Татварын томчуудын тансагласан дөрвөн тэрбум төгрөгийн учрыг хэзээ олох вэ, Б.Ариунсан дарга аа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 50 секунд
Татварын томчуудын тансагласан дөрвөн тэрбум төгрөгийн учрыг хэзээ олох вэ, Б.Ариунсан дарга аа

Татварын томчуудын тансагласан дөрвөн тэрбум төгрөгийн учрыг хэзээ олох вэ, Б.Ариунсан дарга аа

нийтлэсэн Admin

tatvarin-erunhii-gazar-1210Өнгөрсөн сард татварын байцаагчид өөрсдийгөө хоёр тэрбум гаруй төгрөгөөр шагнаж, урамшуулсан гэх асуудал олны эгдүүцлийг хүргэж, тэдний булхай луйврыг дэлгэн тавьж эхэлсэн. Тэгтэл тэдний урамшууллын мөнгө нь хоёр тэрбум биш бүр дөрвөн тэрбум төгрөг болохыг АТГ-ын шалгалтаар тогтоогдсон байна.
Хамгийн гол нь энэ их хэмжээний урамшууллын мөнгийг хэн авч байсан бэ гэдгийг тодруулах, сайтар шалгах шаардлагатай. Урьд өмнөх жишээ, баримтаас үзвэл хаа газрын хурган дарга нар өөрсдийнхөө амьдрал ахуйг л бондойтол тордоно уу гэхээс ажилчдынхаа нийгмийг асуудлыг шийдэж өгч, тэр талд гялайлгаж байсан нь тун ховор. Товчхондоо Татварынхан өөрсдийгөө шагнасан дөрвөн тэрбумаас жирийн нэг татварын байцаагчдад нялзаж, наалдсан нь тун өчүүхэн байгаад л хэргийн гол учир оршиж байгаа юм. Тухайлбал, Баянгол дүүргийн татварын хэлтэс 574 сая төгрөг, мөн 200 саяыг нь Татварын ерөнхий газар руу шилжүүлээд, хэлтсийн дарга нь 20, таван ахлах байцаагч тус бүр 12, нэг ахлах байцаагчийг таван сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байгаа юм. Мөн Баянзүрх дүүргийн татварын хэлтэст нэг тэрбум 174 сая төгрөг урамшууллаар олгосноос Татварын хэлтсийн даргад нь 273 сая төгрөг, 32 албан хаагчийг 528.7 сая төгрөгөөр урамшуулсан бол, Сонгинохайрхан дүүрэг 501 сая төгрөгөөс хэлтсийн дарга нь 75 сая төгрөг, Хан-Уул дүүрэг 416, Чингэлтэй дүүрэг 250 сая төгрөгийн шагналын ихэнхийг хурган дарга нар нь хувааж авсныг АТГ-ынхан баримттайгаар жагсаан бичжээ.

