Тэмүүжиний балаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 55 секунд
Тэмүүжиний балаг

Тэмүүжиний балаг

Ёс зүйгүй улс төрчид нийгмийн сэтгэл зүй, улс орны хөгжил дэмшилд лай тарьж, нэрмээс болно уу гэхээс нэмэр болдоггүй ажээ. Монголчууд үүнийг хорь гаруй жил харлаа, гай барцадыг нь үүрлээ. Ямар ард түмэн байна, тийм л улс төрчид парламентад орж суудаг нь амьдарлаар батлагдсан үнэн болохыг ч сайтар мэдэрч буй. Энэ тухай онол монолын зах сэжүүрээс мэдэмхийрч ярих нь  энд илүүц биз ээ.

Ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн балагийг хүмүүс шагшин ярьцгааж байна. Зарим нь магтан дуулах гэж хушуу амаа билүүдэх аж. Магтах юм байвал магтах нь зөв л дөө. Гэхдээ улс төрч хүнд магтаал бараг хэрэггүй юм. Яагаад гэвэл тэд нийгмийн хүмүүс. Нийтийн эрх ашгийн төлөө чөмгөө дундартал зүтгэх андгай өргөсөн улс. Магтахаа хүрвэл ард түмэнд магтан дуулах өдөр хэзээ ч олдоно.

Х.Тэмүүжингийн сайд байхдаа зориулалтыг нь өөрчлүүлсэн эмнэлэгийн барилга дээр өнөөдөр хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгийн эрсдэл яригдаж байна. Шинэхэн сайд Д.Дорлигжав нь УИХ-ын гишүүдийн захиас даалгавар, Ерөнхий сайдынхаа өгсөн үүргийн дагуу Хууль зүйн яамныхаа мэдэлд байгаа уг барилгын нөхцөл байдалтай танилцсанаа мэдээлсэн. Гэвч энэ тухай их товчхон үгээр, хайнгадуухан ярьж байна лээ. Мөн сайд болохоос нь өмнөхөн “Алтан дорнод монгол” компнитай холбоотойгоор Х.Тэмүүжингийн олон нийтэд хүргэсэн 4 сая долларын гүйлгээ бүхий санхүүгийн баримтыг өөртэй нь холбогдуулсаныг ч хууль хяналтынхнаар шалгуулна гэлээ. Цаг хугацааны хувьд  энэ хоёр мэдээлэл бараг зэрэгцсэн нь бас сонин.

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг байсан байр  хуучирч муудан, хажууд нь шинэ барилга барьж эхэлсэн үед Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болсон юм. Хууль, шүүхийн шинэчлэл хэмээн том дуугарч гарч ирсэн тэрбээр юун түрүүнд уг эмнэлэгийн барилгыг оффисын зориулалтаар ашиглах болж, эмч сувилагч нар нь нэлээд хэдэн сарын турш Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн уриа лоозонгоо бариад жагсаж байлаа. Тус эмнэлэгийн дарга асан Ш.Жаргалсайхан болон эмч ажилтнууд нь сүүлдээ Х.Тэмүүжингийн мугуйдлахыг  дийлээгүй.

Японы туршлагаар, олон улсын стандартын дагуу  шинээр барьж эхэлсэн эмнэлэгийн барилга дотор одоогоор Монголдоо л хамгийн өндөр хүчин чадалтай оношлогооны “MRI”,  “CTI”  аппаратууд суурилуулаад байжээ. Барилгын ханыг босгосны дараа  аппаратаа суурилуулах нь илүү оновчтой байсан тул ийнхүү шийдсэн юмсанж. Гэтэл одоо нэг нь эвдэрч ашиглах боломжгүй болоод байна. Барилын зориулалтыг өөрчлөхдөө аппаратыг  нь гаргах ямар ч бололцоогүй байснаас болоод барилга угсралтын ажлын явцад гэмтэж  үрэгджээ. Өндөр үнэээр гадаадаас захиж авчруулсан хайран аппарат ингээд будаа болох нь тэр.  Хэрвээ бүрэн хэмжээнд засч ажиллагаанд оруулна гэвэл дор хаяж 100 сая төгрөг шаардах юм байна.

