмын дагуу зарагдах ёстой. Гэтэл одоогийн Засгийн газар нэг хүний 1072 хувьцааны 30 хувийг нь 300 000 төгрөгөөр үнэлээд, бүр арилжааны банкаар дамжуулан шууд дансанд нь хийж өгөх гэж байна. Энд ямар арилжаа явагдаад байгаа юм бэ? Хөрөнгийн бирж гэдэг тусгай зориулалтын институци нь хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй ажиллаж байна уу, ажиллаж байна. Дээр нь Хөрөнгийн бирж нь бараг ажилгүй шахуу. Гэтэл Хөрөнгийн биржийг алгасаад, мэргэжлийн брокер, дилерийн компаниудыг нь оролцуулалгүй хувьцааны арилжаа хийгдээд эхэллээ. Мэргэжлийн байгууллага гэдэг чинь хууль, журмын том шалгуурыг хангасан байгууллага. Журам гэдэгт наад зах нь тухайн компанийн мэдээлэл байх ёстой. Зарах гэж буй хувьцааныхаа компанийн талаар ямар ч ойлголт, мэдээлэлгүй хүн хөрөнгөө шууд зарах уу? Наад зах нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийгдэх ёстой. Тэгэхээр энэ бол маш ноцтойгоор Монгол улсын хуулиудыг зөрчсөн. Арилжааны банкууд энэ процесст оролцчихсон. Яагаад оролцсон нь дахиад л маш том асуултын тэмдэг болчихоод байна!

Д.ЖАРГАЛСАЙХАН: Банкуудыг энэ процесст хүчээр оролцуулж байгаа. Яагаад гэвэл Монгол улсын бүх хүн амд хамгийн богино хугацаанд хамгийн хурдан хүрэх ганц институци нь арилжааны банк. Ялангуяа ХААН банк. Хөдөө банкны машин иргэдийг зөөж банк дээрээ авч ирж хүсэлтийг нь бөглүүлж байна гэдэг мэдээ харсан. Энэ бүхэн үнэхээр сонгуулийн зориулалтаар хийгдэж байгаа нь тодорхой. Сонгуулийн бус зориулалтаар, бага ч гэсэн эдийн засгийн зорилгоор үнэхээр идэвхжүүлэх зорилготой нь байсан юм бол энэ хувьцаа худалдан авах процессийг яагаад сонгуулийн маргааш хийж болоогүй юм бол? Ингэж сонгуулийн зорилгоор төр, засгийн бүхий л дэд бүтэц, эрх мэдлийг ашигладаг процессийг зогсоох, ийм үйлдэл хийдэггүй механизмийг бид бүрдүүлэх ёстой. Түүнчлэн улс төрийн намуудын үйл ажиллагааны хэмжээ, хязгаар баймаар байна. Хамгийн гол нь манайд олигтой сөрөг хүчин алга. Эвслийн засгийн газар гэдэг нэрээр бид сөрөг хүчингүй болчихоод байгаа. Дахиж эвслийн засгийн газар бий болохоос би айж байна. Энэ бүх алдааг давтахгүйн тулд давхар дээлийн асуудал, харилцан хариуцлагатай байх тухай асуудал, Монгол улсын Ерөнхий сайд нь сайдуудаа томилдог, огцруулдаг болохгүй бол хариуцлага хүлээдэг субьект байхгүй болчихлоо. Сая ерөнхий сайд миний гурван сайдыг чөлөөлөөд өгөөч гээд УИХ-д хүсэлт гаргасан, нөгөө хэдэн гишүүд нь зав байхгүй гээд завсарлаад алга болсон. Өөр нэг санаа зовж буй зүйл бол УИХ-ын гишүүд сонгуулийн үеэр ажлаа хийх ёстой юу, үгүй юү? Хуулиараа сонгуулиас нэг сарын өмнө ажлаа хийхгүй явж болно гэж заасан юм уу, үгүй юм уу? Энэ дээр тодорхой биш асуудал бий. Одоогийн УИХ ба Засгийн газрын гишүүд үндсэн ажлаа хийгээд байгаа юм уу, сонгуулийн сурталчилгааны ажлаа хийгээд байгаа юм уу, бүр ялгагдахаа больсон. Амины ажлаа ажлын мөнгөөр хийгээд байгаа нь ч ялгагдахгүй байна. Тэгсэн атлаа өрсөлдөж буй хүмүүстээ 18-хан хоногийн сонгуулийн сурталчилгааны хугацаа өгсөн. Бие даагч, жижиг намууд өөрийгөө сурталчилах хугацаа маш бага. Гудамжаар таньдаггүй ганц нэг хүмүүсийн зураг байна. Гэхдээ таньдаг хүмүүсийн зураг дүүрэн байна. Тэгэхээр бидэнд сурах зүйлс маш их бий. Монголын ардчилал залуухан байна. Иргэний нийгмийг хөгжүүлэх асар том шаардлага байна. Энэ "Синдикат ярилцлага" шиг чөлөөтэй, нээлттэй, хараат бус ярилцлагуудыг улам ихийг хиймээр байна. Бидэнд хийх ажил их байна аа!

