Ардын уран зохиолч Т.Галсан: Хүндэтгэл даах итгэлт хүнээ Ерөнхийлөгчөөр сонгоорой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 16 секунд
Ардын уран зохиолч Т.Галсан: Хүндэтгэл даах итгэлт хүнээ Ерөнхийлөгчөөр сонгоорой

Ардын уран зохиолч Т.Галсан: Хүндэтгэл даах итгэлт хүнээ Ерөнхийлөгчөөр сонгоорой

Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Т.Галсан: “Хөх тэнгэр эцэгтэй монголчууд минь ээ, нартай уралдан босоцгоогоорой. Хүн бүхэн төрийнхөө үйлсэд нэгэн зэрэг идэвхийлэн оролцоорой. Хөлгийнхөө дөмгийг түмний наадамд алтан жолоо өргүүлдэг шигээ хөгжилд түүчээлэх, хүндэтгэл даах итгэлт хүнээ Ерөнхийлөгчөөр сонгоцгоорой" хэмээн уриалав.

-Сонгуулийн ач холбогдол юу вэ? Энэ талаар таны бодол?

-Монгол хүн бүрт гурван их том баяр байдаг. Нэг дэх нь цагаан сарын шинийн нэгэн. Төр улсын доторх гэр улсын нэг нэгнээ таних, удмаа улам бат байлгах үүнд хүн бүхэн оролцдог. Хоёр дахь нь улсын их баяр наадам. Миний ард түмний үүх түүхийг өнөөдөртөө нь харуулсан дэлхийг гайхуулсан олимп болдог. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, хүн бүхэн оролцдог. Гурав дахь нь хүн бүхний заавал оролцдог ёс суртахууны өндөр шалгууртай, их том үйл хэрэг бол төрийн сонгууль. Тэр дундаа төрийнхөө тэргүүнийг сонгох сонгууль байдаг. Чи сая 8 дахь нь боллоо гэж хэллээ. Аль нэгэнд нь эс оролцвоос айлын унинууд нь унаад, тооно нь жулжийх шиг муу ёртой гэж Чингисийн удмынхан цээрлэдэг юм. Ийм учраас 8 дахь сонгуульд бүх хүн идэвхтэй сайхан оролцоно гэдэгт эргэлзээ байхгүй.

За тэгээд азай буурлууд маань алдар гавьяаныхаа одонг энгэр дүүрэн зүүчихээд л, алтран мандах нартай уралдаад л сонгуулийн тойрог руу намс намс алхдаг даа. Тэгтэл ассан галын дөл шиг сайхан цоглог залуучууд нь болохоор гоёж гоёчихоод амрагтайгаа хоёулаа инээсээр, бараг дуулах шахам сонгуулиа өгдөг. Ногоон ширгэн дээр цагаан гэрээ дэлгэж барьдаг шигээ Монгол эх орныхоо заяаг дэвжээх энэ сонгуульд бол энэ жилийн зун сайхан болж байна. Бас ч ерэн оныг бодоход, одоо бол ард түмний амьдрал, улсын хөгжил их өөдөө болсон шүү дээ. Ийм үед бүр ч сайхан ирнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгээд дүү нартаа хандаж, эрхэм дүү нар минь ээ, бүгдээрээ сонгуульдаа очиж, саналаа өгцгөөгөөрэй. Эзэн Чингисийн удам эвтэй, нэгдэлтэйг дэлхийд нэг сайхан харуулаарай. Манайх чинь Мяньмар биш шүү дээ. Улаан залаат хүн бүхний өгсөн санал нь нийлээд улс Монголынхоо хүчирхэг төрийг мандуулах авшиг болно шүү гэж амандаа адсагатай, уруул дээрээ унгастай, эрүүндээ эсгийтэй өвгөний хувьд, аавынх нь аав, өвөг дээдсийн өмнөөс Та бүхэндээ ингэж хэлэх байна даа.

