“Нарыг хэвээр үлдээгээрэй”, Ц.Нямдорж сайд аа!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 13 секунд
“Нарыг хэвээр үлдээгээрэй”, Ц.Нямдорж сайд аа!

“Нарыг хэвээр үлдээгээрэй”, Ц.Нямдорж сайд аа!

Хууль зүйн 5 удаагийн сайд "Яргын" зохиол бичиж, ЗГ-ын 100 хоногийн тайлангаар "Захиалагч"-ийг зарлах хачин биш үү?

2019 оны гуравдугаар сарын 21-ний пүрэв гариг. Төрийн ордон. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “ Би Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Т.Чимгээ, Б.Содномдорж нарын ар гэрийнхнээс уучлал гуйж байна. Би амьдралдаа уучлал гуйж үзээгүй хүн. Одоо бол уучлал гуйж байна” гэв.

Тэрбээр энэ үеэр “Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлж гэм зэмгүй хүмүүс хүйтэн камерт яаж байдгийг нүдээр үзье гэж уулзсан” гэсэн юм. Мөн “Нас барсан хүний цогцсыг айлын хашаанд аваачаад хаячихсан байхаар нь ил ийм зүйл хийж байгаа хүмүүс далдуур үүнээс долоон дор юм хийж байгаа гэдгийг мэргэжлийн хүний хувьд би мэдрэмжээрээ ярьсан” гэж мэдээлсэн. Гүйцэтгэх эрх мэдэлд багтдаг Засгийн газрын гишүүн, хууль зүйн салбарт таван удаа сайдаар ажилласан хүн нь олон нийтийн өмнө гарч ирснээ “Би энэ хэргийг ингэж шийднэ” гэж амлаж Төрийн өндөр албан тушаалын нэр барьж Монголын шүүхийн өмнөөс уучлал гуйдаг тэр хэн бэ? Энэ бол шүүх эрх мэдэл рүү халдаад зогсохгүй, нөгөө “Төр бол би” гэдэг шиг “Шүүх эрх мэдэл бол би” гэж байгаатай адил сонсогдсон.

2021оны гуравдугаар сарын 28-ны ням гариг.Сүхбаатарын талбайд майхантай өлсгөлөн зарлаж буй, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэл эдэлжбайгаа Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж очиж уулзав.Кинонд “Мэргэн Ард” Чонын анчин Раашийн дүрд хувирдаг шиг сүүлийн 30жилд төрийн хоймроос холдоогүй эрхэмсэг сайд Ц.Нямдорж хар ноосон малгайөмсөж, хөлдөө пүүз углан эгэл жирийн өвгөний дүрд хувиран майханы үүд сөхсөний учир юу байв? Түүний энэ өдөр “Нэхүүл” нам бусчуудын хөдөлгөөний залуучуудад хандаж хэлсэн үг нь тун ноцтой. “Би  зөндөө хөөцөлдсөн, Ерөнхийлөгчид уучлал үзүүлээд суллачих боломж бий. Шүүгчид улайм цайм завхруулж байна”...”Энэ яргаллын эхлэл нь Ц.Элбэгдоржийн үед эхэлсэн” гэхчлэн ярьсан байдаг. Энэ тухайгаа2021оны дөрөвдүгээр сарын 23-нд хэвлэгдсэн “Өдрийн сонин”-д ЗГХЭГ-ын даргын нэрийн өмнөөс “Хонгил үүссэн түүх ба Яргын хэрэг” гэх аймшигтай гарчигтай нийтэлсэн байдаг.Төрийн сайдын гараас “Яргын хэрэг” гэдэг “зохиол” бичигдэхийг харсан минь энэ.

