Жүжигчин Э.Ууганбаяр: “Ачигдах шахаад арын хаалгаар мултарсан” /Ярилцлага/
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 52 секунд
Жүжигчин Э.Ууганбаяр: “Ачигдах шахаад арын хаалгаар мултарсан” /Ярилцлага/

Жүжигчин Э.Ууганбаяр: “Ачигдах шахаад арын хаалгаар мултарсан” /Ярилцлага/

Нээлтээ хийгээд удаагүй ч үзэгчдийн дунд ам сайтай байгаа “247 градус” киноны гол дүрийн жүжигчин Э.Ууганбаяртай цөөн хором уулзаж, ярилцлаа.

Авъяаслаг залуу маань шинэ киноныхоо нээлтийг хийгээд удаагүй байгаа ч дараагийн уран бүтээлдээ хэдийн ханцуй шамлан оржээ.Ингээд та бүхэндээ Э.Ууганбаяртай хийсэн ярилцлагаа хүргье.

-Сайн байна уу, таны гол дүрд нь тоглосон "247 градус" кино нээлтээ хийсэнд баяр хүргье.

Баярлалаа, өдрийн мэнд.

-Нээлтээ хийгээд удаагүй байгаа “247 градус” кинонд ямар зан араншинтай хүний дүрийг бүтээв?

Би “247 градус кинонд  дотоод ертөнц болон гадаад ертөнцийн хувьд тэс ондоо хүний  дүрийг бүтээсэн байгаа. Дотроо хайрлаж дурлахийг хүсдэг хэдий ч гадаад байдал нь ажлын төлөө төрсөн, бүх цаг заваа ажилдаа зориулдаг болохоор хүүхнүүд түүнийг тоодоггүй тийм л хүн. Өмнө нь миний бүтээж байсан дүрүүд ихэнхдээ хүүхэмсэг залуу байсан бол, энэ удаад бүсгүйчүүдэд тоогддоггүй тийм залуугийн дүрийг бүтээлээ.

-Сүүлийн үед хүүхэмсэг гэхээсээ илүүтэй, намбатай дүрд тоглоод байгаа юмуу даа?

Би бас бодож үзсэн л дээ. Тэгсэн өмнө нь бүтээж байсан дүрүүд дунд тийм ч их хүүхэмсэг, шалиг залуу алга л байх шиг санагдсан. “Яахав дээ эмэгтэй хүнийг сайн ойлгодог, тийм дүрүүд л байна лээ” гээд өөрийгөө өмөөрөөд байгаа шд (Инээв).

Одоогийн байдлаар ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

Шинээр хийгдэж буй “Хуримын сюрприз” гэдэг киноны гол дүрд, нэгэн хуримаа хийх гэж байгаа залуугийн дүрд тоглож байна даа. Киноны хувьд  зураг авалтын шатандаа явж байна, энэ кино маань үзэчдэд гэр бүл, гэрлэлт гэж ямар гайхалтай, үнэ цэнэтэй зүйл байдаг вэ гэдгийг харуулна.

-“Хуримын сюрприз” кино хэдэн сарын дараа үзэгчдийн хүртээл болох вэ?

Ерөнхийдөө кино багийнхан сайн байвал гурван сарын дотор багтаагаад дуусгачихна. Зураг авалт сар гаруй хугацаанд үргэлжилнэ. Манай кино багийнхан маань их шаргуу ажиллаж байна, зургийн дарга намайг гэрт маань ч хариулахгүй ажиллуулж байна (Инээв).

-Танд яагаад ихэвчлэн шалиг эрийн дүр ноогдоод байдаг юм бол?

Мэдэхгүй ээ, тэгж л таараад байдаг шд. Сүүлийн үед залуу найруулагчид маань намайг өөр төрлийн дүр бүтээ гээд хэлээд, тоглуулаал байгаа, гэхдээ л тэр дүр нь эмэгтэй хүнтэй холбоотой л байдаг.

-Та өөрийгөө сайхан залуу гэж боддог уу?

Эр хүн гоё, сайхан царайтай байж яах вэ дээ. Гэхдээ фото модель , загвар өмсөгч, царай зүс, бие хаагаараа мөнгө олдог тэр залуус нь царайлаг байхад болно биз. Жүжигчид бид царайлаг байгаад яах вэ дээ(Инээв), тухайн дүрдээ тохируулаад хувирч чаддаг байхад л хангалттай.

-Гадуур таныг “Шалиг” Ууганаа гэж хочилдог болж, та үүнд ямар байдлаар ханддаг вэ?

