Ард түмнийг даапаалж ханаагүй юу, АН-ынхаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 12 секунд
Ард түмнийг даапаалж ханаагүй юу, АН-ынхаан

Ард түмнийг даапаалж ханаагүй юу, АН-ынхаан

olloo_mn_1465863689_huvitsaa

-Хувьцаагаа зарсан мөнгө архины үйлдвэрийн ашгийг нэмэгдүүлж, наадмаар наргих мөнгө болоод дуусна-

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар өчигдөр энэ оны эхний таван сарын байдлын статистик тоон үзүүлэлтийг танилцууллаа. Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан, инфляци өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан зэрэг ганц нэг гялтайх мэдээ дуулдаж байгаа ч сайнаасаа саар мэдээлэл илүү олныг дуулгав. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 17 хувьд хүрсэн нь аюулын харанга.

Тэр тусмаа банкууд орон сууцны зээл олгохоо болих, зээлээ хумих бодлого баримтлах зэрэг асар олон сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй бид тулгарчээ. Үнэнийг нуух аргагүй болчихож. Мөн улсын төсвийн нийт тэнцэл 877 тэрбумын алдагдалтай гарсан муухай мэдээг тэд дуулгалаа. Нэгхэн сарын өмнө 670 тэрбум байсан алдагдал 30 хоногийн хугацаанд 200 тэрбумаар нэмэгдсэн нь өнөөдөр эрх барьж буй хүмүүсийн санаагаа чилээх асуудал мөн байлтай.

Харамсалтай нь төсөв хэдэн тэрбумаар тасарч байгаа нь эрх баригчдад тийм ч сонин асуудал биш болжээ. Сонгууль, сурталчилгаа, санал олж авахын төлөөх улайрлаас өөр юу ч ойлгохоо байсан эрх баригчдад төсвөө яаралтай тодотгох тухай бодол байхгүй нь илт. Уг нь хууль номоор бол УИХ-ын хаврын чуулганаар улсын төсвийн тодотголоос гадна 2016-2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл. 2018 оны төсвийн төсөөллийг баталсан байх учиртай.

Гэвч улстөржилтөөс сэргийллээ гэсэн ядмагхан шалтгаанаар УИХ-ын чуулганыг завсарлуулж орхиод АН-ынхан сурталчилгаандаа мордсон юм. Хамгийн сонирхолтой нь төсөв нь хэдэн зуун тэрбумаар тасарчихсан байхад манай Засгийн газар асар мөнгөтэй гэдгээ илтгэх шийдвэрүүдийг ар араас нь угсруулан гаргаж байна. Зургадугаар сарын 1-нд ахмадуудын тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмж “буян үйлдсэн”. Мөнгөтэй айлын баян бацаан шиг л ахмадуудаа асарч тойлно хэмээн баярхаж мэдэгдэл хийж байлаа.

Хууль ёсоор хөдөлж эхлээгүй ордын хувьцааг худалдаж авах эрхийг арилжааны банкуудад олгож хууль зөрчив, АН-ынхан. Хөрөнгийн биржээр арилжаалагдах учиртай хувьцаа 13 банкны аманд орж, банкууд өчигдрөөс эхлэн ачааллаа дийлэхээ болж, төрдөө 300 мянган төгрөгөөр л “үнэлүүлсэн” түмэн олон гишгэх зайгүй багширчээ

Тэгвэл энэ дуулиан намжаагүй байтал Засгийн газар мөн л хувьцаа худалдаж авах мэдэгдэл хийж олныг бужигнуулав. Орд газрыг хэн эзэмших нь тодорхойгүй, бүтэн таван жил талдаж хэрэлдэж, АН- ынхан өвөр зуураа булаалдаж байгаа энэ ордоос иргэн бүртээ 1072 хувьцаа өгөх тухай үлгэр ярьснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Брокер диллерийн хэдэн компани иргэдээс 5000 төгрөг хурааж бошийсноос өөрөөр үр дүнгээ бараг л өгөөгүй. Монгол Улсын иргэн дансандаа хувьцаатай ч гудамжинд гуйлга гуйж амьдарч яваа нь худлаа биш шүү дээ. Харамсалтай нь энэ хувьцаа сонгууль болгоноор санал худалдаж авах хэрэгсэл болон хувирчихаж. Өмнөх сонгуулийн үеэр Сү.Батболдын Засгийн газар ахмад настан, оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн мөнгө олгохоос гадна, Чалькод барьцаанд тавьж орхиод хүүхдийн мөнгө, залуу гэр бүлийн халамж хэмээн баахан мөнгө баруун, солгойгүй цацсан. МАН-ын тэр их тансаглал, хэрээ мэдэхгүй аашилсан үйл лайг бүтэн дөрвөн жил монголчууд үүрч, нүүрсээ үнэгүй шахам өмнөд хөрш рүү зөөснийг мартаагүй байна. Үүнийг АН-ынхан үг болгоныхоо завсарт хавчуулдаг, ярьдаг шүүмжилдэг. Гэтэл МАН-аас нэг их ялгарахгүй гэдгээ АН энэ шийдвэрээр баталгаажуулав.

Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэгчээр MAH, АН адилхан л ард түмний саналыг мөнгөөр худалдаж авах шийдвэр гаргадаг юм байна. Халамжлах бодлогыг АН биш МАН гаргадаг байсан бол, ирэх дөрвөн жилд дахиад төр барихын төлөө үнэт зүйл, үзэл бодлоосоо урвалаа, ардчилагчид. Ядарсан ард иргэдийнхээ саналыг 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргаж чаддаг юм байна, тэд. Хууль ёсоор хөдөлж эхлээгүй ордын хувьцааг худалдаж авах эрхийг арилжааны банкуудад олгож хууль зөрчив, АН-ынхан. Хөрөнгийн биржээр арилжаалагдах учиртай хувьцаа 13 банкны аманд орж, банкууд өчигдрөөс эхлэн ачааллаа дийлэхээ болж, төрдөө 300 мянган төгрөгөөр л “үнэлүүлсэн” түмэн олон гишгэх зайгүй багширчээ.

