Ламжавын Аззаяа: Ард түмэнд хайр хэрэгтэй гэсэн “онош”-ыг эмч Ламжавын ГҮНДАЛАЙ тавьсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 12 секунд
Ламжавын Аззаяа: Ард түмэнд хайр хэрэгтэй гэсэн “онош”-ыг эмч Ламжавын ГҮНДАЛАЙ тавьсан

Ламжавын Аззаяа: Ард түмэнд хайр хэрэгтэй гэсэн “онош”-ыг эмч Ламжавын ГҮНДАЛАЙ тавьсан

1

-Та яагаад улс төрд орохоор шийдэв. Ийм шийдвэр гаргахад юу таньд нөлөөлсөн бэ?

– Нөхөр маань 2000 онд улс төрд орсон цагаас хамт улс төр рүү орсон гэж болно доо. Ерэн оноос ээлжлэн 26 жил төр, засгийн эрх барьсан хэдэн нам ард түмнийг даанч дэндүү ядуу зүдүүгийн туйлд хүргэж, өөрсдөө хагартлаа баяжиж, харийнханд эх нутгаа найр тавин өгч байгааг хараад сэтгэл минь өвдөж байна. Эх хүний хувьд хүүхдүүдийн минь амьдрах нийгэм ийм байхыг тэвчихгүй нь. Эрх баригчдын хийж байгаа бусармаг үйлдэлтэй тэмцэж байгаа нөхрийнхөө тэмцлийг дэмжиж, энэ тэмцэлд эгэл монгол эмэгтэйчүүдээ уриалан улс төрд орлоо. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдвэл төрийн бодлого арай эерэг тал руугаа эргэж, луйвар, хуйвалдаан хумигдах болов уу гэсэн ард түмний хүлээлт байгааг олж харсан.

Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдвэл төрийн бодлого арай эерэг тал руугаа эргэж, луйвар, хуйвалдаан хумигдах болов уу гэсэн ард түмний хүлээлт байгааг олж харсан.

-Таны нөхөр Л.Гүндалай Эрдэнэтэд нэр дэвшинэ гэж байгаад таныг орондоо нэр дэвшүүлчихлээ. Юунаас болоод ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Эрдэнэтчүүд өөрсдийнх нь эрх ашгийн төлөө дуугарч, тэмцсэн намын маань бодлогыг ойлгож маш сайн дэмждэг. Намайг манай нөхөр гэхээсээ манай намын хамт олон нэр дэвшүүлсэн.

Надад нөхрийн маань танил дотно нөхөд, намын маань гол дэмжигчид төвлөрдөг Орхон аймагт эмэгтэй нэр дэвшигчидтэйгээ нэг баг болоод ажилла гэсэн үүрэг даалгаврыг намын хамт олноос өгсөн. Орхон аймагт би намынхаа хоёр эмэгтэйн хамт нэр дэвшсэн шүү дээ.

-Улс төрчдийн ард сайн хань, найдвартай ар тал байх ёстой гэдэг. Гэтэл та хоёрын хувьд хоёулаа улс төр, сонгууль гэж явахаар ар гэрийн амьдрал хэцүү биш үү?

-Бид хоёрт бизнес, ар гэрийн амьдралыг цалгардуулахгүй аваад явах итгэлтэй хамт олон, найз нөхөд, ах, дүү нар байгаа.

34A4639a

-Та Монголын загварын тайзнаа мөрөө гаргаж, олон улсад эх орныхоо нэрийг өргөж явсан мисс бүсгүй. Загварын ертөнцөд хэрхэн хөл тавьж байсан тухайгаа сонирхуулахгүй юу?

-1992 онд Монголын сайхан бүсгүй тэмцээний Шүр эрдэний өргөмжлөл, Монгол туургатны сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнээс Тэргүүн байрын шагнал хүртэж явсан залуу насаараа бахархдаг. Сургуулиа төлөөлж анх тэмцээнд оролцоод загварын ертөнцтэй холбогдож залуу насаа зориулсан.

-Л.Гүндалай тантай анх хэрхэн танилцаж гэргийгээ болгож байсан тухайгаа ярих дуртай байдаг. Харин энэ удаад танаас тэр дурсамжийг сонсъё?

Хоёр удаа зам дээр таарсан түүнээс хойш 20 жил салаагүй. Заяаны хань зам дээр гэдэг болсон.

-Бид хоёр 1996 онд танилцсан. Би загвар өмсдөг оюутан байлаа. Паспортоо сунгуулахаар паспортын хэлтэс дээр дугаарлаж байтал их чанга дуутай залуу “сүүлийн хүн хэн бэ” гэсээр орж ирсэн. Гараад такси барихаар зам дээр зогсож байтал нэг машин хар хурдаараа хаазлаад л урд зогссон чинь өнөөх чанга дуутай залуу байна. Би ч дуртай суугаад гэртээ хүргүүлэхдээ танилцаж утасны дугаараа солилцсон ч хэн хэн рүүгээ яриагүй удсан. Дараа нь Төв номын сангийн урд зам хөндлөн гарч байтал нэг машин дайрчих шахам зогстол Гүндалай хажууд нь суучихсан найзаараа жолоо бариулчихсан явж байсан. Хоёр удаа зам дээр таарсан түүнээс хойш 20 жил салаагүй. Заяаны хань зам дээр гэдэг болсон.