В.ГАНЗОРИГ: "Эрдэнэс Таван Толгой" компанийн хувьцаа, 300 000 төгрөгийг бид энэ сонгуультай холбож хардах эрхтэй. Гэхдээ би хувьдаа одоогийн эрх баригчдыг басчиг гэж тийм тэнэг хүмүүс гэж бодохгүй байна. Магадгүй гадаадын зарим улсад төрийн өмчийн компани дээрээ иймэрхүү схемээр хийсэн амжилттай туршлага байдаг юм болов уу?

Г.БАТЦЭНГЭЛ: Энэ хувьцааны асуудлыг ярьж эхлэхээс өмнө би нэг зүйлийг хэлэх ёстой. Энэ бол цэвэр улс төр болсон. Ямар нэгэн бизнесийн шийдэл биш, ямар нэгэн байдлаар уг компанийг хөгжүүлэх, эдийн засгийн өгөөжийг харсан  гэхээсээ илүү сонгуулийн оноо, санал авах гэсэн л үйлдэл. Энэ нам, тэр нам, энэ хүн, тэр хүн гэх юмгүй. Монгол улсыг сүүлийн 8, 10 жилийн турш удирдсан хугацаанд хувьцаа л гэж яриад байгаа. 2008 оны сонгуульд 1 сая, 1.5 сая төгрөг, дараа нь 1072 гэж гарч ирсэн. 1072 хувьцааг мартсан байснаа дахиж гаргаад ирлээ. Энэ 1072 хувьцааг үнэхээр гаргаад, амилуулаад, иргэддээ эзэмшүүлэх боломж байсан. Гэхдээ 2011 онд хийх байсан. Тэгэхийн тулд "Эрдэнэс Таван Толгой" компаниа дотоодын болон гадаадын хөрөнгийн бирж дээр гаргаад, иргэдийнхээ нэрийн дансыг Монголын Хөрөнгийн бирж дээр нээгээд явах байсан. Бидэнд бас ягаан, цэнхэр тасалбарын туршлага бий шүү дээ. Харин бирж дээр бүх бүртгэлийг хийсний дараа ёстой үүнээс цааш бүх зүйлийг зах зээлд нь даатган орхих ёстой байсан. Гэвч бид тэр мөчийг ашиглаж чадаагүй. IPO буюу анхдагч зах зээл дээр хувьцаагаа гаргаагүй, нэрэн дээрээ хувьцаат компани гэж яваа боловч "Эрдэнэс Таван Толгой" хувьцаат компанийн дүрэм, журмыг мөрдөөгүй, Хөрөнгийн бирж дээрээ ч бүртгэлгүй компани. Тэгэхээр энэ 1072 хувьцаа чинь "зомби" буюу үхдэл хувьцаа болчихоод байгаа юм. Дээрээс нь энэ хувьцааны нэрлэсэн үнийг нь нэг сая төгрөг гэчихсэн. Одоо энэ амлалтаа яаж биелүүлэх вэ гэдэг дээрээ гацчихсан. Зүйрлэвэл шилний цаанаас чихэр долоолгож байна. Таны нэр дээр нэг юм байна гээд байдаг. Тэрийгээ одоо дөрвөн жил тутам сануулаад яваад байх юм уу? Нэг бол үнэхээр улс төрийн зориг, эрсдэл гаргаад хоёр их наяд төгрөгөө гаргана уу, мөнгөө хэвлэнэ үү хамаа байхгүй иргэддээ дансыг нь нээж өгч бүртгээд энэ нэг хувьцааны дуусдаггүй циклийг цэглэх ёстой. Тэгэхгүй бол дахиад дөрвөн жилийн дараа хувьцаагаа яриад л сууж байж магадгүй шүү!