Би ер нь эв нэгдлийн дуучин хүн. Би таван ханатай гэрт төржээ. Би таван тивтэй дэлхийд төржээ. Би буурал түүхтэй Монголд төржээ. Би бурхад мэндэлдэг дорнод төржээ. Бойтогны минь хонх намайг хөлд оруулсан. Ботгон буйлаа намайг хэлд оруулсан. Уухай, гийнгоо надад жигүүр ургуулсан. Уртын дуу надад ухаан цараасаан. Чишш, чимээгүй. Эвдэрвээс бид хуваахын хүрд болоод дуусна шүү. Эвлэрвээс бид үржүүлэхийн хүрд болж мандана. Энэ бол миний зүрхний бичээс ээ. Эвлэсэн цагтаа монголчууд хүчтэй.

-Таны хувьд сэтгэл хамгийн тодоос тод үлдсэн дурсамжтай сонгууль нь хэдэн оны, ямар сонгууль байсан бэ?

-За, одоо ард түмэн, би ч Монголын бүх сонгуульд оролцсон хүн шүү дээ. Хамгийн эхлээд одоо энэ, Архангай нутгийн бүсгүй гэнэ лээ. Манай Баянхонгор чинь тэр нутгийн бүсгүйд 100 хувь саналаа өгч байлаа. Еэ ээ, бидний өмнөөс төрд очих нэг хүн байгаа юм байна. Чухам болоод явчихлаа гээд л. Тэр үед чинь олон хүүхэдтэй эхчүүд их ядарч зүдэрч байсан. Тийм үед “За, хүүхээ чи, энэ олон хүүхэдтэй айлыг нэг, будаа гурилын мөнгөтэй болгох, тийм юм бодоорой. За, тэгвэл чи, төрд биднийг төлөөлсний хэрэг бүтлээ” гээд манай ээж тэр хурал дээр нь үг хэлээд... хүүе ээ, тэгсэн чинь харин мөдхөн “Алдарт эх”-ийн анхны одонг өгдөг болоод л, түүнтэй холбогдоод хүүхдийн мөнгө өгдөг болоод, ингээд энэ төрд өөрийн төлөөлөлтэй байна гэдэг чинь ганцхан ижийн, ганцхан гэрийнх дээр тийм байдаг юм чинь.

Тэгээд жаахан биднийг үгэнд нь орохгүй үед “Хээ, Дулмаа эд нар чинь үгэнд орохгүй байна шүү” гэхээр бид хунирдаг байлаа. Төрд өөрийн төлөөлөл гэдэг тийм байдаг. Уг нь бол Ерөнхийлөгчийн сонгууль чинь ард түмэн сонгох ёстой сонгууль л даа. Энэ удаагийнх бол яахав ээ. Хууль нь тийм байх л даа. Намуудын төлөөлөл байна. Нам чинь бол Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн, үзэл санаа, үйл хэргийн зорилго нэг бүлэглэлүүд шүү дээ. Цааш цаашдаа бол ард түмэн сонгох эрхээ эдлэхээс гадна сонгогдох эрхээ эдлэх ёстой байхгүй юү. Тэгэхээр зэрэг би ч нэрээ дэвшүүлж болно. Чи ч нэрээ дэвшүүлж болно. ...Тэр бол цагаан гэсэн үг биш шүү. Бараан хар гэсэн утгатай. Цаад өнгө нь. Эсрэг утгатай.

-Таны бодлоо энэ удаагийн сонгуулийн онцлог нь юу бол?

