Л.Бямбасүрэн: Иргэн эрүүл мэндээ санхүүгийн дарамтгүйгээр хамгаалуулах боломж бүрдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
27 минут 1 секунд
Л.Бямбасүрэн: Иргэн эрүүл мэндээ санхүүгийн дарамтгүйгээр хамгаалуулах боломж бүрдсэн

Л.Бямбасүрэн: Иргэн эрүүл мэндээ санхүүгийн дарамтгүйгээр хамгаалуулах боломж бүрдсэн

“Зууны мэдээ” сонин төрд хичээл зүтгэл, хөдөлмөрөө зориулж яваа эрхмүүдийг “Төрийн хүн” буландаа урьж ажил, амьдралынх нь карьер хөгжлийн талаар дэлгэрэнгүй ярилцдаг билээ. Энэ удаагийн зочноор ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг урилаа.

-Мэргэжлийн хяналтын байгууллага, Эрүүл мэндийн дэд сайд гээд төрийн удирдах албан тушаалд багагүй ажиллаж иржээ. Голдуу ажлаа ярьснаас биш хувь хүн талаасаа тэр бүр яриад байдаггүй юм билээ. Тиймээс энэ удаа хувь хүн, ажил алба талаас тань арай илүүтэй ярилцахыг хүсч байна?

-Төрийн ажлыг хамгийн бага нэгжээс нь хийсэн. Анагаах ухааны их сургуулийг төгсөөд эмч болохын тулд эмнэлэгт асрагчаар ажлын гараагаа эхэлж байлаа. Мэргэжлийн хяналтын байгууллагад мөн л улсын байцаагчаас нь эхэлж шат алгасахгүй нэгж бүр дээр нь ажилласан даа. Ер нь төрд голдуу ажиллахдаа эрүүл мэндийн салбартай салшгүй холбогдож ирлээ.

Мэргэжлийн хяналтын газарт анх эрүүл мэндийн хяналтын алба байхаас нь эхэлж ажиллаад дараа нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар байгуулагдахад хэлтсийн дарга, газрын дэд дарга болон даргаар ажилласан. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон. Дэд сайдын албыг дөрвөн жил хашаад одоогийн ЭМДЕГ-ын даргын албыг хүлээж аваад гурван жил болж байна.

Эргээд харахад би өөрийгөө их азтай гэж боддог. Миний ээж эрүүл мэндийн салбарт ажиллахдаа удирдах албан тушаал ч хашиж явсан сайхан хүн байлаа. Миний хувьд ч төрд ажиллах хугацаандаа дандаа л түшигтэй, туршлагатай хүмүүстэй хамт ажиллах хувь тохиосон учраас ажил үйлс маань өдий зэрэгтэй боломжийн сайхан явдаг юм болов уу гэж боддог. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа эргээд бодоход үргэлж л буцалсан, галтай, хурдтай замаар гар сэтгэл нийлсэн сайхан хамт олонтой таарчээ.

ХЭНИЙ Ч ӨМНӨ АЖЛАА НҮҮР БАРДАМ, ЗАРЧМЫН ДАГУУ ХИЙХЭЭС ӨӨР АМБИЦ НАДАД БАЙХГҮЙ

-Цар тахлын үед онцгой комиссын шуурхай штаб дээр байрлаж байхад тань нэлээн хэдэн удаа таарсан л даа. Тэр үед Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаад ёстой л “гал”-тай үе байсан. Ер нь уур амьсгалыг их зөөллөдөг хүн юм болов уу гэж бодож байлаа. Тэр их буцалсан, бухимдсан уур амьсгал дунд эмэгтэй хүний онцлог ч байсан байх. Олон хүнийг удирдах арга ухаан, ажлын зарчим их чухал санагддаг?

