“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 53 секунд
“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татлаа

“Чингис хаан” банкны удирдлагыг ЭМДЕГ-ын даргын хэрэгт яллагдагчаар татлаа

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн есдүгээр сарын 9-нөөс шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Түүнд холбогдох хэргийг мөрдөгчид шуурхай шалгаж, сар гаруйхны дараа яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн тухай АТГ-ын эрх бүхий албан тушаалтан манай сонинд ярилцлага өгөхдөө өгүүлсэн. Тэрбээр “Хуулийн байгууллагаас сүр дуулиантай баривчилгаа хийдэг ч явцын дунд хэрэг нь замхардаг гэх иргэдийн итгэл алдарсан байдалд цэг тавих цаг нь болсон гэж үзэж байгаа. АТГ-аас нэг сар гаруйн өмнө дайчлан баривчилсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, Зам, тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд нарын хэргийг шалгаж дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүллээ” гэсэн билээ.

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийн хэрэгт арилжааны зарим банкны удирдлагыг шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлж байсан. Баттай эх сурвалжуудаас уг хэрэгт ямар хүмүүсийг яллагдагчаар тооцсон тухай мэдээлэл олж авлаа. Ч.Алтанхуяг болон тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр НПГ-аас яллагдагчаар тооцоод буй гэнэ. Тэд Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг “Чингис хаан” банканд байршуулсан аж. Улмаар дөрөвхөн сарын хугацаанд дансны үлдэгдлээс 1-1.3 хувийн хүү бодож нийт 86 сая гаруй төгрөгийг тус банкны удирдлагаас авсан хэрэгт холбогдоод буй юм билээ.

Уг хэрэгт дээрх банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг яллагдагчаар тооцсон аж. Түүнийг Б.Баярхүүгээр дамжуулан ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт энэ оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд дээрх хэмжээний мөнгийг хахууль болгон өгсөн гэж буруутгасан гэх мэдээлэл байгаа юм. Түүгээр ч тогтохгүй “Чингис хаан” банкийг нь яллагдагчаар татсан тухай эх сурвалжууд мэдээллээ. 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуульд хуулийн этгээдийг хариуцлагад татах заалт орсон. Бидний авсан мэдээллээр дээрх банкийг эл хуулийн 22.5-3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” хэмээн заасныг үндэслэн яллагдагчаар татаад байгаа аж.

ЭМДЕГ-ын эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус газар байгуулагдахаас өмнө 2017 онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар гэж байхдаа “Чингис хаан” банктай мөнгөн хадгаламжийн гэрээг жилийн 15.2 хувийн хүүтэй байгуулсан аж. Улмаар хүүгийн хэмжээг нэг бус удаа өөрчилж байсан гэнэ. Уг нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан тус сангийн чөлөөт үлдэгдлийг зарцуулах, банканд хадгалуулах, Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах журмын дагуу ажиллаж “Чингис хаан” банктай гэрээ байгуулсан юм байна. Гэвч хуулийн этгээдэд давуу байдал бий болгосныхоо төлөө дээрх банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн дансаар гүйлгээ хийж байсан нь тогтоогдсон гэнэ.

“Чингис хаан” банкийг 2001 онд ОХУ-ын хөрөнгө оруулагчид байгуулж, ТУЗ-ийн даргаар нь С.Громов гэх эр ажиллаж байсан бөгөөд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай манай улсын хамгийн анхны банк болсон юм. Улмаар 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай банк болсон түүхтэй. Гүйцэтгэх захирал С.Сандагдоржийн хувьд 2012-2014 оны Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирлын орлогч болж, улмаар 2017 оноос гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа, эдийн засагч мэргэжилтэй нэгэн юм байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Гитарчин Өөжгий “New Star” студийн ойн тоглолтод чухал үүрэг гүйцэтгэнэ
Гитарчин Өөжгий “New Star” студийн ойн тоглолтод чухал үүрэг гүйцэтгэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.