Х.Тэмүүжин энэ эмнэлэгийг дотроо шоронтой оффис болгох гэж төсвөөс 3.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Д.Дорлигжав нь сайд болмогцоо  очиж үзээд “Шорон болгосон гэхэд хаашаа юм” ухааны юм ярьсан байна лээ. Гэвч мөрдөн байцаах газрын зориулалтаар өөрчилсөн барилгынх нь нэг хэсэгт үнэхээр шоронгийн зохион байгуулалттай өрөө тасалгаа олон байгаа юм. Юунд ч хамаагүй хошуу дүрж явдаг О.Баасанхүү гишүүн очиж хараад “Өө, яг шорон” гэж байна. Харин Х.Тэмүүжин болон түүнийг дэмжигчид нь болохоор “Урьдчилан саатуулах байр” хэмээн тайлбарлав. Чанарын ялгаагүй шахуу юм л даа. Саатуулах байрууд үндсэндээ шоронгийн системтэй байдаг. Өнөөдөр Монголд шорон хангалттай бий. Харин эмнэлэг хаанаа ч хүрэлцэхгүй байна. Х.Тэмүүжинг сайд болох үед ч эмнэлэг барихгүй бол иргэд маань хэцүүдлээ гэж дээр дооргүй ярьцгааж байсан.

Төрийн тусгай албан хаагчдын  эмнэлэгийн энэхүү барилгын гунигт түүх хожмоо манай улс төрчдөд хатуу сургамж болж үлдээсээ билээ. Одоо энэ барилыг буцаагаад эмнэлэг болгох гэвэл доод тал нь 4 орчим тэрбум төгрөг  гарах төлөвтэй байна.  Тэмүүжингийн цацаж хяасан 3.7 тэрбум дээр тийм хэмжээний мөнгө нэмэгдэнэ гэсэн үг. Хайран мөнгө. Туулын мөсийг долоох шахан байж цуглуулсан татвар төлөгчдийн мөнгө шүү дээ.

Х.Тэмүүжингийн балаг үүгээр бас дуусахгүй бололтой. Түүний эхлүүлсэн гэх  шүүхийн шинэчлэлийн төсөл хөтөлбөр, хуулиудаас өнөөдөр хоёрыг нь түдгэлзүүлжээ. Бас л үргүй зардал. Нэг хуулийн төсөл боловсруулахад хэдий хэмжээний мөнгө орж буйг тооцож үзэх хэрэгтэй байх. Ер нь хуулийн төслүүдэд зарцуулж буй зардал ил тод биш байгаа. Ямартаа л тэр жил Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараахан иргэний зарим байгууллагууд “Наад хуулийг чинь боловсруулахад Америк, Канадаас дөрвөн нөхөр ирээд зочид буудалд хэдэн сар  ажиллаж,  баахан лобби үсэргээд буцсан” гэж байхав. Тэд өөрсдийн зардлаар ирээгүй нь мэдээж. Энэхүү албан бус мэдээлэлтэй жишиж үзвэл Х.Тэмүүжингийн санаачилсан гэх хуулийн төслүүдэд хаанаас, хэдэн төгрөг орсоныг бурхан ч тааж хэлж чадахгүйд хүрээд байх шиг байна.

Оросын иргэн Паушокын үүсгэн байгуулсан “Алтан дорнод монгол” компанитай холбоотой баримтыг Х.Тэмүүжин сайндаа ч гаргаж тавиагүй байх. Ер нь зарим улс төрчид бие биеэ шантаажаар шахаж өөрийн эрх ашгийг хамгаалдаг арга барил түгээмэл хандлагатай болоод байгаа. Барууны орнуудад ч, Орост ч мафи маягийн бүлэглэлүүдийн иймэрхүү “сонгомол” аргууд сүүлийн үед нэлээд ажиглагдаж байгаа, манай томчуудаас. Энэ өнцгөөс нь харвал Д.Дорлигжавтай холбосон тэрхүү баримт нь Орос, Монголын хил дамнасан томоохон гэмт хэргийн зах сэжүүр байж болохыг үгүйсгэх аргагүй. Үүнийг хууль хяналтынхан тогтоох биз.

Ерөөсөө аль ч улс төрчийн сайн, мууг цаг хугацаа аяндаа харуулаад өгдөг. Х.Тэмүүжингийн хар тамхины хэрэгт холбогдсон охинтой унтсан эсэх, хүүхдээ харийн хүнд үрчлүүлж мөнгө босгосон энээ тэрээг энд нурших нь үнэндээ бас улиг. Харин хоёр жил гаруйхны хугацаанд энэ улс төрчийн  нуугдмал байсан жинхэнэ  мөн чанараас  хүмүүс гарз хохирол амсан байж  бага ч гэсэн төсөөлөлтэй болсон нь юутай сайн.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn


Ё.Лхагвасүрэн: Хулгайч нар “Prius”-ыг онилж байхыг үгүйсгэхгүй
Ё.Лхагвасүрэн: Хулгайч нар “Prius”-ыг онилж байхыг үгүйсгэхгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.