Омикрон хувилбар 28 улсад бүртгэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 8 секунд
Омикрон хувилбар 28 улсад бүртгэгдлээ

Омикрон хувилбар 28 улсад бүртгэгдлээ

Дэлхий нийтээр цар тахлын эсрэг вакцинжуулалт, хөл хорио гэсэн хэд хэдэн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Үүнийгээ ч хамгийн оновчтой шийдвэр хэмээн үзэж, цар тахалтай хамтран амьдрах гэсэн шинэ амьдралын хэв маяг руу шилжээд байв. Гэвч дельтагаас аюултай COVID-19-ийн шинэ хувилбар гарч ирснээр дэлхий нийтээр дахин сандарч эхэллээ. Тодруулбал, Өмнөд Африк улсад арваннэгдүгээр сарын 24-нд анх бүртгэгдсэн COVID-19-ийн шинэ хувилбарыг ДЭМБ-аас аюултай хувилбарт оруулан, Грек цагаан толгойн 15 дахь үсгээр Омикрон хэмээн нэрлэв. Энэ нь одоогоор коронавирусын мутацид орсон хамгийн аюултай хувилбарт тооцогдож байна. Тиймээс тус хувилбарын илрүүлгэ, тархацын талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

Англи: Шинэ хувилбар маш хатуу хариу арга хэмжээ шаардана

Өмнөд Африкаас Англид ирсэн хоёр хүнээс арваннэгдүгээр сарын 27-нд Омикрон хувилбар илэрсэн. Тус улсад Омикроны анхны тохиолдол илэрснээс хойш иргэдийг маскаа зүүж, хавьтал болсон тохиолдолд өөрийгөө тусгаарлах шийдвэр гаргасан юм. Омикрон хувилбар хэр аюултай эсэх нь бүрэн тодорхой болоогүй, олон нийтийн дунд тархсан гэсэн нотолгоо олдоогүй ч маш хатуу хариу арга хэмжээ шаардана гэж Английн Засгийн газрын шинжлэх ухааны ахлах зөвлөхүүд мэдэгдлээ. Тус улс дельтагаас хэд дахин илүү хурдан тархацтай хэмээн үзэж энэ хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд насанд хүрсэн бүх хүн амаа вакцины нэмэлт тунд хамруулахаар шийдвэрлээд байгаа билээ.

Омикрон хэр их аюултайгаас үл хамааран нэмэлт тун нь халдвар хүндрэх болон нас баралтаас сэргийлнэ гэж зөвлөхүүд үзэж байна. Мөн эмнэлгүүдийн ороо бэлтгэн, тархалтыг бууруулах арга хэмжээг эрт нэвтрүүлэх тусмаа халдварын цар хүрээ бага байна гэдгийг тэд анхаарууллаа. Тиймээс Англи руу ирж байгаа иргэдээс PCR шинжилгээ авч нэвтрүүлэхийн сацуу 5-8 хоногийн дараа дахин шинжилгээ авахыг санал болгов. Харин улаан жагсаалтад багтсан Өмнөд Африкийн орнуудаас ирж байгаа бол PCR шинжилгээ өгөхийн сацуу өөрийгөө 10 хоног тусгаарлах юм. Мөн Омикроны халдварын ойрын тохиолдлуудыг тусгаарлаж, шинжилгээ авч ажиллаж байгаа аж. АНУ-д Омикроны анхны тохиолдол энэ сарын 1-нд бүртгэгдсэн. Тиймээс иргэдээ нэмэлт тунд хамрагдахыг уриалж, дотоод орчинд маск зүүхийг зөвлөлөө.

ДЭМБ дахин өвчлүүлэх эрсдэл өндөр болохыг анхааруулав

Омикрон хувилбар энэ сарын 1-ний байдлаар дэлхийн 28 улсад бүртгэгдээд байна. Үүнд Хятад, Израйль, Хонгконг, Бельги, Канад, Солонгос, Япон,Герман , Австрали, Америк гэсэн улс багтаж байна. ДЭМБ-аас тус хувилбарыг дахин өвчлүүлэх эрсдэл өндөр хэмээн зарласан тул улс орнууд Өмнөд Африкын орнуудад аяллын болоод хилийн хориг тогтоогоод байна. Тухайлбал, Англи, Америк, Европын холбооны орнууд Өмнөд Африкаас аялагч хүлээн авахгүй гэсэн бол Япон, Израйль гадаадын иргэдэд хилээ хаав. Одоогийн байдлаар Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини, Ангол, Мозамбек, Малави, Замби гэсэн Өмнөд Африкийн орнуудад Омикрон тархаад байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус “Саяхан Өмнөд Африкт бүртгэгдсэн олон тооны мутациас бүрдсэн шинэ хувилбар дахин өвчлүүлэх магадлал тун өндөр байна. Гэхдээ Омикрон хувилбарын тархац, дахин халдварлах чадвар болон вакцин хамгаалах эсэхийг бид судалж байгаа. Одоогоор тус хувилбараар нас барсан тохиолдол алга. COVID-19 цар тахал зөвхөн биднээс шалтгаалах зүйл биш, тайвширч болохгүйг энэ хувилбар бидэнд санууллаа. Тиймээс ядуу орнуудад вакцин хандивлахыг уриалж байна” гэсэн юм.

