МАН-ын "Бид хамтдаа" үндэсний форум болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 43 секунд
 МАН-ын “Бид хамтдаа“ үндэсний форум болно

МАН-ын “Бид хамтдаа“ үндэсний форум болно

МАН дөрвөн зүг найман зовхист суугаа  ард түмэнтэйгээ хамт байхын утга агуулсан "Бид хамтдаа" аяныг эхлүүлж,  амжилттай өрнөж байгаа билээ. Энэ аяны малгай дор МАН-ынхан "Бид хамтдаа" үндэсний форумыг зохион байгуулж байна. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр " Монголчууд хоорондоо хэрэлдэж нэгнийхээ дээр гарах гэж ноцолдох биш хамтдаа ярилцах цаг нь болсон. Бие биенээсээ ухаантай болох гэж уралдсаар байтал эдийн засаг туйлдаж гүйцлээ. Бид зөвхөн улстөрчдийн үгийг биш салбарынхны үгийг сонсохоор төлөвлөж байна" гэлээ.  МАН-ын XXVII Их хурлаас улс төрийн бүх намуудтай тодорхой асуудалд үндэсний зөвшилцөлд хүрэх санал санаачилгыг тулхтай, туршлагатай намын хувьд анх гаргаж, тавьсан.  Үндэсний форумын нээлтийн ажиллагаа даваа гаригт Төрийн ордны их танхимд болно. 

Энэхүү форумын эхний өдрийн хэлэлцүүлэг  Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл, хоёр дахь  өдөр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд, гурав дахь өдөр нь Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд, дөрөв дэх өдөр нь Нийслэлийн хөгжлийн асуудлууд, сүүлийн өдөр нь хаалтын ажиллагааг хийхээр төлөвлөж байгаа ажээ. Эдийн засаг, улс төр, эрүүл мэнд, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын  800 гаруй төлөөлөл энэхүү хуралдаанд оролцох юм. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд  үндсэн илтгэл тавьж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хурлыг даргалахаар болжээ.  "Бид хамтдаа" үндэсний форумд улс төрийн бүх намуудын удирдлагууд оролцож буйгаараа онцлогтой. Тодруулбал, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл нар үг хэлэх юм байна. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, "Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хандлага" сэдвээр доктор Н.Дашзэвэг илтгэл тавих юм байна.  

                  Салбар, салбарын эрдэмтэн судлаачид чуулах гэж байна

"Бид хамтдаа" үндэсний форумын эхний өдөр "Улс төрийн хямрал ба үндэсний зөвшилцөл" нэгдсэн хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд болно.  Энэ өдөр  Улс төрийн тогтолцоо ба зөвшилцөл,  Төрийн албаны шинэчлэлийн тухай, Үндсэн хуулийн шинэчлэл, УИХ-ын тухай хуулийг боловсронгуй болгох нь, Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй болгох нь гэсэн таван салбар хуралдаан болно. Эхний салбар хуралдаан "Улс төрийн тогтолцоо ба зөвшилцөл" сэдэвтэй Төрийн ордны их танхимд 200 хүний бүрэлдэхүүнтэй болно. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин,  МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулга нар энэ салбар хуралдааныг даргална.  Уг салбар хуралдаанд Улс төрийн тогтолцооны тулгамдсан асуудлууд ба зөвшилцлийн аргаар шийдвэрлэх арга замууд" сэдвээр МУИС-ийн улс төрийн тэнхимийн эрхлэгч С.Мөнхбат,  "Улс төрийн тогтолцооны саармагжуулалт"  Төрийн соёрхолт, инженер Н.Нацагням, "Ардчиллын төгөлдөршил-зөвлөлдөх ардчилал" сэдвээр Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар нар тус тус илтгэл тавина.  Тэгвэл Үндсэн хуулийн шинэчлэлийн талаарх гуравдугаар салбар хуралдаанд "Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт" сэдвээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,   Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэсэн маргааны тойм сэдвээр судлаач Р.Мухийт нар илтгэл тавих бол дөрөвдүгээр салбар  хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны хуулийн хэлтсийн дарга Ш.Энхбаатар мэдээлэл өгч, "УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчлэл" сэдвээр Су.Батболд гишүүн илтгэл тавих ажээ.  "Бид хамтдаа" үндэсний форумын хоёр дахь өдөр "Монгол Улсын эдийн засгийг хөгжлийн бодлогын  асуудлууд" нэгдсэн сэдвийн хүрээнд зургаан салбар хуралдаан болох ажээ. Тодруулбал, Банк санхүүгийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, Уул уурхайн салбарт тулгамдсан асуудал, Үйлдвэржилт хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан асуудал, Бизнесийн орчны тулгамдсан асуудал, Дэд бүтцийн салбарын тулгамдсан асуудал, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлын салбарын тулгамдсан асуудал гэсэн сэдэвтэй салбар хуралдаанууд болно."Бид хамтдаа" форумын гурав дахь өдөр  Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд нэгдсэн сэдвийн хүрээнд болно. Эхний салбар хуралдаан Боловсрол, соёл,  шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд  50-60 хүн оролцоно. Бид хамтдаа" үндэсний форумын дөрөв дэх өдөр Нийслэлийн хөгжлийн асуудалд анхаарал хандуулна.  Тусгаар тогтнолын ордны VII давхрын Их танхимд болох ажээ. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар салбар хуралдааныг даргалах юм байна.  Нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлал аз жаргалтай хотын талаар Нийслэлийн  МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нэгдсэн хэлэлцүүлэгт илтгэл тавина.  Эхний салбар хуралдаан Хотын засаглал, эдийн засаг, бизнесийн орчны талаар болох бөгөөд Улаанбаатар хотын эдийн засгийн стратеги, бизнесийн орчин-2030 сэдвээр эдийн засагч Н.Дашзэвэг, Хотын засаглал, нийгмийн бодлогын асуудлаар болох хоёрдугаар салбар хуралдаанд Нийслэлийн иргэдийн сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн нийгмийн бодлогын үндэс сэдвээр Удирдлагын академийн Улс төр судлал, нийгмийн тэнхмийн эрхлэгч С.Зульфикар,  Удирдлагын академийн  улс төр судлал, нийгмийн удирдлагын тэнхимийн багш Ч.Эрдэнэчимэг нар илтгэл тавих ажээ.  Форумын тав өдөр салбар хуралдаан дээр ярьсан төлөөлөгчдийн санал, санаачилгыг багцалж, нэгдсэн хуралдаан танилцуулах юм байна.

С.Пуужин

 
МАН: Монголд хууль байхгүй мэт авирладаг байсан бүлэглэлүүд маш их айж байна...
МАН: Монголд хууль байхгүй мэт авирладаг байсан бүлэглэлүүд маш их айж байна...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.