Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Засгийн газрын хуралдаанаар гаргасан нэг шийдвэр бол Дарханы замын бүтээн байгуулалт дуусаж, ашиглалтад орох хүртэлх хугацаанд ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд тухайн байршилдаа, ажлын хэсгийг ахалж ажиллахыг үүрэг болгосон.
Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтын явц нь удаан хугацаанд гацаж, саатаж буй Дарханы замыг "Барьж дуусга" гэсэн шахалтыг Засгийн газар дэд сайдад нь үүрэг өгсөн юм. Энэ хүрээнд дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Дарханы зам ашиглалтад ортол Дарханд амьдрарч байна. Тэрбээр тэнд очсон цагаасаа өдөр бүр хийж буй ажлаа тайлагнаж, бас хэцүү байгаагаа тоочиж буй. Хамгийн сүүлд бид ярилцлага авахад "Би юу ч амлахгүй, гэхдээ энд бүх зохион байгуулалт алдагдсан байна" хэмээн ярьсан билээ.
Тэгвэл түүнд урам өгч, ажлыг нь үнэлэхээр нутаг нэгт, УИХ-ын асан М.Зоригт өнгөрсөн амралтын өдөр Дарханы зам дээр очжээ. Тэрбээр тэнд очоод "Урам сэргэлээ" хэмээн бичсэн нь тус замын ажлыг байнга шахаж байдаг УИХ-ын гишүүн Г.Дамдиннямд таалагдсангүй.
Тэрбээр " ЗТХЯ-ны бүтэлгүй менежментийн үр дүн, ард иргэдийн зовлон шаналалаас "Урам" авдаг хүн гэж байх уу. Би шууд хэлье! Нутаг нэгт дэд сайд нь энэ замыг хариуцсан учир түүндээ зориулсан ПР хийж өгмөөр аядахаа болих хэрэгтэй М. Зоригт гуай! Замаа дуусгачихаад ПР-аа хийнэ үү, туузаа хайчилна уу хамаа алга. Эхлээд ажлаа хийцгээмээр байна" гэжээ.