-Ажлыг хийвэл хийсэн шиг л хийе, үгүй бол больё гэж боддог. Цагийн юм цагтаа. Миний ажлын зарчим ерөөсөө л энэ. Тиймээс хийх ёстой ажлаа дүрэм журмынх нь дагуу цаг хугацаанд нь хийсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Өөрөө ч тавьсан шаардлагадаа эзэн болж ажиллахыг хичээдэг. Ер нь бол төрийн албаны ажил үйлчилгээ цалгар, назгай байж болохгүй. Тэгэх л юм бол улс орны ажил урагшлахгүй. Хүн бүр хууль дүрмээ ягштал мөрдөөд өмнөх ажлаа цаг хугацаанд нь чанартай хийх юм бол наад зах нь нийгэмд бухимдал үүсэхгүй л дээ.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг дэмжих талаар сүүлийн хоёр жил их идэвхтэй ярьж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчид хүчтэй дуу хоолойгоо хүргэсээр байна л даа. Та бол төрийн удирдах албан тушаалд байгаа цөөн эмэгтэйчүүдийн нэг. Эмэгтэй хүн шийдвэр гаргахад оролцоход ямар “хэрэг”-тэй юм бэ гэж асуух хүмүүс ч байдаг. Нөгөө талаас амаргүй зам туулах учраас эмээгээд зориглодоггүй юм шиг. Та энэ замыг яаж туулав?

-Эмэгтэйчүүд рүү ирдэг дайралт, янз бүрийн доромжлол намайг ч тойроогүй л дээ. Гэхдээ би тэр болгонд эмзэглэж хүлээж авдаггүй. Ялангуяа, намайг эмэгтэй болохоор ингээд байна гэж бодохыг хүсдэггүй. Хариуцсан ажилтай холбоотой янз бүрийн л худал мэдээлэл гарч байдаг. Тухайн цаг үед нь бодоод шалгаад үзэхэд яг л ном журмынх нь дагуу алдаа мадаг гаргаагүй байдаг учраас өөрөө нягтлаад орхичихдог. Зөв явахад хэзээд үнэн ялна гэж боддог. Нэгэнт надад итгэж хариуцуулаад өгсөн ажлаа хуулийн хүрээнд нь хийж байгаа учраас эмзэглэх юм уу, эсвэл гомдох мэдрэмж төрдөггүй. Хэний ч өмнө ажлаа нүүр бардам, зарчмын дагуу хийхээс өөр амбиц надад байхгүй. Өөдөөс ирсэн өөртэйгөө холбоотой “юм” болгоныг шүүрч аваад гомдоод, бухимдаад байх юм бол төрд хэн ажиллах билээ.

Удирдах албан тушаалд эмэгтэй хүн олон байвал хөгжил илүү түргэсэх, арай дөт зам туулах юм болов уу гэж хардаг. Аливаа байгууллагын удирдлагын түвшинд заавал нэг эмэгтэй хүний “нүд”, мэдрэмж хэрэгтэй. Дандаа эрэгтэй дарга нартай байгууллага бий л дээ. Хамтарч ажиллаад ч юмуу, гаднаас нь харахад ядаж нэг эмэгтэй хүн байсан бол ингэх байсан байх даа гэсэн бодол төрдөг шүү. Тиймээс эмэгтэйчүүд маань удирдах албан тушаалд илүү олноороо гарч ирэх юм бол улс орны хөгжил, нийгмийн хариуцлага талаасаа арай ахисан түвшинд хүрэх юм болов уу. Мэдээж ажлаа хариуцлагатай сайн хийж байгаа эрэгтэй дарга нар олон. Харин тэр дунд эмэгтэй хүний “нүд”, торгон мэдрэмж зайлшгүй байх ёстой гэж ажиглагддаг.

Ер нь нийгэм их сонин болчихож, ялангуяа эмэгтэйчүүдийг “дарга” болгоё гэхээр хүлээж авдаггүй. Хувь, хувьсгал гээд янз бүрээр доромжилдог сонин сэтгэхүй суусан байна. Адилхан ээж, эмэгтэй хүний хувьд таагүй л санагддаг. Эмэгтэйчүүд илүү зарчимтай ажилладаг болохоор зарим хүний дургүй хүрдэг юм болов уу.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭДЭГ ЗОРИГТОЙ ШИЙДЭЛ БОЛСОН

-Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийн суурийг тавьж буй онцгой цаг үед та салбарыг удирдаж байна. Иргэн төлсөн даатгалаараа эрүүл мэндээ бүрэн дүүрэн хамгаалуулж чадаж байна уу. Та бүхэн татвар төлөгчдийн мөнгийг хэр үр дүнтэй, хүртээмжтэй зарцуулж байна вэ?

