Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бараалхав.
Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ хэлэхдээ, УИХ-ын дарга та болон УИХ-ын гишүүд халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Монгол Улсын Их Хурал нь Япон-Монголын Эдийн засгийн хэлэлцээрийг хурдан хугацаанд соёрхон баталсан нь манай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон. УИХ-ын дарга З.Энхболд таны энэ жил Япон Улсад хийсэн айлчлал маш үр дүнтэй болж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг онцлох нь зүйтэй гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Ш.Абэ тантай дахин уулзаж буйд баяртай байна. Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөг билээ. Монгол, Японы харилцааны хөгжилд Япон Улсын парламентын хоёр танхимын дарга нар, парламентын гишүүд, Япон-Монголын парламентын бүлгийн гишүүд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-т тусгасан ажлууд эхнээсээ биеллээ олж, хэлэлцээ нь 3 жил гаруй үргэлжилсэн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-т гарын үсэг зурж, хоёр орны парламент соёрхон баталсанд сэтгэл хангалуун байна. Цаашид ЕРА-д түшиглэн японы хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Япон болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ /Production network/, Эдийн засгийн хэлхээ холбоо /Economic Connectivity/-нд нэгдэх эрмэлзэлтэй байна гэсэн юм.
Мөн тэд уулзалтын үеэр улс төр, эдийн засаг, нийгмийн зарим асуудлаар санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Су.Батболд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх Б.Баярсайхан, Их аварга, Асашёрю Д.Дагвадорж болон албаны бусад хүмүүс байлцав хэмээнУИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.