Үйлтэй Тавантолгойн үлгэр ч дуусахгүй, сонгууль болгоноор намууд сорж шимж ханахгүй нь гачлантай. Хамгийн хоржоонтой нь эрх баригч намын дарга нь Үндэсний телевизээр “Аз болж Австралид үер болчихлоо. Тэгэхээр Тавантолгой үнэд орно. Би хувьдаа хувьцаагаа зарахгүй” хэмээн ярих юм. Тэгсэн атлаа та хувьцаагаа зарчих, таны дансанд долоо хоногийн дараа л мөнгө оруулна, найдвартай хэмээн ядарсан иргэдээ даапаалах.Түүний ярианаас учир мэдэх баячууд бидэнд хувьцаа шиг үнэтэй зүйл үгүй. Харин учраа ойлгохгүй та нарт хувьцаа байгаад ч яах юм гэсэн утга агуулагдаж байгаа нь худдаа биш биз дээ. Тавантолгой чинь үнэд орно шүү. Тиймээс хувьцаагаа нам дараад үнэд оруул хэмээн уриалах ёстой юм биш уү, АН-ын дарга аа. Ард түмэн бид ч тэнэг юм.

Хувьцаа тарааж “хошгируулж”, халамж тарааж орхисон өмнөх түүхээ мартаж орхиод л үлгэрт итгэн үүрээр банкинд очерлож зогсох ч гэж. Арга ч үгүй. Нэг сая төгрөгийн төлөө эх орноо худалдахад ч бэлэн гэдгээ саяхан Хятадууд Тавантолгойн хувьцааг авч байна гэсэн цуурхлаар харуулчихсан хүмүүс шүү дээ. Урт цагаан, Эмээлтэд өдөр шөнөгүй очерлож зогссон тэд эх орноо худалдаж байгаагаа ойлгосон ч үүнээс өөр аргагүй хэмээн биесээ өмгөөлсөн. Тиймдээ ч Засгийн газрын тэргүүн нь өөрөө гарч ирээд зарлаж байхад хувьцаагаа зарахгүй гээд яах билээ. Магадгүй хувьцаа худалдаж авна гэсэн цуурхлыг АН дэгдээсэн ч юм билүү гэж хардах үндэслэл эндээс харагдаж байна. Иргэд яаж ядуурч, ямар ч хамаагүй үнээр мөнгөтэй болохын төлөө улайрч буйг тэд хангалттай сайн харсан нь дамжиггүй. Ид хийж бүтээх насны залуус могойн өндөр шэйрлэж, ажил амьдралаа төвхнүүлсэн байх учиртай дундаж насныхан нь түрийвчээрээ мөнгө даллаад олно гэдэгт итгэж суудаг учраас ард түмнээ 300 мянган төгрөгөөр л үнэлжээ. Бид ч ийм хүмүүст төрөө итгэж өгдөг зовлонтой ард түмэн юм.

Ардчилсан Засгийн газрын ар араас нь тэслэх том шийдвэрүүд дандаа ард түмнээ даапаалсан байгааг та бид харлаа, үзлээ. Маргааш ямар “мөнгөлөг” шийдвэр гаргахыг тааж хэлэх аргагүй нь. Эндээс харахад, Засгийн газар хагартлаа баяжчихсан гэмээр. Гэтэл улсын төсвийн алдагдал яагаад тэрбум тэрбумаар нэмэгдээд байна вэ, эрх баригчид аа. Хувьцаа худалдаж авах нэрийдлээр тарааж буй 490 тэрбум төгрөгөөр төсвийнхөө алдагдлыг нөхөх ухаан алга уу.

Ард түмний амьдралд увуулж цувуулж өгсөн 300 мянган төгрөг чинь нэмэр болох уу, нэрмээс болох болов уу. Хатуухан хэлэхэд, энэ хэдэн өдөр архины үйлдвэрүүдийн ашиг орлого нэмэгдэж, наадмын үеэр наргих мөнгө болоод л дуусна. Үнэхээр л амьдралд нь нэмэр болоосой гэж бодож байгаа бол яагаад нэг дор нь өгчихөж болохгүй гэж. Валютын ханшийг хиймлээр буулгаж, сонгууль хүртэл амь аргацаах гэсэн ядмаг арга, ахархан бодол нь иргэдийн амьдралыг улам туйлдуулна гэдгийг санаж сэрэх эрүүл ухаантан эдгээр өдрүүдэд лав гарахгүй нь. Энэтхэг улсаас зээлсэн тэрбум төгрөгөөр тансаглаад өнгөрч байна уу, эсвэл Оюутолгойн мөнгийг баруун, зүүнгүй цацаад дуусч байна уу гэдгийг тааж хэлэх аргагүй юм. Юутай ч монгол төр мөнгөгүй атлаа мөнгөтэй юм шиг аашилж буйг л мэдэж байна. Өнөөдрийн аргацаасан шийдвэр маргаашийн их хямралыг дагуулна гэдгийг л сайн ойлгож байна. Үүнийг ард иргэд ч ойлгож байгаа. Харин Ардчилсан нам л ойлгохгүй бололтой.

Монголын мэдээ
Б.Тогтох

ТӨРИЙН БАНК: QR kод ашиглан хэрэглээний төлбөрөө төлөх зааварчилгаа
ТӨРИЙН БАНК: QR kод ашиглан хэрэглээний төлбөрөө төлөх зааварчилгаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.