-Мисс, загвар өмсөгч бүсгүйчүүлийг гоё ганган, царай зүсний сайхнаас хэтрэхгүй боловсрол муутай хүмүүс гэж чамлах хандлага нийгэмд бий л дээ. Харин таны хувьд анагаах, эдийн засаг, удирдлага гээд нэлээд олон салбарын мэдлэг, боловсролтой нэлээд боловсорсон эмэгтэй гэж харагддаг?

-Би өөрийгөө гэгээрүүлэх гэж амьхандаа хичээдэг. Олон улсын харилцааны мэргэжилтэн-Олон улсын мэргэшсэн эдийн засагчийн баклаварын зэргээ төрийн болон бизнесийн удирдлагын магистрын зэргээр шат ахиулсныг маань хэлэх шиг боллоо. 2003 онд магистрын зэрэг хамгаалсан. Удирдлагын академийн ангиас маань УИХ-ын гишүүд, Засаг дарга нар, улс төрийн том намын лидер улс төрчид төрж гарсан. Би ч бас тэднээсээ юу дутах вэ гээд л улс төр рүү ороод байна шүү дээ. /инээв/

-Таныг нэлээд зоригтой, шийдэмгий эмэгтэй болохыг Гүндалайг баригдах үед, мөн далайд төөрөх үед харж байлаа?

-Зоригтой ч юу байхав ханиа хамгаалах, өмөөрөх, тус дэм болох гэсэн эмэгтэй хүний л хийх үйлдэл шүү дээ. Эрх баригчдыг шүүмжилсэнийх нь хариуд парламентын гишүүн, АН-ын дэд даргыг хууль зөрчиж шоронд хорьдог тийм л цаг үе байсан. Тэр үед олон түмний хайрыг хүлээсэн хүн гэдэг нь илүү харагдсан. Олон хүн цуглаж, суллахыг шаардаж жагсаал цуглаан хийж байлаа. Нөхрөө хаашаа ч явсан би зардлаа даагаад л явчихдаг юм. Тэр үед олон улсын хурал руу хамт явах гэж байтал онгоцны буудал дээр хэдэн залуус барихаар ноцолдож, тэдэнтэй би тэмцэлдэж машинд нь суулгаад намын байранд нь авчирсан ч хүчинд автагдаж “Ганц худаг” руу ачуулаад үлдсэн дээ.

Далайн шуурганд туугдан хэл сураг тасрах үед үнэхээр аймшигтай байсан. Нэг хоногийн дараа хүрэх ёстой Ханх сум руу завиар яваад сураг тасарсан. Би ямар нэг юм болжээ гээд хоёр дахь хоног дээр нь завь хөлөглөөд араас нь явсан. Хоёр метрээс цааш юу ч харагдахгүй битүү манантай байлаа. Би айж байсан ч далайд урт зам туулан манан дундуур шудран далайн шуургатай тэмцэлдсээр нөхрөө яг далайн голд байдаг арлаас олсон. Тэд түрэгдсээр тэнд оччихсон юм билээ. Явахад нь манан сарнихыг хүлээгээч гэж дургүйцэхэд сонгогчидтойгоо уулзахад нэг хоног ч алдаж болохгүй гэж тас зөрж гараад ийм аймшигтай зүйлтэй таарсан. Нөхрөө олоод дөнгөж уулзаад зогсож байтал дээгүүр вертолёт нисээд онцгойнхон ирж байгаа юм даа. Нисдэг тэрэгтэй уралдаж байгаад л нөхрөө аварчихсан шүү дээ. /инээв/

-Мэргэжлийн дагуу эмнэлэгт ажиллах, сурахын хажуугаар загвар өмсөж, хунсний лангуу хуртэл ажиллуулж санхуугээ зохицуулчихдаг охин байсан гэдэг?

-Би оюутан байхаасаа л зүгээр суудаггүй хүүхэд байсан. Жижигхэн цайны газар ажиллуулж, наймаа хийх, загвар өмсөх гээд л янз бүрээр орлого олох гэж ажилладаг байлаа.

-Яг өнөөдрийн бизнесийг тань сонирхвол?

-Одоо манай компани зочид буудал, ресторан, худалдааны төв, татваргүй барааны дэлгүүр, импортын бараа, эмийн бизнес гээд өргөжсөн. Одоогоор 600-гаад ажилчинтай байгууллага болсон. 1990-ээд онд зах зээл рүү дөнгөж шилжиж байсан үе болохоор хүндхэн л давааг давсан даа. Миний хувьд эртнээс л бизнес рүү орох гэж үзсэн. Түүнийхээ үр шимийг хүртээд олон айл гэрийг ажилтай орлготой авч яваадаа сэтгэл тэнэгэр явдаг.

