Х.Амгаланбаатар: Цалинг хувиар биш ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 55 секунд
Х.Амгаланбаатар: Цалинг хувиар биш ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлнэ

Х.Амгаланбаатар: Цалинг хувиар биш ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлнэ

 

 

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн үндэсний гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалинг энэ сарын 1-нээс нэмэхээр болсон. Гэвч товлосон хугацаа нь өнгөрчихсөн байхад Засгийн газрын хуралдаанаас тодорхой шийдвэр гаргаагүй байгаа. Үүнтэй холбогдуулан өчигдөр МҮЭХ-ноос мэдээлэл хийв. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

 

-МҮЭХ-ноос цалин, тэтгэврийг энэ сард нэмнэ гэсэн мэдээллийг хийж байсан ч өнөөдрийг хүртэл нэмээгүй байна. Ер нь шийдвэрлэх боломжтой юу?

 

-МҮЭХ-ноос төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар яаралтай хуралдаж, асуудлыг шийдвэрлэх шаардлагыг Монгол Улсын Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд хүргүүлсэн. Өнгөрсөн даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн ч эцсийн шийдвэр гараагүй. Өнөөдөр /өчигдөр/-ийн 17.00 цагийн Засгийн газрын хуралдаанаар сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэнэ гэсэн мэдээлэл дөнгөж сая ирлээ. Бид цалин нэмэх шаардлагыг олон удаа тавьж байна. 2015 онд цалин, тэтгэврийг тодорхой үе шаттайгаар 90 тэрбумаар нэмэгдүүлье гэсэн тохиролцоо хийж, хөрөнгийн эх үүсвэрийг нь улсын төсөвт суулгаад, төсвийн хуулиар баталгаажуулсан. Энэ тохиролцоог Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах ажил хойшилж байгаагаас төрийн албан хаагчдын цалинг товлосон хугацаандаа нэмэхгүй байна.

 

-Цалин, тэтгэврийг 60-аас доошгүй хувиар нэмнэ гэсэн. Энэ удаад ингэж нэмж чадах уу?

 

-МҮЭ-ийн холбооноос санал болгосон 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага нь иргэдийн авч буй цалин, бодит худалдан авах чадварт тулгуурласан тооцоо юм. Ингэхдээ улс орны эдийн засгийн байдал, бодит худалдан авах чадварыг бид судалсан. Улс орны эдийн засгийн байдал, төсвийн бүрдэлтийг харгалзахгүйгээр тавьсан тоо биш л дээ. Засгийн газрын зүгээс тодорхой хувилбар гаргаж, орлогын эх үүсвэрийг УИХ, намын бүлгүүд ярилцаж цалингийн нэмэгдэлд 90 тэрбум, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд 13 тэрбум төгрөг төсөвлөсөн нь бидний санасан хэмжээнд хүрээгүй. Энэ нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байгаагийн хэлбэр.

 

-Улс орны эдийн засаг хүндрэлтэй байхад цалин, тэтгэврийг ийм их хэмжээгээр нэмэх шаардлага бий юу?

 

-Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа. Тэр хэрээр иргэдийн амьдрал үнэхээр хэцүү байна. Үүнтэй маргах хүн байхгүй биз. Цалин, тэтгэврийг нэмэх зайлшгүй шаардлагатай. Иргэдийн амьдрал туйлдаж байхад хараад сууж болохгүй. Тиймээс хөдөлмөр эрхэлж буй олон мянган хүний санал шаардлагын дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн үндэсний гурван талт хэлэлцээрийг хийж, цалин, тэтгэврийг нэмэх шийдвэрийг гаргасан. Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд хэлэлцээр хийж харилцан тохиролцсон. Гэтэл тавдугаар сар гарчихлаа шүү дээ. Ямар ч шийдэлд хүрч чадаагүй байна.

 

-Ажиллаж буй салбараас нь шалтгаалж, цалинг ялгавартай нэмнэ гэсэн. Энэ талаар?

 

-Энэ сард үйлчилгээний сал барын, долдугаар сард төрийн тусгай албан хаагчдын, харин аравдугаар сард төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх төлөвлөөгөөтэй ажил лаж байна. Энэ удаад цалинг хувиар биш ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэхээр болсон.

 

-Мөнгөн дүнгээр гэдгээ тайлбарлана уу?

 

-Мөнгөн дүнгээр гэдэг нь өндөр цалинтай ажилчны гар дээрээ авч байгаа нэмэгдэл, бага цалинтай хүний авч буй мөнгө нь нэмэгдэлтэй ижил тэнцүү байна гэсэн үг. Ингэснээр иргэдэд тулгарч байгаа эдийн засгийн хүнд дарамтыг адил тэгш хөнгөлж өгнө. Бага цалинтай хүний хувьд боломжийн нэмэгдэл болно. Гурван талт хэлэлцээрээр цалин, тэтгэврийг төдөн төгрөгөөр нэмнэ гэж нийгэмд зарлахгүй гэж заасан. Харин иргэд цалин хөлс нь хэрхэн хэдээр нэмэгдсэнийг цалингаа авахдаа мэдэх бүрэн боломжтой.

 

-Хэрэв Засгийн газраас цалин, тэтгэврийг нэмэх боломжгүй гэвэл цаашид ямар арга хэмжээ авах вэ?

 

-Төрийн албаны ажилтан, ажилчид цалин нэмэх асуудалд нэлээд хүлээлттэй, бухимдалтай байгаа. Гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ аль нэг тал нь биелүүлэхгүй нөхцөлд Хөдөлмөрийн тухайн хуулийн 115.1-д зааснаар хамтын маргааныг өрнүүлдэг. Тэмцлийн олон хэлбэрийн нэг хамтын маргааныг өчигдрөөс эхлүүлж байна. Уг маргааны эцсийн шийдвэрийг шүүх гаргана.

 

-Төрийн албан хаагчдын цалинг нэмээд хувийн хэвшлийн ажилчдын цалинг нэмэхгүй үлдээдэг тал бий. Үүнд танай зүгээс ямар хяналт тавьж ажилладаг вэ?

 

-Төр өөрөө том ажил олгогчдын хувьд үүргээ биелүүлж төрийн албан хаагчдын цалинг улсын төсвөөр дамжуулж нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн цалингийн нэмэгдлийг хувийн хэвшлийн салбарт жишиг болгож, хамтын гэрээ хэлэлцээрээ байгуулах бэлтгэлээ базааж байна. Засгийн газрын шийдвэр гарвал хувийн хэвшлийн үйлдвэрчний хороо ч гэрээ хэлэлцээр хийхэд бэлэн байгаа.

 

С.ичинхорлоо

 
 
ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Орон гэр, ажлын байр,орц зэргийг хэрхэн халдваргүйжүүлэх вэ?
ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Орон гэр, ажлын байр,орц зэргийг хэрхэн халдваргүйжүүлэх вэ?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.