-Эрүүл мэндийн салбарын санхүүгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх түүхэн цаг үе тохиож байна. УИХ-аас 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг шинэчлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ өөрчлөлтөөр эрүүл мэндийн салбарт санхүүжилтийн тогтолцоогоор дамжсан шинэчлэлийг эхлүүлж томоохон үндсэн зорилтуудыг дэвшүүлсэн.

Нэгдүгээрт, улсын төсөв эрүүл мэндийн даатгалын сангийн салангид үр ашиггүй байсан эх үүсвэрүүдийг нэгтгэсэн. Ингэснээр нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэхийг зорьж байна. Мөн даатгуулагчдад үзүүлэх санхүүгийн хамгаалалтыг нэмэгдүүлэх зорилгоор өмнө нь хоёр сая байсан хязгаарыг хүчингүй болголоо. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг хянах, үнэлэх тогтолцоог бий болгож санхүүжилттэй уялдуулж байгаа. Түүнчлэн эмийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж үнийг бууруулах зорилтыг дэвшүүлээд байна.

Иргэдийн хамгийн сайн мэдэх хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлж чирэгдлийг арилгасан. Ажлын гүйцэтгэлтэй уялдсан цалин урамшууллын тогтолцоог бий болгож байна гээд реформын шинжтэй томоохон зорилтыг дэвшүүлснээ эхнээс нь хэрэгжүүлээд явж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хувьд өмнө нь Нийгмийн даатгалын харьяанд байсан. 2017 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор бие даалгаж Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь гаргасан нь тогтолцооны хувьд томоохон шинэчлэл болсон. Ингэснээр иргэн даатгуулагчдад дарамт болж байгаа эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийг бууруулахад шат ахилаа.

-Даатгалын санхүүжилтийн реформ хэрэгжээд гурван жил болно гэдэг чамлахааргүй хугацаа. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэхэд нийгмийн шүүмжлэлтэй нэлээн тулгарсан. Шинэчлэлийн үр дүн хөрсөн дээр хэр бууж, мэдрэгдэж байна вэ. Бодит үр өгөөж гарсан байх?

-Эрүүл мэндийн даатгалын сангийн хувь хэмжээг багагүй өсгөж байгаа. Эрүүл мэндийн салбарт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэдэг шийдвэр гаргах түвшинд зоригтой шийдэл байсан. Хэрэв энэ цаг үед хийж чадаагүй бол олон хүн эрүүл мэндээ хамгаалуулж чадахгүй байх, энэ шинэчлэл бүр хийгдэхгүй ч байж мэдэх олон сөрөг үр дагавар бий болж болох байлаа. Харин төр засаг зоригтой, хурдтайгаар энэ шинэчлэлийг эхлүүллээ.

Өмнө нь төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн дээд хязгаарыг улсын төсвөөс болон даатгалаас санхүүжих байдлаар Эрүүл мэндийн яам, Сангийн яамнаас тогтоож тусламж үйлчилгээ үзүүлсэн тоо хэмжээ, нэгж үйлчилгээний чанар үр дүнтэй шууд уялдахгүйгээр буюу төсвийн хязгаарт хүрсэн тохиолдолд санхүүжилт нь зогсдог байсан. Үүнийг 2020 онд өөрчилж улсын төсвөөс эмнэлэгт нь шууд татаас хэлбэрээр санхүүжилт олгохоо больсон. Харин санхүүжилтийг жилийн эхэнд даатгалын санд нэгтгэж эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлж байгаа тусламж үйлчилгээний нэр төрлийг тогтоон өртөг зардлыг нь тооцож оношийн хамааралтай бүлэг бүрт нь тариф тогтоож санхүүжүүлэх маягаар шинэчлэл хийгээд явж байна.