Энэ асуудлаар АТГ-ын Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгонд хандвал “Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалаар баталсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-д урамшууллын 60 хүртэлх хувийг тусгай санд төвлөрүүлэн захиран зарцуулахаар зохицуулсан нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болгосон байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар ажиллаж байна. Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга татварын албадын дарга нарын байгуулсан үр дүнгийн гэрээгээр 2012, 2013 онуудын “татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсний урамшуулал” болгож дөрвөн тэрбум гаруй төгрөгийг олгосон асуудлыг илрүүлэн олон нийтийн анхааралд хүргэлээ” гэсэн юм.
Дээрх ярианаас дүгнэлт хийхэд татварын байцаагчид хоёр жилийн дотор улсын төсөвт төвлөрөх ёстой байсан дөрвөн тэрбум төгрөгийг шагнал урамшуулал болгон авсны дийлэнхийг цөөхөн дарга нар нь хуваагаад хүртчихсэн байгаа юм. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр ингэж тансагласан нь ганц татварынхан биш гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тухайлбал, Гааль, Нийгмийн даатгал, УИХ-ынхан сайд дарга нар гээд бүгд татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад зугаалж бие, биенээ шагнаж байдаг. Энэ бүхнийг хуулийнхан нягт сайн шалгавал дээрх дөрвөн тэрбум төгрөгөөс илүү гарах нь ойлгомжтой. Уг нь төрийн нэр барьсан албан хаагчид ажлаа хийснийхээ төлөө цалин авдаг. Гэтэл цалин авч байгаа хэрнээ урамшуулал хэмээн дөрвөн тэрбум төгрөг авсан нь байж боломгүй зүйл гэдэг нь яах арагагүй үнэн. Энэхүү урамшууллын гэрээ гэгч нь эргээд татвар төлөгчдийг дарамтлах гол хэрэгсэл нь болж байгаа юм. Тиймээс л энэхүү мөнгийг төр эргүүлж авах нь зүйн хэрэг гэх хүн захаас аваад байгаа. Уг нь татварын дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг бас татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулал хүртдэг. Дээр нь татвар төлөгчдөөс авлига авна. Товчхондоо энэ бүхэн шударга явдал уу гэж асуувал зохилтой.
Тэдний их хэмжээний урамшууллаас болж өнөөдөр Монголын эдийн засгийг чирч яваа үндэсний томоохон олон аж ахуйн нэгж, компаниуд татварын өрөнд баригдаж ажилчдаа цомхотгож эхлээд байгаа. Өөрөөр хэлбэл, компаниуд эхнээсээ дампуурч, ажилчид нь нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалаа ч төлүүлж чадахгүй байдалд ороод байна. Өдөр ирэх тусам байдал хүндэрсээр байгаа энэ хүнд үед татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байгаа татварынханд олон нийт дургуйцлээ илэрхийлж, шинэ даргаас нь олон зүйл хүсэн хүлээж байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын ерөнхий газрын шинэхэн дарга Б.Ариунсанг дуудаж үүрэг өгсөн нь дээрх асуудлуудтай холбоотой. Зөвхөн дарга нарынх нь энэхүү бялуурам урамшууллаас болж ажлаа хийж явсан жирийн татварын байцаагчдын нэр хүнд сэвтэж, тэднийг ажлаа хийх аргагүй байдалд хүргэсэн бодит жишээ ч байна. Тухайлбал, ТЕГ-ын шинэхэн дарга Б.Ариунсангийн тушаалаар байцаагчид нь өнгөрсөн сард амралтын өдрөөр айл өрхөөр хувь хүний орлогын албан татварын мэдэгдэх хуудас тараасан аж. Гэтэл иргэд татварын байцаагчдыг элдвээр доромжилж хэлэх, хэлэхгүй үгээр дайрч, тэдний өөдөөс мэдэгдэх хуудсыг нь шидсэн тохиолдол ч гарч байж.
Эцсийн эцэст жирийн нэг татварын байцаагчдад дээрх урамшуулал, шагнал гарт нь баригдах нь байтугай сургийг нь ч сонсоогүй гэдгийг Чингэлтэй дүүргийн зарим нэгэн байцаагч хүртэл хэлж байсан. Тухайлбал, аливаа нэгэн урамшуулал, байрны асуудал яригдах үед дарга нар болон дарга нарын гар хөл болсон байцаагчид нь авдаг бичигдээгүй хууль тогтжээ. Яг үнэндээ Засаг төр дампуу бодлогоороо бүх мөнгөөрөө тансаглачихаад өдөр, шөнөгүй ажиллаж, амьдралаа арай ядан авч яваа иргэдээ татвараар дарамтлахаа болих цаг болжээ. Угтаа бол аж ахуйн нэгжүүд мөнгөгүй учраас л өрөө төлж чадахгүй байгаа нь бодит үнэн. Тиймээс л Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж байж эдийн засаг сэргэх болно. Элдэв янзын шалгалт хийж торгууль энэ тэрээ бүгдийг нь зогсоо гэсэн үүргийг МХЕГ-ын дарга Д.Батмөнх, ТЕГ-ын дарга Б.Ариунсан нарт үүрэг болгон өгсөн нь нүдээ олсон шийдвэр гэж хэлэх хүн олон байгаа юм. Юутай ч татварын томчуудын тансагласан дөрвөн тэрбум төгрөгийн учрыг хэзээ олох вэ, Б.Ариунсан дарга аа. Энэ мөнгө хэзээ улсын төсөвт орох бол.

Эх сурвалж:

 

 

11 айлд нөхөн олговор олгоно
11 айлд нөхөн олговор олгоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.