Үүнээс хойш 17 хоногийн дараа буюу 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоногийн тайлангаа тавих үеэр ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийн захиалагчаар Э.Бат-Үүл шалгагдаж байсныг дахин сануулав. С.Зориг агсны амь насаа алдах тэр мөчид 17 настай байсан Ц.Амгаланбаатарыг “Э.Бат-Үүл энэ хэргийн захиалсан” гэж хэлсэнд нь өөрийнх нь хэлдгээр насаараа “хууль идэж” амьдарсан Ц.Нямдорж сайд яагаад ийм итгэлтэй байж Засгийн газрын нэрийн өмнөөс зарлав. Үүнийг маргааш буюу 2021 оны тавдугаар сарын 14-ний баасан гаригт хуралдаж яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэхээр товлогдсон Улсын Дээд шүүхийн хуралдааны өмнөх “бэлтгэл ажил” бололтой.

2018 оны аравдугаар сарын 23-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр тухайн үед Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан М.Энх-Амгалан “Монголын ард түмнийг цочроосон ноцтой гэмт хэрэг 1998 онд үйлдэгдсэн. Энд төр засаг анхаарлаа хандуулж, тал бүрийн дэмжлэг үзүүлж ирсэн. Үүнд Л.Болд гишүүн идэвхтэй оролцдог. С.Зориг агсны хэрэгт холбогдуулан гурван хүнийг ялласан. Шүүхийн эцсийн шийдвэр гарчихсан учир энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. Тэдний ар гэрийнхнийх нь гаргасан гомдол, хүсэлт нь шинээр үүссэн гэмт хэргийн шинжгүй учир татгалзсан хариу өгсөн. Харин хамгийн сүүлд Б.Булганы гаргасан гомдол, асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна" хэмээн хариулсан. 

Үүний дараахан буюу 2019 оны нэгдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ц.Нямдорж Ё.Баатарбилэг гишүүний асуултад хариулах үеэрээ “Энэ М.Энх-Амгалан бид хоёр ерөөсөө санал нийлдэггүй юм” гэсэн. Үүнээс хойш яг 76 хоногийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцруулах зарлиг гаргасан билээ. Санал нийлдэггүйн учир тэнд буй.

Бас нэг жишээ.Улсын Дээд шүүх 2014 оны дөрөвдүгээр сарын 25-нд Ц.Нямдорж сайдыг тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулгаас уучлал гуйх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хоёр жилийн дараа хамгийн эцсийн шийдвэрт хүрсэн нь энэ боловч одоог хүртэл биелүүлээгүй, Энэ тухайгаа 2013 оны зургадугаар сарын 6-нд “news.mn” сайтад ярихдаа “Чингэлтэй дүүргийн шүүх, хотын шүүх ямар шийдвэр гаргах вэ гэдгийг би мэдэж байсан. Би энэ үйлдлээрээ Монголын шүүх хэн болсныг ард түмэнд ойлгуулах гэж шүүхээр жаахан тоглож байгаа юм” гэж хариулснаар нийтлэгдсэн байдаг. Маш ноцтой хариулт биш гэж үү.

Ц.Нямдорж ийм л хүн. Монголын шүүх хуульч Ц.Нямдоржийн хувьд юу юм бэ? Монголын шүүх иргэн Ц.Нямдорж ба Сайд Ц.Нямдоржид тэгж хандаж чадах уу? Яагаад тэр Э.Бат-Үүл баатарыг ямар ч баримт нотолгоо үзүүлэхгүйгээр “Захиалагч” гэж Засгийн газрын нэрийн өмнөөс зарлах болов? Тэр бол “Сайн хөзрөөр сайн тоглодог хэрнээ муу хөзрөөрухаалаг тоглогч байж чаддаггүй” учраас Монголын төрөөс холдож үл чадах “паразит” бөгөөд үүний цаана өөр ямар нууц буйг тайлах хүмүүс нь хоригдсоор, хоргодсоор...

Эх сурвалж. Нийтлэлч У.Оргилмаа

Баабар.мн

Фото Нийтлэлч М.Энхтайван /Цуврал №7/
Фото Нийтлэлч М.Энхтайван /Цуврал №7/
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.