Харин анхан шатны тусламж үйлчилгээ урьд нь тусгай зориулалтын шилжүүлэг хэлбэрээр санхүүждэг байсан бол төсвийн хуулийн өөрчлөлтөөр гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжиж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуульд заасны дагуу анхан шатны суурь тусламж үйлчилгээг нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэлбэрээр, зарим төрлийн оношлогоо шинжилгээ, өдрийн эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээг тохиолдол бүрт нь төлбөр олгож байна. Сумын эрүүл мэндийн төвөөс үзүүлдэг хэвтүүлэн эмчлэх яаралтай түргэн тусламж, шүдний тусламж үйлчилгээг лавлагаа шатлалын эмнэлэгтэй ижил тарифаар санхүүжүүлж байна. Ингэснээр анхан шатны тусламж үйлчилгээний чанар энэ хэрээр сайжрах дүр зураг харагдаж байгаа. Ер нь анхан шатны тусламж үйлчилгээ сайн байх тусам төдий чинээ зардал багасах буюу иргэн даатгуулагч урьдчилан сэргийлэх, эрт үедээ эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлэх, иргэн даатгуулагч хаана амьдарч байгаагаас үл хамааран эрүүлд мэндийн тусламж үйлчилгээг санхүүгийн ямар ч дарамтгүйгээр авах ёстой. Эрүүл мэндийн байгууллагад газар зүйн онцлогоос хамаарч санхүүжилтийн коэфцентийг өөрөөр тогтоож өгч байгаа. Ховдын Булган ч юм уу төв суурин газраас алслагдсан сумдын зардлыг тусгайлан авч үзэж нэмэгдүүлж олгоно гэсэн үг юм.

Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлтэй холбоотой үр дүнгүүд эхнээсээ бодитоор мэдрэгдэж байна. Хамгийн наад захын асуудал бол хөнгөлөлттэй эм сарын эхний өдрүүдэд дуусчихдаг байсан бол одоо хүртээмжтэй болохын хэрээр санхүүжилт бараг гурав дахин нэмэгдсэн. Өмнө нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч хөнгөлөлттэй эмийн цахим жор бичдэг байсан бол одоо бүх шатлалын эмч нар бичих эрхийг нээсэн. Иргэн даатгуулагчаас гадна эрүүл мэндийн байгууллагад олгож байгаа санхүүжилтийн хэмжээ өссөн сайн үр дүн гарч байна.

ЖИЛИЙН 200 АМ.ДОЛЛАРААР ХУДАЛДАЖ АВДАГ БАЙСАН UP TO DATE ПЛАТФОРМЫГ МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД ТӨЛБӨРГҮЙ АШИГЛАЖ БАЙНА

-Манай улсын эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэл олон улстай харьцуулахад аль зэрэгтэй явна вэ. Эрчимтэй шинэчлэлийг сүүлийн гурван жил гэж харвал нэлээн хожуу ч юм шиг?

-Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдаад 30 жил болж байна. Салбарын онцлогтой холбоотойгоор энэ хугацаанд нэлээн олон удаагийн өөрчлөлт орсон. Улс орнуудад даатгалын систем хэрхэн явагддагийг 30-аад оронтой харьцуулж үзэхэд Монголд хэрэгжиж буй эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл нэлээн дэвшилтэд бодлогын нэг болж байна.

Манай улс бусад орны сайн туршлагуудыг нэвтрүүлснээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, Монголд хэрэгжиж буй эрүүл мэндийн даатгалын шинэчлэл нэлээн хурдацтай, үр дүнтэй байна гэж үнэлсэн байдаг. ДЭМБ мөн манай харьяалагддаг Номхон далайн баруун бүсийн зохицуулагч ирээд явахдаа шинэчлэл өгөөжөө өгч байна гэж үнэллээ.