-За, одоо яг сонгууль болох гэж байгаа үед тэр нь зөвдлөө, энэ нь буруудла гэж ярих бол настай хүний ёс жудагт таарахгүй л дээ, хө. Одоо нэг санаанд тулгасан, одоо тэр Монголын олон овог аймаг Есүхэй хүү Тэмүүжинг хаан болгосноор Монголын олон үндэстнийг нэгтгэсэн төдийгүй, хүн төрөлхтөнд төр ямар байхын хичээлийг заагаад өгсөн шүү дээ. Үүн шиг сайн Ерөнхийлөгч гарах юм бол “Алив, энэ зургаан жил чинь цөөдөж байна аа. Хуулиа өөрчилж өгөөч” гэж мэдэх л юм. Амьдрал бол нэг хэвэнд, нэг хайрцагт, нэг жаазанд байдаг зүйл биш шүү дээ. Хамгийн гол нь бид хүлгийнхээ сорыг сойж, сорьж түмний түрүү болгодог шигээ гурван хүүгийнхээ аль сайныг нь л Монгол Улсын төрийн тэргүүн болгох учиртай. Тэгээд тэр Ерөнхийлөгч гэдэг их буруу нэр юм шүү дээ. Уг язгуур нь ерөнхий гэсэн утгатай. Тэр чинь тодорхой. Юу ч битгий мэд. Тодорхой юу ч битгий хий, ерөнхийд нь л, тэгээд л байж бай гэсэнтэй адилхан. Үгийн утга чинь ерөөсөө үйл хэргийн эх, хариуцлагыг шууд хэлж өгдөг... Сонгуулийн өглөө эрт манай хөгшин “Алдарт эх”-ийн одонгоо зүүгээд л, аа, би чинь чухам бүгдийг нь зүүгээд л, намайтал хөтлөлцөөд нарнаар алхаж байхад гоё байдаг шүү. Хүүе, тэгтэл энэ цэргийн дарга нар, тамирчид чинь ерөөсөө батган суух зайгүй, сайхан тэмдгээ зүүсэн улс. Ямар гавьяатай хүмүүс төрөө ингэж хүндэлж байдаг вэ гэмээр гоё байдаг.

-Залуучуудад хандаж та юу хэлэх вэ?

-Улс төрийн идэвх маш өндөр болж байгаа. Социализм гэдэг суварга нурсан. Капитализм гэдэг шилтгээнээ барьж дуусаагүй байх үед нурангид дарагдсан юм шиг, тийм үеийн залуучууд сонгуульд оролцох нь тааруу байсан. Одоо дэлхийд зочилж, өнөөдүүл чинь сургуульд сураад, эсвэл очиж боолын хөдөлмөр хийгээд, тэгж байхдаа “би эх орноо өөд татъя”, “Би чинь Чингисийн гал голомтыг сахисан баян Монголын эзэн шүү дээ” гэдгээ ухаараад зөндөө юм мэдээд ирсэн хүүхдүүд чинь “За, би Монголынхоо төрийг сонгох сонгуульд энэ удаа би сонгогдохгүй юм байна. Ийм учраас өөрийнхөө үзэл бодол, үйл хэргийг хэрэгжүүлэх хүнийг төрдөө гаргая” гээд. Одоо надтай өчнөөн залуучууд уулзаж байна. “Галсан гуай би хэнд нь саналаа өгөх вэ” л гэнэ. Би хариуд нь “Чиний зүрх сэтгэл мэдтүгэй” гэдэг. Хамаагүй зөвлөж болохгүй. Ялангуяа энэ намчирхал гэдэг өвчнөөр биш, Монголын төлөө гэдэг бодлоор бодтугай. Одоо чинь савангаар саналаа өгдөгөө больчихсон. Саван элбэг болчихсон. Өнөө архиар саналаа өгдөгөө больсон. Ялангуяа энэ муу юм чинь бас сайн талтай. Тахлын үеийн энэ хөл хорио, хорио цээр, манай төрийн байгууллагууд их сайн ажиллаж байна. Цагдаа, хууль хүчнийхэн, энэ тэр чинь. Тэгээд залуучууд ч гэсэн. Чингисийн үеэс наашаа өнөөдөр над дээр ирсэн алтан удмыг би надаар дуусгаж болохгүй. Ийм учраас би өөдрөг байх ёстой. Үгүй, тэгээд тэр 2 залуу тас тас инээгээд сонгуулийн байр луу ороод... гарч ирэнгүүтээ хэнд саналаа өгөв гээд “Аа, чи бид 2 санал нийлсэн байна” гээд хоёулаа үнсэлцэж байгаа энэ тэр их гоё байдаг юм. Харин зурагтаар та нар тийм дүрс авахгүй юм даа.

“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа болно
“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.