Дэн буудал, машин угаалгын газраар дүүрсэн гандангийн дэнж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 29 секунд
Дэн буудал, машин угаалгын газраар дүүрсэн гандангийн дэнж

Дэн буудал, машин угаалгын газраар дүүрсэн гандангийн дэнж

Монголын түүх, соёл, шашны төв болсон Гандантэгчинлэн хийдийг тойроод нийтийн байр, дэн буудал, машин угаалга, дугуй засварын газрууд, элдэв ТҮЦ  үүрлэчихэж. Тэр байтугай Монголд орж ирсэн гадаадын иргэдэд үйлчилдэг  биеэ үнэлэгчдийн нууц газрыг цагдаагийнхан өнгөрсөн жил илрүүлж дуулиан шуугиан болсон нь мөн л тэнд байсан. Халаасны хулгайч нар сүм хийдээр хэсч, ном уншуулж буй хүмүүсийг шоглох болсоор удаж байна. Ийнхүү түм түжигнэж, бум бужигнаж зүйрлэвээс  шоргоолжны үүр шиг болсон олны хөлийн газар- Гандангийн дэнж буюу Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт  хойшлуулж болохгүй хийх зүйл, гэрлийн хурдаар  шийдвэрлэх асуудал олон байна. Энэ тухай манай сонин өмнө нь “Хотын даргын сонорт” буландаа “АСЕМ-аас өмнө Гандангийн дэнжээ анхаараач” гэсэн гарчигтайгаар асуудал   хөндөж байв. Учир нь АСЕМ-аас өмнө хотын өнгө үзэмж, болохгүй, бүтэхгүй асуудлуудыг цэгцлэх үүргийг хотын удирдлагууд өгсөн юм билээ. Тэгвэл нэг гол цэг нь Гандангийн дэнж юм.

Уг нь эдийн засаг хямарчихаас өмнө хотоос “Шинэ гудамж” төслийг эхлүүлж, түүний дүнд Гандангийн муруй тахир гудамжны нэгийг тохижуулсан нь өдгөө “Жишиг гудамж”  нэртэй  болсон. Гэхдээ асуудал үүгээр шийдвэрлэгдэнэ гэж юу байхав. Тэгээд ч манай зарим иргэдэд  “Жишиг гудамж”-ийг хараад ядаж л өөрийнхөө хашааны муруй тахирыг засчих ухаан алга. Нийслэл хүрээ гэж байх үеийн “Усчны” гэж алдаршсан шавар шавхайд хутгалдсан гудамжууд тэр л хэвээр өнөөгийн нийслэлийн хаа нэгтээ, тэр дотроо Гандангийн дэнжид байгааг биеэр очиж, нүдээр хараагүй нэгэн үнэмшихгүй байх л даа. Тиймээс бяцхан сурвалжлагаар хүргэхээр шийдсэн юм. Нэгдүгээрт, тэнд бум бужигнаж түм түжигнэж, хүн амын хэт төвлөрөл бий болж, айлууд нь хашаагаа тойруулж жорлонгийн нүх ухсаар хөрсний бохирдол үүссэн. Урин дулааны улиралд  ялгадсанд хутгалдаж, өмхий самхай ханхалсан тэр газар   халдварт өвчин үүсэх гол цэг болж аюулын харанга дэлддэг. Жорлонгүй учраас айлууд, оршин суугчид нь хөтөвчид бие засаад гудамж руу гаргаад цацчихдаг тул хальтиргаа гулгаа үүсч явах аргагүй болдог. Нөгөөтэйгүүр, нийслэл хотын салхин дээр өндөрлөг цэгт байрладаг тул нийслэлчүүдийг бохироор амьсгалуулж байгаа гол цэг юм. 

Хоёрдугаарт, Гандан орчмын газар нутгийн хэмжээ 55.8 га . Оршин сууж буй иргэдийн тоо 7600. Гэтэл иргэд хашаандаа нийтийн байр барьж,  хөлсүүлдэг. Эсвэл хашаагаа түрээсэлж 7-8 айл буулгачихдаг учраас   хүн амын энэ тоо талийж өгсөн нь ойлгомжтой.  Ийнхүү хүн ам хэт төвлөрсөн тэнд ганц ч сургууль алга.  Харин хорооны хэмжээнд ганцхан цэцэрлэг байдаг аж. Тэгвэл нэг гудамжинд л гэхэд машин угаалгын газар гурав, зочид буудал дөрөв   байх жишээтэй. Зарим хүний хэлж буйгаар нарийн шалгаад үзвэл тэнд гэр зочид буудал ч байх магадлалтай гэнэ.  Ийм байтал тэнд эмийн сан ганцхан байгаа нь шог үзүүлэлт гэлтэй.

Өнөөдөр нийслэл доторх нийслэл, хот доторх хот, улс доторх вант улс болсон Гандангийн дэнж буюу Баянгол дүүргийн 16 хороонынхны бодит байдал ийм л байна. Хотын удирдлагууд энэ байдалд анхаарч, холбогдох байгууллагууд хяналт, шалгалт хийхгүй бол тэнд юу ч байж мэдэх, мөн юу ч болж болох, ямар ч өвчин дэгдэж болзошгүй сэрүүлэг тэнд хором хормоор дохиолж байна. 

Л.ХЭРЛЭН

Zaluu.com

Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө тулалдана
Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө тулалдана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.