-Даатгалын санхүүжилтийн санд жилд их наядаар хэмжигдэх мөнгө байршдаг гэдэг утгаараа яах аргагүй санал шүүмжлэл дагуулдаг. Нэг талд та бүхэн татвар төлөгчдийн мөнгийг хамгаалах үүрэгтэй. Нөгөө талд эрүүл мэндийн байгууллагууд арай илүү санхүүжилт авах хүсэлтэй. Энэ заагт жаахан зөрчилдөөн гардаг юм шиг. Эрүүл мэндийн байгууллагуудтай ойлголцоод ажиллахад хүндрэл байдаг уу?

-Эрүүл мэндийн даатгалын санд 1.6 их наяд төгрөг төвлөрч байгаа. Ерөөсөө л манай байгууллагын үүрэг, гол зорилго бол даатгалын сангийн хөрөнгийг эмнэлзүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн үр ашигтай зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудаас иргэн даатгуулагчдад үзүүлсэн чанартай тусламж үйлчилгээг худалдаж авах ёстой. Тоо хэмжээнээс гадна чанар ярихаас аргагүй.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг хянах, үнэлэх тогтолцоо бий болсон. Эрүүл мэндийн даатгалын хуульд ЭМДЕГ-ын үүргийг олон улсын стандартын дагуу тов тодорхой заагаад өгчихсөн. Тухайлбал, 190 гаруй орон ашиглаж байнга шинэчлэгдэж байдаг up to date платформыг эрүүл мэндийн байгууллагууд ямар нэг төлбөргүйгээр авч ашиглах боломжийг бий болгосон. Урьд нь хэдхэн эмнэлэг ашигладаг, нэг эмч эрхээрээ ороход жилийн 200 ам.доллараар худалдаж авч байсан бол өнөөдөр Монгол Улсад ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд төлбөргүй болгож өгсөн. Энэ дагуу хяналтын тогтолцоо бий болгосон байгаа.

Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн хүрээнд таны хэлдгээр эрүүл мэндийн байгууллага болон даатгалын хооронд зарим тохиолдолд зөрчил гарна л даа. Эрүүл мэндийн байгууллага худалдагч, даатгал худалдан авагч шүү дээ. Эрүүл мэндийн байгууллагууд маань хүнээ үзсэн л юм чинь тохирсон санхүүжилтээ авна гэдэг. Тэгтэл даатгалын байгууллага зөвхөн тоо хэмжээг чухалчлахаас гадна чанар, үр дүнд нь суурилж санхүүжилтээ өгдөг. Зарим тохиолдолд худалдагч маань чанаргүй бүтээгдэхүүн зарах гэж үзнэ гээд харилцан адилгүй л дээ. Үүнтэй холбоотойгоор даатгалын байгууллага мөнгө хаслаа гэх зөрчил үүсдэг. Эмч мэргэжилтнүүд дүрэм журам, заавар удирдамжийн дагуу эмчилгээ оношлогоогоо чанартай гүйцэтгээд явахад ямар нэг асуудал гарахгүй. Эрүүл мэндийн байгууллагууд хаана юун дээрээ алдав, хэнд үзүүлсэн ямар тусламж үйлчилгээ нь чанаргүй гэж хасагдсан бэ гэдэг нь цахим систем дээр гараад ирдэг учраас алдаа, оноогоо олж хараад засч залруулаад явах боломж нь нээлттэй. Бүх зүйл баримт нотолгоотой гараад ирдэг болохоор илүү хялбар байдаг. Ийм л онцлогтой. Манайх дангаараа хянахаас илүү иргэн даатгуулагчтай хамт хянадаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан хүмүүс рүү мессеж үйлчилгээ илгээхдээ таниар эм тариа авахуулсан уу, өөр газарт шинжилгээнд оруулсан уу зэргээр хэд хэдэн асуумж асуудаг. Иргэний мэдээллийн мөрөөр газар дээр нь шалгалт хийгээд холбогдох арга хэмжээ аваад явна.

-Өвчтөнийг эмчлэх эм тариа яг тухайн цаг мөчид эмнэлэгт байхгүй бол яах вэ. Энэ тохиолдолд ихэнхдэ иргэн төлдөг. Үүнийг хэрхэн хянаж, зохицуулж байна вэ?