Д.ЖАРГАЛСАЙХАН: Нөгөө талаасаа хэн өнөөдөр хувьцаагаа заръя, бушуухан 300 000 төгрөгөө өгөөч ээ гээд байгаа вэ гэхээр харьцангүй бага орлоготой, бэлэн мөнгө шаардлагатай хүмүүс болж таарна. Тэгэхээр "Эрдэнэс Таван Толгой"-н хувьцаа эцэстээ мөнгөтэй хүмүүсийн л гарт үлдэнэ. Мөнгөгүй хүмүүс нь бүгд зарж орхино. Энэ асуудлыг шийдэхийн тулд Засгийн газар буцаагаад хувьцаагаа худалдаж аваарай гэж байна билээ. Буцааж авах горьдлого төрүүлж байгаа. Гэхдээ явж явж Монгол улсын газар доорхи баялагийг байгаль бүтээсэн ч гэлээ газрын эздэд аль болох баялаг шударга очих ёстой. Тэр юу гэсэн үг вэ гэвэл газрын доорх баялагийг олборлоход гарсан бүх зардал, өртөгийг нь хасаад, энэ ажлыг хийсэн хүмүүст нь тодорхой ашиг оногдох ёстой. Эдгээр дүнг хасаад үлдэж буй хэсгийг нь өрх бүр, иргэн бүр хүртэх боломжтойгоор зохион байгуулах ёстой. Хувьцаагаа одоо зарж буй иргэд засгаас буцааж хувьцаагаа худалдаж аваа ч уу, үгүй ч үү, тодорхойгүй шүү дээ. Ер нь хувьцаа гэдэг зүйлийг мөнгө босгох гэж гаргадаг болохоос биш хүмүүст мөнгө тараах гэж гаргадаг компанийн хувьцаа хаана ч байдаггүй. Энэ бол "Монголын бүтээмж". Хаа хамаагүй тэнгэрээс үнэ хэлж тогтоогоод л. Уг нь хувьцаат компанийн хувьцааны үнэ уг хувьцааг анхдагч зах зээлд гаргасны дараа зах зээлийн үнэлгээнийхээ дагуу л дээш, доош явж байдаг. Түмний өмчийг төрийн өмч нэрээр хэсэг нөхөд өөрсөддөө ашигтайгаар зарж үрж болдог юмаа гэдгийг энэ явдал харуулж байна. Монгол шиг оронд төрийн өмч нэртэй намын өмч их болжээ. Энэ байдлыг яаралтай засахгүй бол намд орсон хүмүүс нь улсын өмчийг мэдэж, захиран зарцуулах нь байна шүү дээ. Монголын үүц гэгддэг эдгээр баялагыг намын гишүүн хэдхэн хүмүүс хүртээд байх юм бол нөгөө шударга ёс хаана байх юм бол?

Г.БАТЦЭНГЭЛ: Суурь ойлголтууд маань гажиг болчихоод байна. Суурь нь гажиг болохоор дээр нь юу ч бариад тогтохгүй. Баялгийн тэгш хуваарилалт, шударга байдал, хуулийн засаглал гэдэг ойлголт бүгдэд нь ижил үйлчлэх ёстой гэдгийг хүн болгон зөвшөөрч байгаа гэж найдаж байна. Монгол улс ардчилсан орон. Энэ нийгмээ ардчилсан хэвээр байлгахын тулд бүгд л хөгшин, залуугүй зүтгэж байна. Гэхдээ нийгэм ба баялгийн шударга хуваарилалт нь хүн болгон хөдөлмөрлөж байж л түгээгдэж тардаг юмаа гэдгийг бид ойлгох ёстой. Тэгэхгүй бол ямар ч үнэ цэнэгүй болоод байна. Зүгээр сууж байгаад л мөнгө аваад байх юм шиг ойлгоод, үүнийг дэвэргэж буй хүмүүс бол Монголыг сүйрүүлье л гэж бодоогүй бол дэвэргэж, дэмжих ёсгүй. АНУ-ын уугуул иргэд индиануудын жишээ байна. Уугуул нутагт нь казино байгуулна гээд төлөөсөнд нь бэлэн мөнгө өгдөг. Нөгөө хэд нь бэлэн мөнгөө аваад казинод нь орж алдаж буцааж мөнгөө өгөөд л, архи уугаад л ямар ч нийгмийн хөгжил гэдэг зүйлгүй явж байна. Түүнтэй адил монгол хүн бэлэн мөнгө аваад ажил хийхгүй амьдарч болно гэдэг сэдэл төрүүлж байгаа бол энэ хамгийн хорлонтой зүйл. Нийгмийн шударга хуваарилалт гэдэг нь нийгмээрээ хөдөлмөрлөөд тэрхүү хөдөлмөрийн үр шимээ оруулсан хувь нэмрийнхээ дагуу хүртье ээ, мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, төрийн албан хаагчид, өндөр настнуудынхаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хэдүүлээ ажил хийж олж буй мөнгөнөөсөө дундаа сан байгуулж хуваарилах, нийгмийн шударга ёсыг бий болгох сонгодог утгаараа явах юмыг бид гажуудуулаад байх юм.

Д.ЖАРГАЛСАЙХАН: Хамгийн хорлонтой нь намайг 1990-ээд оны үед нийгмийн өөрчлөлт шинэчлэлд оролцож байхад маш олон асуудал бидний мэдэхгүйгээс болж гардаг байсан. Харин өнөөдөр их олон алдааг мэдсээр байж санаатайгаар хийж байна. Чөлөөт эдийн засгийн тухай 25 жилийн өмнөхтэй харьцуулбал бид бүгдээрээ америкуудаас ч бараг илүү мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө эдгээр үйлдлүүдийг санаатайгаар хийгээд байна гэдэг асар ноцтой асуудал. Энд механизм ажиллахгүй байна. Хүмүүс нь байгаа боловч ардчилалын механизм нь буруу ажиллаад байна.

