ЗУЛЫН 25-НЫ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 58 секунд
ЗУЛЫН 25-НЫ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ЗУЛЫН 25-НЫ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 25 буюу Зулын 25-ны Дүйчэн өдөр тохиож байна. Өвлийн эхэн сарын 25 бол Богд Зонховын мэндэлсэн мөн мөнх бусыг үзүүлсэн өдөр юм. Монголчууд энэ өдрийг эрт үеэс тэмдэглэн өнгөрүүлж буянд шамдсаар ирсэн билээ.

Богд Зонхов Лувсандагва нь Бурхан багшаас хойш гэгээрлийн зам мөрийг эмхлэн зэрэглэж тодруулж өгсөн ачтан. "Их Бодь мөрийн зэрэг" тэргүүтэй арван найман боть ном нь ихэд алдартай. Түүний намтар түүхээс зарим нэг хэсгийг товчлон хүргэе.

Тэрээр 1357 онд Төвдийн Амдо мужийн (Амдочууд болон монголчууд Хөх нуурын орчмоор айл саахалт амьдардаг байсан) Зонхово буюу Сонгины ам гэдэг газар төржээ. Эцэг нь Дархач Лүйвүмгэ гэж монгол гаралтай хүн байсан гэдэг. Богд ламыг төрөхийн урд жил эцэг нь, Утай таван уулнаас нэгэн хуврага хүн шар торгон баринтагтай боть ном авч ирээд тэдний байшингийн орой дээрх жижиг гоёмсог дуганд явж оров хэмээн зүүдэлжээ. Мөн эх нь, олон бүсгүйчүүдийн дунд сууж байтал зүүн зүгээс гартаа толь, тогосны өд барьсан улаан охин ирээд тэнд суугаа бүсгүйчүүдийг сайтар шинжсэний эцэст "Та үүнийг төрүүл" гэж эхийнх нь өмнө ирээд хэлэв гэж зүүдэлжээ. Хүүг мэндлэх үест хүжсийн анхилуун үнэр анхилж, огторгуйгаас яруу дуун сонсогдож, газар зөөлөн хөдлөхөд Төвдийн олон лам яг нэг өдөр, нэг цаг, гаригт Лхасын Зуу Бурханыг залж байна хэмээн зүүдэлцгээжээ. Мөн төрөхийн урд шөнө нь ч эцэг эх болон авгад нь машид гайхамшигтай шинжүүд зүүдэнд нь үзэгдсэн гэх зэргийг бичвэл нэлээд урт болох тул орхив. Бидний ярьдгаар Утай Гүнбүм гэдгийн Гүнбүм хийд нь оршин буй газар бол Богд Зонховыг эхээс мэндлэхэд хүйг нь таслах үед шунх нь дуссан газраас цагаан зандан мод соёолж хожим олон мөчир салаалсан буман навчтай зандан болон ургаж навч бүхэн дээр нь бурханы дүрс тодорч салхинд найгахад нь гүбүм буюу буман лагшин гэх дуу гарч байсан учраас Гүнбүм гэж нэрлэсэн түүхтэй газар аж.

1419 онд 63 сүүдэртэйдээ олон гайхамшигт шинж тэмдэг үзүүлэн лагшин нь гэрлийн мөн чанартай болж олон шавь нарт асар гүн сүсэг бишрэлийг төрүүлсээр мөнх бусын ёсыг үзүүлжээ. Тэр үест наран жаргаж тэнгэрт торойх ч үүлгүй цэлмэг, үлээх салхи үгүй анир жим атал таван өнгийн солонго, цагаан гэрэл цацарч огторгуйгаас яруу дуун эгшиглэж байсан гэдэг. Тэр мөчөөс эхлэн лам хар олон хүмүүс өвлийн эхэн сарын хорин таванд эргэл мөргөл хийж олон зул хүжис өргөдөг болсон бөгөөд маш олон зулын гэрэл шөнийг өдөр мэт гийгүүлдэг болжээ. Бидний ихэнхи нь сонссон бас мэддэг "Мэгзэм" гэдэг хэдэн шат шүлэг бол Богд ламын магтаал юм билээ. Энэхүү өдөр зул өргөж мэгзэм уншиж буянаа улам арвижуулаарай.

Улаанбаатарт 21 хэм дулаан байна
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.