Амь горилох тахарын албыг татан буулгах асуудлыг дахин сөхлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 18 секунд
Амь горилох тахарын албыг татан буулгах асуудлыг дахин сөхлөө

Амь горилох тахарын албыг татан буулгах асуудлыг дахин сөхлөө

 

 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн санаачилсан Тахарын албаны тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Мөр нь хатаж амжаагүй шахам байгаа тус албыг татан буулгах асуудлыг улс төрийн хүрээнд одоо ч ярьж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Шийдлийн” гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газар шинэхэн байгуулсан Тахарын албыг татан буулгах тухай анх сөхөж, тухайн үедээ УИХ-ын зарим гишүүн “Төсөв хөрөнгө гаргаж нэгэнт байгуулсан албыг татан буулгах шаардлагагүй” гэж үзсэнээр хэсэгтээ намжсан юм. Гэтэл дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа Тахарын албыг татан буулгах асуудлыг дахин сөхлөө.

 

ХУУЛЬ ЗҮЙН САЙД ТАХАРЫН АЛБЫГ ТАТАН БУУЛГАХ ТАЛААР АМ АЛДАВ

 

Юу хийдэг нь тодорхойгүй, байгаа үгүй нь мэдэгддэггүй атлаа хүнд суртлын шат дамжлага болдог, төсвийн хөрөнгөөр туйлдаг агентлагуудыг татан буулгах нь зүйтэй гэдэг санал УИХ-ын хүрээнд төдийгүй олон нийтийн дунд ч хүчтэй ярих болсон. Тэгээд ч нэршил төдий, давхардсан чиг үүрэгтэй атлаа улсаас их хэмжээний санхүүжилт авдаг зарим газрыг татан буулгах шаардлагатай хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үзэж буй. Энэ ч үүднээсээ “Шинэчлэлийн” Засгийн газрын үед байгуулан Тахарын албыг “Шийдлийн” Засгийн газар анхнаасаа дэмжээгүй байдаг. Үүнийгээ ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэд хэдэн удаа хэлж байсан. Тэрбээр“Төсвөө хэмнэх, төсвийн зардлыг хянахын тулд зарим агентлагт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Хуулийг хэзээ баталсан чухал биш. Хамгийн гол нь хэрэгжилт, үр дүнгээ хэрхэн өгч байгаа нь чухал. Тэгээд ч Тахарын албаны чиг, үүргийг ШШГЕГ болон ЦЕГ хариуцаад ажилллах боломжтой. Цаашид бид хүссэн, хүсээгүй ийм чиглэлд ажиллана. Тахарын алба тэргүүтэй 53 байгууллагыг татан буулгаснаар20 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой” хэмээн тайлбарласан. Тиймдээ ч оны өмнөхөн Тахарын албыг татан буулгах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж ирж байв. Тэгвэл өнгөрсөн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, амь горилон арайхийн дэнжигнэж үлдсэн Тахарын албыг татан буулгана гэдгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Сайдын цаг” уулзалтынхаа үеэр ам алдлаа.

 

“ТАХАР” ГЭХ МАНЖ ГАРАЛТАЙ НЭР МОНГОЛД ХЭРЭГГҮЙ

 

“Тахар” гэх нэрнээсээ авахуулаад олон шүүмжлэлийг араасаа дагуулсан тус албыг байгуулснаар төрийн алба хаагчийн бүтэц, бүрэлдэхүүн500 хүнээр бүл нэмсэн. Аймаг, сум бүрт Тахарын албыг байгуулж, харин ерөнхий газартаа100-125 алба хаагчид ажиллаж байгаа юм. Шинээр байгуулсан тус албыг байх хэрэгтэй, хэрэггүй гэх янз бүрийн байр суурь байгаа ч олонх нь татан буулгах нь зүйтэй гэж үзэж буй. Тэгээд ч урд өмнө нь хэзээ ч сонсч байгаагүй“Тахар” гэх Манж гаралтай үг монголчуудад хэрэггүй гэдгийг УИХ-ын зарим гишүүн хэлдэг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би энэ асуудлаар их олон ярьж байсан. Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн төслийг чинь миний үед хийж байсан. Түүгээр бол шинэ алба байгуулахгүйгээр цагдаагийн хүрээндээ л хамгаалалтыг нь хийгээд явах бололцоотой. Нөгөөтэйгүүр, Тахарын албыг 500 хүнтэй байгууллаа гэхэд Улаанбаатар хот, бүх аймагтаа хуваахаар нэг газарт хэдэн тахар байх юм. Хүн хүч нь хүрэлцэхгүй цагдаагаас л гуйна. Цагдаа нь манайд хамаагүй, асуудлаа шийд гэвэл тэгээд л хад мөргөнө шүү дээ” гэж байр сууриа илэрхийлсэн байдаг. Үнэхээр өнгөрсөн жил гаруйн хугацаанд Тахарын алба ямар үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байгаа.

