Шинэ Засгийн газар томилогдоод удаагүй ч ажилдаа шаргуухан орлоо. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг цар тахал, түүнээс үүдсэн эдийн засгийн хямрал гээд хүндхэн сорилтууд угтаж байгаа нь тэдэнд түр амасхийх чөлөө олгохгүй нь тодорхой. Тэр тусмаа цар тахлын дэгдэлттэй өнөө үед Улсын онцгой комиссыг ахалж ажиллах Шадар сайд С.Амарсайханд ачааны хүнд оногдож байна. Ямартай ч Шадар сайд С.Амарсайхан албан байгууллагуудын ажил байдалтай газар дээр нь очин танилцаж, шуурхай арга хэмжээ авч байгаа нь олны талархалыг хүлээлээ. Хамгийн гол нь байгууллагуудын ажил байдалтай танилцаж, тэдний ажил үүргийн явцыг шилэн хэлбэрээр цахимаар шууд явуулж байгаа нь бүр ч оновчтой зүйл аж. Түүнээс бус сайдын ширээний араас битүү хатуу бичиг цаас шидэлцээд суувал цаг алдаж ажил урагшаа явахгүй гэдгийг ч шинэхэн Шадар сайд өөрөө сайтар мэдэж байгаа бололтой.
Шадар сайд С.Амарсайханы хувьд урьд өмнө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг тэргүүлж, нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан туршлага бүхий хүн. Өөрөөр хэлбэл энэ хүнд цаг үед нийслэлээ хамгийн сайн мэдэх хүн учраас давуу тал болж байна. Болзошгүй өвчинтэй нүүр тулж байгаа үед хэтийн төлөвлөгөө, бодлогын баримт бичиг боловсруулж байна гээд өрөөндөө суугаад байвал яавч болохгүй зүйл. Тиймээс С.Амарсайхан сайд нүүр тулж байгаа зүйлийнхээ галын фронтоос ажлаа эхлүүлж байгаа нь сайшаалтай. Тодотгож хэлбэл, цагийн байдлыг зөв үнэлж чадаж байна гэсэн үг. Түүнээс бус цагаа олоогүй тушаал шийдвэр бол чөдөр болно уу гэхээс нэмэр болохгүй.
Ер нь бол тэр шийдвэр гаргаж чаддаг, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг гэдгийг нийслэлийг тэргүүлж байх үеийн хэдэн жилийн ажлын туршлага өөрөө хэлээд өгнө. Тэр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа Төмөр замын буудлын баруун талд байсан “1000 машины зах”-ыг “22-ын товчоо” руу нүүлгэж чадсан. Бусад дарга, сайд нар зориг гаргаж чадаагүй зүйлийг шийдвэр тушаал гарган албадан нүүлгэж байв. Үүнээс үүдэн тэнд байсан бөггнөрөл түгжрэл болон бусад сөрөг нөлөөлөл алга болсон хэмээн өдгөө Төмөр замын удирдлагууд талархаж байдаг. Ийнхүү стратегийн түшиц газар болох төмөр замаа сөрөг нөлөөллөөс аварч байсан түүхтэй. Энэ мэт олон тушаал шийдвэр нь нүдээ олсон, зоримог байдагт ихээхэн учир бий.
Тухайн үед С.Амарсайханд талархахаас илүүтэй орон нутгийн хэмжээнд ямар боломж нөхцөл байна, түүндээ түшиглэсэн бодлого боловсруулж, шахаж ажиллаж болдгийг л харуулсан. Дотоод нөөц боломжоо дүүрэн ашиглаж чаддаг нөхөр байна хэмээн олон нийт дурдаж байсныг санаж байна. Одоо С.Амарсайхан хүнд цаг үед Шадар сайдын албыг хаших болсон учраас Монгол Улсын хэмжээнд сэтгэх, шийдвэр гаргах шаардлагатай болж байна.
З.Шатар
Түмэн.мн