-Амьдрал баян учраас янз бүрийн тохиолдол гарч болно. Өвчтөний ар гэрээс эм тариа авахуулсан бол үнийг нь тухайн эрүүл мэндийн байгууллага зах зээлийн ханшаар нь иргэнд буцаан төлөх хуультай. Харин эм тариа эмчийн заавраар өвчитний түүхэнд бичигдсэн байх ёстой. Хэрэв иргэнд мөнгийг нь буцааж өгөөгүй тохиолдолд манай байгууллагад хандаж болно.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО ЭВ САНААНЫ ЗАРЧИМ ДЭЭР ТУЛГУУРЛАХ УЧИРТАЙ

-Өвдөхгүй байхад яагаад эрүүл мэндийн даатгал төлөх ёстой вэ гэсэн шүүмжлэл гардаг. Мөн өрхийн эмнэлгүүдэд жилд нэг иргэнд 60 мянган төгрөгөөр тооцож төсөв олгодог ч даатгалаа ашигласан нь цөөн байдаг. Энэ тогтолцоо хэр зөв бэ?

-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо эв санааны зарчим дээр тулгуурлах учиртай. Өөрөөр хэлбэл, залуучуудын төлсөн шимтгэлийн орлогыг аав, ээж, эмээ, өвөө ахмад настангууд гээд өвдсөн хүмүүс ашиглаад явдаг. Эв санааны зарчим бол хэн ч бай нас нэмээд өндөр настай болоод ирэхээрээ залуучуудынхаа төлсөн шимтгэлийг ашиглаад явах эргэх холбоотой тогтолцоо. Өнөөдөр жолоочийн хариуцлага, албан журмын даатгалыг жил бүр төлдөг. Би хариуцлага алдаагүй учраас буцааж авмаар байна гэдэггүй биз дээ. Үүнтэй л адил. Харин эрүүл мэндийн даатгал бол хэд дахин өндөр ач холбогдолтой чухал хөрөнгө оруулалт юм.

Манай улсын даатгалын хэмжээ бусад оронтой харьцуулахад маш бага. Ажилчин, ажил олгогч тус бүр хоёр хувь нийлээд дөрвөн хувийг төлдөг. Хувиараа төлж байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцдог. Сард 5500 жилд 66 мянган төгрөгөөр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж байна. Гэтэл Солонгос,Япон зэрэг оронд цалингийн есөн хувь, европын улс орнуудад 15-17 хувь байдаг.

Дараагийн асуудал бол эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоонд хамтын төлбөр гэж бий. Эрүүл байх үүргээ биелүүлэхгүй бол бага боловч тодорхой хэмжээний хариуцлага хүлээхээс аргагүй. Урьд нь хамтын төлбөрийг хувиар буюу тусламж үйлчилгээний төрлөөс хамаараад ялгаатай төлбөр төлдөг байсан бол энэ удаагийн шинэчлэлээр тогтмол дүнгээр тооцох хэлбэрт шилжүүлсэн. Ер нь хувилж тогтоох нь хүнд өвчин туссан иргэнд илүү санхүүгийн дарамт учруулдаг учраас ядуурал нэмэгдүүлдэг гэсэн олон улсын судалгаа бий. Дунджаар нэг иргэнд 700 гаруй мянган төгрөгөөр хамтын төлбөр буурсан. Харин зорилтот бүлэг буюу нийт тусламж авч байгаа иргэдийн 60 хувь нь ямар ч тохиолдолд хамтын төлбөрөөс чөлөөлөгддөг. Жилд 66 мянган төгрөг төлчихөөд 600 мянга, 100 гаруй сая төгрөгийн үйлчилгээ авах эрх нь үүсч байна. Үүнийг ойлгох хэрэгтэй. Гадаадад амьдардаг хүмүүс эх орондоо ирэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаггүй гэдэг. Эцсийн дүндээ бүгд л Монгол Улсын иргэд учраас эв санааны зарчимд тулгуурлаж байгаа л бол ялгалгүй төлөх учиртай. Монгол Улсад мөрдөж байгаа хууль тогтоомжийг баримтлах ёстой.

