М.ГАН
Царцаа хэмээх амьтан Монголд тархаагүй нутаг бараг байдаггүй гэнэ. Биологи, экологийн өвөрмөц онцлог, амьдрах орчин, байгаль цаг уур, тархалт зэргээс шалтгаалан учруулах хөнөөлийн хэмжээ нь харилцан адилгүй. Царцаа гэх амьтнаас илүүтэй хүн дүрстэй царцаанууд сонгуулийн дүн будилуулахаар Монгол орны төв, баруун хязгаарт тархан суурьшаад байна. Зарим нам, нэр дэвшигчийн мэдээлж буйгаар хүн царцаанууд одоогоор Хөвсгөл, Булган, Увс,Төв аймагт олноороо үржиж, хэн нэгэнд хөнөөл учруулахаар хотоос хөдөөг зорьжээ. Тэд аль нэг томоохон компанийн ажилчид гэдгийг нэг талаас нь мэдээлж, нөгөө тал нь няцаагаад буй. Компанийнх нь удирдлагууд нэр дэвшиж буй дээрх аймгуудад ажилчдаа амраах нэрээр нүүлгэн шилжүүлж сонгуулиар өөртөө санал өгүүлэх ажиллагааг Монголд “Царцааны нүүдэл” гэж нэрлээд байна. Хүн царцааны нүүдэл дөрвөн жил тутамд нэг удаа буюу сонгуулийн жилд идвэхждэг билээ.
Царцаа гэдэг амьтантай тэмцэх ажлыг манай орон 1920-иод оны үеэс эхэлжээ. Харин хүн царцаануудтай тэмцэх ажиллагаа сүүлийн хэдэн сонгууль дараалж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Учир нь тэдний нүүдлийг зохицуулсан, хориглосон, хор хөнөөл учруулбал ногдуулах хуулийн хариуцлага гэж алга. Тухайлбал, энэ сонгуулиар мөрдөж буй хуулийн хүрээнд л гэхэд ийм хориг байхгүй. Сонгуулийн тухай хуулийн 65.6-д “Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсооно”, 65.7-д “Сонгогчийн шилжилтийг аймаг болон нийслэл дотор хийхийг хориглоно”, 65.8-д “Шилжин ирсэн сонгогч зөвхөн Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгнө” 65.9-д “Энэ хуулийн 65.7, 65.8-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 65.10-д “Энэ хуулийн 65.7, 65.8-д заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанаас хална” гэжээ. Царцааны нүүдлийн талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Энх-Амгалангийн тойрогт 2400 орчим сонгогч, Л.Мөнхбаатарын тойрогт 720 сонгогч, Архангай аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Мөнхбатын тойрогт 603 сонгогч, Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшигч Л.Элдэв-Очирын тойрогт 1900 сонгогч, Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн тойрогт 2807 сонгогч шилжүүлэг хийлгэсэн байна” гэж мэдээлсэн юм. Л.Мөнхбаатар өмнө нь Иргэний бүртгэл мэдээллийн төвийн даргаар ажиллаж байсан. Иймд сонгогчдын бүртгэлийг будилуулдаг аргад гаршсан нэгэн ч гэдэг аж.
Мөн МАХН-аас Төв аймгийн 30 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа О.Буяннэмэх “Ард түмнийг сонголт хийлгэхгүй нь дээ. Нэг өдөрт гэхэд л 400 хүнийг Зуунмодын нэгдүгээр багт хотоос хүмүүс шилжүүлсэн байна. МАНАН эрх мэдлээ алдахгүйн тулд аргаа барж байна даа. Ард түмэн та нарыг дэнслэх цаг нь ирсэн” хэмээн цахим хуудсандаа бичжээ. МАХН-ын сонгуулийн төв штабын дарга Э.Эрдэнэжамъян “Томоохон компанийн ажилчид бөөн бөөнөөрөө сонгуулийн үеэр амрах юм байна. Хөвсгөл, Баянхонгор аймгийн амралтын газрууд дээр хүмүүс хэдэн зуугаараа амрах юм байна. Тэндээ сонгууль өгнө гэж хаягаа солиулж байна. Энэ мэтээр 21 аймагт Улаанбаатар болон бусад тойрог дүүргээс хэдэн зуугаараа шилжиж байна” гэж мэдээлэл хийсэн билээ. Сонгууль дуусахаар царцаанууд Улаанбаатартаа буцаж ирээд ажилдаа орно. Хөдөөгийнхний, аль нэг тойргийнхны сонгогчдын саналыг будилуулж, сонгох эрхэнд нь халдсан царцаануудад ногдуулах хуулийн хариуцлага хаана байна вэ?
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин