» Үүл баатар “Ухаалаг Улаанбаатар” төслөө өөрийн гараар булшиллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 24 секунд
» Үүл баатар “Ухаалаг Улаанбаатар” төслөө өөрийн гараар булшиллаа

» Үүл баатар “Ухаалаг Улаанбаатар” төслөө өөрийн гараар булшиллаа

 

Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хотын дарга Э.Бат-Үүлд хандаж олны анхаарлын төвд ороод байгаа хэд хэдэн асуудлаар санал хүргүүлсэн талаараа мэдээлэл хийсэн юм. Үүл баатарт хүргүүлсэн түүний хүсэлт нь гэвэл нөгөө л нийслэлийн Нийтийн тээврийн шинэчлэл, газрын асуудал, гэр хорооллын дахин төлөвлөлт, СӨХ-той асуудлууд юм. Тэрбээр “Нийслэлд үүсээд байгаа асуудлыг албан ёсоор Э.Бат-Үүл даргад уламжлах хэрэгтэй боллоо. Би энэ үгийг албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэж байна. УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн асуудалд шалгалт оруулсан. Дахин төлөвлөлт, хотыг шинэчлэн зохион байгуулах асуудлаар УИХ-аас хууль гаргасан. Иргэдийн олонх нь дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа. Гэхдээ үүнтэй холбоотой иргэдийн болон дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгжийн эрх ашгийг хөндсөн маргаантай хэд хэдэн асуудал байна. Дээрээс нь эдийн засгийн хямрал тохиосонтой холбогдон дахин төлөвлөлтөд орсон аж ахуй нэгжүүд үндсэндээ дампуурлын ирмэгт хүрчихээд байна. Газар чөлөөлөх ажлын хүрээнд аж ахуй нэгжүүд олон тэрбум төгрөг гаргасан.
Иргэдийг түрээсийн байранд болон түр амьдрах байранд байлгахад зориулж аж ахуйн нэгжүүд өөрөөсөө олон тэрбум төгрөг зарцуулж байгаа. Өдөр болгон УИХ-д хотын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол ирдэг. Дахин төлөвлөлтийн бодлогоо эргэн харахгүй бол Улаанбаатарт хийж байгаа энэ асуудлаас болж аж ахуйн нэгжүүд дампуурч, олон мянган иргэн орон байрандаа орж чадахгүй, гэр оронгүй, эдийн засгийн хямралд орж, амьдрал нь хүндэрч байгааг Э.Бат-Үүл даргад дуулгая. Дахин төлөвлөлтийн бодлогоо эргэн харж, эрчимжүүлэх, шинээр авч үзэхийг Э.Бат-Үүл даргаас хүсье. Энэ хүсэлт бол ганцхан миний хүсэлт биш, Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн хүсэлт юм шүү гэдгийг уламжилж хэлмээр байна.
Иргэдийн зүгээс тавьж байгаа хоёр дахь том асуудал нь СӨХ-той холбоотой асуудлыг өдөр бүр УИХ-д тавьж байна. Уг нь энэ асуудлыг нийслэлийн төвшинд шийдэх бүрэн бололцоотой. “СӨХ-ны дээд зөвлөл гэж иргэдээс мөнгө татдаг байгууллагыг татан буулгаж өгөөчээ” гэсэн хүсэлт ирүүлж байна. СӨХ нэртэй мөлжлөгийн байгууллагыг өөрчлөн шинэчилж өгөөчээ гэж иргэд бидэнд хүсэлтээ тавьж байна. СӨХ нь ажлаа хийдэггүй, хууль бус ажиллагаа явуулснаар Улаанбаатар хотод олон мянган иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна гэдгийг Э.Бат-Үүл даргад албан ёсоор дуулгая. Тиймээс СӨХ-ны шинэчлэлийг яаралтай хийгээч ээ, эргэн хараач ээ гэдэг шаардлагыг хэвлэлээр дамжуулан хүргэж байна.
Гурав дахь нь Автобусны чиглэлийг шинэчилсэнтэй холбоотой асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Богино рейс бий болгосноор нэг автобусаар явдаг байсан бол гурав дамжиж улмаар ажлаасаа хоцрох, автобусныхаа мөнгийг төлж дийлэхгүй болоход хүрч байна гэж иргэд бидэнд гомдол ирүүлж байна. Нийтийн тээврийн шинэчлэлээ иргэддээ чирэгдэлгүй байхаар зохион байгуулаач ээ гэж хотын даргад хэлмээр байна. Энэ УИХ-ын гишүүний хийдэг ажил биш, нийслэлд хамаатай ажил учраас өнөөдөр миний бие зориуд энэхүү мэдээллийг хийж байна.
Дөрөв дэх нь мөн л Э.Бат-Үүл даргад хамааралтай асуудал. Иргэд дамжуулж өгөөч гэж хүссэн юм. Цахим хэлбэрээр газар олголтод ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж чадахгүй байна. Цахим газар олголтын системээ шинэчилж, бүх иргэд хамрагдах боломжийг олгох хэрэгтэй. Улаанбаатар хотод олон сайн сайхан ажил хийгдэж байгааг бид харж байгаа. Гэхдээ шинэчлэл нэрийн дор нийслэлийн ард иргэдийн амьдралын хэмнэлд битгий саад учруулаач ээ, алдаагаа хурдан засч, залруулаач ээ гэж Нийслэлийн Засаг даргаас хүсч байна” гэлээ.