Би их баярлаж явдаг юм. Кинонд гоё, гоё бүсгүйчүүдтэй холбогддог дүр бүтээж байгаа нь залуу хүний хувьд сайхан шд. Надаас сайхан залуучууд зөндөө байхад би л шалгарч сайхан бүсгүйчүүдтэй орооцолддог дүрд тоглож байгаа нь азтай хэрэг гэж боддог.

-Таны эхнэр мөн адил урлагийн хүн болохоор энэ бүхнийг тань зөвөөр ойлгож авдаг байх?

Тийм. Миний амжилт эхнэртэй минь холбоотой, олон киноны зураг авалтаас болоод гадуур дотуур явж, гэртээ очихгүй байхад эхнэр маань зөвөөр ойлгож байгаа нь миний ажилд их тус болдог. Гэхдээ зөвөөр ойлгодог гээд давраад байж болохгүй л дээ. 

-Таны эхнэр та хоёр хоёулаа жүжигчин хүмүүс, хоёр хүү тань жүжигчин болох магадлалтай л юм байна?

Манай том хүү бага байхаасаа тайзны ард өссөн, өөрөө бол жүжигчин болно гээд байгаа. Миний хувьд хүүгээ жүжигчин болгохгүй, өөр мэргэжилтэй болгоно гэж заахгүй, өөрийнх нь л дур сонирхол гэж боддог.

-Удахгүй цэргийн баяр болох гэж байна, та цэрэгт явж байсан уу?

Би “Зүүн баян”-д гурван долоо хоног байсан. Тийм болохоор цэргийн амьдралыг ерөнхийдөө мэднэ гэж ойлгож болно. Үндсэн цэрэг татлагаар бол яваагүй, хоёр удаа чихний хэнгэрэгээс болж тэнцээгүй, хоёр удаа ачигдах шахаад арын хаалгаар мултарсан(Инээв). Гэхдээ тэр үед оюутан байсан, удалгүй хоёр хүүхэдтэй болсон гэх шалтгаантай байсан.

-Та ямар хоббитой вэ?

Хоббитой байна гэдэг их гоё, би өөрөө бүх төрлийн спортод дуртай. Найзуудынхаа хамт гүйж харайж, үсэрч, өшиглөж, нүх рүү бөмбөг шидэж, оруулж байвал л надад сайхан байдаг. Ер нь уйдах дургүй, зав гарвал л тогломоор санагддаг.

-Өнөөдөр хүн бүхэн л бодибилдинг, фитнессээр хичээллэх бол таны хувьд?

Хүмүүс бодибилдинг, фитнесст явна гэдэг бол их хотын нэгэн том соёл болсон байна. Зарим хүмүүс цайны цагаараа хүртэл фитнесст явж байгаа нь их сайхан. Би явахгүй байгаа, өөрийнхөө байгаа биендээ сэтгэл хангалуун байдаг (Инээв).

-Гэхдээ л та бусдыг бодвол биеийнхээ галбирийг хадгалаал байх юм?

Харин тиймээ. Энэ миний хувцаслалттай холбоотой юм шиг байх, би жилийн 365 хоногийн 200-аас 180-аад өдрийг нь костьюм пиджак өмсөж өнгөрүүлдэг. Тэр хувцаснууддаа л багтах гээд таргалдаггүй юм шиг байгаам.

-Та их дэгжин залуу, хувцасаа өөрөө сонгож авдаг уу?

Өөрөө сонгож авдаг, би хувьдаа үнэтэй хувцас авахаасаа илүү өөрт зохьсон, биед эвтэйхэн хувцас сонгож авдаг. “Шопинг”  хийхээр сэтгэл сэргээд их гоё байдаг. Шинэ гутал, хувцас авахдаа их л баярладаг (Инээв).

-Та ихэнхдээ инээдмийн кинонд тоглодог, тэгвэл өөр төрлийн кинонд тоглох бодол бий юу?

Өнгөрсөн жил “Экшин” төрлийн кинонд тоглосон, одоогийн байдлаар киноны монтаж, дууны найруулга зэргийг хийж байгаа. Их сонин санагдаж байсан, ёстой л нэг кинонд тоглосон юм шиг л болсон зодоон, цохионтой кино чинь ёстой хэцүү юм байна лээ шд.

-Таны анхны дэлгэцийн бүтээл?

1989 онд Өвөр Монголтой хамтарч хийсэн “Сүүн цагаан өргөө” гэдэг кинонд тоглосон, түүний дараа 1991 онд “Аминд хүрсэн олз” гээд Монголын хамгийн анхны мафитай кинонд тоглож байсан.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа

Баярлалаа.

А.Гэрэлт-Од

Эх сурвалж: PHOTONEWS.MN

Залруулга
Залруулга
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.