Ч.ХАШЧУЛУУН: Сая "Эрдэнэс Таван Толгой" компанийн хувьцаа гараад ирсэн болохоор хүмүүс шуугиад байна. Мэдээж бүх зүйлийг уул уурхайн салбартай холбож байна. Угтаа энэ асуудал бол төрийн өмчид нийтэд нь хамаарах зүйл юм. Жишээ нь, бидэнд төрийн өмчийн Таван Толгой гээд компани байгаагүй бол өдийд МИАТ дээр 1072 хувьцааг ярьж болно. МИАТ-ын хувьцааг хүмүүст өгөөд, дараа нь түүнийг мөнгөжүүлнэ гээд МИАТ гурван онгоцоо задлаад хүмүүст өгч байгаатай адил зүйл. Эрдэнэт үйлдвэрийг бас тэгж болно. Энэ янзаараа байх юм бол дараагийн сонгуулиар магадгүй бид Эрдэнэт рүү ч ингэж орох байх. Энэ асуудлаас гарах цорын ганц зам бол төрийн өмчийн компаниудыг аль болох цөөлөх, байхгүй болгох явдал. Тэгэхгүй бол засаг солигдоод гарч ирсэн нам, улстөрч өөрсдийнхөө өмч болдог гэдэг чинь зүйл үнэн байхгүй юу даа. Тэд улсын өмчийг хүссэнээрээ захиран зарцуулдаг, эдгээр байгууллагууд дээр засаглалын тогтолцоо бол үндсэндээ байхгүй. Иймээс хувьцаа гаргах, тараах, мөнгөжүүлэх гээд асуудлууд бүр энгийн асуудлууд болж хувирч байна. 

Д.ЖАРГАЛСАЙХАН: Саяхан би энэ чиглэлээр лекц уншсан. Тэгэхэд манай хоёр том намын төлөөлөл надад хэлж байсан юм. Жаргалсайхан минь ээ, Норвеги, Швед зэрэг өндөр хөгжилтэй улсуудын төрийн өмчийн компаниуд болоод байхад чинь чи юугаа яриад байгаа юм бэ гэж. Норвеги, Швед зэрэг улсуудын төрийн өмчит компаниудыг мэргэжлийн баг удирддаг, компанийн үйл ажиллагаа руу нь улс төр орох ямар ч үндэслэл, боломж байхгүй. Дээрээс нь нэг хүнд ногдох ДНБ ба амьдралын түвшингээрээ дэлхийд дээгүүрт ордог улсуудад ингэж явж болж байна. Харин манайх шиг авилгад идүүлсэн, дотоод бүх юм нь нууц ийм компани, улсад хоттой хонио чоноор мануулаад сууж буйтай адил юм.

Ч.ХАШЧУЛУУН: Монголд компанийн засаглал нь хэрэгждэггүй, асуудалтай төрийн өмчийн компаниуд хэд хэд бий. Дээр үед ЗХУ-тай хамтраад байгуулсан, яг компанийн хэлбэрт орж чадаагүй хэд хэдэн сонин байгууллагууд байна. Улаанбаатар төмөр зам байна. Энэ байгууллага жишээ нь нийслэлийн газрын талыг нь эзэмшдэг. Тийшээ Монголын бараг нэг ч компани орох эрхгүй. Дараагийнх нь Монголросцветмет, Эрдэнэт гэх мэт. Төрийн мэдлийн л байх тусам тэнд бүх төрлийн булхай явагддаг. Бараа шахахаас авахуулаад авилгын үүр болдог. Өөр хүнтэй хамтарсан компани тийм биш. Өөрийн мэдлийн "Эрдэнэс Таван Толгой" гээд компани байгуулсан боловч түүнээс долоон дор юм болж байна. Харин ч хамтарсан компаниуд дээрээ оросууд маниусыгаа сайн хянадаг байсан юм уу гэж хэлэхээр байдалд ороод байна. Тэгэхээр Монголд төрийн өмчийн компани байлгана гэдэг нь туйлын зохимжгүй зүйл юм гэдэг нь ойлгомжтой. Төрийн өмчийн компаниудаа үгүй хийхгүй бол сонгууль болгоноор үргэлжилнэ. Цаашилбал газрыг га га-гаар нь тараах, бэлчээрийг уул усаар нь хуваарилах байдал руу орно.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ӨМНӨГОВЬ АЙМАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ӨМНӨГОВЬ АЙМАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.