-ЭМДЕГ баахан эмийн сангуудын эрхийг цуцаллаа гэдэг. Эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцалж байна гэсэн үг үү.Ер нь хэр эрх мэдэлтэй байгууллага вэ.?

-Манай байгууллага тусгай зөвшөөрөл олгодоггүй. Харин иргэн даатгуулагчид чанартай тусламж үйлчилгээ үзүүлнэ гээд сонгон шалгаруулалтанд орсон эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулдаг. Эмийн сангууд ч адилхан. Гэтэл эмийн сангууд иргэнд эмийн талаарх бүх мэдээллийг тайлбарлаж өгөхгүй байх, хүний регистрийн дугаар ашиглах гээд нийтлэг зөрчил илэрдэг. Мөн эм барих лицензийг олон эмийн санд ашиглуулах зөрчил илэрдэг. Энэ мэтээр нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зөрчиж хууль журманд заасан үүргээ биелүүлэхгүй бол гэрээгээ цуцалдаг. Мөн сайн эмч нар олон газар ажиллах давхар гэрээнүүд хийчихсэн байдаг нь хууль журманд харшилдаг учраас хянахаас аргагүй. Одоогоор манай байгууллагад байгаа хамгийн том эрх мэдэл бол гэрээгээ цуцлах юм. Эмийн сангийн хувьд алслагдсан хороо, сум, дүүрэгт байрлаж байгаад нь давуу эрх олгох бодлого баримталдаг. Хотын төвд тав алхаад үйлчилгээ авч болж байна шүү дээ.

Нэг зүйлийг тодруулахад, манай сайн эмч нар олон газар давхар ажиллах гэрээ хийчихсэн байдаг. Хөдөлмөрийн хуульд ч тодорхой заачихсан байгаа. Үүнийг бид тусламж үйлчилгээний чанартай уялдуулж авч үздэг. Харин зөвлөх эмчээр давхар ажиллахыг зөвшөөрдөг.

Эрүүл мэндийн салбарт санхүүжилтийн томоохон шинэчлэл хэрэгжиж Монгол Улс нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж, эрүүл мэндийн даатгалын санд төрөөс хариуцах тусламж, үйлчилгээний зардал нэмэгдэж байгааг дээр хэлсэн. Үүнтэй холбогдуулан ЭМДЕГ-ын институцийн чадавхийг бэхжүүлэх нь энэ шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх, улмаар бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэхэд чухал ач холбогдолтой. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл маш богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжиж иргэд, даатгуулагчид төдийгүй ЭМБ-ууд ч үр шимийг нь хүртээд явж байгаа хэдий ч шинэчлэлийн үндсэн зарчим, мөн чанарын тухай ойлголт төдийлөн хүртээмжгүй байна. Тиймээс санхүүжилтийн шинэчлэл, стратегийн худалдан авалтын концепц, бүх нийтийн эрүүл мэндийн хамралт болон шинээр батлагдсан тогтоол, дүрэм, журмыг боловсруулахад баримтлах зарчим, өөрчлөлт шинэчлэлтэй холбоотой гарч буй үр дүнг ЭМДЕГ өөрийн сургагч багшаар дамжуулан түгээж, ЭМДХ-т ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг чадавхижуулах шаардлага үүсээд байна. Мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд сонгон шалгаруулалт, гэрээлэлт, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт түүний үнэлгээ, даатгалын цахим програмд түшиглэн хөгжүүлэлт хийсэн анхан шатны ЭМБ-ын цахим системийн талаар сургалт, мэдээллийг хүргэх хэрэгцээ их байна. Энэ бүхэнд үндэслэн олон талын мэдлэг ойлголт өгсөн бүсчилсэн сургалтыг НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр манай албан хаагчид орон нутагт газар дээр нь очиж, батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээл зааж байгаа нь үр дүнгээ өгч байна. Үндсэндээ бид бүсчилсэн байдлаар бүх аймаг, орон нутагтаа сургалт хийгээд дууслаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Татвар төлөөгүйгээс 62 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Татвар төлөөгүйгээс 62 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.