Ардчилал ярьдаг хүмүүс бүлэглэл төлөөлдөг болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 24 секунд
Ардчилал ярьдаг хүмүүс бүлэглэл төлөөлдөг болсон

Ардчилал ярьдаг хүмүүс бүлэглэл төлөөлдөг болсон

Гэрэл зургийн эх сурвалж: Өдрийн сонин

АН-ын ахмад улстөрчид байнга ардчилал ярьдаг ч тэдний олонх  аль хэдийнэ ардчиллыг гишгүүр болгож, амин хувиа, цаашлаад багтдаг бүлэглэлээ л боддог болсон.

Тэд наанаа ардчиллыг хамгаалах тухай ярьдаг ч цаанаа яаж баяжиж, хөлжиж Монгол улсаас юуг нь сорж авахаа  төлөвлөж байдаг нь үг хэл, үйл ажиллагаанаас нь ил тод мэдрэгдэх болсон нь нууц биш. 

Энэ удаагийн сонгуулиар АН-ын ардчилал ярьдаг улстөрчдийн зарим нь шоронд, зарим нь бие дааж, нэг хэсэг нь өөр намаас, бас нөгөө зарим нь АН-аасаа нэр дэвшиж байна. Тэд өөрсдийгөө ардчиллыг төлөөлөхөө аль хэдийнээ больсныг мэдэхийн цаагуур мэдэж байгаа ч ард түмэнд сүүлчийн удаа молиго үмхүүлэхээр  “ардчилал” гэдэг нэрээр бамбай хийж явна.

Да.Ганболдын тухай эхлээд өгүүлье.

Монголд ардчилал анх эхлэхэд оролцож яваад Тэргүүн шадар сайд болж, Засгийн газрын 20 дугаар  тогтоол гээчийг гарган, ард түмний дөрвөн тонн гаруй алтаар диллер тоглож алдсанаар хэн болохоо бараг 30 жилийн өмнө харуулсан нэгэн. Тиймээс ч түүнийг долоон  удаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа татгалзсан удаатай.

Да.Ганболдын дэмжлэгтэйгээр ХХБ-нд эзэн сууж, тэндээ шигдэн улмаар Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг өөрийнх болгохоор зүтгэж буй бүлэглэл бий. Да.Ганболд энэ бүлэглэлтэйгээ 2010 оны үеэс дахин ил гарч ирсэн.

Энэ удаа тэрээр Ц.Элбэгдоржийн бүлэглэлийг төлөөлөн АН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшээд байгаа юм. Тэр Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал байхдаа Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нарын хамт Дубайн гэрээнд гарын үсэг зурсан.

Дараа нь “Эрдэнэт”-ийн 49 хувиас Засгийн газрыг татгалзуулж, ХХБ-нд авч өгөхөд гол дүрийн нэгэнд тоглон улмаар “Эрдэнэт”-ийн ТУЗ-д орж бүр дарга нь болсон. Тэр өнөөдөр төрийн өмчийг дээрэмдэж авсан ХХБ-ийг биш, хууль ёсны өмчөө эргүүлэн авсан төрийн эсрэг суртал ухуулга хийж явна. Ардчилал гэж их ярьдаг ч аль хэдийнээ бүлэглэлийн төлөөлөгч болсон тэрээр  Дубайн гэрээ болон “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэргүүдээр  яллагдагч болсон билээ. 

Эрдэнийн Бат-Үүл бол энх цагт төрсөн ганц “Улсын баатар”.

Түүн шиг нөхдийг баатар болгоод байвал Монгол улсынхаа төлөө халуун цус, хөлсөө урсгаж ирсэн ахмадуудын сүнс, сүлд амар орших уу. Тэрээр ардчиллаа цээжээрээ хамгаална гэж хамгийн их бархирдаг ч одоо тоох хүн бараг байхгүй болжээ.

“Ардчиллын алтан хараацай”  маань өөрөө амин хувиа хичээсэн ердийн нэг албан тушаалын хэнээтэн л болон хувирсан. Тун удахгүй шүүгдэх хэргийг нь үүний нэгээхэн баримт гэж болно. Нийслэл хотыг хөгжүүлнэ, гэр хорооллынхныг баяжуулна хэмээх үлгэрт нь итгэж сонгосон Улаанбаатарчууд Э.Бат-Үүлийн тарыг аль хэдийнээ таньсан. Энэ тухай хэвлэлүүдээр хэдэн жил дамнан бичигдэж байна. 

Тэрээр нийслэлийн Засаг дарга байхдаа хүү Б.Чулуудайнхаа “Грайндлайн” компанид Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг өгч, бөөн шуугиан болж, үүнийхээ улмаас тэр яллагдагч болсон.

Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын захирал асан А.Гантулгыг удаа дараа дарамталж, ”Хөгжлийн банк”-наас  орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөнөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Грайндлайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав хүү хоёрыг яллагдагчаар татсан” гэж мэдэгдэж байв. 