Ямартай ч өнөөдөр иргэдийн шүдний өвчин болж буй асуудал нь яалт ч үгүй гэр хорооллын дахин төлөвлөлт, газар олголт, автобусны шинэчлэлийн асуудлууд. Эдгээрээс ганц л асуудлын тухайд товч өгүүлье. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж олон мянган иргэд орох орон оочих аягагүй гудамжинд хоног төөрүүлэн өнгөрөөх болсон. Хэдийгээр гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулна гэдэг мэдээж хүнд ажил хэдий ч иргэд газраа өмчлөөд авчихсан энэ үед бүр ч их асуудалтай. Уг нь газар чөлөөлөх хүрээнд аж ахуйн нэгжүүдэд олон тэрбум төгрөгийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс аль хэдийнэ гаргаад өгчихсөн. Гэтэл мөнгийг нь авсан аж ахуйн нэгжүүд яагаад энэ ажлыг хийхгүй зогсоход хүрэв гэдэг нь хачирхалтай.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Үүл баатар дарга “Ухаалаг Улаанбаатар” төслөө хэрэгжүүлэх гэж хэрдээ чармайсан ч үүнийгээ өөрийн гараар булшилсан гэж хэлэхэд бараг хилсдэхгүй байх. Тухайлбал, түүний хүү Э.Чулуудай нь Баянзүрхчүүдийг тохилог, тав тухтай орон сууцтай болгох тендерт ялалт байгуулж 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр гаргуулсан байдаг. Угтаа бол хотын дарга аавынхаа “буян”-аар 15.4 га талбайн орон сууцны хорооллын дэд бүтцэд л гэхэд 11 тэрбум төгрөгийг төсөвлүүлж, 5.4-ийг нь гаргуулж авсан ч бүтээн байгуулалтын ажил нь эхлээгүй байгаа нь өнөөдрийн бодит үнэн. Энэ талаар цухас дурьдахад Баянзүрх дүүрэгт сүндэрлэх “Түмэн амгалан” цогцолбор хорооллын шавыг 2013 оны аравдугаар сард тавьж, тухайн ондоо Турк улсын “216 Яапи” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу Туркийн талаас барилгын ажил эхлэх хүртэлх хугацаанд нийт 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.
Асуудлын гол нь тус цогцолбор хотхоны барилгын ажлыг шинэ технологийн дагуу асар хурдан хугацаанд барих техник, тоног төхөөрөмж, хэв хашмалыг өөрийн улсад зургийн дагуу захиалж, оруулж ирсэн байгаа юм. Ингэхдээ бүх зардлыг Туркийн тал дангаараа шийджээ. Гэтэл баатар даргын хүү Б.Чулуудай эрх мэдлээ хэтрүүлэн гэрээгээ зөрчсөнөөр хоёр тал олон улсын Арбитрын шүүхэд ханджээ. Харин Арбитрын шүүх энэ оны гуравдугаар сарын 26-нд шийдвэрээ гаргаж Монгол Улсын “Грандлайн” ХХК болон Туркийн “216 Яапи” компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалсан байна. Ингэхдээ Туркийн талд “Грандлайн” ХХК-иас 792 мянга 114 ам.доллар, 31 сая 956 мянга 166 төгрөг гаргуулахаар болсон аж. Ямартай ч Э.Чулуудай Арбитрын шүүхээс гаргасан энэхүү шийдвэрийг огоорч “Биднийг гүтгэлээ” гэх маягийн мэдээллийг олон нийтэд өгч байсан юм. Эцэст нь хэлэхэд Хотын дарга аа, шинэчлэл нэрийн дор иргэдийн амьдралыг самрахаа болиоч гэж таниас хүсэх байна.

Р.Саруул

Эх сурвалж:

Дугаар хорооны иргэн Х.Нямбаатарын ИТГЭЛ
Дугаар хорооны иргэн Х.Нямбаатарын ИТГЭЛ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.