 

-Ер нь бизнес эмэгтэй байх ямар вэ. Таны насан дээр ар гэр, үр хүухэд, ажлаа яаж зохицуулж байна. Үүн дээр л өнөө хүмүүсийн ярьдаг хатан ухаан нь гарах байх?

-Эмэгтэй хүн үр хүүхдээ хүмүүжүүлэх, гэр бүлдээ цаг гаргах нь хамгийн чухал ч эзэмшсэн мэргэжил, сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлж, өөрийнхөө болон бусдын амьдралд хэрэг болохуйц ажил, бизнес хийх нь бидний үүрэг гэж боддог. Үр хүүхдүүддээ гаргах цаг хомс ч хүсвэл ажлаа түр орхиод тэдэнтэйгээ байдаг нь миний ажлын нэг давуу тал. Бизнес хийж байгаа хүмүүсийн хэн чадаж, хэн хөдөлмөрлөж байгаа нь амжилттай явдаг учраас ажиллахаас өөр аргагүй гэх үү дээ. Энэ олон хүмүүсийн ар гэрээ тэтгэдэг цалин хөлс надаас шалтгаалах учраас зүгээр суух эрхгүй шүү дээ. Эмэгтэйчүүд бизнес хийхэд хандлага, мэдрэмж гээд давуу талууд бий.

 Ард түмэн маань сүүлийн 26 жил АН, МАН-ын алдаа, оноо бүхний сорилт, туршилт болж туйлдаж гүйцлээ. Одоо болсоон. Ард түмнээ хайрлая.

-Эргээд улс төрийн сэдэв рүү оръё. Ард түмнээ хайрлая намыг яагаад байгуулах болов?

-Нөхөр бид хоёр ард түмнээ хайрлахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Тэр сэтгэлийнхээ үүднээс Ард түмнээ хайрлая нам байгуулсан. Ард түмнээ хайрлах цаг болж. Монголын ард түмэн өнгөрсөн 26 жил ядуу амьдарлаа. Ардчилсан нам ч, Ардын нам ч ялгаагүй ард түмнээ хайрлах сэтгэл алга. Ард түмэнд хайр хэрэгтэй гэсэн “онош”-ийг нөхөр маань тавьсан. Сонгууль болохоор л хоёр том нам ард түмнээ хайрлаж байгаа дүр эсгээд дараа нь нулимстай үлдээдэг. Харин бид ард түмнийхээ нулимстай нүдийг арчиж өмөөрөхөөр намаа байгуулсан. Ард түмэн маань сүүлийн 26 жил АН, МАН-ын алдаа, оноо бүхний сорилт, туршилт болж туйлдаж гүйцлээ. Одоо болсоон. Ард түмнээ хайрлая.

Сонгууль болохоор л хоёр том нам ард түмнээ хайрлаж байгаа дүр эсгээд дараа нь нулимстай үлдээдэг.

-“Монголоороо байгаасай” гэсэн дуу танай намын сүлд дуу байхаа?

-Намын сүлд дуу гэж ойлгоод хэрэггүй. Бид Монголоо Монголоороо байгаасай гэж хүсч байгаа учраас тэр дууг нөхөр маань дуулсан юм. Монгол нутаг минь Монголоороо үлдэж байж монгол хүн сайхан амьдарна. Харин сүүлийн үед манай намынхан гавъяат жүжигчин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай” дууг сонсох, дуулах дуртай болсон.

“Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай

Нулимстай нүдийг арчиж хайрлаарай

Чи бидний орчлон ганцхан шүү

Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай” гэсэн гоё үг бий шүү дээ.

– Та намаа олон нийтэд танигдсан гэж бодож байна уу. Дангаараа сонгуульд орсноос МҮАН, ИЗНН, Эх орон нам шиг дагаар орох сонголт хийж болоогүй юмуу?

-Манай нам байгуулагдаад жил гаруй болж байгаа гэхэд олон жил болсон намаас илүү танигдсан. Ард түмнээ хайрлая нам олон нийтийн анхаарлын төвд орж ирж чадсан гэж боддог. Улс төрд татсан МАНАН-г сарниахын төлөө ажиллаж байгаа манай намын “Айх аюулгүй Гачигдах зовлонгүй, Амар тайван амьдралын төлөө“ уриа олон хүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсан: Сэтгүүлч Г.Баттөгөлдөр

 

Haм даралтын зуухтай иргэн, AAH-үүдэд сайжруулсан түлш хүргэлтийг ҮНЭГҮЙ болгоно
Haм даралтын зуухтай иргэн, AAH-үүдэд сайжруулсан түлш хүргэлтийг ҮНЭГҮЙ болгоно
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.