Ийнхүү ардчиллыг хамгаална хэмээн цээжээ байнга дэлддэг ч  үнэндээ амин хувиа, цаашлаад бүлэглэлээ хамгаалагч болсноороо яллагдагч болсон Э.Бат-Үүл ардчиллын хамгаалагч биш бүлэглэлийн улаан хамгаалагч болсон түүх байна.

С.Баярцогт байна.

АН Засгийн эрх авах болгонд албан тушаал авч ирсэн. Байгаль орчны сайд, ЗГХЭГ-ын даргаар хоёр удаа, Сангийн сайд, УИХ-ын дэд дарга гээд хашиж үзээгүй алба ховор.

Ийнхүү төрд ажиллахдаа 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулж гарын үсэг зурсан сайд нарын нэг. Бүр 20 мянган хувьсагчтай тэгшитгэл бодон байж гэрээг байгуулсан хэмээн ярьсаар ирсэн.

Тэрээр “Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигч байх үедээ Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан  хэмээн АТГ-ынхан мэдэгдэж байлаа. Швейцарын банкин дахь офшор данснууд /нийт 5 данс/, тэдгээрт байсан нэг сая, 10 сая ам.долларууд хаачив аа.

МАНАН хэмээх бүлэглэлийн гол томчуудын нэг, хуулийн байгууллагын шийдвэрээр яллагдагч болсон тэрбээр АН-аас хөөгдөж хаалгаар нь гараад гэнэт тооноор нь орж ирээд хүссэн газартаа нэр дэвших эрхээ авч байгаа нь тэгээд ардчилал уу? 

Д.Эрдэнэбат гэж өөрийгөө бас  ардчилагч  гэж ярьдаг нэгэн. 

Тэр бол улаан цайм бүлэглэлийн эрх ашигт үйлчлэгч. Аж үйлдвэрийн сайд байхдаа Монгол улсын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авалгүй татгалзахад хамгийн том тус хүргэсэн учраас түүнийг бусадтай нь хамт яллагдагчаар татан шүүж байгаа.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай ч нийлчихсэн гүйж яваа нэгэн. С.Эрдэнийн хувьд ардчилал хэмээн наанаа ярьж байгаа ч цаанаа барьцаанд байгааг нэр дэвшүүлэлтээс нь харж болохоор байлаа. Түүнийг сонгуулийн өмнө хаврын чуулган нээгдэхээр УИХ-аас татна хэмээх мессеж нэлээд явсан ч шинэ, хуучин Ерөнхийлөгч нартай тохирч байж, ямар ч байсан сонгуулиа эхлүүлсэн гэдэг. 

С.Эрдэнийг НХХ-ийн сайд байх үеэс улбаатай асуудлуудаар шалгаж байгаа нь нууц биш. Учир нь  түүний үед Нийгмийн даатгалын сангийн захирал, ерөнхий нягтлан бодогч байсан нөхдүүдийг энэ хавар барьж хорьж шалгасан. Түүнийг мөн Дарханы гурил тэжээлийн үйлдвэрт эвдэрхий элеватор шахсан хэргээр нь яллагдагчаар татсан тухай бичигдсээр байна. 

З.Энхболдын хувьд бас л ардчилал ярьдаг, Тавантолгой ярьдаг хүмүүсийн нэг.

Тэрээр  олон нийт,  ард түмний төлөө л энэ бүхнийг ярьдаг хэмээдэг ч үнэндээ бол “Страто” хэмээх хувийн компанийнхаа  төлөө л тэгж ярьдгийг нь  эдийн засагч  Л.Наранбаатараас эхлээд олон хүн хэлсээр ирсэн. Тиймээс ч Л.Наранбаатар түүнийг хаана нэр дэвшинэ, тэнд нь очиж өрсөлдөхөө мэдэгдээд байв.

Гэвч З.Энхболдтой өрсөлдөхөөр нэр дэвшсэн  Л.Наранбаатарт СЕХ нэр дэвшүүлэх эрх олгосонгүй. З.Энхболд өөртэйгөө өрсөлдөнө гэж зарласан Э.Бат-Үүлийг ямар ч найдваргүй Хэнтий рүү цөлж, эцэст нь ийнхүү Л.Наранбаатарыг гол гаргаж дөнгөв.

Гэвч ардчиллаа авч үлдэх зорилготой ард түмэн З.Энхболд болон дээр нэр дурдсан “ардчилал” яригчдыг унагаж хариуг нь өгөх байх. 

 

Г.Хуяг 

Зураг

 

Л.Гантөмөр сайдаа боловсролын салбар чинь авлигын үүр уурхай боллоо
Л.Гантөмөр сайдаа боловсролын салбар чинь авлигын үүр уурхай боллоо
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.