Энэ жил УИХ-ын сонгуулийн тойргуудыг алслагдсан дүүргийн хороодуудтай нэгтгэн зохион байгуулснаараа онцлог. Тухайлбал УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт СБД-ийн 1-6-р хороо, Багануур дүүргийн 2, 4-р хороо багтаж байна. Улс төрийн нөхцөл “чанга”-д тооцогддог энэ тойрогт 8 нэр дэвшигч байгаагаас иргэний зориг гарган бие даан нэр дэвшиж байгаа ганц бие даагч бол Баатаржавын Мөнхсоёл. Тэрээр тойргийхоо иргэд, сонгогчидтой тасралтгүй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа бөгөөд энэ амралтын өдрөөр Багануур дүүрэгт ажиллалаа.
Б.Мөнхсоёл нь Нээлттэй нийгэм форумд 10 гаруй жил ажилласан, одоогоор Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, ГОУХАН-ийн “Эрчим хүчний үр ашиг” төслийн Төрийн санхүүгийн удирдлагын асуудал хариуцсан Үндэсний ахлах зөвлөхаар ажилладаг, гадаад, дотоодын хүндтэй их, дээд сургуулиудад өндөр боловсрол эзэмшсэн, эдийн засаг, төсөв, төсвийн бодлогын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлууд хийдэг туршлагатай эдийн засагч юм. Энэ ч утгаараа иргэд сонгогчид өрөнд ороод байгаа улсаа хэрхэн аврах, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааг хэрхэн сайжруулах, сонгуультай давхцуулан бэлэн мөнгө тарааж байгаа нь хэр зэрэг хохиролтой зэрэг асуултуудыг тавьж байлаа.
Иргэд бие даан нэр дэвшигчийг маш их дэмжиж байгаа нь өнөөг хүртэл төрийн эрхийг барьсан нам, улс төрчдөд итгэл алдсаны шинж гэдэг нь уулзалт бүрээс мэдрэгдэж байлаа.
41 настай Б.Мөнхсоёл нөхөр, хоёр охин, ээжийн хамт амьдардаг. Б.Мөнхсоёлын ээж Ц.Тунгалаг насаараа “Телекино үйлдвэр”-т ажиллаж, гурван хүүхдээ ганцаараа өсгөхдөө үр хүүхдүүдээ амьдралд сургаж, боловсролыг эрхэмлэсэн сэхээтнүүд болгон хүмүүжүүлжээ. Тогтсон амьдрал, тогтсон гэр бүл тогтвортой төрийн үндэс болдгийн адил мэдлэг боловсрол ажил хөдөлмөртөө туршлагажиж, гэр бүлээ тогтворжуулан зассан Б.Мөнхсоёл эзэмшсэн мэдлэгээ улс орныхоо хөгжлийн төлөө зориулахаар зориг гарган улс төрд орсон байна.
Багануур дүүргийн иргэд сонгогчид Б.Мөнхсоёлыг нэгдүгээрт, мэдлэг боловсрол өндөр, хоёрдугаарт улс орны төсөв, эдийн засаг, бодлогын түвшний судалгаа шинжилгээ хийсэн туршлагатай мэргэжлийн хэмжээнд ажиллах боловсон хүчин, гуравдугаарт, аливаа намын бүлэглэлд барьцаалагдаагүй, зөвхөн иргэдийнхээ төлөөлөл болон ажиллаж чадах эрч хүчтэй нэр дэвшигч гэдгээр нь дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.
Эх сурвалж: УИХ-ын соонгуулийн 59-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхсоёлын сонгуулийн штаб