Солонгост вакцины бүрэн тунтай иргэд Омикроны халдвар авчээ

Өмнөд Солонгос улсад Омикроны таван тохиолдол бүртгэгдсэн гэж лхагва гарагт албаны хүмүүс мэдэгдэв. Солонгосын Халдварт өвчинтэй тэмцэх төвөөс (KDCA) тус иргэд нь вакцины хоёр тунтай, Нигериэс өнгөрсөн долоо хоногт ирсэн хосууд болон тэдний гэр бүлийнхэн байжээ. Тус улсад сүүлийн өдрүүдэд анх удаа өдөрт 5000 гаруй тохиолдол бүртгэгдэж, өвчтөнүүд хүндэрч байгаа нь мэргэжилтнүүдийн санааг ихээр зовоогоод байгаа юм. Солонгос хөл хориогоо сулруулсны дараахан арваннэгдүгээр сарын эхнээс эхлэн халдвар эрс нэмэгджээ. Тиймээс даваа гарагаас эхлэн дахин хөл хорио тогтоож магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

Солонгосын насанд хүрсэн хүн амын 92 хувь нь бүрэн тундаа хамрагджээ. Тиймээс шинэ хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд тус улсын Засгийн газар хүүхдүүдээ вакцинжуулж, насанд хүрэгчдээ нэмэлт тунд хамруулахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. Гэхдээ вакциндаа хамрагдаагүй хүмүүст өвчнөөс хамгаалах дархлаа суух хүртэл тархалт нэмэгдсээр байхыг шинжээчид анхааруулжээ. Одоогоор Сөүл хотын эрчимт эмчилгээний орны 90 хувь нь дүүрсэн хүндхэн нөхцөл байдалтай байгаа аж. Тиймээс орны тоогоо нэмэхээ эрх баригчид нь мэдэгджээ.

BBC:Омикроныг хэрхэн илрүүлэх вэ?

COVID-19 халдварын вирус мутацид орж, өөрчлөгдөх тусам шинэ хувилбаруудыг хэрхэн илрүүлэх вэ гэсэн асуулт дэлхий нийтийн өмнө гарч ирдэг. Энэ удаад ч мөн адил. Тэгвэл Омикрон хувилбарыг хэрхэн илрүүлэх тухай “BBC” сайтад ингэж бичжээ.

Тухайн иргэний лабораторид хийлгэсэн PCR шинжилгээ болон түргэвчилсэн шинжилгээний хариу дельта, Омикрон эсэхээс үл хамааран хариу нь ижил эерэг л гарна. Таныг ямар хувилбараар өвчилснийг шууд шинжилгээгээр тодорхойлох боломжгүй.

Харин Англи улсын лабораторуудын гуравны нэгээс илүү нь Омикроныг илрүүлэх тусгай технологитой аж. Гэхдээ генетикийн бүрэн шинжилгээ хийснээс хоёр долоо хоногийн дараа Омикрон хувилбарыг тогтоох боломжтой юм байна. Учир нь энэ шинэ хувилбараас өмнөхүүдээсээ хэд дахин олон мутацитай юм. Стандарт шинжилгээгээр Омикрон нь бусад хувилбаруудад байдаггүй S генийн тасалдалтай /S-gene dropout/ гэж гарч иржээ.

Одоогоор Өмнөд Африкт залуу хүмүүс энэ хувилбараар өвдсөн бөгөөд шинж тэмдэг нь хөнгөн байна.Тодруулбал, үе мөч, толгой өвдөхөөс биш амт, үнэрээ алдах гэсэн шинж тэмдэг илрээгүй байна. Тэдний ихэнх нь вакциндаа хамрагдаагүй эсвэл нэг тунтай иргэд байгаа юм. Энэ нь коронавирусын шинэ хувилбаруудын халдвараас сэргийлэхийн тулд хоёр тун мөн нэмэлт тун вакциндаа хамрагдах нь хамгийн зөв шийдвэр гэдгийг харуулж байна. Түүнчлэн тус хувилбараас вакцин хамгаалах эсэх судалгааг Pfizer BioNTech, Moderna, Johnson & Johnson гэсэн тэргүүлэх компаниуд эхлүүлээд байна.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Lebron James бүх цаг үеийн онооны лидерийн жагсаалтын 21-т орж ирлээ
Lebron James бүх цаг үеийн онооны лидерийн жагсаалтын 21-т орж ирлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.