Н.Энхбаяр ялж, МАН ялагдаж явна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 34 секунд
Н.Энхбаяр ялж, МАН ялагдаж явна

Н.Энхбаяр ялж, МАН ялагдаж явна

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүүгээ УИХ-ын гишүүн болгов. Өнгөц харахад Сонгинохайрхан дүүрэгт сонгууль болсон мэт боловч нэр дэвшүүлэхээс авахуулаад тавилттай жүжиг байлаа. 2020 онд Ерөнхийлөгчийн сонгууль угтсан арилжаа наймаануудын дундаас хамгийн том нь МАХН-ыг татан буулшаж МАН-ын өвөрт оруулсан үйл явдал юм. Н.Энхбаяр МАХН нэртэй тоглоомын, бас гэр бүлийн нам байгуулж 8 жил тонгочиж, улс төрийг бужигнуулсны эцэст У.Хүрэлсүхэд тахимаа өгч, гишүүдээсээ ч асуулгүй намаа зарсан нь араасаа олон үр дагавар дагуулж байна. Хамгийн эхэнд өөрөө Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал болсон, удаах нь хүүгээ УИХ-ын гишүүн болгосон.

Уг нь Н.Энхбаяр УИХ-ын гишүүн, эсвэл Ерөнхийлөгч болох дээгүүр хүсэлтэн. Гэвч сонгуульд нэр дэвшүүлэхгүй байсан учраас эхнэр О.Цолмонгоо Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлсэн ч амжилт олоогүй. Дараагийн дайралтаараа МАН-ын эгэл жирийн гишүүдийн олон жилийн зүтгэл, хөдөлмөрийг тас цохин байж хүүгээ бас тэр тойрогт нэр дэвшүүлж гишүүн болголоо. Сонгогчдын ирц хүрээгүй ч Сонгуулийн ерөнхий хороог хүчиндэж байгаад гишүүн болголоо. Ямар ч үнээр хамаагүй төрийн эрх мэдэлд хүрэх гэсэн түүний гэр бүлийн хүсэл ийн биеллээ. Авлигын хэргээр оймсоо гозолзуулан ачигдаж, ял эдэлж, уруудаж явсан Н.Энхбаяр өнөөдөр харц дээгүүр алхаж явна.

Э.Батшугар УИХ-ын гишүүн болсноор Н.Энхбаярын эзлэн түрэмгийлэл дуусахгүй. МАХН-ыг татан буулгаж, МАН-ын хашаанд аваачсаныхаа хариуд нийслэлээс 2 орлогч, 5 агентлаг авах ёстой. Дээр нь нэмээд Засгийн газарт 2-3 сайдын суудал авахаар шахамдуулж байгаа сураг МАН-ын цагаан байр хавиас дуулдах болсон. Угаасаа МАН-ыг 2012 онд ялагдах хэмжээнд очтол нь сулруулж явсан МАХН-ыг тийм ч хямдхан татан буулгачихгүй нь тодорхой. Одоо бол МАН Н.Энхбаярын өмнө ялагдаж явна. Хүүг нь өрсөлдөөний зарчмаар биш шууд крандаж нэр дэвшүүлэхэд Сонгинохайрханы МАН-ыхан яаж дуртай байх вэ дээ. Одоо нийслэлээс элдэв албан тушаал нэхээд байгаад Д.Сумъябазар мээр инээгээд өгөхгүй нь бас тодорхой.

100 жилийн ой дээрээ МАН дотоод ардчиллаа булшилж, даргын хүүхдийг дарга болгодог хямдхан дамжаа болж хувирлаа. Улс төрд шударга зарчмаар өсөн дэвжинэ гэж итгэж явсан МАН-ын мянга мянган гишүүдийнхээ итгэл үнэмшил рүү нулимж орхилоо. Энэ намд дүрэм биш хунтайжуудын угсаа залгамжлал гэсэн ганцхан зарчим үйлчилдэг болов. 100 жилийнхээ ойн дээр 100 жилийн өмнөхөөсөө ч шударга бус, харанхуй дэглэм рүү МАН гулсан орлоо. Тийм болохоор МАН ялагдаж байгаа юм. Н.Энхбаяр их улс төрд эргэн ирлээ. Түүнийг дагаад түүний анхлан 10 саяар эхлүүлсэн УИХ-ын гишүүдийг авлигаддаг тойргийн мөнгө ч 4 тэрбум төгрөг болж өслөө.

elive.mn

Мах яаж магнаг болдог вэ
Мах яаж магнаг болдог вэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.