 

МӨШГИЖ МӨРДӨНӨ, ТАГНАЖ ЧАГНАНА, ХОРЬЖ ЦАГДАНА

 

Засгийн газрын 2014 оны 07 дугаар тогтоолоор Тахарын ерөнхий газрыг эмхлэн байгуулсан. Эдүгээ хуулийг батлаад хоёр жил, үйл ажиллагаагаа явуулаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Гэсэн ч олон нийтийн дунд тус албыг ямар үйл ажиллагаа явуулдаг, өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж, гүйцэтгэсэн зэрэг мэдээлэл алга байгаа нь Тахарын албыг татан буулгах гол шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Гэвч хуульд тодорхойлсноор тахар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс арай өөр. Өөрөөр хэлбэл, Тахарын алба нь шүүхийн үйл ажиллагааг тогтмол явуулах, хуулийн этгээдийг албадан авчрах, ялтанг шилжүүлэх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэгтэй. Үнэндээ энэхүү албаны“Гэрч, хохирогчийг хамгаалах үндсэн чиг үүрэг”-ийг дэвэргэн сурталчилсаар “Тахарын алба гэдэг чинь аятайхан юм” гэх сэтгэгдлийг зарим нэгэнд нь төрүүлж чадсан. Гэвч нийгмийн олонх нь цагдаа, тагнуул, хил хамгаалах, шүүхийн шийдвэрийнхний зарим эрх, үүргийг цуглуулан босч ирсэн Тахарын албыг анхнаасаа алга ташин хүлээж аваагүй. Шалтгаан нь тагнах, чагнах эрх бүхий гүйцэтгэх ажиллагаа явуулдаг бас нэг байгууллага шинээр мэндэлсэнд байгаа юм. Уншигчид санаж байгаа бол Тахарын албаны тухай хуулийг батлахын тулд хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд байсан ялтанг шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтанг эрэн сурвалжлах ажлыг Тахарын албанд шилжүүлснээс гадна Хилийн тухай хуульд тахарууд нь шүүн таслах ажиллагаа болон хорих анги, цагдан хорих байрнаас оргон зайлж, улсын хил нэвтрэхийг завдсан, улмаар хил нэвтэрсэн гэмт этгээдийн талаарх мэдээллийг авах, хилийн бүс орчимд эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд Хил хамгаалах байгууллагаас хүн хүч, автомашин, техник хэрэгслийг дайчлах эрх хүлээсэн. Түүнчлэн Шүүхийн тухай хуульд Тахарын алба нь шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, яллагдагч болон ялтанг авчрах, оргон зайлсан бол эрэн сурвалжлах үүргийг хүлээсэн зэрэг олон хуульд өөрчлөлт оруулан тахаруудын эрх, үүргийг зохицуулсан байдаг. Харин тэд энэхүү үүргээ гүйцэтгэхийн тулд иргэдийг мөшгиж мөрдөх, тагнаж чагнах, хорьж цагдах бүрэн эрхтэй болсон билээ. Ямартай ч нэг хэсэг нам жим байсан Тахарын албыг татан буулгах асуудлыг улс төрийн хүрээнд дахин яриад эхэллээ. Одоохондоо тус албыг нэгмөсөн чадавхжуулж, бие даалгах уу аль эсвэл ор нэр төдий явуулж, төсөв үрж байхаар өмнө нь хариуцаж байсан субьектэд чиг үүргийг нь шилжүүлэх үү гэдэг тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, давхардсан чиг үүрэгтэй гэх асуудал араасаа дагуулж, төрийн албан хаагчдын орон тоог данхайлгасан тус албыг татан буулгах эсэх нь цаг хугацааны асуудал болжээ.

 

Б.Төрбат

 
МАН: Нийгмийн даатгал төлдөг хүн бүхнийг орон сууцжуулах бодлого барина
МАН: Нийгмийн даатгал төлдөг хүн бүхнийг орон сууцжуулах бодлого барина
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.